Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 303/ШШ2025/00656

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 17 дугаар хороо, Өнөр хороолол, *** дугаар байр, *** тоотод оршин суух, ****** регистрийн дугаартай, ****** утасны дугаартай, ***** овогт ******ийн ********,

Хүсэлтийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1989 оны хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ ******* гэж нэрийг буруу бичсэн тул энэ хөдөлмөрийн дэврийн жинхэнэ эзэмшигч нь мөн болохоо тогтоолгоно. Мөн Баянхонгор аймгийн НАА Барилга угсралтын конторт 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдөр ажилтнаар ажилд орж ажиллаж байгаад 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр аж ахуйн нярав, нормчноор ажиллаж байгаад 1990 оны 8 дугаар сарын 05-ны өдөр орон тооны цомхотголд орсон. Би Баянхонгор аймгийн НАА Барилга угсралтын контор нь 1990 оны 8 дугаар сарын 05-ны өдрөөс дараагийн ажилд ортол цалингийн дунджаар цалинжуулж байсан. Баянхонгор аймгийн НАА Барилга угсралтын контор нь 1994 оны дуустал уг нэршлээрээ цалин олгож, НДШ-ийг 13.5 хувиар тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж байсан бөгөөд энэ байдлаар нь тамга дэмдэг дарж, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийж өгсөн байдаг. Иймд миний Баянхонгор аймгийн НАА Барилга угсралтын конторт 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл ажилтнаар, 1989 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг дуустал нярав, нормчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн 287093 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 603 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 209 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 146 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 159 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн усны аж ахуйн конторын даргын 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 81 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын газрын 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 01/252 дугаартай албан бичиг, түүний хавсралтууд, төрөл садангийн лавлагаанууд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13/739 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч Ч.Дагвын ХААТР-1 маягтын хуулбар, гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч Ч.Дагвын хөдөлмөрийн 287093 дугаар дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох болон 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторт ажилчин, няраваар ажиллаж байсан байдал тогтоолгох тус тус нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: хүсэлт гаргагч ******* нь 1965 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрж, иргэний бүртгэлийн мэдээлэлд Чимэдцогоо овогтой Дагва гэж нэрээр бүртгэгдсэн, улмаар Чимэдцогоо овогтой Дагва гэж иргэний үнэмлэх авсан, ... намайг сургуульд байхад ******* гэж дууддаг байсан боловч иргэний үнэмлэх авахад Дагва гэж нэртэйгээ мэдсэн тул түүнээс хойш Дагва болсон... гэж хүсэлт гаргагч шүүх хуралдаанд тайлбарласан, түүний ах дүү нарт ******* нэртэй хүн байхгүй талаарх төрөл садангийн лавлагаанууд зэргээр нотлогджээ.

4. Харин хөдөлмөрийн 287093 дугаар дэвтэрт түүний нэрийг ******* гэж бичиж тэмдэглэж нэрийн хувьд зөрүүтэй байдал үүсгэсэн нь хүсэлт гаргагчийн дээрх тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

5. Мөн хөдөлмөрийн 287093 дугаар дэвтэрт дурдсан овог, төрсөн он, боловсрол, гэрэл зураг нь хүсэлт гаргагч Ч.Дагвын иргэний үнэмлэхэд бичигдсэн овог, төрсөн он, гэрэл зурагтай тохирч байх тул хөдөлмөрийн 287093 дугаар дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Чимэдцогоогийн Дагва мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

6. Мөн хүсэлт гаргагч ******* нь 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторт ажилчин, няраваар ажиллаж байсан болох нь түүний 1987-1994 онуудад ажиллаж байсан талаарх баримт түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 603 дугаартай архивын лавлагаа, ажилчид авах тухай Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1987 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 130 дугаартай тушаал, түүний хавсралт, баярын хариуцлагатай жижүүр, эргүүл томилон ажиллуулах тухай Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1987 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 209 дугаартай тушаал, түүний хавсралт, үйлдвэрийн бригадуудын бүтэц зохион байгуулалтын тухай Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаартай тушаал, түүний хавсралт, амралтын хуваарь батлах тухай Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 34 дугаартай тушаал, түүний хавсралт, баярын хариуцлагатай жижүүр эргүүл томилох тухай Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 146 болон 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 159 дугаартай тушаалууд, түүний хавсралтууд, орон тооны цомхотгол хийж, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн усны аж ахуйн конторын даргын 1990 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 81 дугаартай тушаал, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч *******, ******* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

7. Мөн хүсэлт гаргагч *******д 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 397 дугаар бүртгэлд: овог, нэр- Чимэдцогоо овогтой Дагва, ажилладаг байгууллага- Усны аж ахуй, эрхэлдэг ажил-ажилчин, эрхэлж эхэлсэн он-1987 он гэж тэмдэглэжээ.

7. Мөн хүсэлт гаргагч Ч.Дагвын хөдөлмөрийн 287093 дугаартай дэвтэрт дээрх газарт ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэн байгууллагын тамга дарж баталгаажуулсан байгааг дурдав.

8. Иймд хөдөлмөрийн 287093 дугаар дэвтрийн жинхэнэ эзэмшигч нь Чимэдцогоогийн Дагва мөн болохыг болон 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторт ажилчин, няраваар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоож шийдвэрлэлээ.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Ч.Дагвын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч Хаад Боржигин овогт Чимэдцогоогийн Дагвыг хөдөлмөрийн 287093 дугаартай дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хаад Боржигин овогт Чимэдцогоогийн Дагвын 1987 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторт ажилчин, няраваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.Дагвын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Г.БАТЗАЯА