Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ20176/00018

 

Т.Агиймаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2016/04944 дүгээр шийдвэр,         

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1788 дугаар магадлалтай,

Т.Агиймаагийн нэхэмжлэлтэй

“Тайгам Алтай” ХХК-д холбогдох,

 4.424.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнхийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Агиймаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Т.Агиймаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “Тайгам Алтай" ХХК-тай 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр "Орон сууц захиалгаар бариулах гэрээ" байгуулан, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан Олимп хотхонд 422 дугаар /хуучнаар 102/ байрны 10 давхарт 3 өрөө орон сууц захиалж, гэрээний 3.3.1-д зааснаар 2013 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад хүлээж авахаар тохиролцсон. Дээрх хугацаанаас 45 хоногийн хугацаа хойшилсон хоног тутамд төлсөн үнийн дүнгийн буюу 90.300.000 төгрөгийн 0.05 хувийн торгууль тооцож захиалагчид олгоно гэсэн. Гэрээний 3.4 дэх заалтын дагуу алданги тооцуулах хүсэлт гаргасан боловч уг компанийн зүгээс хүлээн аваагүй болно. Уг орон сууцыг 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авсан бөгөөд 2013 оны 9 дүгээр сарын 31-ний өдрөөс хойшхи 45 хоногийг хасаад 98 хоногийн 0.05 хувийн алданги 4.424.700 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэгэнт гэрээ байгуулсан учраас гэрээний үүргээ талууд биелүүлэх ёстой. Хэрэв захиалагч тал тухайн төлбөрийг цаг хугацаандаа төлөөгүй бол торгууль төлнө гэсэн заалт гэрээнд мөн байгаа. Хариуцагч тал Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хүнд нөхцөл байдлын давагдашгүй хүчин зүйл гэсэн сертификат гаргуулсан байна. Эдийн засгийн хүнд нөхцөл байдалд байсан учир барилгыг хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй гэж тайлбарладаг. Тэгвэл миний хувьд байрандаа орж чадахгүйгээр 2 жилийн хугацаанд байр түрээслэн амьдарч, сарын түрээсийн төлбөр 3.200.000 төгрөг гэх мэтчилэн хохирлоо тооцож болно. Нэгэнт гэрээ хийгээд хүний мөнгийг аваад байрыг ашиглалтад оруулна гэж гэрээнд зааж өгчхөөд биелүүлээгүй болохоор түүнийгээ дараа нь давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж халхавчлаад байгаа нь үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: Т.Агиймаагийн нэхэмжилж буй анз нь алданги биш торгууль юм. Энэхүү анзыг төлөх үүргээс манай компани чөлөөлөгдөх үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгчтэй байгуулсан орон сууц захиалгын гэрээний 3.3-т байр ашиглалтад оруулах хугацаа 45 хоногоос дээш хугацаагаар хойшилсон тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үнийн дүнгийн 0.5 хувийн торгууль тооцож захиалагчид төлнө гэж заасан. Нэхэмжлэгч тал ч өөрөө торгууль гэж хэлж байна. Энэ заалтыг харвал өдөр тутам тооцохоор алданги юм шиг, торгууль гээд бичсэнийг нь харахаар торгууль ч юм шиг хоёр утгатай заалт болчхоод байгаа. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Үгийн шууд утга нь торгууль гэж бичигдсэн байгаа учраас энэ бол алданги биш бөгөөд хоног тутмаар тооцогдохгүй. Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ Худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргуулсан. Тухайн үед зах зээлийн судалгаанд үндэслэж сертификат олгосон. Нэхэмжлэгч тал 2012, 2013 онд эдийн засаг хямраагүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч ярьж байгаа зүйлээ нотлоогүй, нотлох баримтгүй зүйл ярьж байгаа учраас албан ёсоор Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимаас бүрэн эрхийнхээ хэмжээнд зах зээлийн судалгаанд үндэслэж уг сертификатыг гаргаж өгсөн. Тиймээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасны дагуу шүүхээс энэ хэмжээг бууруулах боломжтой. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт зааснаар хугацаа хэтрэхэд нөлөөлсөн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан. Хугацаа хэтрэхэд хүрсэн нөхцөл байдал нь "Тайгам Алтай” ХХК-иас шалтгаалахгүй хүнд нөхцөл байдал үүссэн учраас хариуцагч байгууллагыг Худалдаа аж үйлдвэрийн танхимаас тодорхойлсоноор хугацаа хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 75 дугаар зүйлд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. Талууд 2012 онд гэрээ байгуулаад 2013 онд байраа хүлээж авах тохиролцоо байсан бөгөөд одоо 2016 он гэхэд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2016/04944 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Тайгам Алтай" ХХК /РД:2658011/-иас 4.424.700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Агиймаад олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн 85.745 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 85.745 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1788 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/04944 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Тайгам Алтай” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85.750 төгрөгийг дүүргийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/04944 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1788 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийдвэрт талуудын байгуулсан Орон сууц захиалгаар барих гэрээний 3.3- т заасан анзыг анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан алданги гэж үзэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд мөн хуулийн 198.1-д зааснаар өгүүлбэрийн бус үгийн шууд утгыг харвал талуудын харилцан тохиролцсон анз нь торгуулийн зохицуулалт байгаа юм.

Ийнхүү талууд торгуулийн талаар харилцан тохиролцсон бөгөөд МҮХАҮТ-ын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01/612 дугаартай Хүнд нөхцөл байдлын гэрчилгээний дагуу “Тайгам Алтай” ХХК нь тус орон сууцыг хугацаандаа ашиглалтанд оруулаагүй нь давагдашгүй хүнд нөхцөл байдал үүссэнээс болсон тогтоогдож байгаа юм.

Хэрэв шүүхээс анзыг алданги гэж үзэж байгаа бол МҮХАҮТ-ын гэрчилгээг үндэслэн манай зүгээс торгууль гэж тайлбарлаж байгааг харгалзаад Иргэний хуулийн 222.2-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн нь “Тайгам Алтай” ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.2-т заасны дагуу знзыг хэмжээг багасгах боломжтой байсан боловч багасгаагүйд гомдолтой байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/04944 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1788 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна.

Т.Агиймаагийн “...алдангид 4.424.700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч “Тайгам алтай” ХХК эс зөвшөөрөхдөө “...гэрээнд торгууль гэж тохирсон, эдийн засгийн хувьд хүнд нөхцөл байдал бий болсон” гэсэн тайлбар гаргажээ.

Зохигчдын хооронд 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Орон сууц захиалгаар барих гэрээгээр “Тайгам алтай” ХХК нь 104.625.000 төгрөгийн үнэ бүхий 67.5 м.кв талбайтай орон сууцыг 2013 оны 3 дугаар улиралд багтаан барьж хүлээлгэн өгөхөөр тохирсон, Т.Агиймаа гэрээ байгуулах үед байрны төлбөрт 90.300.000 төгрөг төлж, үлдэх 14.325.000 төгрөгийг түлхүүр авахдаа төлөхөөр тохирчээ /хавтаст хэргийн 5-6 дугаар тал/.

Хариуцагч нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд бус, харин 2014 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн, энэ талаар маргаагүй байна.

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-т зааснаар хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.

Гүйцэтгэгч нь байр ашиглалтад орох хугацааг 45 хоногоос дээш хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутам төлсөн дүнгийн 0.05 хувийн торгууль тооцож захиалагчид төлөхөөр гэрээний 3.3-т заасан нь алдангийн шинжийг агуулсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч анз шаардах эрх зүйн үр дагавар бий болсон, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 102/ШШ2016/04944 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 1788 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнхийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр төлсөн 85.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      П.ЗОЛЗАЯА

                        ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ