Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 303/ШШ2025/00607

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Баянхонгор аймаг, Бууцагаан сум, 3 дугаар багт оршин суух,****** регистрийн дугаартай,********утасны дугаартай, ***** овогт *********гийн *******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1965 онд Бууцагаан суманд төрсөн. Одоо 61 настай. Өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Миний бие 1987 оны 07 сарын 20-ны өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал Бууцагаан сумын Техник үйлчилгээний станцад манаач, машинистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1556 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 935 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн Ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаартай тогтоол, түүний хавсралт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангав.

2.Хүсэлт гаргагч *******ийн 1987 оны 07 сарын 20-ны өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал Бууцагаан сумын Техник үйлчилгээний станцад манаач, машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3.Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 07 сарын 20-ны өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал Бууцагаан сумын Техник үйлчилгээний станцад манаач, машинистаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1556 дугаартай лавлагаа, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 935 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн Ерөнхий хорооны гишүүдийн хурлын 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 72 дугаартай тогтоол, түүний хавсралт зэргээр тогтоогдож байна.

4.Дээрх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч *******ийн ажиллаж байсан байдал нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул түүний 1987 оны 07 сарын 20-ны өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Техник үйлчилгээний станцад манаач, машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *******овогт *******ийн ******ийн 1987 оны 07 сарын 20-ны өдрөөс 1988 оны 06 сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Техник үйлчилгээний станцад манаачаар, машинистаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ