| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Ганболд |
| Хэргийн индекс | 191/2025/05460/И |
| Дугаар | 191/ШШ2025/09636 |
| Огноо | 2025-11-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 191/ШШ2025/09636
| 2025 11 10 | 191/ШШ2025/09636 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******, *******, *******, *******од оршин суух ******* овогт *******ын******* /рд:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, , т оршин байрлах “” ХХК /рд:/-д холбогдох
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тогтуунжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний төлөөлөгч М., өмгөөлөгч Б. нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2025 оны 01-р сарын 01-ны өдөр “Энержи Ресурс” ХХК-д , , , , хэвийн бус нөхцөлөөр тээврийн мастераар хөдөлмөрийн гэрээ байгуулж 2025 оны 03-р сарын 16-ны өдрийн хүртэл ажиллаж байсан.
2025 оны 02-р сарын 14-нд миний бие өвдөж улмаар ажилдаа очих боломжгүй нөхцөл байдал үүсэж өөрийн удирдлага болох Ахлах мастер Д. руу өглөөний 06:22 минутад миний бие өвдөөд байна өдөр очъё гэж чат бичсэн. Үүний дараа , , , , , гт байрлах эмнэлэг дээр очиж үзүүлэхэд Өс. гэх оношоор оношлогдож 2025 оны 02-р сарын 15-с 16-ны хүртэл ажлаас чөлөөлсөн эмнэлгийн магадлагаа гарсан.
Гэтэл хариуцагч байгууллага болох “” ХХК нь 2025 оны 03-р сарын 16-ны өдөр ухаа худгийн захирал А. тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Тус үндэслэлээ Тээврийн албаны тээврийн мастер 2025 оны 02-р сарын 15-ны өдрөөс эхлэн ажилдаа ирэх боломжгүйгээ урьдчилан мэдэгдэлгүйгээр 2 хоёр өдөр дараалан ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан тул ажилтантай байгуулсан хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэлтэй гэж тайлбарласан.
Гэвч тус өдөр биеийн байдал муудаж муудсан ч байгууллагын ажлыг тасалдуулахгүй нь улмаас өөрийн удирдлагадаа мэдэгдсэн. Түүнчлэн эмнэлэгт үзүүлж эмнэлгийн магадлагаа хүртэл гарсан байхад тус нөхцөл байдлыг харгалзахгүйгээр ажлаас үндэслэлгүй халагдсан нь гомдолтой байна.
Тус тушаалыг хүлээн зөвшөөрөөгүй тул шүүхээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван тал хороонд хандахад 2 тал харилцан тохиролцоогүй тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. Мөн хуульд заасны дагуу дараагийн шатны арга хэмжээ авах эрхтэй нээлттэй болохыг дурдсан тул шүүхэд хандаж байгаа болно.
Иймд 2025 оны 03-р сарын 16-ны өдрийн тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил эргүүлэн тогтоох, урьд эрхэлж байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичүүлэхийг даалгаж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч нь 2025.1.1-с хариуцагчтай уурхайд хэвийн бус нөхцөлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2025.3.16-нд үндэслэлгүйгээр халагдсан. 2025.2.14-нд эрүүл мэндийн улмаас ажилдаа очих боломжгүй болсон талаар ахлах уруугаа мессеж бичсэн. Үүний дараа эмнэлэгт үзүүлсэн. 15-16-ны өдөр ажлаас чөлөөлөх магадлагаа гарсан. Гэтэл 16-нд ажлаас халсан. Энд 2 өдөр ажил тасалсан гэдэг. Гэвч нэхэмжлэгч нь удирдлагадаа мэдэгдсэн байдаг. Иймд уг тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн томилж, цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн шимтгэл нөхөн төлж бичилт хийхийг даалгана.
1.2. Ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэлийг ажилдаа ирээгүй гэдэг. Үндэслэлийг 9.3-т заасан ноцтой зөрчил гэдэг. 9.3.5 дахь заалтыг тушаалын үндэслэл болгосон байдаг. Үүнийг харвал мэдэгдэлгүйгээр ажлаа таслахыг ойлгохоор байгаа юм. Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг харахаар Иргэний хуульд заасан байдаг. Гэрээний уг заалтыг харвал мэдэгдэхгүй 2 хоног ажилдаа ирээгүйг ойлгоно. 15-нд очиж чадахгүй гэдгээ мэдэгдсэн байдаг. Энэ талаар удирдлага нь тодорхойлолт гаргаж өгсөн байдаг. Мөн хариуцагчийн төлөөлөгч энэ талаар хэлж байна. Үүнээс үзэхэд ажилдаа очих боломжгүй болсон талаараа мэдэгдсэн байна. Архи уусан гэх баримт хэрэгт байхгүй. Эмнэлгийн магадлагаа хэрэгт хавсаргагдсан байдаг. 15-нд ажилдаа очих боломжгүй болсон талаар мэдэгдсэн эсэх нь маргааны зүйл болж байна. Удирдах албан тушаалтан нь мэдэгдсэн талаар тайлбарласан байдаг. Үүнээс үзэхэд мэдэгдээгүй гэсэн тушаал үндэслэлгүй болж байна. 16-нд бол очоогүй. Эмч нойр булчирхайн үрэвсэл гэсэн байдаг. Ингээд 17-ны өдрөөс ажлаа хийгээд явсан. Хугацаа тоолох журам нь энэ маргаанд хэрэглэгдэхээр байна. Ажил тасалсан гэх 2 өдрийг хэрхэн тоолох вэ. Хэдний хэдэн цагаас тоолж байгаа юм. Удирдах албан тушаалтанд мэдэгдсэнээс тоолбол 17-ны өдрийг дуусах хүртэл тоологдох юм. 15-нд мэдэгдсэн тул 16-ны өдрөөс хугацааг тоолно. Улмаар бид 17-нд ажилдаа очсон. Мэдэгдсэн хугацааг 2 хоногт тоолоод байна. Удирдах албан тушаалтандаа мэдэгдсэнийг үгүйсгэж байгаад гомдолтой байна.
Ахлахдаа шөнийн ээлжид ажиллах талаар хүсэлт гаргаагүй. Шөнийн ээлжид ажиллах болсон талаар мэдэгдсэн зүйл байхгүй. Харин нэхэмжлэгч нь очих боломжгүй гэдгээ мэдэгдсэн. ийн тодорхойлолт нь шөнийн ээлжид шилжүүлсэн гэдгийг нотлохгүй юм гэв.
2. Хариуцагч “” ХХК нь шүүхэд, түүний төлөөлөгч А. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд нэхэмжлэгч Энержи Ресурс ХХК (цаашид “Компани” эсхүл “Хариуцагч” гэх)-д холбогдуулан гаргасан “2025 оны 03-р сарын 16-ны өдрийн тоот хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичүүлэх даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. Нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргасан тухайд
Нэхэмжлэгч нь 2023 онд ажилд ороод 2025 оны 01-р сарын 01-ний өдөр Тээврийн мастер албан тушаалд дугаар хөдөлмөрийн гэрээ (цаашид “Хөдөлмөрийн гэрээ” гэх)-г Компанитай байгуулсан. Хөдөлмөрийн гэрээнд заасан ажлын байрны тодорхойлолтын дагуу Нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн үйл ажиллагааг батлагдсан төлөвлөгөөний дагуу зохион байгуулах, хүнд даацын автомашины жолооч нарыг удирдлагаар хангах, хяналт тавих үүрэг хүлээсэн. Тээврийн мастер нь батлагдсан хуваарийн дагуу ажиллаж, жолоочдыг хяналт удирдлагаар хангах нь Компанийн тээвэрлэлт аливаа саадгүйгээр зохион байгуулагдах үндэс болдог. Үүнтэй холбоотойгоор тээврийн мастер ажлаа таслах нь батлагдсан хуваарьт өөрчлөлт орох, тээвэрлэлтэд саад учрах эрсдэлтэй байдаг тул Талууд тохиролцон Хөдөлмөрийн гэрээний 9.3.5 дахь хэсэгт “2 болон түүнээс дээш өдөр дараалан ажил таслах”-ыг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд хамруулсан байдаг.
Нэхэмжлэгч нь 2025 оны 02-р сарын 15 болон 16-ны өдөр дараалан ажилдаа ирээгүй бөгөөд ийнхүү ажилдаа ирэхгүй тухайгаа урьдчилан мэдэгдэж, чөлөө аваагүйгээс гадна хүндэтгэн үзэх аливаа шалтгаан байсан тухай баримтыг ирүүлээгүй тул Нэхэмжлэгчийг 2 болон түүнээс дээш өдөр дараалан ажил тасалсан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн.
Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 4.8 дахь хэсэгт “Хэрэв ажилтан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажилдаа ирж чадахгүй бол хариуцсан шууд удирдлагадаа урьдчилан мэдэгдэж, холбогдох журмын дагуу чөлөө авна” гэж заасны дагуу зохих журмын дагуу чөлөө аваагүй бөгөөд ажилдаа ирээгүй шалтгаан нь гэр бүлийн хүнтэйгээ асуудалтай, 2 өдөр архи ууж ажлаа тасалсан гэж хэлж байснаа, компаниас Хөдөлмөрийн хуулийн 123.3-т зааснаар сахилгын шийтгэл ногдуулж байгааг мэдэгдэж, тайлбар авахад өвчтэй, эмнэлгийн магадалгаа өгнө гэж худлаа хэлсэн боловч нэхэмжлэлд хавсаргасан эмнэлгийг магадалгааг Компанид ирүүлээгүй байдаг.
2. Компани холбогдох журмын дагуу тушаал гаргасан тухайд
Компани нь Нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан холбогдох журмын дагуу 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тоот Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг гаргасан.
Тодруулбал:
Хөдөлмөрийн тухай хуулийн 123-р зүйлийн 123.3 дахь хэсэгт “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ” гэж заасны дагуу Компани нь 2025 оны 2 сарын 23-ны өдөр Нэхэмжлэгчээс холбогдох тайлбарыг авсны үндсэн дээр 2 өдөр дараалан ажил тасалсан болохыг тогтоож, Нэхэмжлэгчид холбогдох Зөрчил бүртгэх хуудас № -г нээсэн.
Улмаар, Нэхэмжлэгчийн 2 өдөр дараалан ажил тасалсан үйлдэл нь Хөдөлмөрийн гэрээний 9.3.5 дахь хэсэгт заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд хамаарч байсан тул 2025 оны 3 сарын 15-ны өдөр Нэхэмжлэгчид ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, сахилгын шийтгэл ногдуулах хуудсыг Нэхэмжлэгчид танилцуулсан. Тус өдөр хүртэлх хугацаанд Нэхэмжлэгч нь 2 өдөр дараалан ажил тасалсан болохоо хүлээн зөвшөөрч байсан боловч сахилгын шийтгэл ногдуулах хуудсыг танилцуулсны дараа л “тухайн өдөр эмнэлгийн магадлагаа авсан” гэх тайлбарыг өгсөн байдаг. Нэхэмжлэгч нь тухайн зөрчил гаргасан өдрөөс хойш 1 сарын хугацаа өнгөрсний дараа эмнэлгийн магадлагаатай байсан гэх тайлбарыг өгч, тус магадлагаагаа мөн гаргаж өгөөгүй тул Компанийн зүгээс үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй юм. Иймээс уурхайн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавьж ажиллах хариуцлагатай албан тушаалтны хувьд Нэхэмжлэгч нь ийнхүү өөрийн ажил үүрэгтээ хайхрамжгүй хандаж, 2 өдөр дараалан ажил тасалсан бөгөөд, тус үйлдэлдээ зөрүүтэй тайлбаруудыг өгч байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй хэмээн үзэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, ажил олгогчийн зүгээс үндэслэл бүхий сахилгын шийтгэл ногдуулсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
2.1. Хариуцагч нь аймагт уурхай эрхэлдэг. Удирдлага хотод байдаг. Нэхэмжлэгч нь тээвэрлэлтийн албанд мастер ажилтай. 2023 онд ажилд ороод 2025 онд албан тушаал дэвшсэн. 2025.2.15-16-нд ажид тасалсан байдаг. Ингээд 3 сарын 16-нд тушаал гарсан байдаг. Одоо ч компани дээр эмнэлгийн магадлагаа ирээгүй. Ажил тасалсны дараа зөрчлийн хурал хийж тайлбар авсан байдаг. Энэ тайлбар дээр 2 өдөр ажил тасалсан нь үнэн, гэр бүлийн маргаантай байсан гэдэг. Тэр өдөр өглөө ажилд гарах ёстой байсан. Ахлахдаа бие өвдөөд байна үдээс хойш очно гэснээр ээлжийг нь сольсон байдаг. Тээврийн мастер гэдэг нь жолооч нарт зааварчилгаа өгч ажилд гаргадаг удирдах албан тушаалтан юм. Манайх зөрчил шалгах ажиллагаа явуулдаг. Ажлаас чөлөөлөх болоход л өвчтэй байсан гэж ярьдаг. Хөдөлмөрийн гэрээний 9.3-т зааснаар 2 өдөр тасалбал ноцтой зөрчилд тооцдог. Дараа нь баримт гаргаагүй байдаг юм. Иймд хууль ёсны дагуу ажлаас чөлөөлсөн.
Удирдлага зөвшөөрсөн гээд байна. Нэхэмжлэгч нь ростерийн ажил хийдэг. Шууд удирдлагадаа бие өвдөөд байна, өдөр очно гэсэн байдаг. Ингээд шөнийн ээлжид болгосон байдаг. Ингэхээр 15, 16 өдрийг тоолно. Оройны ээлждээ ирээгүй юм. 2 сарын 13-нд өөрөө тайлбар өгөхдөө эхнэртэйгээ муудаад ажил тасалсан гэдгээ хэлсэн байдаг юм. Үүнийг өөрөө хэлсэн байдаг. Манайх журмаараа ажлаас чөлөөлөх болоход л магадлагаа яриад эхэлсэн юм. Ээлжийн нь сольсон боловч ирээгүй тул 2 өдөр тасалсан гэж үзнэ гэв.
3. Зохигч дараах нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн.
3а. Нэхэмжлэгчээс: Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаал /хх3/, эмнэлгийн магадлагаа /хх7/, хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх12-14/, өргөдөл гомдлын бүртгэлийн хуулбар /хх35/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар тодорхойлолт /хх134/
3б. Хариуцагчаас: Дүрмийн хуулбар /хх44-49/, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх50-56/, ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх57-59/, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалын хуулбар /хх60/, тойрох хуудасны хуулбар /хх61/, зөрчил бүртгэх хуудасны хуулбар /хх62/, 2025.02.23-ны өдрийн тайлбарын хуулбар /хх63/, цагийн бүртгэлийн хуулбар /хх64/, сахилгын шийтгэл ногдуулах хуудасны хуулбар /хх65/, Д.ийн тайлбарын хуулбар /хх66/, 2025.03.15-ны өдрийн тайлбарын хуулбар /хх67/, ажлын байран дахь анхан шатны зааварчилгааны хуулбар 2 ширхэг /хх68, 71/, чиглүүлэх хөтөлбөрийн хуулбар 2 ширхэг /хх69, 72/, цахим шуудангийн хуулбар /хх70/, уншиж танилцвал зохих журам, дүрэм, заавар, болон баталгааны хуулбар /хх73/, хөдөлмөрийн гэрээний хавсралтын хуулбар /хх74/, тээврийн албаны үйл ажиллагааны журмын хуулбар /хх82-109/, хөдөлмөрийн дотоод журмын хуулбар /хх110-116/, гүйцэтгэх захирлын журам шинэчлэн батлах тухай тушаалын хуулбар /хх116/, ажлын цаг ашиглалт, цагийн бүртгэлийн тухай журмын хуулбар /хх117-122/, зөвшөөрөл тооцооллын хуудас /хх123/, сануулах бичиг /хх124/.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.
3. Хариуцагч “” ХХК нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил гаргасан, эмнэлгийн магадлагааг ирүүлээгүй гэж маргаж байна.
4. Зохигч нэхэмжлэгчийг 2023 онд хариуцагч хуулийн этгээдэд ажилд орсон талаар маргаагүй. Улмаар хариуцагчийн Ухаа худаг салбарын захирлын 2025 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. /хх3/
Энэхүү тушаалаас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 83 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтыг үндэслэж, улмаар 1 дэх заалтаар гаргасан гэх зөрчлийг заасан байх тул хэлбэрийн шаардлага хангасан байна. Тодруулбал, нэхэмжлэгчийг мэдэгдэлгүйгээр 2 өдөр дараалан ажил тасалсан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзжээ.
5. Хөдөлмөрийн гэрээний 9.3-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар шууд цуцлах ноцтой гэж үзэх зөрчлийн талаар зохицуулсан бөгөөд 9.3.5-т ажил олгогчид мэдэгдэлгүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан бол ноцтой зөрчилд тооцохоор заасан байна. /хх54/
5.1. Зохигч нэхэмжлэгчийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн өглөө өөрийн шууд удирдлага болох ахлах ажилтан Д.т “бие өвдөөд байна, өдөр очно” гэж мэдэгдсэн үйл баримтын талаар маргаагүй. /хх66/
Тодруулбал, ахлах ажилтан Д.ийн тайлбараас үзэхэд эрүүл мэндийн шалтгааны улмаас өдөр очих талаар мэдэгдсэн, цаашлаад 15-ны шөнийн ээлжид ажиллах ёстой байсан боловч ажилдаа ирээгүй гэжээ. Мөн нэхэмжлэгч тал 15 болон 16-ны өдөр ажилдаа очоогүй талаар маргаагүй.
5.2. Харин нэхэмжлэгч нь эмнэлгийн магадлагаагаар ажлаас чөлөөлөгдсөн байсан гэж маргасан. Хэрэгт эмнэлгийн магадлагаа авагдсан бөгөөд үүнээс үзэхэд 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрөөс 16-ны өдөр хүртэл буюу 1 өдөр ажлаас чөлөөлсөн байна. /хх7/
Гэвч нэхэмжлэгчийн 2025 оны 03 дугаар сарын 15-ны өдөр бичсэн тайлбараас үзэхэд магадлагааг ажил олгогчид өгөөгүй байна. Мөн 15-ны өдөр эмнэлгийн магадлагаа авсан гэх боловч энэ талаараа ажил олгогчид мэдэгдээгүй. /хх67/
Цаашлаад, нэхэмжлэгчийн 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр бичсэн тайлбараас үзэхэд эрүүл мэндийн шалтгаанаар бус харин гэр бүлийн шалтгааны улмаас ажил тасалсан гэдгээ зөвшөөрсөн байна. /хх63/
Нэхэмжлэгч нь эдгээр гараар бичсэн баримтыг өөрөө бичсэн, улмаар ажил олгогчид өгсөн үйл баримтын талаар маргаагүй.
Иймд хариуцагч нь нэхэмжлэгчийг эмнэлгийн магадлагаатай байсныг мэдээгүй, энэ талаар нэхэмжлэгч мэдэгдээгүй, эмнэлгийн магадлагааг өгөөгүй байх тул ажил таслах ноцтой зөрчил гаргасан гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь өөрийн шууд удирдлагад тухайн өдөр очно гэж мэдэгдсэн боловч эмнэлгийн магадлагаа гарснаар очих боломжгүй болсон талаараа мэдэгдээгүй байна.
6. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8, 61 дүгээр зүйлийн 61.1.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасан үндэслэлгүй тул хариуцагч “” ХХК-д холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД