Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 360

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж,

 

Улсын яллагч: Н.Түвшинбаяр,

Нарийн бичгийн дарга: Ч.Лхагвасүрэн,

            Шүүгдэгч Ч.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.Б холбогдох эрүүгийн 1809008020283 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын         11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, Ч.Б

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Ч.Б нь согтуугаар 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-н автобусны буудлын хажууд байрлах зочид буудлын өрөөнд Д.Мөнхтуяаг гар цүнхээрээ нүүрэн тус газар цохисон гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний биед доод эрүүний далд зөрүүтэй хугарал, доод эрүү, хоолойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д /хх-ийн 13-19/, яллагдагч Ч.Б /хх-ийн 20-22/ нарын өгсөн мэдүүлэгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2449 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25/, шүүгдэгч Ч.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/ зэрэг болно.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Ч.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон гэж үзнэ.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ч.Б нь согтуугаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр 32-н автобусны буудлын хажууд байрлах зочид буудлын өрөөнд Д. гар цүнхээрээ нүүрэн тус газар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас цохиж түүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

Хохирогч Д.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай нутгийн Мөнхбат гэх залуу утсаар яриад “та 32-н тойрог дээр хүрээд ир, би тосоод авна” гэсэн. Тэгээд Мөнхбат нь нэг зүс таних залуугийн хамтаар намайг тосож авсан. Тэгээд бид гурав зүс таних залуугийн гэрт нь очсон. Тэгээд Мөнхбат 0,75 литрийн  “Хараа” архи авч ирсэн. Бид тэр архийг ууж дуусаад байж байтал Ч.Б “дахин нэг шил архи авна” гээд Мөнхбатыг архинд явуулсан. ...Гэтэл Ч.Б намайг орон дээр түлхэж унагаад дээрээс дарсан. Тэгээд өмд тайлах гэж оролдсон. Би түүнд “эгчийгээ болохгүй шүү дээ, гар хугархай гар хөндөх гээд байна” гэж хэлсэн. Гэтэл тэр “юун сүртэй юм бэ, муу хөгшин авгай чинь” гэж хэлсэн. Тэгээд надтай бэлгийн харьцаанд хүчээр орох гээд байсан. Тэгээд би түүнд зөвшөөрөхгүй эсэргүүцсэн. Гэтэл тэрээр миний хоолойг цамцны захаар боогоод дайраад байсан. Би түүний энэ үйлдлийг өөрийнхөө хэр чадлаар эсэргүүцсэн. Гэтэл тэр намайг эсэргүүцээд байхаад босоод миний зүүн шанаа орчимд өшиглөсөн. Дараа нь дахин зодох гээд миний үснээс зуураад байж байхад нь гаднаас Мөнхбат орж ирсэн. Тэгээд “Ч.Б чи Мөнхтуяа эгчийг яаж байгаа юм бэ” гээд барьж авсан. Тэгээд би босоод гар цүнхээ аваад гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-19/,

 

 Яллагдагч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр манай гэрт Мөнхбат ирээд хоносон. Тэгээд маргааш эхнэр Жаргалмааг ажилдаа явсан хойно Мөнхбат нутгийн таньдаг эгч маань ирсэн байна гэж хэлээд түүнийг дуудсан. Удалгүй түүнийг 32-н автобусны буудалд Мөнхбат бид хоёр нөгөө эмэгтэйг тосож авсан. ...Замдаа дэлгүүрээс 0,75 литрийн “Ерөөл” архи авсан. Түүнийгээ бид уусан. Дараа нь бид манай гэрээс гарч Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо 32-н автобусны буудлын хажууд байх хоёр давхар шар өнгийн зочид буудалд өрөө авч орсон. Тэр буудлын мөнгийг Мөнхбат гаргасан. ...Тэгээд бид дахин 0,75 литр хоёр шил Ерөөл архи авч уусан. Энэ үед Мөнхтуяа согтоод гар цүнхтэй эд зүйлээ гаргаад орон дээгүүр цацаад байсан. Түүний цацсан зүйл нь хоёр ширхэг хөөрөг, хар өнгийн товчтой нокио маркийн гар утас, мөнгөн ээмэг, гинж зэрэг эд зүйл байсан. Тэгээд миний нүүрэнд гар цүнхээрээ цохиод байсан. Би уурлаад түүнийг гараараа 2-3 удаа цохисон. Дараа нь би түүнд “таны тараасан эд зүйл энэ байна” гэж цуглуулж өгөөд буудлаас гарч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2449 дугаар дүгнэлт: “...Д.Мөнхтуяагийн биед доод эрүүний далд зөрүүтэй хугарал, доод эрүү, хоолойн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25/  зэрэг болон бусад бичгийн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, яллагдагч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд нийгэмд тогтсон зан, ёс суртахууны хэм хэмжээ дутагдсан болон согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн гэж үзэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Б /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын асуудлын хувьд хохирогч Д.М нь “...Ч.Б сайн дураар эвлэрсэн, хохирлын талаар маргаангүй болсон...”  гэсэн хүсэлт /хх-ийн 44/ гаргасныг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн хувийн байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хохирогчийн санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс Ч.Б торгуулийн ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох...” гэж заасны дагуу торгох ялын доод хэмжээгээр ял оногдуулах боломжтой байна.

Шүүгдэгч Ч.Б хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар хугацаа тогтоох шаардлагагүй гэж шийдвэрлэв. Харин торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор төлж барагдуулах үүрэгтэйг Ч.Б тайлбарласныг тэмдэглэвэл зохино.

 

Шүүгдэгч Ч.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.1, 36,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурьдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй  болох бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.АЛДАР