Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/36

 

  2025             01             02                                         2025/ДШМ/36

 

Н.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч П.Гансүх,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/739 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлоор Н.Эд холбогдох 2410 00000 1014 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

И овгийн Н-ийн Э, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Завхан аймагт төрсөн, ... настай, э...., дээд боловсролтой, “...” инженер мэргэжилтэй, хувиараа барилгын материал борлуулалт ажилтай, ам бүл .... хамт ... дүүрэг, ... дугаар хороо, ...ын зам гудамж, ... дугаар байр, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:...../,

Шүүгдэгч Н.Э нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод такси үйлчилгээнд явж байхдаа иргэн О.О андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 6,643,350 төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Н.Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгаааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч П.Гансүх давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Э нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр такси үйлчилгээнд явж байхдаа иргэн О.О андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 6.643.350 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж үзэн шүүхээс эрүүгийн хариуцлага тооцсон байдаг.

Н.Э нь одоогийн залуучуудын нэгэн адил өдрийн цагаар ажил хийж, оройн цагаар өөрийн эзэмшлийн приус машинаар таксинд явж нэмэлт орлого олж, амьдралаа дээшлүүлэх зорилготой амьдралын төлөө зүтгэж яваа залуу билээ. Тухайн өдөр Болортуяа гэх хүнээс мөнгө орж ирэх ёстой байсан. Тэр мөнгө л орж ирсэн байна гэж Э бодсон учраас тухайн мөнгөний зарим хэсгийг захиран зарцуулсан байдаг.

Уг мөнгө андуурч шилжүүлсэн мөнгө болохыг Э эхэлж мэдэн хохирогч гэх О.Отай уулзаж уучлалт хүсэн хохирлыг бүрэн барагдуулсан болно. Хохирогч Н.Эийг очиж та надад таксины төлбөрөө андуурч шилжүүлсэн байна гэж хэлтэл мөнгөө андуурч шилжүүлснээ мэдээгүй байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх заалтад “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан үндэслэлтэй байгаа учир анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Т.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчийн андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 6.643.350 төгрөгийг Н.Э анзаараагүй боловч тухайн өдрийн 23 цагийн орчимд дансаа шалгахад өөрийнх нь дансанд их хэмжээний мөнгө орсныг мэдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

1. Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Н.Э нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт такси үйлчилгээнд явж байхдаа иргэн О.О андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ болох 6,643,350 /зургаан сая зургаан зуун дөчин гурван мянга гурван зуун тавин/ төгрөгийг 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хохирогч О.О: “...Би 2024.6.30-ны такины жолоочид илүү мөнгө төлснөө мэдээгүй. ...2024.7.03-ны өдөр таксины жолооч Э /шүүгдэгч/ гэх хүн холбогдоод “тантай уулзах гэсэн юм” гээд манай гэрийн үүдэнд ирсэн. ...Тэгээд “Та надад илүү мөнгө тушаасан байсан. ...би хэд хоног архи уугаад таны  мөнгийг үрчихсэн. ...Одоо байгаа мөнгөө шилжүүлье гээд 1 сая төгрөг, дараа нь 400,000 төгрөг хийсэн. ...Тэгээд хэлсэн хугацаандаа мөнгөө өгөхгүй байхаар нь цагдаад гомдол гаргасан. ... /хх 24-25/,

шүүгдэгч Н.Э: “...Над руу илүү мөнгө шилжүүлснийг орой нь мэдсэн. ...Би тэр мөнгөнөөс архи авч уусан. ...Тэгээд мөнгө шилжүүлсэн эгчтэй холбогдоод уулзсан. ...1 сая төгрөгийг одоо шилжүүлнэ үлдэгдэл 5,650,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг 2024.7.09-ний өдөр, 2,250,000 төгрөгийг 2024.7.19-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж хэлсэн. ...Тэгээд хугацаандаа төлөх гэтэл баярын өдрүүд таараад миний ажил зогсоод орлогогүй болсон. ...Дээрх гүйлгээг банкны алдаа байж магадгүй гэж бодоод маргааш нь учрыг нь олоод эзэн рүү нь шилжүүлнэ гэж бодож байсан. ... Өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж хүний мөнгө үрсэндээ харамсаж байна. ... /хх 33-34/,

шүүгдэгч, хохирогч нарын хооронд дахь зурвас бичвэр:

Хохирогч: Чи яагаад таг болчихвоо

шүүгдэгч: Би 7 сарын 09-ний өдөр дуусахаас өмнө үлдэгдэл 5,250,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийг өгнө. Үлдэгдэл 2,250,000 төгрөгийг 7 сарын 19-ний өдөр гэхэд барагдуулахаа амлаж байна. ...” гэх бичвэр болон дансны хуулга /хх 06/,

хохирогчийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл: 2024.6.30-ны өдөр шүүгдэгч рүү 6,650,000 төгрөгийг Taxi гэх утгатай шилжүүлсэн, 2024.7.03-ны өдөр шүүгдэгчээс хохирогч руу 1,000,000 Эөөс буцаав гэх утгатай шилжүүлэг /хх 10-11/,

шүүгдэгч Н.Эийн дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-19/, шүүгдэгчээс үлдэгдэл хохирол болох 5,250,000 төгрөгийг хохирогчид төлж барагдуулсан дансны хуулга /хх 21/, шүүгдэгч Н.Э яллагдагчаар: “...Хохиролыг бүрэн барагдуулсан. ..” /хх 39-40/, хохирогч гомдол саналгүй гэх мөрдөгчийн тэмдэглэл /хх 50/ зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна. 

            2. Анхан шатны шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Эийг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

            Шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч П.Гансүх “Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий гомдол гаргасан.

            3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан төлбөр тооцооны алдаатай гүйлгээ гэдгийг үг, үсэг, тоо, техникийн шинжтэй бусад алдааг ойлгох ба бэлэн болон бэлэн бусаар төлбөр тооцоог хийхдээ дансны дугаар, банкны нэр, харилцагчийн нэр, мөнгөн дүнгийн тоо хэмжээ, дүн зэргийг алдаатай бичилтээр гүйлгээг хийхийг ойлгоно.

            Мөн алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд идэвхитэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдлаар ирэлдэг.

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд; Шүүгдэгч Н.Э нь алдаатай гүйлгээ болох 6,643,350 /зургаан сая зургаан зуун дөчин гурван мянга гурван зуун тавин/ төгрөгийг тухайн үедээ мэдээгүй, анзаараагүй боловч тухайн өдрийн орой нь дээрх мөнгө орж ирснийг мэдсэн, мэдсээр байж өөртөө хувийн хэрэгцээндээ зарцуулсан талаарх түүний мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг зэргээр хөдөлбөргүй тогтоогдсон байх төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээнээс эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй. ...” гэж шүүх дүгнэсэн нь хуульд нийцсэн байх тул шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

            Хохирогч О.О андуурч шилжүүлсэн төлбөр тооцооны алдаатай гүйлгээг анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Э.Э нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 03-ны өдрийн хооронд бусдын өмчлөл, эзэмшилд мэдсээр байж завшсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол буюу 6,643,350 /зургаан сая зургаан зуун дөчин гурван мянга гурван зуун тавин/ төгрөгийн хохирол учруулжээ.

            Иймд дээрх үндэслэлээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/739 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан ““Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Харин яллагдагчаар татсан тогтоол /хх 01-02/, яллах дүгнэлтээс /хх 55/ үзэхэд гэмт хэрэг гарсан газрыг бичээгүй орхигдуулсан байх тул прокурор цаашид ийм алдаа зөрчил гаргахгүй ажиллахыг анхааруулан тэмдэглэж байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ниий өдрийн 2024/ШЦТ/739 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Эийн өмгөөлөгч П.Гансүхийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           М.АЛДАР

      ШҮҮГЧ                                                                  Т.ӨСӨХБАЯР

      ШҮҮГЧ                                                                  Д.МӨНХӨӨ