| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0514/Э |
| Дугаар | 527 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 527
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч Н.Ундрах (томилолтоор), шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Х овогт И.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808017060537 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт И.Б, Монгол Улсын иргэн,......регистрийн дугаар ............, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч И.Б нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан тариан 3-32 тоотод иргэн Б.Ц, Ж.Г нарыг зодож, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “И.Б нь 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан тариан 3-32 тоотод Б.Ц, Ж.Г нарыг зодож, Б.Ц-ийн бие махбодод “эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцралт”, Ж.Г-ийн бие махбодод “зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт,баруун нүдний дээд зовхины зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч И.Б шүүх хуралдаанд: “...Би мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд нэмж ярих зүйлгүй. Хохирогч нарын биед учирсан гэмтлийг би учруулсан, маргах зүйлгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би хохирогч Г хохирол төлөх гэсэн боловч хайгаад олдоогүй, гар утас нь холбогдохгүй байсан...” гэв.
2. Хохирогч Б.Ц-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…Б эхнэртэйгээ хэрэлдэж муудалцаад байхаар нь Г, Б-ийн эхнэрийг өмөөрч түүнд хэдэн үг хэлсэн. Б, Г хоёр бие засах гэж гараад, удалгүй чимээ гарахаар нь гараад очтол Б, Г-ийг зодож байсан. Би Б-ийг салгаад “чи болиоч” гээд цээж рүү нь гараараа цохисон чинь зөрөөд миний эрүү рүү гараараа нэг удаа цохисон ... эрүү хөхөрсөн байсан, одоо эдгэрсэн. Эмчилгээ хийлгэхгүй баримт байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-8 дугаар хуудас),
3. Хохирогч Ж.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...архи уугаад сууж байтал Б эхнэртэйгээ муудалцаж байгаад эхнэрээ цохихоор нь би “чи болиоч” гээд хэлсэн чинь Б “чамд хамаагүй шүү” гэсэн. ...гадаа байх үед Б миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон, би газар унасан, тэр үед миний нуруу руу өшиглөсөн. Ц, Д хоёр гарч ирээд салгах үед Б, Ц-ийн эрүү рүү гараараа нэг удаа цохисон. Ц цагдаа дуудсан чинь Б гараад зугтаасан. ...Зодуулснаас болж миний тархи хөдлөөд толгойгоо 7 хоног бариулсан. Бариулах болгондоо 5000 төгрөг төлсөн, нийт 35,000 төгрөг болсон. Мөн бөөр өвдөөд байхаар нь “Талст” гэдэг эмнэлэгт үзүүлж 450,000 төгрөгөөр бариа засал хийлгэсэн бөгөөд баримт нь байгаа. Би эмчилгээндээ нийт 600,000 орчим төгрөгийн зардал гаргасан бөгөөд үүнийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-12 дугаар хуудас),
4. Гэрч С.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Бид Ц-ийн гэрт үргэлжлүүлээд уухаар болсон. Тэнд очоод архи ууж байгаад би тасарчихсан. Тэгтэл Б намайг алгадаад авсан санагдаж байна. Ттэр үед найз Ц дундуур орох үед Б түүний эрүү рүү цохисныг санаж байна. ...Г урьд өдөр нь манай нөхөрт агсамнаад байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас),
5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4321 дугаартай “....Ж.Г-ийн биед зүүн нүдний дээд доод зовхи зүүн шанаа, нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт,баруун нүдний дээд зовхины зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 27 дугаар хуудас),
6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 4321 дугаартай “....Б.Ц-ийн биед эрүүний цус хуралт, зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 27 дугаар хуудас),
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Энэ хэргийн шүүгдэгч И.Б нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримт, учирсан хор уршигийн талаар маргаагүй болно.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хохирогч Б.Ц нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн. Хохирогч Ж.Г нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн эмчилгээний зардалд 600,000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар 458,000 төгрөгийн хохирол учирсан байна. Иймд нотлох баримтын хүрээнд шүүгдэгч И.Б-оос 458,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Г-т олгох нь зүйтэй байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч И.Б-ийн үйлдэл идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.
Иймд шүүгдэгч И.Б-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч И.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч И.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх саналтай байна. Шүүгдэгч Б нь хохирогч Б.Ц төлөх төлбөргүй, хохирогч Ж.Г-т нотлох баримтаар нотлогдсон эмчилгээний 458,000 төгрөг төлөгдөөгүй байх тул шүүгдэгч И.Б-оос уг хохирлыг гаргуулж, хохирогч Ж.Г-т олгуулах саналтай байна. Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ шүүх хуралдаанд шүүгдэгч И.Б-ийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Миний үйлчлүүлэгч 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Алтан тариан 3-32 тоотод иргэн Б.Ц, Ж.Г нарыг зодож, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ мөрдөн байцаалтын шатнаас хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа. И.Б нь хохирогч Б.Ц-д хохирол төлбөргүй, хохирогч Ж.Г-т хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хохирол төлбөрийг төлөх гэсэн боловч хохирогч Ж.Г нь хөдөө ажиллаж байгаа тул холбоо барих боломжгүй байсан. Иймд хохирол төлбөрийг шүүх хуралдаанаас өмнө төлж чадаагүй. Тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлнө гэдгээ шүүх хуралдаанд илэрхийлсэн. Миний үйлчлүүлэгч хохирогч нараас уучлал гуйсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, өөрийн хашаандаа автомашины засвар ажиллуулж орлого олдог зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүх шүүгдэгч И.Б-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ингэхдээ шүүх өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авч шүүгдэгч И.Б-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон, энэхүү ял нь түүнийг нийгэмшүүлэх болон цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овогт И.Б-ийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар И.Б-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар И.Б-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Шүүгдэгч И.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Б-с 458,000 (дөрвөн зуун тавин найман мянга) төгрөг гаргуулж, хохирогч Ж.Г-т олгосугай.
7.Шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчид гардуулсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч И.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА