Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 303/ШШ2025/00000

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг, Гурванбулаг сум, 4 дүгээр багт оршин суух, * регистрийн***** дугаартай, ******утасны дугаартай, ***** овогт******,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1964 онд Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Би 61 нас хүрч өндөр настны тэтгэвэр тогтоолгох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1980 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр баригадад малчнаар ажиллаж байсан тул миний ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 695 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаартай тогтоол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаартай тогтоол, түүний хавсралт, ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, *******ын төрсний бүртгэлийн лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03-06/6127, 03-06/6128 дугаартай болон 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03-06/6066 архивын лавлагаанууд, зөвлөмжийн хуудас, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13/737 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч *******ын ХААТР-1 маягтын хуулбар, гэрч Д.Соль, Т.Дайрий нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч *******ын 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3.Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний 1980-1993 онуудад ажиллаж байсан талаарх баримт, цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 695 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагч *******ын 1981-1990 онуудад авч байсан цалинг сар бүрээр нь олгож байсан байдлыг тэмдэглэсэн ХАА-н нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагч нь эхнэр, хүүхдийн хамтаар мал малладаг байсан талаарх Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 03-06/6127, 03-06/6128 дугаартай болон 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03-06/6066 архивын лавлагаанууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Соль, Т.Дайрий нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч *******т 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 007 дугаар бүртгэлд: овог, нэр- Даваацэрэн овогтой Баатар, ажилладаг байгууллага- Хөгжил нэгдэл, эрхэлдэг ажил-хоньчин, эрхэлж эхэлсэн он-1982 он, оршдог сум-Гурванбулаг гэж тэмдэглэжээ.

5. Харин хүсэлт гаргагч *******ын 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан талаарх баримт болон цалин архиваас гараагүй, бусад нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгов.

6. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн тэргүүлэгчдийн хурлын 1980 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 24 дугаартай тогтоол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1984 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаартай тогтоол, түүний хавсралт зэрэг нь хүсэлт гаргагч *******ыг 1980 оны 6 сард 8-р ангид суралцаж байгаа болон багш нарын хичээлийн бэлтгэлд зориулж хөрөнгө зарцуулах гэсэн агуулгуудтай байх тул дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлээгүй болно.

7. Иймд хүсэлт гаргагч *******ын 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******овогт **** ******ын 1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал Гурванбулаг сумын Хөгжил нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                            Г.БАТЗАЯА