Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 21

 

Г.Б-, А.У-, А.Б-, Ч.М-,

М.Б-, Г.М-, О.О- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч О.О-, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн, Б.Даваажанцан, шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Н.Болормаа, шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч А.Зүмбэрэл,  Г.Ганбадрах, шүүгдэгч А.Уянгын өмгөөлөгч С.Пүрэвдорж, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 213 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 704 дүгээр магадлалтай, Г.Б-, А.У-, А.Б-, Г.М-, Ч.М-, М.Б-, О.О- нарт холбогдох 1841000630226 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Г.М-, шүүгдэгч О.О-, М.Б- тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1968 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 50 настай, дээд боловсролтой, математикч, математикийн багш мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Г-н Б,   

2. Монгол Улсын иргэн, 1977 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 41 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б ж овогт А-н У,

3. Монгол Улсын иргэн, 1977 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 41 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1997 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 162 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 292 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Б овогт А-н Б,

4. Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн, эрэгтэй, 44 настай, дээд боловсролтой, нийгмийн сэтгэл зүйч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Г-н М,

5. Монгол Улсын иргэн, 1979 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймагт төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 374 дугаар шийтгэх тогтоопоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, Б овогт Ч-н М,

6. Монгол Улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, шүдний их эмч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М-н Б,

7. Монгол Улсын иргэн, 1972 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймагт төрсөн, эмэгтэй, 46 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ж о овогт О-н О.

Г.Б- нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд буюу хамран сургах тойргийн бус В.Ц-г сургуульдаа элсүүлсний төлөө түүний эх А.У-ас 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдер 7,000,000 төгрөгийн хахуулийг албан өрөөндөө авсан,

мөн Б.Н-г сургуульдаа элсүүлэхийн тулд “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”-ын дэд захирал О.О-аар уламжлуулан түүний эцэг М.Б-эс 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийн хахуулийг тус сургуулийн нярав ажилтай Ж.П-н “ХААН” банкны дансаар дамжуулан авсан,

Б.М-г сургуульдаа элсүүлэхийн тулд бусдаар буюу Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.М-аар дамжуулан түүний эцэг А.Б-өөс 2018 оны 09 дүгээр сарын 17- ны өдөр 1,000,000 төгрөгийн хахуулийг албан өрөөндөө авсан,

А.У- нь өөрийн охин В.Ц-г сургуульд элсүүлэхийн тулд Г.Б-д 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 7,000,000 төгрөгийн хахуулийг албан өрөөнд нь өгсөн,

М.Б- нь өөрийн охин Б.Н-г сургуульд нь элсүүлэхийн тулд "Багшийн мэргэжил дээшлүүлэх институт”- ын дэд захирал О.О-ийн тусламжтайгаар Г.Б-д 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийн хахуулийг тус сургуулийн нярав ажилтай Ж.П-н “ХААН" банкны дансаар дамжуулан өгсөн,

О.О- нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.Б-д Б.Н-г сургуульд нь элсүүлэхийн тулд урьдчилан уулзаж, түүнд мөнгө өгөхийг амлан, улмаар М.Б- 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөгийн хахуулийг өгөхөд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,

А.Б- нь өөрийн охин Б.М-г сургуульд нь элсүүлэхийн тулд өөрийн танил Г.М-аар уламжлуулан 2,000,000 төгрөгийн хахуулийг Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтсийн мэргэжилтэн Ч.М-ад 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байх Зайсан толгой орчим өгсөн, Ч.М- нь 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Г.Б-д дээрх мөнгөнөөс 1,000,000 төгрөгийн хахуулийг албан өрөөнд нь дамжуулан өгсөн,

Г.М- нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор Б.М-г сургуульд элсүүлэхийн тулд болон Ч.М- болон Г.Б-д нарт хахууль өгөхөд А.Б-өд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,

Ч.М- нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст мэргэжилтнээр ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс Б.М-г сургуульд элсүүлэхийн тулд түүний эцэг А.Б-өөс Г.М-аар дамжуулан 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөгийн хахуулийг авч, улмаар Г.Б-д 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийн хахуулийг өгч түүнийг бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Б-г нийтийн албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Ч.М-ыг нийтийн албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд шууд болон бусдаар дамжуулан хахууль авах гэмт хэрэгт дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч А.У-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч А.Б-ийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч М.Бат-Эрдэнийг өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч Г.М-ыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн,

шүүгдэгч О.О-ыг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албан тушаалын чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ялаар, Ч.М-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У-, А.Б-ийг М.Б- нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-, О.О- нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-, Ч.М- нарт оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд, шүүгдэгч А.У-, А.Б-, Г.М-, М.Б-, О.О- нарт оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, уг хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр бослон үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох шүүгдэгч Г.Б-н нөхөн төлсөн 10,000,000 төгрөгийг, шүүгдэгч Ч.М-ын нөхөн төлсөн 1,000,000 төгрөгийг тус тус улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б-, шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч Э.Золбоо, шүүгдэгч М.Б-, О.О-, тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.М- гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Иргэн Г.М- намайг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хуулийг буруу хэрэглэж миний эрх зүйн байдлыг дордуулан ял халдааж шийдвэрлэсэнд миний бие гомдолтой байна. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааг дутуу хийсэн. Ч.М- нь намайг гүтгэж мэдүүлсний улмаас миний бие ял авч хохироод байгаагаа хууль хяналтын байгууллагын ажилтнуудад, шүүхэд удаа дараа хэлсээр байхад анхаарч үзэхгүй байна.

Ч.М- нь хууль хяналтын ажилтнуудад дарамтлуулж, эрүү шүүлт тулгасны улмаас “миний машинд уулзсан, надаас мөнгө авсан" гэх агуулгатай мэдүүлгийг өгсөн гэдгээ хэлдэг. Ч.М- нь өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр Хүний эрхийн үндэсний комисст хандан хариугаа авсан байдаг.

Миний бие А.Б-ийг танихгүй, Г.Б-г танихгүй. Найз н.Б-д туслах санаатай Ч.М-тай холбогдон боломжтой бол туслаач гэсэн. Учир нь 1 дүгээр сургууль Сүхбаатар дүүрэгт оршдог, Ч.М- нь Сүхбаатар дүүргийн Боловсролын хэлтэст ажилладаг, миний урьдны танил хүн юм. Ч.М-тай машинд тусдаа уулзаагүй, мөнгө өгөөгүй болохыг гэрчлэх хүмүүсийг асууж өгөөч гэсэн хүсэлтийг хүлээж аваагүй. Ч.М- нь Г.Б-д мөнгө өгсөн асуудал байгаа бол тэр асуудалд миний оролцоо байхгүй юм. Надад А.Б- нь мөнгө өгөөгүй, миний бие Ч.М-ад мөнгө өгөөгүй, би хүний хүүхдийн өмнөөс мөнгө өгнө гэж байхгүй, тийм мөнгөний боломж ч байхгүй. А.Б- нь Ч.М-ад мөнгө өгсөн байхыг үгүйсгэхгүй, би энэ талаар хараагүй, мэдэхгүй. А.Б- нь надад болон Ч.М-ад мөнгө өгөөгүй гэж мэдүүлдэг. Ч.М нь Г.Б-д 1,000,000 төгрөг өгөөд үлдэгдэл 1,000,000 нь хувьдаа хэрэглэсэн гэдэг. Энэ яригдаад байгаа 2,000,000 төгрөгийн эх сурвалжийг олох шаардлагатай байхад Ч.М-ын намайг гүтгэж мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэн ял халдаасанд туйлын гомдолтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг эргэлзээгүй, бүрэн тогтоогоогүй, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлолгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн холбогдох зүйл заалтаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан “Хууль ёсны зарчим”, 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлд заасан “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим”-д нийцээгүй байгааг анхаарч үзнэ үү.

Миний бие боловсролын салбарт хоёргүй сэтгэлээр 24 жил ажиллаж байна. Амьдрал баялаг болохоор багын найз гуйхаар нь тус болчих санаатай мөн танил найз Ч.М-аас боломж байна уу гэж асуусан, тэрээр боломжтой гэсэн. Хүүхдийн хувийн хэргийг түүнд өгсөн. Тэрнээс цааш ямар үйл ажиллагаа болсныг мэдээгүй, сонирхоогүй.

Иймд энэхүү гомдлыг хүлээн авч миний хувийн байдал, хэргийн бодит үнэн байдал, ажил амьдрал, хүүхдүүдийн минь эрх ашгийг хамгаалж харгалзан хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, оногдуулсан ялыг хүчингүй болгон цагаатгаж өгөхийг хүсэж байна” гэв.

Шүүгдэгч О.О-, М.Б- тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нар хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдолдоо “...Шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч О.О-, М.Б- нарыг яллагдагчаар татсан хуулийн үндэслэл нь шууд эргэлзээтэй, энэ хэргийн улмаас ямар нэгэн хохирол учраагүй, үйл баримтыг нягтлан үзэлгүй шууд буруутган гэмт хэрэг үйлдсэнд тооцож байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримтлаагүй гэж үзэж О.О-, М.Б- нар нь өмгөөлөгчийн хамт гэм буруугийн талаар маргаж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. Үүнд:

О.О- нь М.Б-н хүсэлтийн дагуу түүний охиныг 1 дүгээр дунд сургуульд суралцуулахаар боловсролын системд олон жил ажиллаж байгаагийн хувьд туслах явцдаа тус сургуулийн захират Г.Б-н сурагчийн сандал ширээ, сургалтад зарцуулахад хандив тусламж шаардлагатай талаар тавьсан шаардлага шахалтын дагуу, тус сургуулийн нярав Ж.П-н дансанд 2,000,000 төгрөгийн хандивыг М.Б-эр хийлгэснээр энэ 2 хүний үйлдэл дууссан. /дансны хуулгаар хандив нэрээр тушаагдсан нь нотлогдсон. 2хх-ийн 50, 56/

Харин уг мөнгийг Г.Б- нь хувьдаа авч зарцуулсан үйлдэл нь тусдаа бөгөөд сургуульд өгсөн хандивыг хувийн зорилгоор ашигласан талаар О.О-, М.Б- нар мэдээгүй, мэдэх бололцоогүй, гэмт санаа зорилгоор хээл хахууль өгөөгүй, хандив гэж шаардсан шаардлагаар өгөхгүй бол 1 дүгээр ангийн учир мэдэхгүй хүүхдийг нь сургуулиас хасч болзошгүй үйлдлээс айж, хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хандив өгсөн нь тэдний гэм бурууг үгүйсгэх хангалттай үндэслэл болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр”, 1.6 “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг нотлохоор заасныг баримталбал О.О-, М.Б нар нь сургуульд хандив өгч байгаа, энэ нь цаашдаа сурагчдын сурч боловсроход тусламж дэмжлэг болно гэж ойлгосон, мөн хандив өгөхгүй тохиолдолд хүүхдийг хасч сургуульгүй болгож болзошгүй хясан боогдуулалтын улмаас бодит айдас төрсний үндсэн дээр хандив өгсөн талаараа гэрчлэн мэдүүлсэн нь тэдний үйлдэлд хахууль өгөх гэмт хэргийн сэдэлт тогтоогдохгүй, гэм буруугийн хэлбэрийн хувьд хахууль өгөх шууд санаа зорилго байхгүй байна гэдгийг хангалттай нотолж байна гэж үзнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт эрх бүхий байгууллагад хандаагүй нь хахууль гэж ойлгоогүй, хүүхдийн сурч боловсроход зориулсан хандив гэж ойлгосон, мөн боловсролын хуульд зааснаар эцэг эхчүүд сургуульд хандив өгч болох заалт /Боловсролын тухай хуулийн 39.2.Боловсролын байгууллага нь улсын төсөв, хөрөнгө оруулалт, дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс оруулах сургалтын төлбөр, дүрэмд заасан үйл ажиллагаанд зориулсан хандив, зээл, боловсролын байгууллагын өөрийн үйл ажиллагааны орлого зэрэг санхүүгийн эх үүсвэртэй байна. /-ыг баримталсан гэж үзсэн, мөн дээр дурдсанаар сургуульд өгсөн хандивыг Г.Б- хувийн зорилгоор ашигласан талаар О.О-, М.Б- нар мэдээгүй, мэдэх бололцоогүй болох нь шууд тогтоогдож байгаа, анхны мэдүүлгээрээ хандив өгсөн талаараа шууд мэдүүлсэн зэрэг нь тэдний гэм бурууг үгүйсгэх шууд, хангалттай үндэслэл болж байна.

Мөн хахууль өгөх гэмт хэргийн хамгийн гол шинж нь нууц далд аргаар үйлдэгддэг атал няравын банкны дансаар илээр хандив шилжуүлсэн нь шууд гэм буруугүйн гол шинж болохыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтад гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... яллагдагч...-д ашигтайгаар шийдвэрлэнэ.“ гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд яллагдагчаар татагдсан О.О-, М.Б- нарын үйлдэл нь хахууль өгөх гэмт хэргийн шинжгүй, гэмт санаа зорилго тогтоогдохгүй, хясан боогдуулсны улмаас аргагүй байдалд орж хандив өгсөн талаараа эрх бүхий байгууллагад шууд илчлэн мэдүүлсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбарт заасантай шууд тохирч байгааг анхан шатны шүүх хэрэглээгүй гэж үзнэ.

Иймд яллагдагч О.О-, М.Б-, тэдний өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.1, 1.2, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2. “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан”, мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1. “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасныг баримтлан О.О-, М.Б- нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хахууль өгсөн гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, гэм буруугүйд тооцож, цагаатган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж энэхүү гомдлыг гаргав.

Жич: Дээрх гомдлын үндэслэлийг дахин хянах шаардлагатай гэж үзвэл хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, гомдолд дурдсан асуудлыг шалгуулахаар прокурорт буцааж шалгаж шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзнэ” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.О- гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Тус хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээс хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдлыг нягтлаагүй, шүүгдэгч нарын мэдүүлгийг үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй, О.О- намайг Г.Б- захиралд 2,000,000 төгрөгийг өгсөн, түүнд өгөхөөр амласан мэтээр дүгнэлт хийж, ял ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай уулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг шалган тогтоогоогүй. Үүнд:

Б.Н-н нэр Нийслэлийн боловсролын газраас хүргүүлсэн квотод эхнээсээ орсон байсан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно.  Нийслэлийн боловсролын мэргэжилтэн таны хүсэлт гаргасан хүүхдийн нэр квотод орсон, тус сургуулийн захирал Г.Б-тэй уулз гэсэн.

Г.Б- захиралтай уулзсан уулзалтаар мөнгө төгрөг өгөх, авах тухай огт яригдаагүй. Би тус сургуулийн захирал Бум-Эрдэнэтэй урьдчилж утсаар яриагүй, уулзахдаа урьдчилан мөнгө төгрөг амлаагүй болно. Энэ тухайгаа удаа дараа мэдүүлж, хавтаст хэрэгт авагдсан байдаг.

Тухайн хүүхдийг нэгдүгээр ангид ороод 2 хонож байсны дараа захирал Г.Б- өөрөө утасдаж ширээ сандал, бусад тоног төхөөрөмж хүрэлцэхгүй байгаа талаар хэлээд хандивын мөнгө гэж сургуулийн няравын дансанд хийхийг хэлсэн. Би энэ хандивийн мөнгийг өөрийн биеэр болон дансаар дамжуулж өгөөгүй, зөвхөн аавд нь дээрх үндэслэлээр мөнгө нэхээд байгааг л хэлсэн, хэдийг, хэзээ өгсөн зэргийг нь мэдээгүй.

О.О- миний үйлдэл бол Нийслэлийн боловсролын газраас хэлсний дагуу Г.Б- захиралтай “квот”-д орсон хүүхдийн асуудал хэзээ шийдэгдэх талаар нь очиж улзсан, түүний дараа Г.Б- захирал хэргийн материалаас харахад Б.Н- сургуульд ороод 2 хоносны дараа утсаар яриад сургуулийн засварт хандив шаардлагатай тухай хэлснийг охины аав Б-д дамжуулсан л үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн "Тайлбарт” зааснаар эрх бүхий байгууллагад хандаагүй нь хахууль гэж ойлгоогүй, хүүхдийн сурч боловсроход ориулсан хандив гэж ойлгосон бөгөөд Боловсролын тухай хуулийн 39.2-т заасныг баримталсан гэж ойлгосон. Харин дээр дурдсан хандивыг Г.Б- зориулалтын дагуу ашигласан уу, хувьдаа завшсан уу гэдэг нь тусдаа асуудал юм.

Мөн түүнчлэн Авилгатай тэмцэх газрын байцаалт нь хүнийг шахсан, дарамталсан өнгө аястай тодруулбал та боловсролын салбарт ажиллахдаа хэдэн хүүхдийг сургуульд оруулж хэдэн төгрөгийн хахуул авч, хурааж хуримтлуулсан гэж тулгасан, олон цаг яах гэж байгаагаа хэлэхгүйгээр өрөөнд оруулж учир бүтүүлэг байлгасан зэрэг нь одоо хүртэл надад гайхал, айдас төрүүлж байсныг дурдахаас аргагүй байдалд орсон болно.

Миний боловсролын салбартаа тасралтгүй ажиллаж мэргэшсэн байдал, туршлага, хийж бүтээсэн зүйлийг болон миний хувийн байдал, /Ажил байдлын торхойлолт хавтаст хэрэгт байгаа/ эрх зүйн байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгөхийг хүсэж байгаагаа дахин илэрхийлж байна.

Дээрх үйл баримтаас харахад Г.Б- нарын авлигын хэрэгт О- би хэрхэн оролцсон, оролцсон байдал, хохирол учирсан эсэх нөхцөл байдлуудыг шалган тогтоох нь зайлшгүй шаардлагатай байна.

Тухайлбал, /З хх-н 1/ Г.Б-н мэдүүлэгт "... Манай охин АНУ явах гээд виз нь гараагүй байхад би наадах дээр чинь туслаад өгье, дансаа өгчих ...” гэж ор үндэслэлгүй тайлбарыг нотлох баримтаар авч, улмаар намайг яллах гол үндэслэлээ болгосон байх тул мэдүүлгийн зөрүүг арилгаж, бодит байдлыг тогтоох үүднээс Г.Б- бид хоёрыг нүүрэлдүүлэн байцааж, өрөөнд нь уулзсан уулзалтаар юу ярьсан, мөнгө төгрөг өгөх авах болон дансны талаар ярьсан эсэх, Б.Н-г Нийслэлийн боловсролын газрын квотоор авсан уу, эсхүл ямар шалтгаанаар оруулсан, тэр 2 сая төгрөгийн яриа анх хэзээ, ямар байдлаар гарсан, түүнийг хэрхэн авсан болон тус сургууль Боловсролын тухай хуульд заасны дагуу хандив авч болох эсэх тухай, Хандивыг зориулалтын бусаар хувьдаа зарцуулсан гэж үзэж байгаа бол үүнд хандив өгөгч буруутай эсэх талаар зайлшгүй тодруулж, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж байна.

Мөн миний тайлбарлаж буй үндэслэлийг харгалзан үзэж, шийтгэх тогтоол, магадлалын О.О- надад холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгөхийг хүсэж байна” гэжээ.

 

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч О.О-, М.Б- нарын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн хэлсэн саналдаа “О.О-, М.Б- нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцаахаар гаргасан гомдлоосоо татгалзаж байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбар хэсэгт зааснаар гомдлын үндэслэлээ тайлбарлая. М.Б- 1 дүгээр сургуулийн захирал Г.Б-н хандив өг гэх шаардлагын дагуу түүний өгсөн нярвын дансанд хандив гэж ил нэрээр өгсөн баримт нь хэрэгт авагдсан байгаа.

Хахууль өгөх, авах гэмт хэргийн гол шинж нь гуравдагч этгээдэд мэдэгдэхгүйгээр үйлдэгддэг онцлогтой. Тэгэхээр хахууль өгөх гэмт хэрэгт хамаарах, Боловсрлолын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасан хандивт хамаарах эсэх нь эрх зүйн хувьд маргаантай болж байгаа юм. Хандивт өгсөн мөнгийг хэрхэн зарцуулсныг О.О-, М.Б- нар мэдэх боломжгүй. Хандив өгснөөс тэдний үйлдэл дуусгавар болсон бөгөөд цааш нь хэрхэн ашиглаж байгаа талаар хяналт тавих үүрэг байхгүй.

О.О- Авилгатай тэмцэх газарт өгсөн гэрчийн мэдүүлэгтээ Г.Б- захирлын өгсөн нярвын дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн тухайгаа шууд хэлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлд хахууль өгснөө сайн дураараа илчлэн ирсэн тохиолдолд ялаас чөлөөлөхөөр заасан. Гэхдээ сайн дураараа гэдгийг ямар шалгуураар тогтоох эсэх нь бодвол зохих асуудал. Хандив гэж өгсөн учраас авилга гэх итгэл үнэмшил төрөх боломж байхгүй. 2,000,000 төгрөгрийн хандив өгсөн гэдгээ мэдүүлж байгаа нь сайн дураараа хэлж байгаа үйлдэл.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэхээр заасан. Эхний байцаалтаар хэн ч мэдээгүй байсан хандивын асуудлыг хэлсэн нь сайн дураараа илчилж байгаа хэлбэр мөн бөгөөд энэ үйлдлийн эрх зүйн үр дагаврыг тооцсон үндэслэл бүхий тайлбар байхгүй учраас эргэлзээ гарч байна. Энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн тайлбар хэсэгт зааснаар О.О-, М.Б- нарыг ялаас чөлөөлөх бүрэн үндэслэлтэй байна” гэв.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Уянгын өмгөөлөгч С.Пүрэвдорж хэлсэн саналдаа “А.У- гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гомдол гаргаагүй. Түүний холбогдсон хэрэгт 6 сараас 3 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт хамаарахгүй, 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт түүний үйлдсэн хэрэгт оноох ялын доод хэмжээ багтаж байгаа боловч дээд хэмжээ багтахгүй байгаа юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж заасан. Хууль тогтоогчид 6 сараас 3 жил хорих ялтай хэргийн хөөн хэлэлцэх хугацааг орхигдуулснаа хүлээн зөвшөөрч засах асуудлаар Улсын Их хуралд хэлэлцэгдэж байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зарчмын үндсэн дээр хөөн хэлэлцэх хугацаанд хамааруулж шийдвэрлэх боломжтой” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч А.Зүмбэрэл хэлсэн саналдаа “Хэргийг шийдвэрлэхдээ нотолвол зохих байдал буюу хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Г.М-ыг гэм буруутайд тооцохдоо гэрч шүүгдэгч Ч.М-ын мэдүүлэгт үндэслэдэг. Гэтэл Ч.М- мэдүүлэхдээ 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр уулзсан гэх боловч А.Б-ийн данснаас 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг гарахаар би андуурсан байна, 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр уулзсан гэдэг. Гэрч нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, янз бүрийн байдлаар тайлбарладаг.

Хэрэгт авагдсан бусад гэрч нарын мэдүүлгээр А.Б- өгөөгүй, Г.Б- аваагүй гэдэг нь тогтоогдсон. Цаг хугацааны хувьд эргэлзээ үүссэн бол шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх ёстой байсан байх. Хэвлэх үйлчилгээ үзүүлсний төлөө тэдний хүүхдүүдийг сургуульд оруулдаг, жүжигчин хүн мөнгө өгч хүүхдээ сургуульд оруулсан зэрэг эдгээр нөхцөл байдлуудад яллагдагчаар татаагүй байхад бусдад туслах үйлдэл хийсэн хүнийг гэм буруутайд тооцсон нь хууль болон шүүхийн өмнө эрх тэгш байхыг зарчим хөндөгдөж байна.

Хэрвээ Ч.М-ын мэдүүлгийг үндэслэлтэй гэж үзэх юм бол “Г.М- мөнгийг өгөхдөө цааш нь яах өгөх эсэхээ өөрөө мэдээрэй гэж өгсөн” гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр энэ нь хүүхдээ сургуульд оруулахаар өгч байгаа зуучлалын хөлс гэж харагдаж байна. Бусдад баярласан сэтгэлээ илэрхийлсэн үйлдлийг авилгын гэмт хэргээс салгаж ойлгохгүй бол ийм практик тогтох вий. Иймд Г.М-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүгдэгч Г.М-ын өмгөөлөгч Г.Ганбадрах хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Ч.М-ад мөнгө өгөөгүй талаар гэрчлэх хүмүүсийг асуулгах хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байсан материалууд байдаг бөгөөд хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байгаа.

Ч.М- Г.Б-д 1,000,000 төгрөгийг нь өгч, 1,000,000 төгрөгийг нь хувьдаа хэрэглэсэн гэж мэдүүлсэн байгаа. Тэгэхээр Г.М- нь Г.Б-, А.Б нарыг танихгүй учраас яригдаж буй 2,000,000 төгрөгт Г.М-ын оролцоо байхгүй буюу оролцоо байгаа талаар нотолсон зүйл байхгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, 8.3 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна. Иймд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Б-н өмгөөлөгч Н.Болормаа хэлсэн саналдаа “Г.Б- нь гэм буруугийн асуудалд маргахгүй байгаа тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Б- нь нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхолын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд хахууль авах гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдсон байна. Харин шүүгдэгч М.Б-, О.О- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, А.У-, Ч.М-, А.Б- нар нь хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон.

Шүүгдэгч Г.Б- нь хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг сургуульд оруулсан. Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ, О.О- нар хахууль өгөх гэмт хэргийг нуун далдлах аргаар буюу нярвын дансаар өгсөн, Г.Б- авсан учраас хөнгөрүүлэх шалтгаан болохгүй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгч А.У-, А.Б-, Г.М-, Ч.М-, М.Б-, О.О- нарын үйлдсэн хэрэгт тохирсон шийтгэл оногдуулсан байна. Харин шүүгдэгч Г.Б-д оногдуулсан ял хөнгөдсөн байх тул түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.М-, шүүгдэгч О.О-, М.Б- тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Г.Б-, А.У-, А.Б-, Г.М-, Ч.М-, М.Б-, О.О- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Г.Б- нь Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтны хувиар хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, хамран сургах тойргийн бус хүүхдүүдийг сургуульдаа элсүүлэхийн тулд түүний эцэг, эх болон бусдаар дамжуулан бэлнээр болон бусдын эзэмшдэг банкны дансаар дамжуулан 3 удаагийн үйлдлээр нийт 10,000,000 төгрөгийн хахууль авсан,

шүүгдэгч А.У-, М.Б-, А.Б- нар нь өөрийн хүүхдүүддээ давуу байдал бий болгох зорилгоор бусдад хахууль өгсөн,

шүүгдэгч О.О- нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.Б-д хахууль өгөхөд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,

Г.М- нь бусдад давуу байдал бий болгох зорилгоор Г.Б-д Ч.М-аар дамжуулан хахуулийг өгөхөд дэмжлэг үзүүлэн хамжигчаар оролцсон,

Ч.М- нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс буюу хамран сургах тойргийн бус хүүхдийг сургуульд элсүүлэхийн тулд захирал Г.Б- хахууль авсан гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, шүүгдэгч  Ч.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, шүүгдэгч А.У-, А.Б-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, шүүгдэгч Г.М-, О.О- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн шинжид тус тус хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж,  үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

Мөн шүүх шүүгдэгч А.У-, А.Б-, Г.М-, Ч.М-, М.Б-, О.О- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болно.

Харин хоёр шатны шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн хэргийн шинж чанар, үйлдлийн тоо, гэм буруугийн хэр хэмжээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байх тул энэ талаар гаргасан прокурорын саналыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр ял оногдуулах нь шударга ёсны зарчмын агуулга, эрүүгийн хуулийн зорилгод нийцдэг болно. 

Иймд шийтгэх тогтоол, магадлалын шүүгдэгч Г.Б-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-ын гаргасан “...миний хувийн байдал, хэргийн бодит үнэн байдал, ажил амьдрал, хүүхдүүдийн минь эрх ашгийг хамгаалж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, оногдуулсан ялыг хүчингүй болгон цагаатгаж өгнө үү”, шүүгдэгч О.О-, М.Б- тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хамтран гаргасан “...ялаас чөлөөлүүлэх”, шүүгдэгч О.О-ийн гаргасан “...хэргийн бодит байдлыг тогтоогоогүй тул анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх” агуулгатай гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 болон 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 213 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 704 дүгээр магадлалд “Шүүгдэгч Г.Б-д холбогдох зүйл, заалт, хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.М-, шүүгдэгч О.О-, М.Б- тэдний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН