Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/067

 

 

 

*******д  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор  *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар цахимаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам  нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/233 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2314002260215  дугаар хэргийг 2024 оны 12 дугаар  сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, .......... оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ******* ******* овогт ******* *******, /РД:*******/ ,

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.

Мөн дүрмийн 13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Бичгийн цагаан” гэх газарт улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас тээврийн хэрэгслийн жолооч ий биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ташаа, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн гуяны гадна дээд гадаргууд нөсөө гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч *******, ******* овогт *******йн *******ыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  *******, ******* овогт *******йн *******ыг  дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй,

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй,  хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн бодит нөхцөл байдалд үндэслээгүй, алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Гомдол гаргах үндэслэл:

1. Осол гарах болсон нөхцөл байдал:

2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зам тээврийн осол гарч, хохирогч ий биед хүндэвтэр гэмтэл учирсан. Осол гарах шалтгаан нь хохирогч мотоциклтой зорчиж байхдаа анхаарал болгоомж алдсанаас болсон гэж үзэж байна. Тухайн үед миний урд хоёр “Приус" маркийн автомашин явсан, араас нь миний бие дагаж явж байсан бөгөөд урд явсан автомашин эгнээ солин, гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед би ч мөн адил гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн. Гэтэл хохирогч мотоцикльтойгоо миний автомашины баруун гар талаас мөргөж осол гаргасан.

2. Гэрчийн мэдүүлэг:

Ослыг харсан гэрч шүүхэд мэдүүлэг өгөхдөө:

• “Мотоцикл урд яваа “Приус” маркийн автомашины эгнээ солих үйлдлийн дараа дохио өгсөн. Миний харснаар мотоцикл тухайн үед ард явсан “Приус” машиныг мөргөсөн. Приусын жолооч мотоциклийн дохио өгснийг хараагүй байх магадлалтай” гэж мэдүүлсэн.

Миний хувьд гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үед хохирогчийн дохио өгсөн байдал харагдаагүй. Учир нь урд явсан приус маркийн авто машинд халхлагдсан байсан.

3. Шүүхийн буруу дүгнэлт:

Шүүх хуралдааны үеэр хохирогч “...ардаас хэд хэдэн машин ирж байгааг харсан...”мөн гэрч ын шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэгт анхан шатны шүүх энэ нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийгээгүй. Хэрэв хохирогч гүйцэж түрүүлэх гэж буй автомашинуудыг өнгөрүүлсэн бол ийм осол гарахгүй байх байсан.

Өөрөөр хэлбэл, хохирогчийн дохио өгсөн үйлдэл миний болон урд явсан “Приус” маркийн машины хөдөлгөөнд саад болж, харагдах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Хүсэлт:

Анхан шатны шүүх хэргийг бодит нөхцөл байдалд тулгуурлан үнэлж, миний холбогдсон хэргийг зөв шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Иймд 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгаж өгнө үү. гэжээ.

Прокурор  ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолоор 450 нэгжээр торгож, дээрх хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаагүй байна. 2024 оны 10 сарын 29-ний өдрийн 233 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйл баримтыг ярилаа. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй нөхцөл байдалгүй. Шүүх гэм бурууг тогтоодог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2-т заасан үндэслэл байгаа эсэхийг харгалзаж үзнэ үү. Шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу  хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, шүүгдэгч *******ын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр  хэргийг бүхэлд нь хянаж, үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр ******* улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4,  13.1-д  заасан заалтуудыг  зөрчсөнөөс  Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бичгийн цагаан” гэх газарт улсын дугааргүй мустанг 5 маркийн мотоциклтой мөргөлдөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч ий биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ташаа, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн гуяны гадна дээд гадаргууд нөсөө гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан  гэмт хэргийн үйл баримт  тогтоогдсон байна. 

Дээрх  гэмт хэргийн үйл баримт нь:

1 дүгээр хавтаст хэргийн 16-18 дугаар талд авагдсан “...айлынхаа хонийг эргүүлэх гээд “Алгын дөрөлж” рүү баруун зүүн тийшээ засмал замаар явж байгаад хойшоо буюу худгийн уулзвараар хойшоо эргэх гээд дохиогоо зүүн тийш нь өгөөд явж байхад миний ард 3 ширхэг приүс маркийн машин явж байсан. Тэгээд би засмал замын урд хэсгийн хөвөөн дээр зогсоод эхний цагаан суудлын машиныг өнгөрөөчхөөд дохио өгсөн чигтээ хойшоо эргээд цагаан зураас даваад ороход саарал /ногоон/ өнгийн приүс 20 маркийн машин ирээд баруун урд талын гупер хэсгээр миний зүүн талын хөлийн шилбэ хэсэг рүү мөргөсөн. ...гомдолтой байна, эмчилгээний зардал, эмчилгээнд явсан замын зардлаа нэхэмжилж байна...” гэх хохирогч ий мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 21-22 дугаар талд авагдсан “...12 цаг 30 минутаас 13 цагийн хооронд Баянхонгор аймгийн Өлзийт сум өнгөрөөд явж байхад миний урд нэг мотоцикл, түүний араас цагаан өнгийн приүс мөн түүний араас ногоон өнгийн приүс явж байсан. Би хамгийн сүүлд явж байсан тэгтэл эхний цагаан приүс мотоциклын хажуугаар гүйцэж түрүүлээд, өнгөрөөд явсан юм тэгтэл мотоцикл зүүн тийш нь дохиод эргэсэн тэгтэл цагаан приүс автомашины ард явсан ногоон приүс машин мотоциклийг очоод баруун урд хэсгээрээ мөргөсөн. Тэгтэл мотоциклийн жолооч приүс 20 машины урд шилэн дээр явж байгаад замын дунд хэсэгт унасан тэгээд машин зогссон юм.

...ногоон приүс 20 машин дагаж гүйцэт түрүүлэх үйлдэл хийх тэр үедээ мотоциклийн дохиог хараагүй байх тэгэхдээ мотоцикл дохио өгөөд эргэх үед би хажууд чинь машин байна гэж бодож байтал мөргөлдөөд осол болсон юм. Тухайн осол болсон замын хэсэгт өгсүүр зам байсан юм. Осол болсны дараа би хамгийн түрүүнд очсон, очих үед мотоциклийн жолооч болон приүс 20 машины жолоочоос ямар нэг согтууруулах ундаа үнэртэхгүй байсан юм. ... бууж ирэхэд замын хойд хэсэгт хойшоо эргэсэн шороон зам байгааг харсан юм...” гэх гэрч Т.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 26-27 дугаар талд авагдсан “.. Манай хүүгийн зүүн талд мөргөсөн гэх машин нь зогсож байсан, машины баруун урд дугуй хагарсан, баруун урд гупер хагарсан, урд салхины шил баруун талын хэсгээр цөмөрч хагарсан байсан юм, миний хүүгийн мотоциклын зүүн талын хойд талын гишгүүр салж алга болсон мөн урд өвдөгний хамгаалалт мурийсан, хөгжим баруун талаараа салсан байсан, өөр гэмтэл байгааг хараагүй..., манай хүү А ангиллын эрхийн үнэмлэхтэй, 2021 онд жолоо төгссөн,...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 40-41 дүгээр талд авагдсан “...таг хийж дуугарахаар нь харахад машин, мотоциклтой мөргөлдсөн байсан юм...” гэх гэрч ы мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дугаар талд авагдсан “... ий биед зүүн шагайн дотор хашлага ясны хугарал, зүүн ташаа, зүүн гарын бугуйнд зулгаралт, зүүн гуяны гадна дээд гадаргууд нөсөө гэмтэл тогтоогдлоо, гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, амь насанд аюулгүй,ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 431 дугаар дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 95-96 дугаар талд авагдсан “...Уг ослын бүдүүвч зургийн хэмжилтээс дүгнэлт хийхэд Мустанг-5 маркийн мотоциклийг эсрэг урсгалд, тэнхлэгийн тасархай тэмдэглэлээс 1,7 м зайтай мөргөсөн байна. Иймээс улсын дугаартай, тоёота приус-20 маркийн автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "13.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мустанг-5 мотоциклийг жолоодон явсан жолооч нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн нотлох баримт байхгүй байна. Замын нөхцөлийг тодорхой болгох шаардлагатай. Зүүн талаас гарц нийлнэ гэсэн анхааруулах тэмдэг байсан бол жолооч урдаа яваа тээврийн хэрэгслийг эргэх үйлдэл хийх талаар мэдээлэл авах боломжтой байсан гэж үзэж байна...” гэх шинжээч Р.Мөнхбаярын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 202334  дүгнэлт,

1 дүгээр хавтаст хэргийн 4-13, 142-144 дүгээр талд авагдсан Суудлын зориулалттай Тоёота приус-20 маркийн автомашинд учирсан гэмтлийг тогтоосон Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 2024 оны 02 дугаар сарын 04- ний өдрийн 01 дугаартай дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл,  бүдүүвч зураг,гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар  нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх “... шүүгдэгч ******* нь жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэсэн замын хөдөлгөөний дүрмийн заалтыг чанд хэрэгжүүлээгүй бөгөөд замын эсрэг урсгалд орж урдаа яваа мотоциклийг гүйцэт түрүүлэх үед түүний зүүн гар тийш эргэх дохиог хараагүйгээс гүйцэт түрүүлэх хөдөлгөөн хийсэн нь уг осол болох шалтгаан болсон байгаа бөгөөд мотоциклийн жолооч нь хамгаалах малгай өмсөөгүй, мөн дур мэдэн гаргасан шороон зам руу эргэх гэсэн хөдөлгөөн хийсэн нь уг осол болоход нөлөөлөөгүй..., ...шүүгдэгч ******* нь ******* улсын дугаартай, тоёота приус-20 маркийн авто машиныг жолоодож явахдаа урдаа яваа мотоциклийг гүйцэт түрүүлэхдээ өөрийн үйлдлийн улмаас учирч болох хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг гарсан нөхцөл байдалтай холбож үзэхэд энэхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандсаны улмаас мотоциклийн жолооч ий мотоциклийг мөргөж улмаар ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн  дүгнэлт нь  хэргийн бодит байдалд нийцсэн, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй  байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч *******ыг 2015 оны   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган  төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлд заасан зохицуулалттай нийцээгүй,  Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн ял оногдуулахад нөлөөлсөн  нөхцөл байдал бий болсон эсэхийг анхаараагүй байна.

Өөрөөр хэлбэл   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус эрх олгосон хэм хэмжээ бөгөөд тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд л шүүх хэрэглэнэ.

Ингэхдээ   гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ гэм буруугийн талаар   мөрдөн байцаалт болоод шүүхийн шатанд ч маргаагүй тохиолдолд хэрэглэж болохоор хуульчлагдсан шүүгчийн эрх хэмжээний  асуудал юм.

Гэтэл ...миний урд явж байсан цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь урдаа явж байсан мотоциклыг гүйцэж түрүүлсэн тэр үед би тухайн мотоциклыг харсан юм. Тэгээд миний урд явсан машин уг мотоциклыг гүйцэж түрүүлээд явчихаар нь би араас нь мөн тухайн мотоциклыг гүйцэж түрүүлэх гэхэд мотоцикл миний тээврийн хэрэгслийн баруун талын урд гупер хэсэг рүү /дугуй руу/ ирж мөргөсөн.” гэх шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад  мэдүүлсэн мэдүүлэг, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл , давж заалдах шатны шүүхэд  бичсэн гомдлын агуулга, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс үзэхэд шүүгдэгч ******* нь гэм буруугийн талаар маргаантай, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй  байхад Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.7-д заасан нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж   Эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд  анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин шүүгдэгч *******ын  “...хохирогч мотоциклтойгоо миний автомашины баруун гар талаас мөргөж осол гаргасан. Ослыг харсан гэрч “Мотоцикл урд яваа “Приус” маркийн автомашины эгнээ солих үйлдлийн дараа дохио өгсөн. Миний харснаар мотоцикл тухайн үед ард явсан “Приус” машиныг мөргөсөн. Приусын жолооч мотоциклийн дохио өгснийг хараагүй байх магадлалтай” гэж мэдүүлсэн.... хохирогчийн дохио өгсөн үйлдэл миний болон урд явсан “Приус” маркийн машины хөдөлгөөнд саад болж, харагдах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон байхад анхан шатны шүүх анхаарч үзээгүй, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, намайг цагаатгана уу” гэх гомдлыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн  1-ийн 1.1, 1.2-т  тус тус  заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШЦТ/233 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ

Б.ЦЭРЭНПҮРЭВ