Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/068

 

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор  *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Чимэдцэрэн нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж хянан шийдвэрлэсэн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдах гомдлоор *******д холбогдох эрүүгийн 2414000000271 дүгээр хэргийг 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, .......... тоотод оршин суух хаягтай, 

- Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22- ний өдрийн 2020/ШЦТ/311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнссэн ял эдэлж дууссан,

 - Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03- ний өдрийн 2024/ШЦТ/197 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар тэнссэн, ******* овогт *******ын *******, /РД:*******/,

Шүүгдэгч ******* нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 0225190 дугаар шийтгэлийн хуудсаар 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, амьсгал дахь спиртийн агууламж 0.55хувийн промильтой үедээ 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулах Ерөнхий боловсролын Эрдэнэмандал 3 дугаар сургуулийн урд талын замаас Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ........ гэр хүртэл, мөн тухайн газраас Баянхонгор сумын 4 дүгээр багийн 1 дүгээр гудамж хүртэлх аспальтан замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус КсВи (Тоуоtа Pruis ХW) 50 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэх гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг / 01 / жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар шүүгдэгч *******д Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 197дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр  зургаан сарын хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсныг хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зургаан / 06 / сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялуудыг нэмж нэгтгэн түүний эдлэх нийт ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялыг хоёр / 02 / жилийн хугацаагаар, зорчих эрхийг хязгаарлах ялыг нэг / 01 /  жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******г Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7.3.9 тоотоос Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулах “Ялгуун заяа” салон, Нэгдсэн эмнэлэг, Төв эмийн сан, Баянхонгор сумын 1 дүгээр багийн төв, Баянхонгор сумын тамгын газар, Баянхонгор сумын 9 дүгээр багт үйл ажиллагаа “Миний дэлгүүр“ сүлжээ хүнсний дэлгүүрээр зорчих үүргийг тус тус хүлээлгэж  техникийн хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр / 02 / жилийн хугацаагаар хассан ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн  болохыг тус тус  дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

... Миний хувьд нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр уналт таталтын улмаас групп-д байдаг, охин маань мөн энэ өвчин удамшсан эпилепси  буюу унаж таталтаас үүлдэлтэй байнгын эмчийн хяналтад байдаг бөгөөд Улаанбаатар хот руу байнгын ирж очдог тул тус ялыг надад оногдуулсан нь хүндрэлтэй байна. Охин маань гэнэт ч унаж татдаг учраас эмнэлэг рүү хот руу байнга авч явах шаардлага болдог.

Иймд миний хувин байдлыг харгалзан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна гэжээ.

Прокурор  ******* тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

... Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т заасан гэмт хэрэгт холбогдсон болох нь хэрэгт хууль ёсны дагуу авагдсан нотлох баримтуудаар нотлогдож яллах дүгнэлт үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан байна. Оролцогчийн гомдол хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

*******гийн хувийн байдал болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харгалзан үзээд түүнд холбогдох хэрэгт оногдуулсан. Ял шийтгэлийг өөрчилж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч *******гийн гаргасан давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь  Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3-т заасныг  журамлан  мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээсэн  хугацаа дуусаагүй  байхад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар зүйлийн 3.7-д “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй .... эсхүл согтууруулах ундаа... хэрэглэсэн .... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно ” гэсэн заалтыг зөрчиж, 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс  02-нд шилжих шөнө  Баянхонгор сумын Эрдэнэмандал 3 дугаар сургуулийн урд талын замаас  өөрийн гэр хүртэл улмаар гэрээсээ Баянхонгор сумын 4 дүгээр багийн 1 дүгээр гудамж хүртэл  өөрийн эзэмшлийн Тоёота Приус  50 загварын ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг  согтуугаар жолоодсон  гэмт хэргийн үйл баримтыг  тогтоосон байна. 

Дээрх үйл баримт нь:

Хавтаст хэргийн 17-18 дугаар талд авагдсан “...  эхнэр *******  орой 23 цаг өнгөрч байх үед гэртээ ...архи, пивоны үнэр үнэртээд ... ******* ******* улсын дугаартай машинаа унаад ирсэн юм. ...*******г драйгер багаж үлээлгэж шалгахад согтуу байсан, гэртээ машинаа унаад ирэхдээ согтуу ирсэн бас дуудлагаар ирсэн цагдаад пиво уучхаад машинаа унаж ирсэн нь үнэн гэж хэлж байсан...” гэх гэрч Б.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 20-21 дүгээр талд авагдсан “...би Адъяасүрэнгийн гэрт яваад очтол ...Адъяасүрэн ******* нар маргалдсан хэрэлдсэн ...гэр бүлийн гадуурх харилцаанаас болж хэрүүл маргаан ихтэй байдаг хүмүүс байгаа юм. ...цагдаа ирээд *******г драйгер багаж үлээлгэж шалгахад 0,55% согтуу ... ******* нь пиво уусан гэж хэлж байсан надад бас пиво уусан талаар хэлсэн. ...гэрээсээ Амьчуул хүртэл машин унасан...” гэх гэрч С.Отгонбаярын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 23,25-26 дугаар талд авагдсан “... Жижүүрийн шуурхай албанаас 00 цаг өнгөрч байх үед ...******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон тус тээврийн хэрэгслийн жолооч ******* болон түүний нөхөр, нөхрийн ээж гэх хүмүүс хоорондоо хэрүүл маргаан хийгээд гудамжинд зогсож байсан. ...түүнийг драйгер багаж үлээлгэж шалгахад 0,55% согтолттой байсан тул тээврийн хэрэгслийг түр саатуулж, жолооч *******г гэрт нь хүргэж өгч, бүртгэл мэдээлэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон талаар бүртгүүлсэн...” гэх гэрч Б.Тайванжаргал,  Ж.Мөнх-Оргил нарын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 30-32 дугаар талд авагдсан “... Би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Манай нөхөр Б.Адъяасүрэн нь 6 настай байх үеэсээ унаж татаж эхэлсэн одоо групп-д унаж татдаг өвчин буюу эпилепси гэх өвчинтэй бөгөөд тухайн өвчин нь удамшаад  охин мөн адил эпилепси гэх өвчинтэй мөн адил групп-д байдаг юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгээс авдаг. Гэр бүлийн хүчирхийллээс шалтгаалан пиво уусан, байнга дарамтад байдаг, нөхөр байнга намайг харддаг ажил дээр ирээд  ажил  хийлгэхгүй, ажил дээр ирээд суучихдаг...” гэх шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,

Хавтаст хэргийн 9-10, 82-86 дугаар талд тус тус  авагдсан “2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн согтуурал шалгах багажаар шалгасан талаарх тэмдэглэл, түүний хавсралт”, Баянхонгор аймаг дахь Сумд дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

   Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна.

   Шүүгдэгч  *******гийн 2023 оны 09 дүгээр сарын 29--ний өдөр согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн  14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь  нэг жилийн хугацаагаар хасаж, 400 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан тэрээр эрх хассан хугацаа дуусаагүй байхад 2024 оны 3 дугаар сарын 10-11-нд шилжих шөнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон  гэмт үйлдэлдээ Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн 197 дугаар шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-д зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэжээ./Хэргийн 82-86 дугаар тал/

Шүүгдэгч ******* нь  дээрх  хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж хяналт тогтоосон хугацаа дуусаагүй байхад дахин  2024 оны 09 дүгээр сарын 01- 02-нд шилжих шөнө  тээврийн хэрэгслэл  согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцсон  байх  тул   анхан шатны шүүхийн  197 дугаар шийтгэх тогтоолыг  Эрүүгийн 7.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгож,  үйлдэл бүрд нь Эрүүгийн  хариуцлага  хүлээлгэж улмаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэж  шийдвэрлэсэн  анхан шатны шийтгэх тогтоол  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцжээ.

Шүүхээс  хуульд заасан  ял оногдуулахдаа хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцүүлэн  гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдсон хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт  нь тохируулан тухайн хүнийг цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгод  нийцүүлдэг   болно.

   Анхан шатны шүүх “... шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар  зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг  баримтлан, тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан   зорчих эрхийг хязгаарлах ял оногдууллаа...” гэж дүгнэж бичсэнийг буруутгах боломжгүй ч  Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-т тус тус зохицуулсан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон эсэхийг  тогтоож, ял оногдуулахдаа харгалзан үзэх байтал энэ талаар дүгнэлт хийгээгүй байгааг буруутган тэмдэглэж байна.

Гэтэл шүүгдэгч *******гийн гэмт үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин  мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн”  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгааг  эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэхэд түүнд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хоёр  жилийн хугацаагаар хасаж,  нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  тогтоож  шийдвэрлэсэн нь  үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруу болоод хувийн байдалд  тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Харин шүүгдэгч *******гийн “ миний хувийн байдлыг харгалзан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулгаар гаргасан гомдлыг  дээрх үндэслэлээр хүлээн авах боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/242 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн бичсэн гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ

Б.ЦЭРЭНПҮРЭВ