Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/02413

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2018/02413

 

 

 

 

Л.Бямбадуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02981 дүгээр шийдвэртэй, Л.Бямбадуламын нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 68 тоотод орших орон сууцыг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Бямбадулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа: 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 940 дүгээр захирамжаар Ариг банк ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Нарангэрэл, Г.Пүрэвтогтох, Л.Бямбадулам нарт холбогдох, зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэг нийт 60 237 409.87 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 8378 дугаар захирамж, 829 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 17261336 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэн явуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор барьцааны хөрөнгө болох Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороолол, 10 дугаар байр, 68 тоот хаягт байршилтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг томилж, Сэлэнгэ эстимэйт ХХК нь барьцааны хөрөнгийг 96 000 000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэгч нь барьцааны хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагаа явуулахдаа хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Одхүү, О.Цолмон, О.Маралмаа нараас үнийн санал аваагүй, түүнчлэн Сэлэнгэ эстимэйт ХХК барьцааны хөрөнгийн үнэлгээг өнөөгийн зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн. Иймд барьцааны хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Цэрэннадмид шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 940 дүгээр захирамжаар С.Нарангэрэл, Г.Пүрэвтогтох, Л.Бямбадулам нараас 54 088 244 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг үндэслэн Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол 10 дугаар байрны 68 тоотод байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2204007380 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 163/01 дугаартай битүүмжлэх тогтоолоор битүүмжлэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 17261336/06 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолоор тус тус хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар төлбөр төлөгч Л.Бямбадулам, өмчлөгч Ж.Одхүү, О.Цолмон, О.Маралмаа нарт 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4/1902 дугаартай албан бичгээр, төлбөр төлөгч С.Нарангэрэлд 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4/1908 албан бичгээр, төлбөр төлөгч Г.Пүрэвтогтоход 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 4/1909 албан тоотоор үнийн саналыг авахад үнийн саналыг ирүүлээгүй, төлбөр авагч Ариг банк ХХК-ийн зүгээс шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг ирүүлсэн. Тус газраас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг Сэлэнгэ эстимэйт ХХК-аар тогтоолгоход 96 000 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг төлбөр төлөгч Г.Пүрэвтогтоход 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4/5867 дугаартай албан бичиг, төлбөр төлөгч С.Нарангэрэлд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4/5874 дугаартай албан бичиг, төлбөр төлөгч Л.Бямбадулам, өмчлөгч Ж.Одхүү, О.Цолмон, О.Маралмаа нарт 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 4/5867 албан тоотоор тус тус мэдэгдэж төлбөр төлөгч нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар гомдол гаргах болон бие даан худалдан борлуулж болохыг анхааруулж тайлбарлан өгсөн. Төлбөр төлөгч нарын гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнэлгээг 70 хувиар тооцон 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр оруулсан боловч худалдан борлогдоогүй байна. Төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаанд оруулж төлбөр барагдуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Бямбадуламын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 68 тоотод орших 40 м.кв талбай бүхий, улсын бүртгэлийн Ү-2204007380 дугаартай, 3 өрөө орон сууцыг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Бямбадулам давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, үндэслэлгүй шийдвэр гаргасан. Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 10 дугаар байрны 68 тоот 3 өрөө орон сууцыг хэт үнэгүйдүүлж, төлбөр төлж хүрэлцэхгүй хэмжээнд хүргэж /2 дахь дуудлага худалдаанд үнэ буурахад төлбөрөө төлж хүрэхгүй/ үнэлсэн нь хуульд заасан хүний эрхийг зөрчсөн байхад шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Мөн хөрөнгийн үнэлгээний Сэлэнгэ эстимэйт ХХК нь орон сууцыг үнэлэхдээ өнөөдрийн зах зээлийн ханшийг яг ямар баримтад үндэслэж гаргасан нь нотлох баримтаар нотлогдохгүй байхад уг 96 000 000 төгрөгийн үнэлгээг зөв үнэлсэн гэж дүгнэсэн нь эрх ашгийг минь зөрчиж, хохироож байна. Үнэлгээний компани үнэлгээний аргаар үнэлсэн гэх боловч яг зах зээлийн тухайн үеийн ханшийг бодитоор нотолж чадахгүй байгааг анхаарч үзнэ үү. Тус орон сууц нь 3 өрөө, байршил сайтай, засвар хийсэн өндөр үнэлэгдэх зах зээлийн ханштай байр учраас нэхэмжлэгч миний бие уг орон сууцыг өөрөө зах зээлийн ханшаар зарах хуульд заасан боломж байхад энэ бололцоогоор хангахгүй шинжээчээр үнэлүүлж, үнэгүйдүүлж зарах гэсэн үйлдэл болж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж, намайг төлбөр төлж хүрэлцэхгүй байдалд оруулж, орон байргүй болгох хүнд нөхцөл байдалд оруулсан тул уг шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй боловч хэрэглэвэл зохих хуулийн зарим зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэн, дүгнэлт хийгээгүйг зөвтгөж өөрчлөх шаардлагатай байна.

Нэхэмжлэгч Л.Бямбадулам нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 940 дүгээр захирамжаар С.Нарангэрэл, Г.Пүрэвтогтох, Л.Бямбадулам нараас 54 088 244 төгрөгийг гаргуулж Ариг банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна. /хх-ийн 4-5 дугаар тал/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, Ж.Одхүү, Л.Бямбадулам, О.Цолмон, О.Маралмаа нарын өмч, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 хороолол, 10 дугаар байр, 68 тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө болох 60. м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 163/01 дугаар тогтоолоор битүүмжилж, 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 17261336/06 дугаар тогтоолоор хураажээ. /хх-ийн 58, 61-62 дугаар тал/

Төлбөр төлөгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйн улмаас 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаар тогтоолоор дээрх орон сууцыг үнэлүүлэхээр шинжээч томилсон байна. /хх-ийн 10 дугаар тал/

Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдааны санал болгох үнийг төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нар нь хоорондоо тохиролцоонд хүрээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу шинжээч томилох учиртай. Хэргийн 62-65 дугаар талд авагдсан баримтаас үзвэл төлбөр төлөгч, өмчлөгч нар шийдвэр гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй ба талууд үнэлгээг тохиролцоогүй гэх үндэслэлээр хөндлөнгийн шинжээч томилсноор тухайн орон сууцны зах зээлийн үнэлгээг 96 000 000 төгрөгөөр тогтоосон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийг төлбөр төлөгч Л.Бямбадуламд 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр мэдэгдэл өгч мэдэгдсэн, 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэгч Ц.Бямбадулам шинжээчийн дүгнэлттэй танилцсан, энэ тухай шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн, мэдэгдэл болон тэмдэглэлд Ц.Бямбадулам гарын үсэг зурсан байна. /хх-ийн 72, 74 дүгээр тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо үнэлгээ тогтоосныг мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргахаар заасан. Нэхэмжлэгч буюу төлбөр төлөгч Л.Бямбадулам нь шийдвэр гүйцэтгэгчийн дээрх мэдэгдлийг хүлээн аваад 2018 оны 5 дугаар сарын 28, 31-ний өдрүүдэд үнэлгээтэй холбоотой гомдол гаргасан нь хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн байхад шүүх энэ талаар дүгнээгүй орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ.

Түүнчлэн нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаарх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргаагүй буюу өөрийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзнэ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийн зохих зүйл заалтыг хэрэглээгүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг баримталж, хууль хэрэглээний алдааг залруулан, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2018/02981 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 55 дугаар зүйлийн 55.1 гэсний дараа 55 дугаар зүйлийн 55.7 гэж нэмж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгч Л.Бямбадуламын 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 9 800 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ТУЯА

 

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Б.НАРМАНДАХ