| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0330/Э |
| Дугаар | 386 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: З.Э,
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,
Шүүгдэгч Д.Р /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Р холбогдох эрүүгийн 1809006190136 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, Д.Р
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Д.Р нь 2018 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дашчойлин хийдийн зүүн талд байрлах ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч С.Б зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Р мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Б /хх-ийн 6/, яллагдагч Д.Р /хх-ийн 20-21/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1881 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 15/, шүүгдэгч Д.Р урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Р нь 2018 оны 01 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 05 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дашчойлин хийдийн зүүн талд байрлах ТҮЦ /түргэн үйлчилгээний цэг/-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хохирогч С.Б зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална, 5 дахь хэсэгт “...энэ хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно...” гэж заажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “...”гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг…” 3.1.6 дахь хэсэгт “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү, авга, нагац, тэдгээрийн хүүхдийг…” Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү...”-г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн тайлбарт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно…” гэж тус тус хамааруулан ойлгохоор заасан байна.
Хэрэгт авагдсан хохирогч С С.Б, шүүгдэгч Д.Р нарын мэдүүлэг, биеийн байцаалт болон бусад нотлох баримтуудаас үзэхэд тэдний хооронд “гэр бүлийн гишүүний” харилцаа үүссэн байсан нь нотлогдож байна. Энэ талаар прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж үзнэ.
Шүүгдэгч Д.Р нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 24-нд шилжих шөнө 05 цагийн үед намайг ТҮЦ-д байх үед эрүүл ирээд юм ярьж сууж байснаа “надад 1000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь би өгөөгүй. Тэгтэл Д.Р “тэгвэл нэг пивоны мөнгө өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Би чиний архи пивоны мөнгийг бэлдэх юм уу” гэхэд Д.Р шууд уурлаад намайг зодож эхэлсэн. Зодохдоо шууд миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиод, үсдээд лангууны төмөр мөргүүлээд зодсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 6/,
Яллагдагч Д.Р мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оын 01 дүгээр сарын 24-ний өглөөний 05 цагийн үед гэртээ амарч байхад найз С.Б намайг хүрээд ир гэж дуудсан. Би Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны Дашчойлин хийдийн зүүн талд байрлах С.Б ы ажиллуулдаг ТҮЦ-нд очсон. Намайг очиход С.Б халамцуу нэг том пиво барьчихсан байсан. Бид тэр пивыг нь хувааж уусан. Өглөөний 7 цаг болж байхад би ажилдаа явъя гэдгээ хэлсэн. Тэгсэн чинь намайг явуулахгүй уурлаад байсан. Тэгээд би ТҮЦ-ийг нь цонхыг нь онгойлгоод хаалгыг нь онгойлгоод нээсэн. Тэгээд би “явлаа автобусны 1000 төгрөг өгчих” гэсэн. Гэтэл “ чи юу хуцаад байгаа юм бэ” гээд намайг алгадсан. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа алгадсан. Тэгээд би баруун гараараа С.Б ы зүүн шанаан тус газар хоёр удаа цохисон. ...Би Бумсайханыг үсдэж лангуу мөргүүлээгүй, нүүрлүү нь цохисон нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1881 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...С.Б биед зүүн дээд 2-р шүдний хугарал, буйланд цус хуралт, зүүн бугуйд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 15/ бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээ, зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Р /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч Д.Р гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Д.Р нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр буюу нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилготой нийцнэ.
Шүүхээс шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дүгнэлт хийж байгаа зэрэг байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцон үзлээ. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хүндрүүлэх нөхцөл байдлыг энэ гэмт хэргийн шинж болгон нь заасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч С.Б нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 1.000.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд хохирол төлөгдөөгүй. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч С.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул холбогдох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Энэ шийтгэх тогтоолын хүрээнд шүүгдэгч Д.Р нь бусдад төлөх төлбөргүй байна.
Мөн шүүхээс хохирогч С.Б шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдэхэд “...миний шийдвэрийг үл харгалзан хууль журмын дагуу шийднэ үү” гэсэн хариу ирүүлснийг тэмдэглэвэл зохино.
Шүүгдэгч Д.Р нь урьд цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Р гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.
5. Хохирогч С.Б. нь өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаарх баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Р авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР