| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 185/2018/0369/Э |
| Дугаар | 385 |
| Огноо | 2018-05-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Мөнхгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 385
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,
Улсын яллагч: С.М,
Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,
Шүүгдэгч Ж.Р /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Р холбогдох эрүүгийн 1809016580435 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, Ж.Р
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ж.Р нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аса циркийн орчим баригдаж буй барилгын 3 давхарт нөхөр ... хардан Д.С зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Р мэдүүлэхдээ: Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв, тодорхой мэдүүлсэн. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, маш их гэмшиж байна гэв.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч .../ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4613 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/, шүүгдэгч Ж.Р урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Ж.Р Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ж.Р нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аса циркийн орчим баригдаж буй барилгын 3 давхарт нөхөр Б. хардан Д.Сэ зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Д.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 18 цаг 30 минутын үед өөрийн танил Энхээтэй түүний ажил дээр очиж уулзсан. ...Ингээд уулзахад Энхээ миний дэлгүүр орж “Хараа” нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи худалдаж авсан ба хамтдаа уг архийг барилгын 3 давхарт хувааж уусан. Ингээд архи ууж байгаад Энхээ хоолоо идэхээр харуулын байр руу явсан. ...Энхээг хүлээгээд архи уусан өрөөндөө шалан дээр байсан нааран дээр хэвтэж байгаад унтчихсан байсан. Сэрсэн чинь хүмүүс орилж байсан ба намайг зодоод байсан. Дээрх хүмүүс намайг үсдэж өшиглөж зодсон. Хоорондоо “хувцасыг нь тайл, зургийг нь аваад интернэтэд тавь” гэх зүйл ярилцаж байсан. ...Энхээгийн эхнэр бололтой эмэгтэй, түүнтэй хамт явсан хүмүүс намайг үсдэж, өшиглөж, цохиж зодсон. Хэн нь миний биеийн аль хэсэгт цохиж зодсоныг мэдэхгүй байна. Миний хараа -4,5 хэмжээгээр муу учраас шилгүй үед сайн харж чаддаггүй. Энхээтэй хардсанаас болсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,
Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ж.Р намайг зодсон бас Сэрсүрэнг алгадаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Яллагдагч Ж.Р мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 05-ны орой 21:00 цагийн орчимд охин Нарансолонгыг “аав Энхбаяр руу залгаадах” гээд манай охин аавтайгаа залгаж яриад утсаа надад өгсөн. Гар утасны яриа нь тасраагүй “чап чап” гээд дуугараад байх шиг байхаар нь “банзалдаж байна” гэж бодсон. Тэгээд би хоёр охиноо аваад замаараа дүү г аваад Энхбаярын ажиллаж байгаа Аса циркийн хажуу талд байдаг барилга дээр очоод 3 давхарт гараад ажилчдын хувцас солих өрөөнд орох гэтэл хаалга нь түгжээтэй байсан. Би хаалгыг нь татаж онгойлгоод ортол Энхбаяр нэг талын хөлөндөө өмдөө өмсчихсөн хажуугаар гараад зугтаасан. Нөгөө хүүхэн хувцасаа өмсөж байхаар нь “ичээч банзал авгай минь” гээд 2-3 удаа алгадаад 2 охин дүүгийн хамт барилгаас гараад манаачийн өрөөн дотор Д.С хэрүүл хийж байгаад явсан. Рина манай нөхөр рүү дайрч чанга чанга орилж алгадаж байсан. Би Д.С рүү дайран орилж 2-3 удаа нүүр рүү нь алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 4613 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Д.С биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дээд уруул, гарын сарвуунд цус хуралт, хэвлий, ахар сүүлэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 18/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч болон хохирогчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны наад захын хэм хэмжээ дутагдсан байдал нөлөөлсөн гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ж.Р /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Д.С нь “...Санал гомдол байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 35/ гаргасныг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Ж.Р торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч Ж.Р хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Ж.Р тайлбарласныг тэмдэглэвэл зохино.
Шүүгдэгч Ж.Р нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Р хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Р 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ж.Р нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Р авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.АЛДАР