2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 191/ШШ2025/08705

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 10 15 191/ШШ2025/08705

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх, Сүхбаатар, ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* тоот, Жүрэг си эй ХХК-ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, 5-р хороо, 20-28 тоот,******* ХХК-д /РД: *******/ холбогдох

646,271,518 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ, Б.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Жүрэг си эй ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Чинсанаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ган-Эрдэнэ, Б.******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Жүрэг си эй ХХК нь ******* ХХК-тай 2023 оноос хамтран ажиллаж тус компанийн Бор ийн уурхайд байрлах уурхайн ажлыг гүйцэтгэх, хүнд машин механизмыг түрээслэн хамтран ажиллаж эхэлсэн.

Энэхүү хамтран ажиллах болсонтой холбоотой 2023 оны 03 сарын 26-ны өдөр төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээ, 2023 оны 07 сарын 17-ны өдөр төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээ тус тус байгуулж экскаватор, авто самосвал, ковш зэрэг 10 ширхэг хүнд машин механизм, төхөөрөмжийг түрээслэхээр, сар бүр түрээсийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцсон.

Манай компани гэрээнд дурдсан 10 ширхэг хүнд машин механизм, төхөөрөмжийг Улаанбаатар хотоос тээвэрлэн ******* ХХК-ийн ажлын талбайд хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлсэн.

Бидний зүгээс ******* ХХК-тай 2024 оны 01 сарын 01-ний өдөр тооцоо нийлж 2023 оны 03 сарын 26, 2023 оны 07 сарын 17-ны өдрүүдийн төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээнүүдийн нийт үлдэгдэл төлбөр 291,690,000 төгрөг болохыг талууд харилцан баталгаажуулсан.

Талууд харилцан тооцоо нийлсэн боловч ******* ХХК нь төлбөрөө төлөөгүй тул манай компанийн зүгээс гэрээний 3.6-т заасан алданги болон манай компанийн зээлийн хүү зэргийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлэн 2024 оны 05 сарын 06-ны өдөр 01-377 тоот, 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 25/017 тоот албан бичгийг ирүүлсэн.

Энэ хугацаанд бид удаа дараа утсаар ярихад ******* ХХК нөр төлбөрөө төлж барагдуулна гэдэг тайлбар өгдөг ч бодит байдал дээр төлж барагдуулсан зүйл байхгүйгээс манай компанийн үйл ажиллагаа зогсонги байдалд хүрэх нөхцөл байдал үүсээд байна.

Талуудын хооронд байгуулсан төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээний 3.6-т Түрээслэгч тал төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээгээр түрээслүүлэгч талд алданги төлнө гэж заасан.

******* ХХК нь хамгийн сүүлд 2023 оны 10 сарын 31-ний өдрөөс эхлэн түрээсийн төлбөрөө төлж барагдуулаагүй. Манайх техникүүдээ 2023 оны 10 сард буцаан авсан.

Энэ хугацаанаас эхлэн алданги тооцоход хэтэрсэн хоног 563 хоног, 1 хоног төлөх алдангийн хэмжээ 873,000 төгрөг, нийт алданги 491,499,000 төгрөг болохоор байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасны дагуу төлөгдөөгүй төлбөрийн 50 хувь 145,845,000 төгрөгийг нэхэмжилж байгаа болно.

Мөн хариуцагч ******* ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу түрээсийн гэрээнд заасан төлбөрөө төлж барагдуулаагүйн улмаас нэхэмжлэгч Жүрэг си эй ХХК-ийн зүгээс экскаватор худалдан авахаар О.Даваахүүтэй 2023 оны 07 сарын 14-ний өдөр байгуулсан зээлийн 206,000,000 төгрөгийн зээл, түүний хүү 105,736,518 төгрөгийг төлж чадахгүй нөхцөл байдал үүсэн зээлийн гэрээний алданги 103,000,000 төгрөг, нийт 208,736,518 төгрөгийн хохирол үүсээд байна.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 326 дугаар зүйлийн 326.2-т заасны дагуу 2023 оны 03 сарын 26, 2023 оны 07 сарын 17-ны өдрийн төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр 291,690,000 төгрөг, алданги 145,845,000 төгрөг, хохирол 208,736,518 төгрөг, нийт 646,271,518 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ******* ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Ламжав шүүхэд гаргасан тайлбартаа:

Манай ******* ХХК нь Жүрэг си эй ХХК-тай 2023 оноос хамтран ажиллаж эхэлсэн билээ.

Бидний зүгээс Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Борийн ажилд ашиглахаар Жүрэг си эй ХХК-тай 2023 оны 03 сарын 26-ны өдөр төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээ, 2023 оны 07 сарын 17-ны өдөр төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээ байгуулан экскаватор, автосамосвал, ковш зэрэг хүнд машин механизм төхөөрөмжийг түрээслэхээр харилцан тохиролцсон.

Дээрх түрээсийн гэрээний дагуу манай компани нэхэмжлэгчийн хүнд машин механизмыг бүрэн ашигласан бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөртэй холбоотой талууд 2024 оны 01 сарын 01-ний өдрөөр тооцоо нийлж 2023 оны 03 сарын 26-ны өдөр төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээ, 2023 оны 07 сарын 17-ны өдөр төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээний нийт үлдэгдэл төлбөр 291,690,000 төгрөг болохыг талууд харилцан тохиролцсон үнэн болно.

Гэвч манай компани зүгээс цар тахал болон компани бусад дотоод асуудлаас шалтгаалан санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул 2024 оны 05 сарын 06-ны өдрийн албан тоотоор, 2025 оны 01 сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид албан бичиг хүргүүлж 2023 оны 03 сарын 26-ны төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээ, 2023 оны 07 сарын 17-ны төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээний нийт үлдэгдэл төлбөр 291,690,000 төгрөг болон түүний алданги, гэрээтэй холбоотой бусад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байдаг гэжээ.

 

Нотлох баримтууд:

Нэхэмжлэгч Жүрэг си эй ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл,

2023 оны 03 сарын 26-ны өдрийн төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээний хуулбар,

2023 оны 07 сарын 17-ны өдрийн төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээний хуулбар,

2023 оны 03 сарын 26-ны өдрийн төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээний нэмэлт 2023 оны 05 сарын 31-ний өдрийн ADM-23-48 тоот гэрээний хуулбар,

Тооцооны үлдэгдлийн баталгаа,

******* ХХК-ийн 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 01-377 тоот болон 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 25/017 тоот өр төлбөр барагдуулах тухай албан бичиг,

2023 оны 07 сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ, зээлийн график,

Жүрэг си эй ХХК-ийн захирал Б.Чинсанаагийн өргөдөл, Б.Чинсанаагийн Хаан банк дахь дансны хуулга зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

Хариуцагч ******* ХХК нь компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм,

Моновант ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм,

Итгэмжлэл, хариу тайлбар зэргийг баримтаар ирүүлжээ.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Жүрэг си эй ХХК нь хариуцагч******* ХХК-д холбогдуулан 646,271,518 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

/Түрээсийн төлбөрийн үлдэгдэл 291,690,000 төгрөг,

Алданги 145,845,000 төгрөг,

Хохирол 208,736,518 төгрөг, нийт 646,271,518 төгрөг/

 

Нэхэмжлэгч буюу түрээслүүлэгч Жүрэг си эй ХХК нь хариуцагч буюу түрээслэгч ******* ХХК-тай 2023 оны 03 сарын 23-ны өдөр төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээ байгуулан түрээслүүлэгч Жүрэг си эй ХХК нь гэрээний 3.1-т заасан 3 ширхэг авто самосвал /хово 25 тн/ сараар /28 хоног/, 1 сарын түрээсийн төлбөрт 12,000,000 төгрөг,

1 ширхэг ковш /SDLG 953/, сараар /30 хоног/, 1 сарын түрээсийн төлбөрт 17,000,000 төгрөг, тус тус 3 сар түүнээс дээш сараар түрээслүүлэхээр,

түрээслэгч ******* ХХК нь гэрээнд заасан дээр дурдсан төлбөрийг сар бүр төлөхөөр тус тус тохиролцжээ.

 

Мөн дээрх гэрээний талууд 2023 оны 07 сарын 17-ны өдөр төхөөрөмж ашиглах гэрээ байгуулан түрээслүүлэгч Жүрэг си эй ХХК нь хариуцагч буюу түрээслэгч ******* ХХК-д 1 ширхэг экскаватор /Hyundai 3000/, сараар /28 хоног/, 1 сарын түрээсийн төлбөр 30,000,000 төгрөг, 3 сар түүнээс дээш сараар түрээслүүлэхээр, түрээслэгч ******* ХХК нь гэрээнд заасан дээр дурдсан төлбөрийг сар бүр төлөхөөр тус тус харилцан тохиролцсон байна.

 

Мөн талууд 2023 оны 05 сарын 31-ний өдөр тэдний хооронд 2023 оны 03 сарын 26-ны өдөр байгуулагдсан төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээнд нэмэлт оруулсан ба 4 ширхэг авто самосвал /хово 25 тн/ сараар /28 хоног/, 1 сарын түрээсийн төлбөрт 12,000,000 төгрөг,

1 ширхэг ковш-50, сараар /30 хоног/, 1 сарын түрээсийн төлбөрт 17,000,000 төгрөг, түрээсийн хугацааг тус тус 3 сар түүнээс дээш сар гэж харилцан тохиролцжээ.,

Хэлцлийн хэлбэр нь талуудын хүсэл зоригыг илэрхийлэх арга бөгөөд 2023 оны 03 сарын 26, 2023 оны 05 сарын 31, 2023 оны 07 сарын 17-ны өдрүүдийн төхөөрөмж түрээсээр ашиглах гэрээнүүдэд талууд хүсэл зоригын илэрхийлэлээ болгон гарын үсгээ зуран, байгууллагын тамгаа даран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.

/ХХ-ийн 8-14 дүгээр тал/

 

Хариуцагч буюу түрээслэгч ******* ХХК нь дээр дурдсан тоног төхөөрөмж түрээслэх гэрээ байгуулсан талаар маргаагүй бөгөөд түрээслүүлэгч Жүрэг си эй ХХК нь гэрээнд дурдсан төхөөрөмжүүдээ 2023 оны 10 сард буцаан авсан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан болно.

 

Нэхэмжлэгч Жүрэг си эй ХХК-ийг төлөөлөн Б.Чинсанаа, хариуцагч ******* ХХК-ийн нягтлан бодогч Э.Болормаа нар түрээслэгч талын 2024 оны 01 сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд түрээсийн төлбөртэй холбоо тооцоо нийлэхэд тооцооны үлдэгдэл 291,690,000 төгрөг гэсэн байх ба уг баримтад талууд хэн аль нь гарын үсгээ зуран, байгууллага тус бүрийн санхүүгийн тэмдгийг даран баталгаажуулсан бөгөөд хариуцагч ******* ХХК түрээсийн төлбөрийн үлдэгдэл 291,690,000 төгрөгтэй холбоотой маргаагүй.

/ХХ-ийн 15 дугаар тал/

 

Түрээслэгч буюу хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Hasbatar 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 01-377 тоот албан бичигтээ:

Төхөөрөмж түрээслэх гэрээнд заасан талуудын үүрэг хариуцлагын дагуу түрээслэгч байгууллага нь түрээслүүлэгч талд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөх, эсвэл түрээслэгч байгууллагын төлбөрийн хүлээлтээс шалтгаалан үүссэн зээлийн хүүгийн төлбөр болон алдангийг бүрэн төлж барагдуулахаа мэдэгдэж байна гэжээ.

/ХХ-ийн 17 дугаар тал/

 

Түрээслэгч буюу хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Hasbatar 2025 оны 01 сарын 15-ны өдрийн 25/017 тоот Өр төлбөр барагдуулах тухай албан бичигтээ:

... Гэрээний дагуу ажил гүйцэтгэж, дууссаны дараа сар бүрийн эцэст ажлын хөлсийг шилжүүлэх ёстой байсан боловч ******* ХХК-ийн хөрөнгө оруулалт зогссоноос шалтгаалан, 2023 оны 10 сарын 31-ний өдрөөс эхлэн төлбөрийг барагдуулж чадалгүй өдийг хүрлээ.

2025 оны 01 сарын 15-ны байдлаар тооцоо нийлсэн актын дүнгээр гэрээт ажлын хөлсний үлдэгдэл 292,000,000 төгрөг, гэрээний алданги 368,532,000 төгрөг, нийт 660,532,000 төгрөг болсныг хүлээн зөвшөөрч байна.

******* ХХК нь танай гэрээт ажлын төлбөрийг тооцоо нийлсэн актын дүнгээр 2025 оны 03 сард багтаан барагдуулах болно гэсэн байна.

/ХХ-ийн 16 дугаар тал/

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасны дагуу түрээслүүлэгч Жүрэг си эй ХХК нь түрээслэгч ******* ХХК-иас гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг шаардсан нь үндэслэлтэй.

 

Талуудын хооронд байгуулсан 2023 оны 03 сарын 26, 2023 оны 07 сарын 17-ны өдрүүдийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д Түрээслэгч тал төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээгээр түрээслүүлэгч талд алданги төлнө,

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,

232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заажээ.

 

Алданги нь үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй тал нөгөө талдаа хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тохиролцож буй хариуцлага бөгөөд аливаа хуулийн этгээд нь бусадтай гэрээ байгуулж буй тохиолдолд түүнээс үүдэн гарах үр дагавар, хариуцлагыг хүлээх тул түрээслэгч ******* ХХК гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн хариуцлага хүлээнэ.

 

Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан бөгөөд түрээслэгч ******* ХХК нь түрээсийн төлбөрөө хугацаандаа төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас түрээслүүлэгч тал иргэн О.Даваахүүтэй 2023 оны 07 сарын 17-ний өдөр байгуулсан зээлийн хүү 105,736,518 төгрөг, алданги 103,000,000 төгрөг, нийт 208,736,518 төгрөг нэхэмжилснийг түрээслэгч ******* ХХК эсэргүүцээгүй, уг мөнгийг төлөх тухайгаа түрээслүүлэгч талд илэрхийлж байжээ.

/ХХ-ийн 17-28 дугаар тал/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас түрээсийн төлбөрийн үлдэгдэл 291,690,000 төгрөг, алданги 145,845,000 төгрөг, хохирол 208,736,518 төгрөг, нийт 646,271,518 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Жүрэг си эй ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч ******* ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Ламжав тус компанийг шүүхэд төлөөлж байгаатай холбоотой нэхэмжлэгч Жүрэг си эй ХХК маргаагүйг дурдлаа.

/ХХ-инй 46-53 дугаар тал/

 

Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авч 2025 оны 05 сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч ******* ХХК-д 2025 оны 08 сарын 11-ний өдөр зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг, хэргийн баримтуудыг танилцуулан нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн байна.

/ХХ-ийн 1-3, 29, 54-57 дугаар тал/

 

2025 оны 09 сарын 09-ний өдрийн 10 цагт товлосон хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч С. Хариуцагч ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Hasbatar нас барсан тул компанийн өдөр тутмын үйл ажиллагааг үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Ламжав удирдаж байгаа хэмээн тайлбарласан хариуцагчийг төлөөлөх эрхтэй этгээд эсэхтэй холбоотой тодруулан, хариуцагч талд үүнтэй холбоотой баримт ирүүлэх хугацаа олгон шүүх хуралдааныг 2025 оны 10 сарын 15-ны өдрийн 09 цаг хүртэл хойшлуулжээ.

/ХХ-ийн 78-84 дүгээр тал/

 

Хариуцагч ******* ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч С./ шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, ирэх боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхэд мэдэгдээгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хариуцагч ******* ХХК-ийн эзгүйд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-иас 646,271,518 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жүрэг си эй ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Жүрэг си эй ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,389,308 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 3,389,308 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жүрэг си эй ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН