Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 2024/ДШМ/064

 

 

*******од

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******,

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******,

Шүүгдэгч ын өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******од холбогдох эрүүгийн 2414000000261 дүгээр хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр  хүлээн авч шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ....... оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* овогт *******ын *******, ******* регистрийн дугаартай,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Муу худаг” гэх газарт өөрийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох  эхнэр тэй олон хүнтэй утсаар ярьсан шалтгаанаар хардаж, маргалдан улмаар үснээс нь гараараа зулгааж, хогийн шүүрний ишээр 4-5 удаа цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч ийн эрүүл мэндэд зүүн хөхлөг сэртэнд шарх, цээж, өгзөг, зүүн дал мөр бугалгыг хамарсан цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг /350/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******  нь шүүхээс оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч *******од хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос 2,064,358 төгрөгийг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  бор өнгийн хогийн шүүрний мод 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

... ******* миний бие нь Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь миний хувьд хавтаст хэргийн 13,14 дүгээр талд авагдсан нийгмийн даатгалын санд учирсан гэх 2,064,358 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд яагаад ийм их мөнгө гарсан талаар шүүх хурал дээр хэлээд үүнийгээ тайлбарлаж хэлсэн боловч намайг загнаад тоохгүй чи төлөх л ёстой гээд аашлаад байсан.

Эрүүл мэндийн даатгалын сангаас өгсөн баримтад алсын дуудлага 607,464 төгрөг, эмийн эмчилгээ 1,456,894 төгрөг гэсэн байгаа нь үндэслэлгүй юм байна.

Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа намайг дээрх мөнгийг төлөх ёстой гээд гарсан байхаар нь би өөрөө судалж үзээд Эрүүл мэндийн даатгалын сангийн сайт руу ороод үзээд байсан чинь түргэн тусламж үзүүлдэг үйлдлийн ангилал гэснээс харахад 20 км хүртэл ойрын дуудлагад явахад 45,000 төгрөг, 25- 70 км явахад 80.000 төгрөг, 70 км-ээс дээш бол алсын дуудлага гээд арай их хэмжээний төлбөр мөнгө байдаг юм байна.

Манайх сумаас 18 км-ын зайд байдаг тэндээс дуудлага өгсөн байхад Эрүүл мэндийн даатгалын сангаас алсын дуудлага гэж бичээд 607,464 төгрөг нэхэмжилснийг шүүх надаас гаргуулж шийдсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Учир нь манайх ойрын дуудлагад хамаарч байна.

Мөн манай эхнэрт эмнэлэгт хэвтэж байхад нь тийм их тариа, дусал хийгээгүй гэж байсан.

Гэтэл эмийн эмчилгээнд дэндүү их төлбөр гарсан байна. Эхнэр эмнэлэгт хэвтэхдээ өөрөөсөө 200,000 төгрөг төлсөн.

Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын сан бол арай л үндэслэлгүй мөнгө нэхэмжилсэн байна.

Эхнэр бид 2 өнөөдөр нэгдсэн эмнэлэг дээр очоод эмийн эмчилгээнд хэдэн төгрөг гарсан байна гэж асуухад 300,000 гаруй төгрөг байна гэж хэлсэн.

Энэ баримтаа авъя гээд өргөдөл бичиж өгөөд ирсэн.

Тиймээс Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож энэ асуудлыг дахин шалгаж өгнө үү.гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:                             

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөрт шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Муу худаг” гэх газарт өөрийн гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох  эхнэр ийг зодож хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт нь анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцож, 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Харин иргэний нэхэмжлэлийн хувьд анхан шатны шүүх 2,064,358 төгрөгийг  *******оос гаргуулж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс нотлох баримтын хүрээнд өөрчлөн шийдвэрлэх боломжтой..гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа:      

Анхан шатны шүүхээс иргэний нэхэмжлэл болох Эрүүл мэндийн даатгалын сангийн нөхөн төлбөр 2,064,358 төгрөгийг  *******оос гаргуулж шийдвэрлэсэн нь нотлох баримтад үндэслээгүй, эмнэлгийн түргэн тусламж авсан газар, км нь зөрүүтэй, эмчилгээ хийлгэсэн төлбөр нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 06 дугаартай Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай  тогтоол болон цахим системээс тус тус өөрөөр бичигдсэн, үндэслэл бүхий эргэлзээтэй энэ байдлыг шүүхийн шатанд тогтоох боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаагаар дахин шалгаж тодруулах шаардлагатай тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү..гэв.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Энэ хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэсний дараа иргэн ээс нийгмийн даатгалын байгууллагад бичгээр гомдол гаргасан. Гомдлыг хянахад Бууцагаан сумын Эрүүл мэндийн төв нь эмнэлгийн түргэн тусламж үзүүлсэн газрын км-ийн хэмжээг цахим санд бүртгэхдээ илүү бүртгэж төлбөрийн хэмжээ нэмэгдсэн зөрчил гаргасан нь баримтаар тогтоогдож шалгагдаж байна.

Харин эмийн эмчилгээ болох 1,456,894 төгрөгөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний зардал, эмч, эмнэлгийн ажилтны ажлын хөлс, холбогдох бусад зардал шингэсэн байдаг бөгөөд уг асуудлыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 06 дугаартай Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай  тогтоолоор журамласан байдаг Уг журмын 58 дугаарт хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний төрлийн оношийн хамааралтай бүлэг “гавал доторхи гэмтэл” гэсний S06 -д даатгалын сангаас 1,208,160 төгрөгийн эмийн эмчилгээг гаргуулахаар заасан байдаг тул дээрх төлбөрийг гаргуулсан нь үндэслэлтэй..гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 07 дугаар сарын 27- ны өдрөөс 28-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 5 дугаар багийн нутаг “Муу худаг” гэх газарт байх өөрийн гэртээ эхнэр ийг тодорхой шалтгаангүйгээр хардаж, үснээс нь гараараа зулгааж, хогийн шүүрний ишээр 4-5 удаа цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч ийн эрүүл мэндэд зүүн хөхлөг сэртэнд шарх, цээж, өгзөг, зүүн дал мөр бугалгыг хамарсан цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна. 

Дээрх үйл баримт нь:

Хавтаст хэргийн 60-61 дүгээр талд авагдсан “...Би ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна...” гэх шүүгдэгч ын  мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 8-10 дугаар талд авагдсан “... 2024 оны 07 дугаар 27-28-ны шилжих шөнө 00 цагийн үед би гэртээ хүүхдүүдтэйгээ байж байтал манай нөхөр нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай .. чи намайг байхгүй байхад яасан олон хүнтэй утсаар ярьдаг юм гэж хэлээд толгойтой үснээс зулгаагаад газар унагаад хогийн шүүрний ишээр зодож цохиод эхэлсэн. Тэгсэн чинь удаагүй толгой хэсгээс цус гараад эхлэхээр нь би наад толгой хэсгээс цус гараад байна гэсэн чинь тухайн үснээс барьж байсан гараа тавьсан. Тухайн үед манай хүүхэд саахалт айлын хүн рүү утсаар залгасан байсан. Тэгээд шууд би гараад зугтаагаад гэрийнхээ баруун талын хадны хажууд очоод нуугдсан... Тэгээд нэлээн удаж байгаад гэртээ очсон чинь манай саахалт айлын , нар ирсэн байхаар гэрээсээ хувцсаа өмсөөд гээр нь тээврийн хэрэгслээ бариулаад Бууцагаан сумын 1-р багт байрлах гэх айлд хүргүүлж ирээд эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн....” гэх хохирогч ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 19-20 дугаар талд авагдсан “...Би ийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдсан 2064358 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 25-26 дугаар талд авагдсан “...Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багт гэртээ унтаж амрах гээд байж байсан чинь манай төрсөн эгчийн 2 хүүхэд над руу утсаар залгаад аав ээжийг зодож цохиод ээж гэрээсээ зугтаагаад явчихлаа гээд залгахаар би цагдаад мэдэгдсэн юм.

Тэгээд  эмнэлэгт хандсан байсан. Ямар ч байсан манай эгч ийг нөхөр болох ******* зодож цохисон талаар мэдэж байна...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 29-30 дугаар талд авагдсан “... 2024 оны 07 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө гэртээ байж байсан чинь утас дуугарсан авахад гэх хүн эхнэр ийг зодож цохиод байна намайг очоодох гэхээр нь яваад очсон чинь нөхөр болох нь гэртээ ганцаараа сууж байсан. Харин эхнэр нь гэрийн урд талд хадны хажууд сууж байсан. Тэгээд удаагүй эхнэр нь гэртээ ороод ирэхээр нь би Жамбалын хамт Бууцагаан сумын 1-р багт байрлах Болдоо гэх айлд хүргэж өгсөн. Тухайн үед эхнэр ийн толгой зүүн тал хэсгээс цус гарсан байдалтай байсан. Нөхөр ******* нь зодож цохисон гэж байсан. Тухайн үед нилээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харагдаж байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 32-33 дугаар талд авагдсан “...Тэгээд авсан чинь гэх хүн эхнэр ийг зодож цохиод байна очоодох гэхээр нь яваад очсон чинь нөхөр болох нь гэртээ ганцаараа сууж байсан. Харин эхнэр нь гэрийн баруун талд хадны хажууд сууж байхаар нь гэрт авчирсан... Тухайн үед нөхөр нь жижиг гэртээ сууж байсан. Харин эхнэр болох нь толгой хэсэг нь нэлээн цус гарсан байдалтай байсан хоёр хүүхэд нь уйлсан байдалтай байж байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 44-45 дугаар талд авагдсан “...ийн биед зүүн хөхлөг сэртэнд шарх, цээж, өгзөг, зүүн дал мөр бугалгыг хамарсан цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 423 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн бодит байдалд нийцүүлэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.  

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн,

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ыг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болжээ.

Шүүгдэгч *******оос “...Анхан шатны шүүх эрүүл мэндийн даатгалын нөхөн төлбөрт 2,692,892 төгрөг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох..” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд анхан шатны шүүх иргэний нэхэмжлэгч байгууллага болох Эрүүл мэндийн даатгалын байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 2,064,358 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулахдаа “…хохирогч нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд 2,064,358 төгрөгөөр хамрагдсан тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос 2,064,358 төгрөг гаргуулах нь зүйтэй…” гэж дүгнэхдээ ... шүүх хуралдаанд шүүгдэгч *******, хохирогч нараас гаргасан тайлбар, мэдүүлэгт няцаалт, дүгнэлт хийгээгүй, 2,064,358 төгрөгийг бүхэлд нь гаргуулах үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэснийг зөрчсөн байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1-д Шүүх шийтгэх тогтоол гаргахдаа иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно… гэснээс үзвэл шүүх иргэний нэхэмжлэлийг хангах эсэхийг шийдвэрлэхдээ “ түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдал ”ыг харгалзан үзэхийг заасан.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 06 дугаартай Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай тогтоолын нэгдүгээр хавсалтын 600-604 дүгээр хэсэгт түргэн тусламж үзүүлэх үйлчилгээний ойрын болон алсын дуудлагын төлбөрийн хэмжээг тогтоосон байна.

Уг жагсаалтад ойрын дуудлага 25 км хүртэл 49,920 төгрөг, 25-75 км хүртэл 93,600 төгрөг, алсын дуудлага 75-450 км хүртэл 468,000 төгрөг, 450-800 км хүртэл 832,000 төгрөг, алсын дуудлага 800 км ээс дээш 1,560,000 төгрөг гэжээ.

Эндээс үзвэл иргэн нь түргэн тусламжийн үйлчилгээ авах зорилгоор эмнэлгийн тусламж авсан бол тухайн иргэний оршин суугаа газрын хол ойроос хамаарч 49,920 төгрөгөөс 1,560,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалаас нөхөн төлөхөөр журамласан байна.

Гэтэл хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас Баянхонгор аймгийн Бууцагаан сумын 1 дүгээр багаас тус сумын Эрүүл мэндийн төвийн түргэн тусламжийн үйлчилгээ авсан, хохирогчийн тусламж үйлчилгээ авсан газар нь Бууцагаан сумын Эрүүл мэндийн төв хүртэл 36 км-ийн зайтай болох нь хохирогч , шүүгдэгч ******* нарын тайлбар, Бууцагаан сумын ЭМТ ийн албан бичиг зэргээр нотлогдсон.

Өөрөөр хэлбэл дээрх хэмжээний зайнаас эрүүл мэндийн түргэн тусламжийн үйлчилгээ авсан нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 06 дугаартай Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай  тогтоолын … түргэн тусламж үзүүлэх үйлчилгээний ойрын болон алсын дуудлагын аль хэлбэрт хамаарахыг шүүх шийтгэх тогтоолдоо тодорхой дүгнээгүй, шүүгдэгчээс “алсын дуудлага”ын гэх 607,464 төгрөгийг гаргуулсан нь үндэслэлгүй гэж үзэв.

Түүнчлэн хохирогч ийн энэ гэмт хэргийн улмаас Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тусламж, үйлчилгээний төлбөр 1,456,894 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас нөхөн төлснийг анхан шатны шүүх шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэхдээ эргэлзээ бүхий тайлбар, мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Тухайлбал шүүгдэгчийн өмгөөлөгч *******аас давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хохирогч ийн 7948 дугаартай өвчний түүхийн эмчилгээний зардалд гэсэн хэсэгт “..даатгалаас 1,472,894 төгрөг..” гэсэн бол Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 06 дугаартай Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай  тогтоолын 58 дугаарт хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээний төрлийн оношийн хамааралтай бүлэг “гавал доторхи гэмтэл” гэсний S06 -д даатгалын сангаас 1,208,160 төгрөгийн эмийн эмчилгээг гаргуулахаар заажээ.

Гэтэл Иргэний нэхэмжлэгчээс ирүүлсэн Эрүүл мэндийн даатгалын цахим системийн т холбогдох зардлын түүхэнд тэрээр S06,01 оношоор 1,456,894 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтөд хамрагдсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

Дээрх байдлаар хохирогч ийн Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөр буюу Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн гэх 1,456,894 төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны 03 сарын 29-ний өдрийн 06 дугаартай Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай тогтоолд үндэслэсэн эсэх нь эргэлзээтэй, төлбөрийн хэмжээ нь анхан шатны баримт болох хохирогч ийн 7948 дугаартай өвчний түүхэнд бичигдсэн эмчилгээний зардлаас зөрүүтэй байхад анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, давж заалдах шатны шүүхээс иргэний нэхэмжлэлийн маргаан бүхий хэсгийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул иргэний нэхэмжлэгч байгууллагын иргэний нэхэмжлэл болох 2,064,358 төгрөгийг хэлэлцэлгүй орхиж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Анхан шатны шүүх шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож шийдвэрлэжээ.

Тэгвэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт чухам ямар нөхцөл байдлыг хамааруулахыг шүүх хэргийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шийдвэрлэх бөгөөд энэ ойлголтод субъект гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг буруугаар үнэлсэн, хүсч төлөвлөөгүй байх, гэмт хэрэг бүлэглэн үйлдэх үед санамсаргүй байдлаар хамтран оролцогч болсон зэрэг нөхцөл байдлыг хамааруулж болохоор байна.

Харин шүүгдэгч *******ын хувьд архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан, хэрүүл маргаан үүсгэж, гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодож, гэмтэл учруулах үйлдлийг шууд санаатайгаар үйлдэж байгааг тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд тооцсон нь хуульд нийцээгүй тул Эрүүгийн хуулийг нэг мөр, зөв тайлбарлан хэрэглэхэд цаашид анхаарах шаардлагатай болохыг дүгнэв.

Дээрх үндэслэлээр шүүгдэгч *******ын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулан, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч *******оос 2,064,358 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн даатгалын санд олгосугай… гэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2,064,358 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэлгүй орхиж, Иргэний нэхэмжлэгч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй… гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Т.ДАВААСҮРЭН