| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0045/Э |
| Дугаар | 341 |
| Огноо | 2018-05-09 |
| Зүйл хэсэг | 17.1.3.1., 20.15.1., |
| Улсын яллагч | Р.Батнасан |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 341
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Х.Идэр нарын бүрэлдэхүүнтэй,
Улсын яллагч: Р.Батнасан,
Нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал,
Иргэдийн төлөөлөгч: О.Ундрам,
Хохирогч Д.Ш .
Шүүгдэгч: Н.А, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.А холбогдох эрүүгийн 1709018980279 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Н.А урьд
1. 1997 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн сум дундын шүүхийн 64 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлж, 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд зааснаар оногдуулсан хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн,
2. 1997 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 323 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 4 cap хорих ялаар шийтгүүлж, 1999 оны 07 дугаар сарын 29-ний өдөр эдлээгүй үлдсэн 6 cap 25 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
3. 2000 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 429 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр эдлээгүй үлдсэн 5 cap 28 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
4. 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 180 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,
5. 2003 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 cap 20 хоног баривчлах ялаар шийтгүүлж, 2003 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
6. 2004оны 10 дугаар сарын 11-ний өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн 172 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 cap хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр эдлээгүй үлдсэн 6 жил 3 хоногийн хорих ялаас чөлөөлөгдсөн,
7. 2009 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
8. 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн шүүхийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 cap баривчлах ялаар шийтгүүлж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар: Н.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Н.А нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтай” группын 2 давхарт 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн С.Алтантуяагийн халааснаас Самсунг галакси эс-6 маркийн гар утас, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрт 2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр иргэн Б.Халиунаагийн халааснаас Ай фоне си загварын гар утас, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах E.Mart худалдааны төвд үйлчлүүлж байсан иргэн О.Оюумаагийн халааснаас Ай фоне 7 маркийн гар утас, 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла Молл төвийн 4 давхарт үйлчлүүлж байсан иргэн Х.Цээнямын халааснаас Ай фоне-7 пласс маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 20-280 тоотын гадна 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн С.Батбаярын эзэмшлийн 2 нохойг суллан тавьж, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас уг 2 нохой иргэн Д.Шагдарсүрэн рүү дайрч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ: Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгоогүй. Мөн манай хашаанд хулгай ороод байсан тул тэр орой нь хоёр нохойгоо сул тавьсан байсан. Тэгээд өглөө нь хашаанаас гарч хүн урсан байсан. Тэгээд тэр өвөөд туслах гээд өргөөд дийлэхгүй байсан. Тэгээд гэртээ орж хувцасаа өмсчихөөд гараад иртэл тэр өвөө байхгүй байсан гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.Г: Манай аав нохойд хазуулчихаад байхад энэ залуу хаячихаад гэртээ ороод алга болчихсон. Сэтгэл гаргаагүйд гомдолтой байна. Хэрэгт авагдсан баримтаар 737.380 төгрөг болсон байгаа, энэ хохирлоо нэхэмжилнэ гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч хохирогч................ Н.А урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.А нь Чингэлтэй, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн үйлдээр иргэн С.Алтантуяагийн халааснаас Самсунг галакси эс-6 маркийн гар утас, иргэн Б.Халиунаагийн халааснаас Ай фоне си загварын гар утас, иргэн О.Оюумаагийн халааснаас Ай фоне 7 маркийн гар утас, иргэн Х.Цээнямын халааснаас Ай фоне-7 пласс маркийн гар утсыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
мөн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 20-280 тоотын гадна 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн С.Батбаярын эзэмшлийн 2 нохойг суллан тавьж, орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас уг 2 нохой иргэн Д.Шагдарсүрэн рүү дайрч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ш.Амарбаяр, шүүгдэгч Н.А нар нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь Н.Анх-Эрдэнэ хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон зүйл байхгүй. Тохиолдлын шинж үйлдлийн улмаас гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн саналыг хүлээн авах боломжгүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан “байнга” гэдэг шинжид гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үйл ажиллагааны нэлээд тогтвортой давтагддаг амьдрал, зан төлөвийн хэвшил болсон үйлдлийг ойлгоно. Мөн байнга үйлдэх, тогтвортой үйлдэж амьжиргааны эс үүсвэр болгох зэрэг ойлголтыг тухайн гэмт хэргийг 3 буюу түүнээс дээш удаа үйлдсэн байх үндсэн шалгуураас гадна гэмт хэрэг үйлдсэн этгээдийн амьдрал, зан төлөвийн хэвшил болсон зан төрхийг нийлбэрээр тодорхойлогдох учиртай.
Шүүгдэгч Н.А хувийн байдлаас үзэхэд тэрээр урьд 1997-2017 оны хооронд бусдын эд зүйлийг хулгайлсан гэмт хэрэгт нийтдээ 8 удаа ял шийтгэгдсэн бөгөөд хамгийн сүүлд бусдын гар утсыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар бага хэмжээнээс доош хохирол учирсан гэж үзэж 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 13 дугаартай шүүгчийн захирамжаар Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гар утас нууцаар авсан” зөрчилд 30 хоногийн баривчлах шийтгэл эдэлсэн байна.
Мөн шүүгдэгч Н.А нь тус шүүх хуралдаанд: “...хулгайлж олсон эд зүйлээ зарж борлуулан гэртээ нүүрс, түлээ, хүнсний зүйл авах зэрэгт зориулагдаг...” гэж мэдүүлдэгээс үзэхэд түүний хулгайн үйлдлүүд нь амьжиргаагаа залгуулах, амьдралынх нь эс үүсвэр болж байна гэж үзнэ. Өөрөөр хэлбэл тэрээр тодорхой байнгын ажил хөдөлмөр эрхэлдэггүй, амар хялбар аргаар хулгай хийж, түүнээс олсон хууль бус орлогоороо амьжиргаагаа байнга залгуулдаг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид бүрэн хамаарч байна гэж дүгнэв.
Иймд Н.А прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэх талаар гаргасан өмгөөлөх талын саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.
а. Шүүгдэгч Н.А нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн нотлогдсон байдлын талаар:
Хохирогч С.Аптантуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ...Алтай группын байр луу ороод цахилгаан шатаар 2 давхарт гараад ...дэлгүүрээс гоо сайхны тос худалдаж аваад мөнгө өгөх гээд гар утсаа халаасандаа хийгээд тэкэн дээр мөнгөө тоолж өгөөд тосоо аваад буцаагаад халаасандаа гараа хийтэл миний утас байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 10/,
Насанд хүрээгүй хохирогч Б.Халиунаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын Их дэлгүүрийн нэг давхарт үйлчлүүлж байгаад ...куртикны баруун халаасанд байсан I Phone SE маркийн голд өнгөтэй, цагаан өнгийн кес буюу гэртэй гар утсаа хулгайд алдсан. ...тэгээд Улсын их дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзээд хар өнгийн хагас богино куртик, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй залуу миний ар талаас ирж халааснаас гар утас аваад явж байгаа бичлэг байсан...” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 107, 108/,
Хохирогч Х.Цээнямын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 13 цаг 49 минутын орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шангрилла Молл төвийн 4 давхарт үйлчлүүлж байгаад халааснаасаа Ай поне-7 маркийн гар утсаа алдсан. Тус төвийн хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд 25-30 орчим насны хар бараан царайтай этгээд миний утсыг халааснаас хулгайлаад шатаар доошоо бууж байгаа камерын бичлэг байсан....” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 193, 194/,
Хохирогч О.Оюумаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 11 сарын 08-ны өдөр 14 цаг 30 минутаас 15 цаг 30 минутын хооронд БЗД-ийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах И-март дэлгүүрт пиццан дээр үйлчлүүлээд ...33-р сургууль дээр хүүхэдтэй уулзах ёстой байж байгаад сургууль руу орохдоо утсаа байхгүй байгааг мэдсэн ...миний өөрийн I Phone 7 маркийн гар утас хулгайд алдагдсан байсан. ... И-март дэлгүүр лүү буцаж очоод хяналтын камер шүүлгэсэн чинь пиццан дээр үйлчлүүлж байхад миний ард зогсоод үйлчлүүлж байсан хар өнгийн куртиктэй, 30 орчим насны, шөвгөр залуу хулгайлж аваад унтраагаад гараад явж байгаа бичлэг бичигдсэн байсан...” /1-р хх-ийн 214, 215/,
Н.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн тайлбартаа: “...2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ...Монголын хүүхдийн ордноос гарч яваад гарцан дээр нэг эмэгтэйг харсан. Тэр эмэгтэй утсаар ярьж явж байгаад халаасандаа гар утсаа хийсэн. ...тэгээд би араас дагаад гоо сайхны салоных нь үүдэнд очоод тэр эмэгтэйн хажууд нь зогссон. Хажууд нь зогсож байхдаа би салоны худалдагчаас худлаа тос асууж байгаад нөгөө эмэгтэйн куртикны гадна халааснаас гар утсыг нь хулгайлсан...” /хх-ийн 17, 18/,
2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн үед би Шангрилла төвийн 4 давхарт байрлах Өргөө кино театрт ...ус ундаа зардаг хэсэг дээр нь очоод юм авах гээд хүлээж байтал нэг эмэгтэй миний урд зогсож байсан. Тэр эмэгтэйн куртикны баруун талын халааснаас нэг утас цухуйгаад байхаар нь би уг гар утсыг нь халааснаас нь хулгайлсан юм. /1-р хх-ийн 198/,
Би 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ...И-март худалдааны төв рүү пицца авах гэж орсон бөгөөд И-март худалдааны төвийн 1 давхарт байрлах пицца захиалах хэсэгт оочерлоод зогсож байхад миний урд талд мөн пицца авах гээд зогсож байсан үл таних эмэгтэйгийн куртикны баруун талын халаасанд гар утас нь цухуйж харагдаж байсан. Тэгэхээр нь би хүмүүс их байсан тул тэр эмэгтэйн араас дөхөж очоод халааснаас нь гар утсыг нь аваад пицца захиалахаа больж шууд Монтел гар утасны төв рүү явсан...” гэх мэдүүлэгүүд /1-р хх-ийн 245/,
Эд зүйлийн үнэлгээ хийсэн баримтад:
Айфоне SE маркийн гар утас-480,000 төгрөг /1-р хх-ийн 112/,
Самсунг галакси эс 6 маркийн гар утас-380,000 төгрөг /1-р хх-ийн 30/,
Ай фоне-7 плас маркийн гар утас-1,750,000 төгрөг /2-р хх-ийн 243/,
Ай фоне 7 маркийн гар утас-920,000 төгрөг /3-р хх-ийн 6/ зэрэг нотлох баримтуудаар,
б. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Д.Шагдарсүрэнгийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн нотлогдсон байдлын талаар:
Хохирогч Д.Ш мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 12 сарын 11-ний өдөр ... гэрээсээ гараад баруун зүгт гудамжаар алхаад явж байхад өөдөөс хоёр нохой дайраад ирсэн. Тэгээд би хөөш гэж дуугараад нүүрээ хамгаалсан чинь нөгөө хоёр нохой намайг дайрч унагаад, газар унасан байхад өмсөж явсан зузаан куртикний ханцуйнаас болон хөлнөөс хазаад байсан. Тухайн үед би мөргүүлээд хойшоо бөгсөөрөө унаад газарт дээшээ хараад унасан. Тэр үед шар зүсмийн нохой нь хоёр гарын ханцуйнаас хазаад, алаг зүсмийн нохой нь өмднөөс зуугаад татаад байсан. ...хоёр нохой дайрч газар унагасны улмаас миний зүүн хөлийн дунд чөмөгний толгой хугарсан...” /2-рхх-ийн 45, 46/,
Шүүхийн шинжилгэний Үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 496 дугаартай дүгнэлт: Д.Ш биед зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн далд хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ... эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /2-р хх-ийн 58, 59/,
Н.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн тайлбартаа: “... 2017 оны 12 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө гэртээ ирсэн юм. Тэгээд хашаанд уяатай байдаг тэжээвэр симбернар үйлдрийн шар алаг зүстэй болон дундад ази үйлдрийн шаргал зүстэй хоёр нохойг уяанаас нь суллаж тавьсан. ... 2017 оны 12 дугаар сарын 11-ний өглөө цагийг нь сайн санахгүй байна гэртээ ганцаараа байж байхад гадаа нохой хуцаад эрэгтэй хүн “нохойгоо аваарай гээд” орилоод байсан. Тэгээд гэрээсээ гараад хартал манай хоёр нохой хашаанаас гараад явчихсан, гудамжинд нэг эрэгтэйг газар унагачихсан, хоёр талд нь гарчихсан тэр хүн рүү боргож байсан. Тэгээд би яваад очиход 70 гаруй насны эрэгтэй газар хөлөө жийгээд суучихсан байсан. Тэгээд би хоёр нохойгоо чулуугаар шидээд хөөгөөд хашаа руу оруулсан...” /2-р хх-ийн 70/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдлүүд хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Иймд шүүгдэгч Н.А хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгсон, орчиндоо аюул учруулж болох амьтаныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Мөн “шүүгдэгч Н.А гэм буруутай” гэж дүгнэсэн иргэдийн төлөөлөгч ... санал үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Н.А эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүхээс гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлын нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахаар тогтсон болно.
Шүүгдэгч Н.А нь хүнд гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд шүүгдэгч Н.А нийт 2.517.380 төгрөгийг гаргуулж хохирогч С.Алтантуяад нь 380.000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Б.Халиунаад 480.000 төгрөг, О.Оюумаад 920.000 төгрөгийг, хохирогч Д.Шнд 737.380 төгрөгийг тус тус олгохоор тогтов.
Харин мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Цээнямд гар утсыг буцаан хүлээлгэн өгсөн /1-р хх-ийн 191/ хохирол төлөгдсөн гэж үзнэ.
Шүүгдэгч Н.А нь 39 цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тооцож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 3 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.А хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгсон, орчиндоо аюул учруулж болох амьтаныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялтай дүйцүүлэн 30 хоног буюу 01 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 жил 06 сарын хорих ялыг нэмж биечлэн эдлэх ялыг 06 /зургаа/ жил 07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А урьд цагдан хоригдсон 39 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулсан тооцсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нийт 2.517.380 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /-д /насанд хүрээгүй хохирогч Б.Халиунаа/ 480.000 төгрөгийг, Алтантуяа / /-д 380.000 төгрөгийг, /-д .Оюумаад 920.000 төгрөгийг, Шагдарсүрэн / /-д, /хууль ёсны төлөөлөгч Ш.Галтмаа/ 737.380 төгрөгийг тус тус олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 3 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.
ШҮҮГЧИД Б.М
Х.И