Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 398

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: С.М,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,

Хохирогч: О.Э, түүний өмгөөлөгч Г.Э,

Шүүгдэгч: Л.Э /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Э холбогдох эрүүгийн 1809014070212 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, Л.Э

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн хөгжлийн төвийн орчим О.Эрдэнэзоригтыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ: 2018 оны 03 дугаар сарын 16-нд арслантай гүүрний орчим багшийн хөгжлийн ордон руу явах замд түгжрээд явж байтал хохирогч залуу урд ирчихээд явахгүй байсан. Тэгэхээр нь яваач гэтэл гуфер өшиглөөд, урд шил рүү устай сав шидсэн. Тэгээд би машинаасаа буугаад тэр залуугийн мөрөн дээрээс нь барьж аваад дугтархад нүүрээрээ газар унасан. Үйлдсэн хэрэгт маш их гэмшиж байна гэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нн мэдүүлэхдээ: Тухайн өдөр ажилаа тараад сургууль орохоор явж байсан. Тухайн үед шүүгдэгч машинтайгаар эргэхээр зогсож байсан. Би гарцаар гарах гэж байтал шүүгдэгч машинтайгаа ирээд намайг тулж зогссон. Тэгэхээр нь би шүүгдэгчийг “чи яах гээд байгаа юм бэ” гэж хэлтэл намайг “чи зайлаач” гэж хэлэхээр нь би машины урд талын шил рүү ууж явсан савтай усаа шидсэн. Тэгээд цаашаа явж байтал шүүгдэгч араас ирээд намайг заамдаж аваад хүзүү нуруу руу цохисон. Тэгтэл хажуугаас нэг залуу ирээд салгасан. Шүүгдэгч намайг дугтарч унагаахад миний өвдөг тохой шанаа халцарсан. Намайг унахад шүүгдэгч миний араас өшиглөсөн гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нн /хх-ийн 8-9, 10-11/, яллагдагч Л.Э /хх-ийн 12-13/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 37/40 дугаар дүгнэлт /хх-ийн 15/, шүүгдэгч Л.Э урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Багшийн хөгжлийн төвийн орчим О.Эрдэнэзоригтыг замын түгжрэлээс үүдэлтэй маргааны улмаас зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүгдэгч Л.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч О.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...арслантай гүүрний доор Америк элчин рүү эргэдэг машин замаар явж байхад саарал өнгийн короллой машин намайг зам дээр шахаад байсан. Би эргэж хараад “явган хүнээ хүндлээчээ, та яагаад байгаа юм бэ” гэж хэлэхэд жолооч ах машинаасаа бууж ирээд миний хувцаснаас барьж аваад баруун гараараа намайг цохих гэхэд би доошоогоо буугаад бултсан. Тэгтэл намайг миний хувцаснаас зуурч барьж байгаад гараа миний хүзүүний ар хэсэгт нурууны зүүн доод хэсэгт нэг нэг удаа цохиод намайг тавьсан. ...тэгээд миний өмсөж явсан польтоогоор миний толгойг бүтээхэд хажуугаар явж байсан нэг залуу ирээд тэр ахыг тавиулаад бид хоёрыг салгасан. Би хувцасаа янзлаад зогсож байхад нөгөө жолооч ах буцаж ирснээ намайг заамдаж байгаад газар нүүрээр минь унагаасан. Газар нүүрээрээ унаснаас болоод миний зүүн хацар хэсэгт шалбарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,

 

Яллагдагч Л.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би машинаас буугаад тэр залуугийн 2 мөрнөөс барьж аваад дугтараад газар унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 37/40 дугаар дүгнэлт: “...О.Эрдэнэзоригтийн биед зүүн хацар, зүүн өвдөг, зүүн шагайд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны болон замын хөдөлгөөнд оролцох соёлын түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Э /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч Л.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Л.Э торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.

 

Шүүгдэгч Л.Э хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Л.Э тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч О.Эрдэнэзоригт нь хохиролд 60.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд бусад баримтаа бүрдүүлж хохирол нэхэмжилнэ гэжээ. Шүүгдэгч Л.Э нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Эрдэнэзоригтын 5031472722 тоот дансанд 60.300 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч О.Эрдэнэзоригт нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

4. Хохирогч О.Эрдэнэзоригт нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.АЛДАР