Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 378

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Р.Б,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,

            Шүүгдэгч Л.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Г холбогдох эрүүгийн 1809011700338 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, Л.Г

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Л.Г нь 2018 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сентоза” караокед иргэн Б.Лхагвадоржийн нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Г мэдүүлэхдээ: Ажлынхантайгаа Март тэмдэглэх гэж караокед орсон. Тэгээд өрөө андуурч орсноос болж маргаан үүссэн. Тэгээд хохирогч залууг нэг удаа нүүрэн тус газарт нь мөргөсөн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Л.Г /хх-ийн 29-30/ нарын өгсөн мэдүүлэгүүд, хэргийн материалаар хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 461 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 19-20/, шүүгдэгч Л.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Л.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Л.Ганбат нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сентоза” караокед иргэн Б.Лхагвадоржийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Б.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр манай ажлын хүмүүс Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Туушин зочид буудлын хойд талын Сентоза караокед бөөнөөрөө сууж байсан. ...би өрөө рүүгээ орох гээд явж байсан чинь манай өрөөг андуурч орж ирдэг эрэгтэй миний хойноос уруул хэсэг рүү хүчтэй цохисон. ...Намайг ямар ч шалтгаангүйгээр цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/,

 

Гэрч Б.Наранзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Лхагвадорж очоод хаалгаар дөнгөж гараад буцаад орох хооронд нөгөө залуу Лхагвадоржийг цохиод унагаасан. ...Цохиж унагаахыг нь би харсан. Их хүчтэй цохисон. Тухайн үед Лхагвадорж миний шүд хугарчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 24/,

 

Яллагдагч Л.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ...Сентоза караокед орж... үйлчлүүлж байхдаа... өрөө андуурч орсон. Гэтэл үл таних хоёр залуу босч ирээд намайг гар гэж хөөсөн. Тэгэхээр нь нэг залууг нь духаараа нүүр лүү нь мөргөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 461 дүгээр хавтаст хэргийн материалаар хийсэн дүгнэлт: “...Б.Лхагвадоржид үүдэн гурван шүдний эмтрэл, дээд уруулд шарх гэмтэл тухайн үед үүсчээ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл байна. Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. Одоогоор нүдний онош бүрэн тодроогүй тул дүгнэлт өгөх боломжгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан болон согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Л.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Д.Мөнхтуяа нь “...Эмчилгээний зардалд нийт 5.303.400 төгрөг нэхэмжилсэн ба Ганбаттай тохиролцон 4.700.000 төгрөг төлүүлэн авсан. Цаашид надад Ганбаттай холбогдох санал хүсэлт, гомдол байхгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 67/ гаргасныг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Л.Ганбатад торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу 600 нэгтжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ял оногдуулах боломжтой байна.

 

Шүүгдэгч Л.Г хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Л.Г тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

Шүүгдэгч Л.Г нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт хавсарган үлдээхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Г 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн камерийн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              М.АЛДАР