Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/066

 

 

 

*******д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Цэрэнлхам нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж, хянан шийдвэрлэсэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2414004900278 дугаар хэргийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ........ бүртгэлтэй, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар:*******,

Шүүгдэгч  ******* нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ............. тоот хашаанд байх хохирогч *******ийн өмчлөлийн байшингийн том өрөөний 2 цонхыг, жижиг өрөөний 1 цонхыг тоосго болон чулуугаар цохиж, хууль бусаар гэмтээсний улмаас хохирогч *******д бага хэмжээнээс дээш буюу 513,000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г бусдын эд  хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8  дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4,  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.8  дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж,

Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг хагархай тоосгыг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж,

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж...шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Н.Амарсанаа тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

... Тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/231 дугаар шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт: /5 дугаар хуудас/

“...түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв..” гэжээ.

Мөн ТОГТООХ хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй...” гэжээ.

Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйл “Зорчих эрхийг хязгаарлах ял” 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх энэ хуулийн 6.7 дугаар

зүйлийн 1.1, 1.2-т заасан байдлаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэж болно... гэх заалтыг баримталжээ.

Тодруулбал шүүхээс шүүгдэгчид тус зүйл ангид зааснаар “торгох” ял оногдуулсан атлаа “Зорчих эрхийг хязгаарлах ял”-ын хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээ хэрэглэх заалтыг баримталсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэг эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтад нийцэхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, ... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн зөрчилд тооцохоор заасан байна.

Мөн тодорхойлох хэсэгт: / шийтгэх тогтоолын 5 дугаар хуудас/

“...түүнд шүүхээс “Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 гэж бичсэнийг зөвтгөх нь зүйтэй байна.

Иймд тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: /5 дугаар хуудас/ “...Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан... гэснийг Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,~Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан гэж,

Мөн Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5-дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй...” гэснийг

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй...”гэж өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив.гэжээ.

Прокурор ******* тус шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ:                           Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 -д заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв..” Мөн Тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5-дугаар зүйлийн 4, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-т заасан зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй...” гэснийг ... тус тус зөвтгөн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү..гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаан гаргасан саналдаа:

Шийтгэх тогтоолын тодорхойлох болон тогтоох хэсэгт хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт гэснийг тус хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг гэж өөрчилж шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү..гэв.     

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дээд шатны прокурор Н.Амарсанаагийн бичсэн эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч  ******* нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ................... хашаанд байх *******ийн өмчлөлийн байшингийн том өрөөний 2 цонхыг, жижиг өрөөний 1 цонхыг тоосгоор цохин хагалж, хохирогч *******д бага хэмжээнээс дээш буюу 513.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна. 

Дээрх үйл баримт нь:

Хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан “..Би тогтоолтой уншиж танилцлаа, би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тогтоолтой холбоотой ямар нэгэн гомдол саналгүй...”  гэх шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 14-15, 16-17 дугаар талуудад авагдсан “...Би гэр бүлийнхээ хамт 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Баянхонгор сумын 7 дугаар багийн 42-05 тоотод байх байшингаа цоожилж үлдээгээд Архангай аймаг руу аяллаар явсан.  2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 цагийн үед гэртээ ирээд орох гэтэл манай байшингийн 3 цонх хагарсан байсан. Манай эхнэр лүү манай нагац ахын эхнэр ******* “та нар хаана явж байна, хэзээ ирэх үү” гэж асуусан байсан. Манай нагац ах ынх манай хашаанд байдаг байсан юм. Тухайн үед бага зэргийн маргаан болоод өөр хашаа руу нүүсэн юм. ахын эхнэр ******* манай гэр бүлтэй нэлээн үл ойлголцолтой байдаг юм. Гэрээс алдагдсан зүйл байхгүй, зөвхөн гаднаас чулуу, тоосго шидээд манай байшингийн цонхнуудыг хагалсан байсныг харахад өс санасан хүн байж магадгүй гэж бодож байна. “..Манай байшингийн урагшаа харсан 2 цонх нь 160 см х180 см-тэй унтлагын өрөөний цонх 120 смх140 см хэмжээтэй вакум цонх байсан. Би цонхоо нийтэд нь 500,000 төгрөгөөр янзлуулсан...”  гэх хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 20-21 дүгээр талд авагдсан “...Манайх гэр бүлээрээ 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр аяллаар Өвөрхангай, Архангай аймгаар яваад 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянхонгор аймагт байх гэртээ ирэхэд манай байшингийн цонхыг хагалсан байсан. Түүний дараагаар ******* гэх хүнийг сэжиглэх болоод ажиглахад манай байшингийн цонхыг хагалсан байж болзошгүй байсан. ******* нь байшингийн цонхыг хагалснаа хүлээн зөвшөөрсөн. ******* нь нөхөртэйгөө манай хашаанд амьдарч байгаад 2024 оны 06 дугаар сарын сүүлээр өөр хашаа руу нүүсэн. Манай хашаанд байхдаа манайхыг элдэв нэгээр доромжилж, хүүхдүүд аашилж уйлуулаад янз бүрийн хов яриа" манайхыг байнга заналхийлдэг байсан. Манайхыг аялахаар яваад Нарийнтээл сумаар дайран өнгөрч байхад над руу ******* эгч утсаар залгаад “танайх хаашаа явсан юм, хэзээ ирэх үү, гэр чинь эзэнгүй байгаа юу” гэх зэргээр лавлаж асуугаад байсан.       Уг нь надтай нээх утсаар яриад байдаггүй юм. Тэгээд  манай байшингийн цонхыг хагалсан байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 32-33 дугаар талд авагдсан “...Шинжилгээний объектын үнэ цэнэ 2024 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 513,000 төгрөг болохыг тогтоов...” гэх шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 166 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Харин анхан шатны шүүх нь шүүгдэгч *******г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулан, түүнийг ялаас чөлөөлөхдөө Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн , энэ нь шийтгэх тогтоол тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлага болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэл болсон дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг болон мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрх бол үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээг заавал хэрэглэх нь шүүхийн үүрэг бөгөөд үүнийг буруу хэрэглэсэн тохиолдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан “ хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн ” буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцдог ба энэхүү нөхцөл байдал нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх үндэслэл болдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд... Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ…шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна…гэсэн бол мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “..шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэл..” ийн талаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгана..гэжээ.

Гэтэл Прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад анхан шатны шүүх  шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж тухайн зүйл хэсэгт заасан торгох ялаар шийтгэхээр дүгнэсэн нь илтэд ойлгомжгүй,

улмаар шүүгдэгчид ногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар буюу зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэхээр дүгнэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******д ногдуулсан 450,000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсөн нь дээр дурдсан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангаагүй, тогтоолын тодорхойлох хэсэгт заасан үндэслэлүүд нь тогтоох хэсгээс харилцан зөрүүтэй бичигдсэн нь шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг хангаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 д “…шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй…” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдох бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулах , алдаатай шийдвэрийг зөвтгөх боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ...гэсэн агуулгаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.                        

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/231 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч *******д хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Б.БОЛОР-ЭРДЭНЭ

Б.ЦЭРЭНПҮРЭВ.