| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0351/Э |
| Дугаар | 389 |
| Огноо | 2018-05-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Б |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 389
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: П.Б,
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,
Хохирогч М.Б, түүний өмгөөлөгч Д.Э,
Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э холбогдох эрүүгийн 1809012920238 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, М.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч М.Э нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 31 тоот гэрт нь төрсөн эгч М.Булганчимэгтэй “ээжийг загналаа” хэмээн маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хүзүү, цээж, зүүн чихний дэлбэн, хоёр бугалганд цус хуралтууд, зүүн далны доор, зүүн чигчий, баруун долоовор хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Э мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө гэв. 2018 оны 03 дугаар 05 өдөр болсон асуудлын хувьд миний ээж хөгшин настай хүн учраас цагаан сарын дараа бие нь чилээрхээд байсан. Тэгтэл ээж надад эгч чинь намайг хэл амаар доромжлоод байна гэж хэлэхээр нь эгчтэй маргалдаж ийм асуудал болсон. Би прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч .. мэдүүлэхдээ: Миний хувьд ээжийгээ хэлэх хэлэхгүй үгээр хэлсэн зүйл огт байхгүй. Би өөрөө тамирчин хүн мастер цолтой хүн, надад тамирчин хүний хувьд хүнийг хэл амаар доромжлох зүйл байхгүй. Шүүгдэгч намайг зодохдоо минйи ээжээр тэжээлэгсэн гэж хэл амаар доромжлоод байсан. Миний ээж их ааштай хүн, тухайн өдөр ээжийн өрөөг цэвэрлэж байсан. Тэгтэл ээж намайг хэвтэрч чинь ханаагүй юм уу гээд загнаад байсан. Тухайн үед миний ээж унтаад байхаар нь цайг өгөөгүй байсан. Тухайн үед би 3 сард хагалгаанд орох гэж байсан. Тэгтэл шүгдэгч намайг багалзуурдаж аваад газарт чирсэн. Тухайн үед миний ухаан балартсан. Шүүгдэгч хэлсэн үгэндэээ хүрж чадаагүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч гэрч М.Э, яллагдагч М.Э /хх-ийн 22-23/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3315 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/, хохирогч .. ирүүлсэн эрүүл мэнддээ учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг, түүнийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 29-32/, шүүгдэгч М.Э урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Э нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 26 дугаар байрны 31 тоот гэрт нь төрсөн эгч ... “ээжийг загналаа” хэмээн маргалдан улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална, 5 дахь хэсэгт “...“...энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “... “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг…” 3.1.6 дахь хэсэгт “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг…” Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү...”-г тус тус хамааруулан ойлгохоор заасан байна.
Хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч М.Э нарын мэдүүлэг, биеийн байцаалт болон бусад нотлох баримтуудаас үзэхэд төрсөн эгч, дүү бөгөөд “гэр бүлийн гишүүний” харилцаа байсан болох нь нотлогдож байна. Энэ талаар прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсрн байна гэж үзнэ.
Шүүгдэгч М.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч .. мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэртээ ээж Долгорын хамт байх үед манай эрэгтэй дүү болох М.Э орж ирсэн. Ээжийн хөл гарыг тослоод өгье гэж ээжийн урд сандал тавиад сууж байснаа учир зүггүй уурлаад намайг загнаад хэл амаар дайраад эхэлсэн. Намайг “муу новш чинь явж л байхгүй” гэх мэтээр хэлж байснаа ухасхийгээд намайг багалзуурдаж, намайг шал руу түлхэж унагаасан. Миний цамцнаас зуурч хоолой боож мөн гар бугалганаас базаж сэгсчиж, гудчиж газар хэд хэдэн удаа унагаасан. Тэгээд намайг зүүн гараараа заамдаж хоолой боож баруун гараараа миний толгойны зүүн тал руу чихний ард хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон... Тэгээд би цагдаа дуудсан. Цагдаа нарыг ирсэний дараа “энэ худлаа жүжиглэж байгаа юм” гээд дахиж намайг барьж хойш нь савж унагаасан. Маш их гомдолтой байна. Баримтаа цуглуулж эрүүл мэндэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Урьд нь хэл амаар доромжилж, зодож байсан удаа байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/,
Гэрч Б.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эгч Зул над руу залгаад ээжийг чинь Эрдэнээ барьж аваад зодчихсон байна гэж над руу уйлж хэлсэн. Гэртээ ирэхэд ээж нүүрээ дараад над руу харахгүй байсан. Ээжийн гарыг холдуулаад харсан чинь нүүр цээж нь улаан эрээн хөх няц болсон байсан. Ээж хэлэхдээ “Эрдэнээ гаднаас орж ирээд чи миний ээжтэй маргалдлаа гээд намайг зодсон” гэж хэлсэн. Өмнө нь ийм асуудал гарч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Гэрч Л.Эрн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...31 тоотод зодоон болоод байна гэх дуудлагаар очсон. Булганчимэг өөрийн төрсөн дүү М.Э зодуулсан гэсэн. ..н цамцны баруун талын ханцуй урагдсан, хүзүү нь улайсан байдалтай байсан. Гэрт нь ороход хэрэлдэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,
Гэрч Р.Д мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...гэртээ байхад бага хүү М.Э орж ирсэн. М.Э хоёр маргалдсан. Коридорт ноцолдсон. Бие биенээ түлхээд ноцолдоод байсан. М.Э нэг удаа түлхэж унагаахыг харсан. Өмнө нь ийм зүйл ерөөсөө болж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Яллагдагч М.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр өдөр гэрт нь очиход ээж надад эгч чинь хэлэх хэлэхгүй үгээр загнаад байна гэхээр нь би эгч рүү уурлаж бид хоёр нилээн ширүүн маргаж нэг мэдэхэд барьцалдсан, гарын бугалганаас нь базаж цааш түлхсэн. Эгч ор луу бөгсөөрөө унасан. Дахиад босоод над руу дайрахаар нь би дахиж ор руу түлхсэн. Эгчийг жижиг өрөөнд түлхэж унагаасан болохоор ээж хараагүй. Гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3315 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...... хүзүү, цээж, зүүн чихний дэлбэн, хоёр бугалганд цус хуралтууд, зүүн далны доор, зүүн чигчий, баруун долоовор хуруунд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17/, хохирогч ... ирүүлсэн эрүүл мэнддээ учирсан гэмтлийг харуулсан гэрэл зураг, түүнийг хүлээн авсан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 29-32/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.Э түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч М.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс М.Эрдэнэбилэгт торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 600 нэгж буюу 600.000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Э хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл оногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг М.Э тайлбарласныг тэмдэглэвэл зохино.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч .. нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх нотлох баримтаа гаргаж нийт 969.120 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгдэгч М.Э нь 970.000 төгрөгийг хохирогч .. хүлээлгэн өгсөн болно.
Шүүгдэгч М.Э нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Эрдэнэбилэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Э авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР