| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 121/2026/0021/З |
| Дугаар | 121/ШШ2026/0025 |
| Огноо | 2026-06-29 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 121/ШШ2026/0025
2026 06 29 121/ШШ2026/0025
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын прокурорын газрын прокурор П.Нгийн дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Татварын тасгийн татварын улсын байцаагч Д.Дд холбогдох ““***” ХХК /***/-д Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0068793 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бямбасүрэнгээс шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Прокурорын дүгнэлттэй холбогдуулан тайлбаргүй. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Татварын тасгийн татварын улсын байцаагч Д.Д нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0068793 дугаартай шийтгэлийн хуудсаар “***” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт заасныг үндэслэн таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Прокуророос шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ “...“***” ХХК нь архи согтуугаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг холбогдох хуульд зааснаар аваагүй, тусгай зөвшөөрөлтэй эрхлэх үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан зөрчил байх бөгөөд уг зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт “цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч Зөрчлийн тухай хуулийн ... 6.5 дугаар зүйлийн 1, 2 5, 9, 10, 11, 16 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэж заасан байх тул харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлж шалгуулах нь зүйтэй...” гэж тайлбарлажээ.
Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг уг зөрчил үйлдэгдсэн нутаг дэвсгэр, энэ хуульд заасан харьяаллын дагуу явуулна”, 6.8-д “цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч Зөрчлийн тухай хуулийн ... 6.5 дугаар зүйлийн 1, 2, 5, 9, 10, 11, 16 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэж тус тус зааснаас үзвэл тухайн зөрчилд цагдаагийн байгууллагын эрх бүхий албан хаагч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулах эрхтэй байхад татварын улсын байцаагч шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.
Иймд хариуцагч татварын улсын байцаагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн, энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын прокурорын газрын прокурор П.Нгийн ““***” ХХК /***/-д Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 0068793 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Татварын тасгийн татварын улсын байцаагч Д.Д хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ