Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 23

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан

татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Д.Алтанцэцэг би иргэн Б.Төвхөний “2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт санал өгсөн нэр бүхий иргэдийн саналыг хүчинтэйд тооцуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.Төвхөн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Өмнөговь сумын иргэдийг төлөөлөх төлөөлөгчийг сонгох сонгуульд санал өгч ороцсон. Гэтэл тухайн үед сонгуулийн саналын хуудас дууссан гэх үндэслэлээр бид хуулбарласан саналын хуудсаар саналаа өгсөн. Тухайн үед сонгуулийн хэсгийн хороонд ажиллаж байсан хүмүүс “Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийн дагуу бид сонгуулийн саналын хуудсыг хуулбарлаж та бүхний саналыг авч байна” гэж тайлбарлаж байсан.

       Гэтэл 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 182 дугаартай Сонгуулийн ерөнхий хорооны тогтоолоор бидний өгсөн санал болон саналын хуудсыг хүчингүйд тооцсон байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Саналын хуудас хүрэлцэхгүй байгаа нь сонгогч бидний буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Түүнчлэн саналын хуудас хуулбар, хуулбар бишээс хамаарч сонгогчийн сонгох эрх зөрчигдөх ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар Монгол улсын иргэний үндсэн эрхийг хуульчилж өгсөн байдаг. Уг хуулийн 16.9-д шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг 18 наснаас эдэлнэ гэж заасан байх ба Сонгуулийн хорооны шийдвэрээр бидний үндсэн хуулинд заасан сонгох эрх зөрчигдөж байна. Иймд 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт санал өгсөн бидний саналыг хүчинтэйд тооцож өгнө үү" гэжээ.

       Нэхэмжлэгч Б.Төвхөн 2016 оны 07 сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2016 оны 7 сарын 8-ны өдөр тус шүүхэд Увс аймгийн Сонгуулийн хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Учир нь Р.Төмөрчөдөрийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Сонгуулийн хороонд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцох болсон тул 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10-р тойрогт санал өгсөн нэр бүхий иргэдийн саналыг хүчинтэйд тооцуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Б.Төвхөн шүүхэд “2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт санал өгсөн нэр бүхий иргэдийн саналыг хүчинтэйд тооцуулах тухай” нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсанаа бичгээр илэрхийлэн шүүхэд ирүүлжээ.

     Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

       Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож байгаа тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

      1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн Б.Төвхөний “2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт санал өгсөн нэр бүхий иргэдийн саналыг хүчинтэйд тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 , 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд мөн захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                                Д.АЛТАНЦЭЦЭГ