Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2018/02121

 

 

Монгол жүюаньли ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02687 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Монгол жүюаньли ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ресурс минком ХХК-д холбогдох,

 

87 220 ам.доллар буюу 213 689 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Ёндонжамц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Наранбулаг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Уранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Монгол жүюаньли ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Хайлуур жонш нэртэй газарт жонш олборлож, баяжуулах, экспортлох үйл ажиллагааг ашигт малтмалын 10988 дугаартай тусгай зөвшөөрөлтэйгөөр 12 дахь жилдээ явуулж байна. 2015 оны 9 дүгээр сарын эхээр Ресурс минком ХХК-ийн захирал ирж уулзаад 1 тонн жоншны баяжмалыг 146 ам.доллараар тооцон худалдаж авахаар тохиролцсоны дагуу 597,4 тонныг худалдаж авсан. Жоншны төлбөрийг 2 сарын хугацаанд төлнө гэсэн боловч төлөөгүй хугацаа хэтэрсэн тул төлбөрөө нэхэхээр удахгүй өгнө, хугацаа өгөөч гэдэг байсан боловч сүүлдээ бүр зугтааж утсаа авахаа больсон. Ингээд манай компани хууртагдсанаа мэдээд Улсын мөрдөн байцаах газарт өргөдөл гарган хандсан. Ингэхэд Ресурс минком ХХК нь прокурортой уулзаж төлбөр төлөх хугацаа өгвөл төлөх боломжтой гэж ам өгсөн учир эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзлаа гэсэн. Монгол жүюаньли ХХК нь Ресурс минком ХХК-д 2015 оны 9 дүгээр сард 597,4 тонн жонш нойтон баяжмалыг 1 тонныг 145 ам.доллараар худалдсан байгаа. Тонн жингээ нотолж чадахгүй байна гэж байна. Тонн жин болон чанар, үнийн талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Цагдаагийн мэдүүлэг өгөхдөө орчуулагч байлцуулсан байгаа. Энэ мэдүүлгээс харахад Орост их хэмжээгээр гаргах хэрэгтэй байна гэснийг зөвшөөрч, 280 ам.доллараар худалдахаар 80 ам.долларыг танай компанид, 65 ам.долларыг чамд, хатаалгын хөлсийг 100 ам.доллараар тооцоход надад 35 ам.долларын ашиг байна гэхэд Луо чи удаан ч гэсэн их хэмжээгээр өндөр үнээр зарах хэрэгтэй байна гэж хэлсэн. Ингэж тохирч 145 ам.доллараар худалдаж авах гэж байсан нь нотлогдож байна. Мөн хатаагаад савласны дараа 509 тонн 496 тонн болж, шүүх боломжгүй 13 тонн тоос болсон байна гэсэн байгаа. Гаалийн мэдүүлэгт 2015 оны 9 дүгээр сарын 15-наас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд манайхаас авсан баяжмалыг гаалиар гаргаж Оросын холбооны Улсын Амарис гээд компанид худалдсан. Гаалийн мэдүүлэгт авагдсан баримтад 540.62 тонн жингээр, 1 тонныг 260 ам.доллараар татвар төлөгдөөд гарсан мэдүүлэг нотлох баримт байна. Бүтээгдэхүүний гаалийн мэдүүлгэд 95 хувийн агууламжтай гэдгийг гаргасан. Чанарын шаардлага хангаагүй гэдгийг хариуцагч талд нотолсон баримт байхгүй. Оросын холбооны Улсын Амарис компани худалдан авч төлбөр төлөгдсөн баримт хавтаст хэрэгт тусгагдсан. Эдгээр баримтуудыг үндэслэн Ресурс минком ХХК нь 597,4 тонн нойтон баяжмал авсан гэдэг нь хангалттай нотлогдож байна. 20 000 ам.долларыг л өгнө гэж яриад байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Худалдах, худалдан авах гэрээний талаар яригдаж байгаа учир үүнийг санхүүгийн тайлан нотлохгүй. Хамтран ажиллах талаар тохироогүй. Ингээд төлбөр төлөхийг нь хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл төлөхгүй манай компанийг хохироож байх тул 597,4 тонн жоншны баяжмалын үнэ болох 87 220 ам.доллар буюу 213 689 000 төгрөгийг Ресурс минком ХХК-иас гаргуулан манай компанид олгохоор шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ресурс минком ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлд 2015 оны эхээр намайг тэдний жоншийг худалдаж авах асуудлаар тэдний үйлдвэр дээр ирсэн гэж байгаа нь худал юм. Бодит байдал дээр Монгол жүюаньли ХХК нь сард 7000 хүртэл тонн нойтон аргаар хөвүүлэн баяжуулсан жоншны баяжмал үйлдвэрлэх боломжтой ба ийм хэмжээний баяжмалыг БНХАУ-д борлуулах боломжгүй байсан, учир нь 2015 онд тус улсад жоншны баяжмалын үнэ доогуур байж, борлуулахад хүндрэлтэй байсан. Монгол жүюаньли ХХК нь ОХУ-ын том зах зээл дээр гарахаар шийдсэн боловч ОХУ-д зөвхөн хатаасан жоншны баяжмал худалдаж авдаг. Харин тус хятадын компанид 2015 онд хатаах тоног төхөөрөмж байгаагүй ба үүнийг шалгахад хялбар юм. Иймээс тус компанийн хөрөнгө оруулагч Luo Yujing нь надтай уулзах боломжийг эрэлхийлж эхэлсэн. Тэрээр над руу утсаар залгаж уулзах талаар хүсэлт тавьсан. Миний бие гол төлөв гэрээр ажилладаг тул уулзалтуудаа тухайн үед түрээслэн амьдарч байсан "Могултаун" хотхоны байрандаа гэртээ зохион байгуулдаг. Luo Yujing над дээр миний гэрт 2-3 удаа ирж байсан, дараа нь "Голден драгон" ресторанд урьж намайг дайлсан. Эдгээр бүх уулзалтуудын талаар Luo Yujing-тай уулзалтад ирж байсан түүний ажилтнууд ба тухайн үед надад орчуулга хийж байсан, одоо Монгол жүюаньли ХХК-д ажиллаж байсан О.Номинзул баталж чадна. Luo Yujing нь ОХУ-ын зах зээл дээр гарах ба жоншны баяжмал худалдан авдаг Оросын компаниудтай танилцахыг тун их хүсэж байсан, тэрээр "хоёулаа хамтран ажиллаж, би нойтон жоншны баяжмал үйлдвэрлэж, чи түүнийг хатааж худалдаалъя" гэж байсан. Тэрээр мөн намайг ОХУ дахь худалдан авагчдын талаар ярьж өгөхийг хүсдэг байсан. Би бүх мэдэж байгаа зүйлээ хуваалцсан боловч эцэстээ тэрээр эдгээр мэдээллийг ашиглаж, өмнө нь надаас жоншны баяжмал худалдаж авч байсан "Амарис" компанид, өмнө нь надаас болон Монголросцветмет" ХК-иас худалдаж авч байсан "Мария-трейд" компанид их хэмжээгээр баяжмал нийлүүлж байна. Нэхэмжлэгч 2015 оны 9 дүгээр сарын эхээр Ресурс минком" ХХК-ийн захирал манай үйлдвэрт ирж баяжмалыг 146 ам.доллараар худалдаж авахаар тохиролцож, улмаар харилцан тохиролцсоны дагуу 597,4 тонн худалдаж авсан" гэв. Хэрвээ ийнхүү тохиролцсон бол талуудын эрхүүрэг ба нөхцөлийг заасан ямар нэгэн гэрээ байх ёстой. Хятадын бизнесмен Luo Yujing нь надад хэдэн зуун тонн бүтээгдэхүүнээ зүгээр ингээд өгчих үү? Бодит байдал дээр тэрээр олон сая ам.долларын эргэлтийн хөрөнгөтэй, БНХАУ, Монголд томоохон харилцаа холбоотой нэгэн, сардаа баяжмалыг мянга мянган тонноор нийлүүлэх боломжтой гэж яриад, эхний ээлжинд хэдэн зуун тоон баяжмалыг өгөх ба түүнийг хатаагаад ОХУ дахь өөрийн сувгаараа борлуулаад үзээд болвол цаашдаа хамтран ажиллах гэрээ байгуулах талаар ярьсан. Хатаах ажиллагаа нь бол зардал ихтэй, учир нь сайн чанарын нүүрс, цахилгаан эрчим хүч, туршлагатай ажилчид хэрэгтэй юм. Нэг тонн бүтээгдэхүүнийг хатаахад ойролцоогоор 90 ам.долларын зардал гарч байсан. Хатаасан бүтээгдэхүүнийг савлах уут нь тэр үед ойролцоогоор 10 ам.долларын үнэтэй байсан, Багануур өртөө хүртэл тээвэрлэлтийн зардал 28 ам.доллар, Монгол-Оросын хил хүртэл тээвэрлэлтийн зардал 20 орчим ам.доллар байв. Нийт зардал нь 150 орчим ам.доллар байсан. Монгол жүюаньли ХХК-ийн үйлдвэрээс ирсэн баяжмал нойтон, усыг нь шавхаагүй, тээвэрлэсэн машинаас их хэмжээний ус гоожсон байдалтай манай үйлдвэр дээр ирсэн. Ийм баяжмалыг хатаах нь хүндрэлтэй байв. Иймээс би Luo Yujing-ыг надад 150 ам.доллар нэмж өгвөл, би бүтээгдэхүүнийг нь ОХУ-д борлуулахад тусалж, тэрээр орлогоо шууд авахыг санал болгоход тэрээр татгалзаж, биднийг борлуулаад, ашгаа хэрхэх талаар дараа нь шийдвэрлэхийг санал болгосон. Би түүнд ОХУ-ын зах зээл, Монгол дахь үйлдвэрлэгчид, ОХУ дахь үнэ зэрэг бүх мэдээллийг өгөхөд тэрээр өөрийгөө удахгүй баян хүн болно гээд, хэрвээ тэрээр надад энэ удаагийн борлуулалтаас 20 000 ам.доллар өгөхөд л болно гэж ярьж байсан. Монгол жүюаньли ХХК нь нэхэмжлэлдээ "тэрээр хоёр сарын хугацаанд төлбөр хийхийг амласан, хугацаа хэтэрсний дараа бид мөнгөө шаардахад тэрээр удахгүй гээд, хугацаа өгөхийг хүссэн, дараа нь утсаа ч авахаа больсон" гэв. Үүнийг нотолсон баримтуудыг гаргаж өгнө үү. Бодит байдалд би түүнд тэдний компанийн бүтээгдэхүүнийг хатаая, гэхдээ ОХУ-д бүтээгдэхүүний чанарт хатуу шаардлага тавьдаг гээд түүнд цаасан дээр Оросын ГОСТ стандартын шаардлагыг бичиж өгсөн. Тухайн үед Luo Yujing илүү өндөр үзүүлэлтүүдийг бичиж өгсөн. Тухайлбал, фосфорын агууламж 0,01 хувь, харин байдал дээр 0,06 хувиас дээш буюу 6 дахин илүү үзүүлэлттэй байв. Бүтээгдэхүүнийг хатаахын өмнө тэрээр дээж авчирсныг бид УБ дахь лабораторид өгсөн, учир нь бид үйлдвэрт хольцыг шинжлэх боломжгүй болно. Дээжинд бүх юм сайн байсан. Харин тэрээр дахин нэмж бүтээгдэхүүн авчирч ирэхэд нь Luo Yujing нь ОХУ-ын зах зээл дээр гарах эрмэлзэл өндөр байгаа тул тэрээр бүтээгдэхүүнээ аль болох сайн талаас нь харуулахыг бодно гэсэн үүднээс би тэр болгон авчирсан болгоныг шинжилгээ өгч байгаагүй юм. Гэвч түүний хувьд бүтээгдэхүүний чанар чухал бус, харин ОХУ-д хэн жоншны баяжмал худалдаж авдаг, тэдэнтэй яаж холбоо тогтоох нь чухал байжээ. Тэр жоншны баяжмалыг би зарж чадах уу эсвэл чадахгүй юу түүнд сонирхолгүй байсан. Оросуудын талаар бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол гараад буй тухай би түүнд хэлэхэд тэрээр "фосфорын өндөр агууламжтай ордны хүдрээс орчхож" гээд инээгээд европоос чанаргүй бүтээгдэхүүнийг иймэрхүү байдлаар буцааж байсан талаар ярьсан. Luo Yujing-ны гол зорилго нь ОХУ-ын зах зээл рүү гарч, тэнд их хэмжээний бүтээгдэхүүн борлуулахад оршиж байжээ. Надаас олж авсан мэдээллийн тусламжтайгаар тэрээр энэ зорилгодоо хүрч чадсан. Одоо тэрээр "Амарис" компанид сар бүр 3000-4000 тонн бүтээгдэхүүнээ борлуулж байгаа /би Luo Yujing-д түүнд тус компанийн захирлын нэр хаяг, утас гэх мэт бүхий л мэдээллийг өгсөн/. Тэгэхэд би сардаа зөвхөн 300 тонн бүтээгдэхүүн гаргаж байна. Монгол жүюаньли ХХК нь өөрсдийн бүтээгдэхүүнээ ОХУ-д 235 ам.доллараар борлуулж байгаа нь Монголын зах зээлийг нурааж, Монголросцветмет" төрийн компаниас бүтээгдэхүүнийг худалдаж авдаг байсан Оросын "Галополимер" компанийг авчихлаа. ОХУ-руу бага хэмжээний жоншны баяжмал нийлүүлэх энэхүү явдал нь надаас өөртөө хэрэгтэй мэдээлэл авах зорилгыг агуулж байсан байх гэж бодож байна. Миний мэдэж буйгаар, Монгол жүюаньли ХХК нь хатаах тоног төхөөрөмж авч суурилуулаад, одоо бие даан бүтээгдэхүүнээ ОХУ-д борлуулж байна. Мөн Luo Yujing нь тухайн үед манай компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Номинзулыг ажилд авсан, тэрээр орос хэл, хятад хэл мэддэг, түүнтэй хийсэн бүх уулзалтуудыг орчуулж байсан, мөн манай компанийн бүх байдлыг мэдэж байсан. Luo Yujing нь түүнд миний өгч чадахгүй цалинг санал болгосон гэдгийг би мэднэ. Luo Yujing нь бүгдийг эхнээс нь тооцоолоод, иймээс ямар нэгэн хариуцлага үүрэхгүй тул гэрээ байгуулаагүй, учир нь би тэр гэрээнд нууцлал ба борлуулалтын сувгийг ашиглахгүй байх талаар заалтуудыг оруулахыг мэдээд гэрээ байгуулаагүй нь тодорхой байна. Luo Yujing нь энэ бүх ажиллагааны төлбөрт хамгийн эхнээсээ түүнд 20 000 ам.доллар байхад л хангалттай гэж байсан. Тухайлбал: 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тэрээр +97699019258 дугаарын утаснаас англи дээр 20 000 ам.долларыг түүнд өгөхийг хүссэн мессежийг надад ирүүлсэн болно /энэ мессеж нь миний утсанд хадгалагдсан байгаа/. Дараа нь тэрээр үүнээс их хэмжээний мөнгө нэхэж эхэлсэн. Би түүнд 20 000 ам.доллар өгөхөд бэлэн байгаа, гэхдээ шүүхийн шийдвэрээр л өгнө, учир нь би цаашдаа ямар шантааж айлган сүрдүүлэлтийн объект байхыг хүсэхгүй байна. Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол жүюаньли ХХК-ийн захирал нь Ресурс минком ХХК-ийн жонш боловсруулах үйлдвэрт 3 машин жоншийг ачиж явуулсан байсан нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Гэвч ус ихтэй чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн байсан. Монгол жүюаньли ХХК-ийн захирал Луо нь Б.А.Гиллер намайг залилан мэхэлсэн, хил гарч явах гэж байна саатуулж өгнө үү гэсэн утга бүхий гомдлыг 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улсын мөрдөн байцаах газарт гаргасан байсан. Ингээд намайг шинэ оны өмнө дуудаж байцаасан бөгөөд би маш их айж, өмгөөлөгчийн хамт тайлбар гаргасан. Тэгээд шууд эх орон луугаа буцаж нилээд хүлээгээд надад эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэж мэдэгдсэн тул 2016 оны 4 дүгээр сард монголд ирсэн. Монгол жүюаньли ХХК-ийн хятад эзэд намайг гүтгэж их хэмжээний мөнгө авахын тулд үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Эднийхээс ирсэн жоншийг хатаагаад боловсруулаад гадагш гаргасан боловч чанарын шаардлага хангаагүй. Ер нь анхнаасаа гэрээ байгуулахгүй, нэг мөр үнээ тохирохгүй бараа нийлүүлж дараа нь их хэмжээний мөнгө нэхэж байна. Худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, хамтран ажиллахаар тохирсон байдаг. Иймд нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 478 дугаар зүйлийн 478.8-д тус тус зааснаар хариуцагч Ресурс минком ХХК-иас 20 000 ам.доллар буюу 48 865 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монгол жүюаньли ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 164 824 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 226 395 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ресурс минком ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 402 275 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Монгол жүюаньли ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02687 дугаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, 476.2-т хуульд өөрөөр заагаагүй бол хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно гэж зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй гэж шийдвэрлэхдээ Мөрдөн байцаах газрын хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс эрүүгийн журмаар гомдлыг шалгахад Монгол жүюаньли ХХК-ийн хөрөнгө оруулагч Luo Yujing, Ресурс минком ХХК-ийн захирал Борис Абрамович Гиллерээс авсан тайлбараар нотлогдож байна гэж нэхэмжлэлийг хамтран ажиллах гэрээ гэж дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой. Үндэслэл нь Монгол жүюаньли ХХК-ийн хөрөнгө оруулагч Luo Yujing Улсын мөрдөн байцаах газарт өгсөн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн тайлбарт 2015 оны 8 сарын эхээр Номин гэх орчуулагчаар дамжуулан танилцаж захирал Гиллертэй танилцсан. Ингээд энэ хүнтэй яриа өрнүүлэхэд Оросын холбооны Улсад нилээдгүй танилтай жоншны талаар мэдлэгтэй манай компаниас жонш авч ОХУ-д гарган худалдаалан хамтран ажиллах санал болгосон. Ингээд би энэ хүний ярианд итгэн эхний ээлжинд туршилтаар хэдэн нойтон жонш нийлүүлэхээр болж нийт 597,4 тонн 87 220 ам.доллар бүхий нойтон жоншны баяжмалыг урьдчилгаа төлбөр авалгүй нийлүүлсэн. Тухайн үед Гиллерт гэрээ хийх талаар хэлэхэд туршилтаар авч байгаа болохоор гэрээ хийгээд яахав дараа тогтмол нийлүүлэх болохоор гэрээ хийе гэхээр би зөвшөөрөөд гэрээ хийгээгүй гэсэн тайлбар. Ресурс минком ХХК-ийн захирал Борис Абрамович Гиллер Улсын мөрдөн байцаах газарт гаргасан тайлбарт Лоу надад түүний бүтээгдэхүүнийг би хатааж, худалдан авч борлуулаад олсон ашгаа тодорхой хувиар авья гэсэн санал тавихаар нь би түүнд хандан манай компани түүний бүтээгдэхүүнийг хатааж өгнө, харин чи өөрөө ОХУ-д борлуул гэж өөрийн саналыг хэлэхэд Лоу баяжуулсан жонш хатаасны хөлсөнд хэдийг авах вэ гэхээр нь нэг тонныг 100 ам.доллараар хатаана гэхэд тэр чинь хэтэрхий үнэтэй байна гээд өөр санал гаргасан. Тэр санал нь 1000-1500 тонн нойтон бүтээгдэхүүн өгч би түүнийг хатааж өөрийнхөө зардлаар савлаж Оросруу ачуулах ОХУ-д зарагдсаны дараа тонн тутмаас 80 ам.долларыг Лоугын компанид албан ёсоор шилжүүлж, 65 ам.доллар Лоу өөрөө бэлэн мөнгөөр авч үлдсэнийг чи ав гэсэн. Дээрхи мэдүүлгээс Ресурс минком ХХК-ийн захирал Борис Абрамович Гиллер нь нойтон жоншны баяжмалын тонн тутамд компанийн дансанд 80 ам.доллар, бэлнээр 65 ам.доллар нийт тонн тутамд 145 ам.доллар төлөхөөр Монгол жүюаньли ХХК-ийн хөрөнгө оруулагч Luo Yujing-тай тохирсон энэ тохиролцооны дагуу нойтон жоншны баяжмалыг нийлүүлсэн байдаг. Энэ нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 болон 263 дугаар зүйлийн 263.4-т зааснаар авсан барааны үнийг Ресурс минком ХХК төлөх үүрэгтэй болохыг нотолно. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрч Доржийн Батбаярт шүүх гэрчээр хууль сануулан мэдүүлэг өгөхөд тухайн үед 1 тонн баяжмалын үнэ өндөр байсан. Манайх нойтон тэгээд цэвэрлэнэ, хатаана, буцаагаад вагонд ачаад экспортолно гээд зардал гарах учир тэр хоёр харилцан тохиролцоод 146 ам.доллар авахаар тохиролцсон. Хэрвээ манайх хатаасан баяжмал байсан бол 146 ам.доллар өгөхгүй доод тал нь 230 ам.доллар дээш өгөх байсан гэсэн мэдүүлэг, мөн Борис Гиллерийн өөрийнх нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын мөрдөн байцаах газарт орчуулагч Г.Уранцэцэг, өмгөөлөгч Г.Баяржаргал нарыг байлцуулан өгсөн тайлбараар нотлогдоно. Тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг ханган нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн Ресурс минком ХХК-ийн захирал Борис Абрамович Гиллер Улсын мөрдөн байцаах газарт гаргасан тайлбартаа хатаагаад савласаны дараа 509 тонноос 496 тонн нь кондиционных, шүүх боломжтой, 1.3 тонн нь хэрэглэх аргагүй тоос үлдсэн. Ингээд би өөрийн зардлаар Орос улсруу Чилябинска хотруу гаргасан" гэсэн тайлбараар нотлогдоно. Ресурс минком ХХК нь ОХУ-руу баяжмалыг ачуулж Амарис-д нийлүүлсэн гэсэн учир Улсын мөрдөн байцаах газраас гаалийн мэдүүлгийг авч 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр жоншийг ОХУ-ын Амарис-д нийлүүлсэн гэж үзэхдээ гаалиар гаргасан барааны мэдүүлгүүдийг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Уг нотлох баримтыг шаардлага хангаж шүүхэд өгсөн. Уг гаалийн мэдүүлгээр 2015 оны 9 дүгээр сарын 15-нд 67,614 кг, 2015 оны 9 дүгээр сарын 15-нд 66,664 кг, 2015 оны 9 дүгээр сарын 18-нд 67,414 кг, 2015 оны 10 дугаар сарын 06-нд 134,878 кг, 2015 оны 10 дугаар сарын 08-нд 67,764 кг, 2015 оны 10 дугаар сарын 21-нд 135,728 кг, нийт 540,062 кг баяжмалыг ОХУ-руу гаргасан гаалийн мэдүүлгээр нотлогдоно. Гаалийн мэдүүлэгт 1 кг жоншны баяжмалыг 0,26 ам.доллар буюу 1 тонныг 260 ам.доллараар баяжмалын үнийг гаальд мэдүүлэн ОХУ-р ачуулсан болох нь гаалийн мэдүүлгээр нотлогдоно. Өөрөө хэлбэл Ресурс минком ХХК нь жоншны баяжмалын үнийг гаальд тодорхойлж өөрсдөө үнэлэхдээ 1 тонн жонш 260 ам.доллар үнэтэй гэж үнийг тогтоож өгсөн. Гэтэл манай компаниас нойтон жоншны баяжмалыг 145 ам.доллар худалдаж авсан болохыг захирал Ресурс минком ХХК-ийн захирал Борис Абрамович Гиллер тайлбартаа өгсөн мөн гэрчүүд мэдүүлсэн болохыг дээр дурдсан. Гэтэл шүүх нотлох баримтуудыг үнэлээгүйд гомдолтой байна. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Ресурс минком ХХК нь 2015 оны 9, 10 дугаар саруудад хайлуур жоншны баяжмалыг ОХУ-ын Амарис, Михалевича 49 компанируу экспортолсон болох нь Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тогтоогдож байх боловч Монгол жүюаньли ХХК нь Ресурс минком ХХК-д нийлүүлсэн жоншны баяжмал гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна гэсэнд гомдолтой байна. Хариуцагч талаас чанарын шаардлага хангаагүй гэдэг боловч үгүйсгэсэн нотлох баримтаа гаргаж өгөөгүй бөгөөд манай компаниас авсан баяжмалыг ОХУ-ын Амарис-д зарсан болох нь түүний тайлбараар хангалттай нотлогдоно. Хэрэгт ОХУ-ын Амарис-аас гаргаж өгсөн нотлох баримтаар 540,057 хайлуур жоншны баяжмалыг Ресурс минком ХХК-иас 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 21-ний хугацаанд худалдан авч үнийг бүрэн төлсөн болохыг нотолсон байхад шүүх баримтыг огт үнэлээгүйд гомдолтой. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8-д Гэрээнд өөрөөр заагаагүй бол ашгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилна гэж зааснаар хариуцагч Ресурс минком ХХК-ийн Монгол жүюаньли ХХК-д ногдвол зохих хувь хэмжээ болох 20 000 ам.долларыг төлөхийг зөвшөөрч байна гэх тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд хангаж шийдвэрлэх үндэстэй гэж үзэв гэснийг эс зөвшөөрч гомдолтой байна. Дээрхи шийдвэрээс үзвэл шүүх манай компанид ашиг болох 20 000 ам.долларыг Ресурс минком ХХК-иас гаргуулан өгсөн гэж ойлгогдож байна. Ресурс минком ХХК нь манай компаниас авсан жоншны баяжмалыг бусдад худалдаж гарсан ашгийг бүрэн авах эрхтэй, манай компани ашиг нэхэмжлээгүй зөвхөн манай компаниас авсан жоншны баяжмалын үнийг төлөхийг шаардаж нэхэмжлэл гаргасан. Шүүх хуулийг буруу хэрэглэж, нотлох баримтыг буруу үнэлсэнд гомдолтой. Шүүгчийн захирамжаар Монгол жүюаньли ХХК-ийн 2015, 2016 оны санхүүгийн тайланг татварын албанаас гаргуулан нотлох баримтаар авахаар хариуцагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч уг нотлох баримттай танилцуулаагүйд гомдолтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгосон 164 824 000 төгрөгийг Ресурс минком ХХК-иас гаргуулж өгч нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Монгол жүюаньли ХХК нь хариуцагч Ресурс минком ХХК-д холбогдуулан 87 220 ам.доллар буюу 213 689 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч зарим хэсгийг буюу 20 000 ам.долларыг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

 

Нэхэмжлэгч Монгол жүюаньли ХХК нь нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч Ресурс минком ХХК нь 2015 оны 9 дүгээр сард 597,4 тонн жоншны баяжмалыг, 1 тонныг 146 ам.доллараар худалдаж авсан тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 597,4 тонн жоншны баяжмалын үнэ гэх 87 220 ам.доллар буюу 213 689 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хариуцагч татгалзахдаа нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй, 1 тонн жоншны баяжмалыг 146 ам.доллар байхаар тохиролцоогүй, харин талууд хамтран ажиллах гэрээ байгуулсан, үүний дагуу нэхэмжлэгчид 20 000 ам.доллар төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээ байгуулсан гэх үндэслэлтэй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч тал хэдийгээр хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэх боловч талуудын шүүхэд гаргасан тайлбар, эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад гаргасан нэхэмжлэгч Монгол жүюаньли ХХК-ний хөрөнгө оруулагч Luo Yujing, хариуцагч Ресурс минком ХХК-ний захирал Борис Абрамович Гиллер нараас тайлбар авсан тухай тэмдэглэл зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч Монгол жүюаньли ХХК нь 597,4 тонн нойтон жоншны баяжмалыг хариуцагч Ресурс минком ХХК-д нийлүүлэх, Ресурс минком ХХК нь дээрх нойтон жоншны баяжмалыг хатааж ОХУ-ын компаниудад зарж, ийнхүү зарсны дараа олсон ашгийг талууд хоорондоо тохиролцож, Монгол жүюаньли ХХК-д ногдох ашгийг өгөхөөр харилцан тохиролцсон гэх үндэслэлтэй байна. /1-р хх-ийн 20-23, 71-72-р тал/

 

Гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчид 597,4 тонн жоншны баяжмалыг нийлүүлсэн гэх боловч хариуцагч Ресурс минком ХХК-ний захирал нь 2015 оны 12 сарын 16-ны өдөр гаргасан тайлбартаа замдаа хорогдоод 509 болсон, хатаасны дараа 13 тонны хорогдол гарч 496 тонн болсон гэж тайлбарласан тул нэхэмжлэгч нь хариуцагчид 597,4 тонн жоншны баяжмал нийлүүлсэн гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Хариуцагч Ресурс минком ХХК нь 2015 оны 9, 10 саруудад ОХУ-ын компаниудад жоншны баяжмал нийлүүлсэн гэх баримт хэрэгт авагдсан байх боловч тухайн жоншны баяжмал нь нэхэмжлэгч Монгол жүюаньли ХХК-иас нийлүүлсэн жоншны баяжмал гэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Монгол жүюаньли ХХК нь 1 тонн жоншны баяжмалыг 146 ам.доллараар худалдахаар тохиролцсон гэдгээ баримтаар нотлоогүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд 20 000 ам.доллар буюу 48 865 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 476.8 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо хариуцагч Ресурс минком ХХК-ний захирал Борис Абрамович Гиллер тайлбартаа 145 ам.доллараар тохирсон гэдгээ мэдүүлсэн, мөн энэ талаар гэрчүүд мэдүүлсэн гэх боловч хэргийн 72 дугаар талд байгаа Б.А.Гиллерийн тайлбарт талууд жоншны баяжмалыг 145 ам.доллараар тохиролцсон гэх агуулга байхгүй бөгөөд нэхэмжлэгч байгууллагын ажилтан Д.Батбаярын мэдүүлэг нь санхүүгийн баримт болон нотолгооны бусад эх сурвалжаар батлагдаагүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо татварын албанаас гаргуулсан Монгол жүюаньли ХХК-ийн 2015, 2016 оны санхүүгийн тайлантай танилцуулаагүй гэх боловч 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ёндонжамц нь дээрх санхүүгийн баримтуудтай танилцаж, хэргийн материал танилцсан баримтад гарын үсэг зурсан байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. /2 дугаар хх-ийн 61 дүгээр тал/

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2018/02687 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 982 070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Г.ДАВААДОРЖ