Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2024/ДШМ/1299

 

 

 

 

 

 

 

    2024          12            04                                           2024/ДШМ/1299

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Б,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр,  

нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан, 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/1046 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2402001130101 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.   

Э.Б  ... тоотод оршин суух, урьд

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх,

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1096 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ялуудыг нэмж нэгтгэн нэг жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1096 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1101 дүгээр шүүгчийн захирамжаар 68 хоногийн хорих ялаар сольсноос эдлээгүй үлдсэн 26 хоногийг тус тус энэ тогтоолоор оногдуулсан нэг жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн Э.Б-гийн биечлэн эдлэх ялын хугацааг 01 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосон;

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б- нь бусдыг залилах гэмт хэрэг үйлдэх зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр С.Б-ийн “В S” гэх фэйсбүүк цахим хаягт хууль бусаар халдаж нэвтрэх нууц үгийг өөрчилсөн буюу кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулсан,

хохирогч С.Б-ийн “В S” гэх фэйсбүүк хаягийг ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хохирогч Л.И-оос “би ном уншаад гарч чадахгүй байна, та 577хххххххх гэсэн данс руу мөнгө шилжүүлээд өгөөч” хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглан бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Хаан банкны 577хххххххх тоот дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ө нэртэй зочид буудалд хохирогч Г.Б-ийн гар утасны Notepad хэсэгт хадгалагдаж байсан интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан мөнгөн шилжүүлэг хийх, ашиглах эрх бүхий банкны цахим мэдээллийн системд зөвшөөрөлгүйгээр хандаж нэвтэрсэн,

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өнэртэй зочид буудалд хохирогч Г.Б-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар түүний Хас банкны 500ххххххх тоот данснаас өөрийн Хаан банкны 507хххххххх тоот данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Г.Б-д 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан,

2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өөрийн гар цүнхэндээ гялгар уутны хамт 21.3 грамм, цэвэр жин нь 19,1 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tehtrahydrocannabinol/-ийн агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Э.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Э-ийн Б-г “цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн”, “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан”, “кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн, “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”, “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 4 жил 6 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хорих ял дээр, өмнөх 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хугацааг нь 5 жил 7 сар 10 хоногоор тогтоож, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 135 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-гээс нийт 3,800,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Б-д 3,500,000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т-д 300,000 төгрөгийг тус тус олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 3, 6 дахь хэсэгт заасныг баримтлан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй “цаасан ууттай ногоон өнгийн ургамал уутны хамт 21,3 грамм, цэвэр жин нь 19,1 грамм сэтгэцэт нөлөөт бодис”-ийг зохих журмын дагуу устгахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б- гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад холбогдох 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр үйлдэгдсэн хэрэг анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шалгагдаж байсан энэ хэргийг 2023 оны 8 дугаар сарын шийтгэх тогтоолд дурдагдсан хэргүүдтэй мөрдөгч мэдсээр байж хэргийг нэгтгэж өгөөгүй.

Мөн хэргийн бусад оролцогч хэрэг үйлдэгдсэн шинжийн талаар мэдүүлсээр байтал авч хэлэлцээгүй. Үүний нотолгоо нь: Тухайн үед надад холбогдох хэрэгт хяналт тавьж байсан прокурор Ариунцэцэг албан ёсоор хэрэг байгаа эсэх талаар асуусан боловч хэрэг байхгүй хэмээн хариу өгсөн.  Над руу дараа заналхийлсэн, ёс бус чат бичиж байсан ба энэ нь цахим сүлжээнд баримтаар үлдсэн байдаг. Намайг өөр хэрэгт холбогдон шалгагдаж, шийтгэгдэж буйг мэдсээр байж цагдан хоригдож байх хугацаанд буюу 2022.09.29-2023.11.17-ыг хүртэлх хугацаанд эрэн сурвалжилсан байдаг. Ийнхүү ёс зүйгүй үйлдлүүд удаа дараа гаргаж байгаад намайг шийтгэгдсэний дараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн дээр  кибер халдлага үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмж зүйлчлэн эрх зүйн байдлыг дордуулан хэт яллах талыг баримтлан хувийн үзэл бодлоо тулган мөрдөн байцаалт явуулсан гэж үзэж байна. Мөн хохирогч болон гэрчийн мэдүүлгээс авч үзвэл мөрдөгч хэргийн өөр нэг оролцогчийн нөлөөнд автсан байж болзошгүй тул би энэ бүхнийг шалгуулахаар зохих газарт нь хандсан.

1-р хавтаст хэргийн 174 дүгээр талд хохирогч Б-ийн “...Б гэх хүний 507ххххххх, Б  577хххххххх гэсэн данснууд байсан ...” гэсэн мэдүүлэг, 1-р хавтаст хэргийн 194 дүгээр талд байх гэрч Б-ийн мэдүүлэг, 1-р хавтаст хэргийн 196 дугаар талд байх гэрч Т-ийн мэдүүлэг, 1-р хавтаст хэргийн 198 дугаар талд байх гэрч А-ийн “...Би одоогоор Б, Т, Т, Д, Т, Д нарын холбогдон шалгагдаж байгаа хэрэгт хамтран оролцогчоор 2206008871214 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа...” гэх мэдүүлэг, мөн миний хэргийн талаар болон бусад оролцогч нарын өгсөн мэдүүлгүүдээс /1-р хх-ийн 190, 191/ тодорхой харагдана.

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн хэрэгт хохирогч Г.Б-тай түүний найз Б /надад өөрийг А хэмээн худал танилцуулсан байсан/ нь намайг танилцуулсан байх бөгөөд бид мөнгө зээлэх, зээлдүүлэх зорилгоор уулзан зочид буудалд орсон боловч уг өдөр согтууран танхайрч, хүч хэрэглэн бэлгийн харьцаанд орсон байдаг ба уг хэрэг явдлыг нуун дарагдуулах зорилгоор удаа дараа сүрдүүлэн, улмаар худал гомдол, мэдүүлэг өгөн намайг кибер халдлага хийн мөнгө хулгайлан авсан хэмээн хилс хэрэгт гүтгэж байна.

Уг хэрэгт хохирогч Г.Б өргөдөлдөө “...бид хамт согтууруулах ундаа уусан...” гэж, мэдүүлэхдээ “...Би Б гэх хүнтэй найзлаад олон жил болж байгаа. Б нь тухайн эмэгтэйг надтай танилцуулсан. Би ганц бие учраас эмэгтэй хүнтэй танилцах зорилгоор Бгээр дамжуулан танилцсан...” /1-р хх-ийн 98, 118/ гэх боловч Б-гээс болон надаас нэг ч удаа мэдүүлэг аваагүй байдаг. Энэ нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдаж хэргийн үнэн бодит байдлыг гуйвуулахуйц байна гэж үзэж байна. Миний бие зөвхөн хохирогчийн мэдүүлэгт үндэслэн нотлох баримтгүйгээр кибер халдлага үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт буруутгагдаж байгааг эсэргүүцэн банкны шинжээч томилуулах хүсэлт гаргасан боловч хүлээж авалгүй нэг талыг барьж мэдүүлгээр яллаж миний эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний бие энэ хэргийн цаана байх Б, Б нарын үйлдсэн, тэдний нуун дарагдуулахыг хүссэн хүний биед хууль бусаар халдан гутаан доромжилж, биеийн болон сэтгэл санааны дарамт учруулсан үйлдэлд гомдол гаргасан. Үүнийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа болно.

Би одоо 23 настай, япон хэлний багш орчуулагч мэргэжилтэй, айлын том охин. Хэдийгээр өөрийн гэнэн томоогүй зангаасаа үүдэн гэмт хэрэгт холбогдсон боловч өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч зохих шийтгэлийн хүлээж байгаа билээ. Гэсэн хэдий ч бусдын үг үйлдлийн улмаас үйлдэлтэйгээр шийтгэгдэх нь миний хувийн болон эрх зүйн байдлыг дордуулж байна. Миний бие хэргийг үнэн зөвөөр шийдүүлж, цаашид өөрийн хүч хөдөлмөрөөр амьдарч, шамдан суралцаж, дүү нартаа хариуцлагатай эгч, аав ээжийн ачлалт охин байх чин хүсэлтэй билээ.     

Надад холбогдох хэрэгт дээр дурдагдсан ээдрээтэй байдлууд, эцэслэн тодруулж, шалгуулах зүйл байгаа учир хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, хэн ямар хэлбэрээр кибер халдлага үйлдсэн, цаашлаад үнэн зөвийг тогтоож өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаяр гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.Б- нь Г.Б-ийн гар утасны Notepad хэсэгт хадгалагдаж байсан интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг мэдэхгүй байсан байхад буруутгасанд гомдолтой байна. Э.Б- нь тухайн үед өөрийн танил ах Б гэгчид хандаж надад мөнгө хэрэгтэй байна, мөнгө зээлхүү гэхэд надад байхгүй харин би чамайг мөнгөтэй хүнтэй танилцуулая гээд Б-тай гурвуулаа уулзсан, ингээд танилцуулсаны дараа Б явж хоёулаа буудалд үлдэж тэндээ хоносон. Буудалд байхдаа пиво уусан бөгөөд Б  сарын дараа өгье мөнгө зээлээ ч гэхэд зөвшөөрч согтуу байх үедээ өөрөө гар утаснаасаа 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Ингээд мөнгө аваад хагас сар болж байхад зээлсэн мөнгөө нэхэж, одоогоор мөнгөгүй байна, жаахан хүлээгээч гэхэд мөнгө өгөхгүй бол би Чингэлтэйн цагдаад танилтай шүү, чамайг цагдаад өгнө шүү гэж заналхийлж байсан байна. Мөн Б мэдүүлэгтээ би Б гэх хүнтэй найзлаад олон жил болж байна. Найзын харилцаатай хүмүүс, Б нь надтай Э гэх эмэгтэйг танилцуулсан. Би өөрөө ганц бие бөгөөд эмэгтэй хүнтэй танилцах зорилгоор Бд хэлж байсан, Б нь надад ийм охин байгаа гэж танилцуулж байсан юм гэж мэдүүлсэн байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй гэжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд хэрэг явдал 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр болсон, Б 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр буюу хэрэг явдал болсноос хойш 22 хоногийн дараа цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан, мөрдөгч Б-гаас 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр мэдүүлэг авсан байдаг. Гэтэл энэ хэргийн талаар мөрдөгч Э.Б-г яллагдагчаар татсан байтлаа түүнээс энэ хэргийн талаар нэг ч удаа мэдүүлэг аваагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 3-т “Сонсгосон ялын талаар бичгээр болон амаар тайлбар гаргах эрхтэй”, 4-т “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй” гэх эрхийг нь ноцтой зөрчсөн байдаг. Мөн мөрдөгч Э.Б-г бусдын гар утсанд кибер халдлага хийсэн гэж үзэж байгаа бол тухайн өдрийн Хас банк дахь Б-гийн дансанд гүйлгээг хийхдээ хуучин кодыг нь устгаж шинэ кодоор хийж үү, үгүй юу гэдгийг нь “Хас” банкинд хандан тогтоох ёстой байсан. Гэтэл мөрдөгч ийм ажиллагааг хийгээгүйгээр барахгүй энэ талаар үнэн мөнийг тогтоолгох боломжийг Б-д олгоогүй байдаг.

Хэрэв хэргийн талаар Б-ээс мэдүүлэг авсан бол хохирогч гэгдэх Б-гаас дахин мэдүүлэг авах шаардлага үүснэ, мэдүүлгүүдийг нотлох ажиллагааг хийх ёстой байсан. Гэтэл энэ ажиллагаа хийгдээгүй байхад Э.Б-г Эрүүгийн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй, ийм үйлдэл хийгээгүй байх тул мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй болно.

Харин Б нь Б-д хүссэнийх нь дагуу 3,500,000 төгрөг зээлсэн нь иргэд хоорондын маргааны асуудал байна гэж үзэж байна.

Мөн хохирогчоос дахин мэдүүлэг авах байтал мөн л аваагүй, мөнгөө алдсан юм бол тэр дариудаа цагдаад мэдэгдэхгүй яагаад 22 хоногийн дараа мэдэгдсэн юм. Өөрийг нь танилцуулсан гээд байгаа Б гэдэг хүнийг хэлсэн байдаг үүнээс үзэхэд Б  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэх нотолгоо байхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5-д “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэсний дагуу холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...” гэв.   

Прокурор Г.Б тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Б- нь өөр хэрэгт шалгагдаж байсан, тухайн хэргийг нэгтгэж шалгаагүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ. Тухайн хэргүүд нь уг хэрэгтэй хамааралгүй тул энэ талаар хэлэх тайлбаргүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэг нь хэрэгт авагдсан Б, Б нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд, түүнчлэн тэдгээрийн фейсбүүкт халдсан, Б-гийн интернэт банкны аппликейшнд түүний гар утсанд хадгалагдаж байсан нууц үгээр нэвтэрч, мөнгийг нь шилжүүлэн авч хулгайлсан болох нь тогтоогдсон гэж үзэж байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “н.Б болон Э.Б- нарыг танилцуулсан гэгдэх н.Б-гээс гэрчийн мэдүүлэг аваагүй” гэж тайлбарлаж байна. Хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь “н.Б-гээр дамжуулж танилцсан” гэх үйл баримтын талаар мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.” гэж заасан. Б нь хохирогч, шүүгдэгч нарын танилцсан тухай асуудлыг л мэдэж байгаа болохоос биш мөнгө шилжсэн тухай асуудлыг гэмт хэрэг үү, эсхүл мөнгө зээлсэн асуудал уу гэдэг талаар мэдэхгүй. Иймээс түүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгчийг яллагдагчаар татсаны дараа түүнээс мэдүүлэг аваагүй” гэж тайлбарлаж байна. Прокурорын зүгээс шүүгдэгчийг яллагдагчаар татсан, эсхүл эрүүгийн хэрэгт өөрчлөлт оруулсан тухай бүрд нь түүний эрхийг хангаж, ямар хэрэгт буруутгаж байгаа талаар танилцуулж, холбогдох мэдүүлгийг авсан. Түүний тус мэдүүлгүүд нь хэрэгт нэг бүрчлэн авагдсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

  1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судалж үзэхэд;

Шүүгдэгч Э.Б- нь:

1. Бусдыг залилах гэмт хэрэг үйлдэх зорилгоор 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр С.Б-ийн “В S” гэх фэйсбүүк цахим хаягт хууль бусаар халдаж нэвтрэх нууц үгийг өөрчилсөн буюу кибер орчинд хууль бусаар халдаж нэвтрэх кодыг нь өөрчлөн, түүний харилцаатай хүн рүү нь мөнгө шилжүүлэхийг хүсэх зэргээр мэдээллийг өөрчилсөн, улмаар С.Б-г нэвтрэх боломжгүй болгосон зэргээр хохирол учруулсан, тус хохирогч С.Б-ийн “В S” гэх фэйсбүүк хаягийг ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр түүний шавь хохирогч Л.И-оос “би ном уншаад гарч чадахгүй байна, та 577хххххххх гэсэн данс руу мөнгө шилжүүлээд өгөөч” хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар Хаан банкны 577хххххххх тоот дансаар 300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:

хохирогч Л.И-оос Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /1-р хх-ийн 164/,

хохирогч С.Б-ийн: “...Би фэйсбүүкийн В S гэсэн нэртэй хаяг ашигладаг байсан. 2021 оны 11 дүгээр сарын эхээр Х.Т гэх хүний эхнэр Э-ы фэйсбүүк хаягнаас “сайн уу ах, таны утасны дугаар хэд билээ” гэсэн чат ирсэн, би хариуд нь өөрийн 99815578 дугаарыг бичиж явуулаад өөрийнхөө фэйсбүүк хаягийг хакердуулсан. Тэгээд миний фэйсбүүк хаягийг ашиглан хүмүүсээс мөнгө гуйж зарим хүмүүсээс мөнгө авсан асуудал гарсан юм. Надад мөнгө өгч байна гэж итгээд мөнгө шилжүүлж залилуулсан зарим хүмүүс Баянзүрх дүүрэг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хандсан байх учиртай. Миний фейсбүүк хаягийг ашиглан бусдаас мөнгө авахдаа Б гэдэг хүний 507ххххххх, Б  577хххххххх гэсэн данснууд ашигласан байсан. Би фэйсбүүк хаягаа алдсан гэдгийг удалгүй мэдсэн. Тэгээд ойр орчмын хүмүүс рүү мессеж бичиж сануулсан. Би хакердуулсан В S гэсэн нэртэй фэйсбүүкийн хаяг руу орж чадахгүй байгаа. Учир нь, надад дээрх хаяг руу орох код байхгүй. Миний алдсан фэйсбүүкийн хаягийг ашиглан агуулах чөлөөлөх худалдаа, цахилгаан бараа зарна гэсэн зар тавиад миний фэйсбүүк хаяг дээр байсан зургийг тавьсан байсан...” /1-р хх-ийн 174/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Т-ын: “...Талийгаач Л.И гэх хүн бол миний төрсөн эх байгаа юм. Ээж Л.И маань 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр өвчний учир нас барсан. ...Манай ээжийн тогтмол засал номоо хийлгэдэг нутгийн лам болох хүний фэйсбүүк хаягнаас нь “...манайд багш ирсэн ном хурж байна, та даатгуулах хүмүүс байвал нэр, жилийг нь явуулаарай, би гадагш гарах боломжгүй байна, та миний явуулсан данс руу 300,000 төгрөгийг явуулчих...” гээд Хаан банкны тоот дансыг явуулж, явуулсан данс руу 300,000 төгрөгийг шилжүүлсэн гэж ярьдаг байсан. Энэ талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа, мөнгө шилжүүлээд гэртээ орж ирээд түүнд утас руу залгаж мэдэгдэх гээд захидал бичиж байтал С.Б нь өөрийн фэйсбүүк хаягийг алдсан талаар сэрэмжлүүлэг явуулахаар нь залилуулсан гэж мэдсэн гэж ярьдаг байсан. Учирсан хохирлыг талийгаач ээжийг минь амьд сэрүүн байх хугацаанд хэн нэгний зүгээс төлж барагдуулсан зүйл байхгүй...” /1-р хх-ийн 177-178/,

гэрч Г.А-ийн: “...Б  бид хоёр ямар нэгэн ажил хийдэггүй байсан ба Б байнга л мөнгөтэй байдаг байсан. Б-ээс би “хаанаас мөнгөтэй болоод байгаа талаар асуухаар ээж, ааваасаа мөнгө авч байна” гэж хэлдэг байсан. 2021 оны 11 дүгээр сарын дундуур Б  бид хоёр CU буюу түргэн хоолны газарт орж юм идээд дараа нь салаад явсан, тэрнээс хойш би Б-тэй уулзаагүй бөгөөд миний 96ххххххх дугаар руу Б  өөрийн 99ххххххх гэсэн дугаараас залгаад “чиний зургийг чинь цагдаа нар бариад манай гэрт ороод ирсэн, надтай хамт байсан гээд ороод ирсэн, чи надтай хамт байсан гэж хэлэхгүйгээр утсаа унтраагаад фэйсбүүкээ хаагаад нэг хэсэгтэй алга болоорой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “яагаад алга болох юм” гэж асуутал “би ч гэсэн алга болох гэж байгаа юм, чи бас алга бол” гэж хэлсэн. ...Б  өдөржингөө л утсаа оролдоод суучихдаг байсан бөгөөд удахгүй мөнгө орж ирэх гээд байна гэж хэлээд байдаг байсан. Би уг мөнгийг ямар аргаар олдог талаар мэдээгүй. ...Миний зүгээс В S гэсэн хаягт нэвтэрч орох, ашиглан бусадтай захидлаар харилцах үйлдэл гаргаж байгаагүй. Би насанд хүрээгүй байсан болохоор надад данс тухайн үед байгаагүй. ...” /1-р хх-ийн 187-188, 198-199/ гэх мэдүүлгүүд,

Хаан банк дахь иргэн Л.И-ын 532хххххххх дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 165/,

Э.Б-гийн 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Хаан банк дахь 577хххххххх тоот данс руу 300,000 төгрөг шилжин орсон Хаан банк дахь депозит дансны хуулга  /1-р хх-ийн 167-168/ зэрэг,

2. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Өнэртэй зочид буудалд хохирогч Г.Б-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Г.Б-ийн гар утасны Notepad хэсэгт хадгалагдаж байсан интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан мөнгөн шилжүүлэг хийх, ашиглах эрх бүхий банкны цахим мэдээллийн системд зөвшөөрөлгүйгээр хандаж нэвтэрсэн,

улмаар Г.Б-ийн Хас банкны 500ххххххх тоот данснаас өөрийн Хаан банкны 507хххххххх тоот данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Г.Б-д 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

цагдаад гаргасан гомдол: “... иргэн Г.Б-гаас “миний данснаас 3,500,000 Э.Б- гэх данс руу шилжүүлж авсан байгааг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү...” /1-р хх-ийн 97/,

хохирогч Г.Б-ийн: “...Би 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр найз Бгийн танилцуулсан Э-96ХХХХХХХХХ/бүтэн нэрийг нь мэдэхгүй байна, би бодохдоо Э байх гэж бодсон/ гэх эмэгтэйтэй уулзахаар тохиролцоод Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянбүрдийн баруун талд байрлах “Их бүрд” нэртэй зочид буудалд анх удаа уулзсан. Бид хоёр нийт 4 шил пиво хувааж уугаад тэр буудалдаа хоносон. Маргааш өглөө нь буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өглөө Э гэх эмэгтэй “миний гар утас унтарчихлаа, гар утсаа түр өгч байгаач, найзтайгаа яриад өгье” гэж хэлээд миний гар утсыг аваад буудлын ариун цэврийн өрөө орсон. Ариун цэврийн өрөөнд ороод 15-20 орчим минутын дараа гарч ирээд миний утсыг буцааж өгөөд Э түрүүлээд гараад явсан, араас нь би хэдэн минутын дараа гарч явсан. Би өөрийн гэр рүүгээ таксидаж очоод төлбөрөө Хас банкны интернэт банкаар хийх гэж байх үед миний Хас банкны 500ххххххх дугаарын данснаас Э Б  гэх хүний Хаан банкны 507хххххххх дугаарын данс руу 3,500,000 төгрөг шилжиж орсон байсан. Би Б гэх хүнтэй найзлаад олон жил болж байна, найзуудын харилцаатай хүмүүс. Б нь надтай Э гэх эмэгтэйг танилцуулсан бөгөөд би өөрөө ганц бие. Тэгээд эмэгтэй хүнтэй танилцах зорилгоор Б-д хэлж байсан ба Б нь надад ийм охин байгаа гэж танилцуулсан юм. Миний интернэт банкны нэвтрэх нэр болон нууц үг нь миний гар утасны Notepad хэсэг дээр байдаг бөгөөд утсаар яриад өгье гэхээр нь кодоо гаргаад өгсөн, тэгээд л миний данснаас зарлага гарсан байсан. Надад нийт 3,500,000 төгрөгийн хохирол учраад байна. ...” /1-р хх-ийн 118/ гэх мэдүүлэг,

Хас банк дахь хохирогч Г.Б-ийн 500ххххххх тоот дансны хуулга: “...2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 3,500,000 төгрөгийн зарлага гарсан” /1-р хх-ийн 99/,

Хаан банк дахь шүүгдэгч Э.Б-гийн 507хххххххх дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга: “...шилжүүлэгч Б гэсэн утгатайгаар 3,500,000 төгрөгийн орлого орсон” /1-р хх-ийн 102/ зэрэг,

3. 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өөрийн гар цүнхэндээ гялгар уутны хамт 21.3 грамм, цэвэр жин нь 19,1 грамм жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tehtrahydrocannabinol/-ийн агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст ирсэн дуудлага: “...шүүхээс хорих ял авсан хүний биед гадна үзлэг хийх явцад мансууруулах төрлийн эм бодис байх боломжтой зүйл гарч ирсэн...” /1-р хх-ийн 9/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...цагдаагийн дэд ахлагч, дэд ахлагч Г.Б ширээн дээр тавьсан гялгар ууттай нунтаг, хуурай ургамал мэт зүйлийг иргэн Э.Б-гийн биеэс гарч ирсэн хэмээн заасныг шинжээч гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар хураан авав. ...” /1-р хх-ийн 18-22/,

гэрч Г.Б-ий: “...16 цагт товлогдсон шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 01 жил 6 сар 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Хорих ял авсны дараа түр саатуулах байранд оруулахын өмнө Э.Б-гийн өмгөөлөгчийг байлцуулан эд зүйлд нь үзлэг хийхэд ... хар өнгийн гар цүнхнээс түрүүвч маягийн зүйлээс нь нэвт харагддаг гялгар ууттай, ногоон өнгийн хуурай ургамал мэт зүйл гарын алганы тал орчим хэмжээтэй гарч ирсэн. Тус иргэн цүнхэнд нь үзлэг хийх явцад тухайн ургамал мэт зүйл байгаа хэсгийг онгойлгох гэхэд эсэргүүцэж үзүүлэхгүй гэж татсан. Э.Б-гээс тухайн ургамал юу болохыг асуухад “мэдэхгүй ээ, минийх биш манай эрэгтэй найзынх, би өглөө найзаасаа авсан” гэж хэлсэн. Тухайн ургамал нь мансууруулах төрлийн ургамал байж болохуйц харагдсан тул Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн бүрэлдэхүүн ирж үзлэг шалгалт хийчхээд тухайн ургамлыг шинжилгээнд явуулахаар хурааж авсан. Э.Б- өмгөөлөгч нь болох хүнтэйгээ л уулзсан, өөр ямар нэгэн хүнтэй уулзуулаагүй, эмэгтэйчүүдийн түр саатуулах байранд авчирсан. Саатуулах байранд хяналтын камертай. Эд зүйлд үзлэг хийсэн өрөөнд хяналтын камер байхгүй. Үзлэг хийхэд хөндлөнгийн гэрчээр өмгөөлөгч нь болох эмэгтэй, шүүгчийн туслах Э.О нар байсан. Өөр ямар нэгэн сэжигтэй зүйл гарч ирээгүй...” /1-р хх-ийн 33-35/,

гэрч Б.Б-ны: “...шүүгдэгч Э.Б- нь хурлаар орж 17 цаг 30 минутын үед шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 1 жил 6 сар 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Э.Б-г түр саатуулах байранд оруулахын өмнө өмгөөлөгчийг байлцуулан эд зүйлд нь үзлэг хийж гартаа барьж явсан хар өнгийн гар цүнхнээс зүүсэн түрүүвч маягийн зүйлд үзлэг хийх гэхэд эсэргүүцэж татсан, тэгээд үзлэгийг үргэлжпүүлж тухайн хэсгийг онгойлгож үзэхэд нэвт харагддаг гялгар ууттай, ногоон өнгийн хуурай ургамал мэт зүйл гарын алганы тал орчим хэмжээтэй гарч ирсэн. Э.Б-гээс тухайн ургамал юу болохыг асуухад “мэдэхгүй ээ минийх биш, манай эрэгтэй найзынх, би өглөө найзаасаа авсан” гэж хэлсэн. Тухайн ургамал нь мансууруулах төрлийн ургамал байж болохуйц харагдсан тул Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн 102 дугаарын утсанд дуудлага өгсөн. ...” /1-р хх-ийн 38-39/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1027 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн Э.Б- гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно.  ...” /1-р хх-ийн 50-51/,

Шүүх шинжилгээний ерөнхий газар Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1026 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “СХДЦХ-3 Б-ийн биеэс гарсан ургамал а/д Ч.П өвс мэт зүйл -1 уут” гэж хаягласан цаасан ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tethrahydrocannabino/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн цаасан ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар уутны хамт жин нь 21.3 грамм, цэвэр жин нь 19.1 грамм байна...” /1-р хх-ийн 56-57/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 403 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Э.Б- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Э.Б- нь хэрэг үйлдэгдэх 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Э.Б- нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Э.Б- нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 61-62/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

2. Анхан шатны шүүхийн шүүгдэгч Э.Б-гийн:

- хохирогч С.Б-ийн “В S” гэх фэйсбүүк хаягийг ашиглан 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хохирогч Л.И-оос “би ном уншаад гарч чадахгүй байна, та 577хххххххх гэсэн данс руу мөнгө шилжүүлээд өгөөч” хэмээн хуурч, цахим хэрэгсэл ашиглан, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 300,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийг 1 дэх хэсэгт заасан “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргээр зүйлчилж 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- 2021 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр С.Б-ийн “В S” гэх фэйсбүүк цахим хаягт хууль бусаар халдаж нэвтрэх нууц үгийг өөрчилсөн буюу кибер орчинд хууль бусаар халдаж халдаж нэвтрэх кодыг нь өөрчлөн түүний харилцаатай хүн рүү нь мөнгө шилжүүлэхийг хүсэх зэргээр мэдээллийг өөрчилсөн, улмаар С.Б-г нэвтрэх боломжгүй болгосон зэргээр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт  заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэмт хэргээр зүйлчилж 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Г.Б-ийн гар утасны Notepad хэсэгт хадгалагдаж байсан интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан банкны цахим мэдээллийн системд зөвшөөрөлгүйгээр хандаж нэвтэрсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэргээр зүйлчилж 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Г.Б-ийн Хас банкны 500ххххххх тоот данснаас өөрийн Хаан банкны 507хххххххх тоот данс руу 3,500,000 төгрөгийг шилжүүлэн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч Г.Б-д 3,500,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах “ гэмт хэргийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргээр зүйлчилж 6 сарын хугацаагаар хорих ялаар,

- 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах анхан шатны шүүхийн байранд өөрийн гар цүнхэндээ гялгар уутны хамт 21.3 грамм, цэвэр жин нь 19,1 грамм жинтэй, Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tehtrahydrocannabinol/-ийн агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргээр зүйлчилж 2 жилийн хугацаагаар хорих ялаар  тус тус шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасан “Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах” журмыг баримтлан түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэж,  6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахх” журмыг баримтлан Э.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 4 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний  нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг 5 жил 7 сар 10 хоногоор тогтоон шийдвэрлэж анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4. Давж заалдах шатны гомдлыг хянавал;

Эрүүгийн хуулиар ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг гэж үзэх талаар заасан байдаг ба тус хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэрэгт ямар үйлдлүүдийг хамааруулахыг заасан.

Э.Б-гийн:

огт танихгүй хүн болох С.Б-ийн “В S” гэх фэйсбүүк цахим хаягт хууль бусаар халдаж нэвтрэх нууц үгийг өөрчилсөн, улмаар хувийн мэдээллийг нь олж авч харилцаатай хүн рүү “...манайд багш ирсэн ном хурж байна, та даатгуулах хүмүүс байвал нэр, жилийг нь явуулаарай, би гадагш гарах боломжгүй байна, та миний явуулсан данс руу 300,000 төгрөгийг явуулчих...” гэж бичсэн, С.Б-г өөрийн фэйсбүүк хаяг руугаа нэвтрэх боломжгүй болгосон үйлдэл нь тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн” гэсэн гэмт хэргийн шинжийг,

хохирогч Г.Б-ийн гар утсаар чинь яриадахья гэж авч, түүний зөвшөөрөлгүйгээр гар утасны Notepad хэсэгт хадгалагдаж байсан интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан банкны цахим мэдээллийн системд зөвшөөрөлгүйгээр хандаж нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт “Кибер орчинд зөвшөөрөлгүйгээр хандаж мэдээллийн систем, мэдээллийн сүлжээнд нэвтэрсэн” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Э.Б-гийн “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлээр зүйлчилж эрх зүйн байдлыг дордуулсан” талаар гомдол үндэслэлгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Э.Б-г бусадтай хамтран гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт байхгүй, түүнд холбогдох гэмт хэргүүдийн эцэслэн хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээ хангалттай байсан байна.

Иймд шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна гэж дүгнээд шүүгдэгч Э.Б-гийн гаргасан “...хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...”, шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхбаярын “...Э.Б-д холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

5. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Б-д “Залилах”, “Хулгайлах”, “Кибер орчинд хууль бусаар халдах” гэмт хэргүүдэд нь тухай зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээгээр хорих ялыг оногдуулсныг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүний нийт эдлэх ялын оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь түүний хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, нийгмийн хор аюул зэрэгт нь тохирсноос гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангаж чадсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

6. Шүүгдэгч Э.Б-гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, үйлдэлдээ гэмшиж байгааг харгалзан тус зүйл хэсэгт оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нэг жилийн хорих ял болгон хөнгөрүүлэхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.  

Иймд дээрх хөнгөрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт оруулах нь зүйтэй байна.

7. Шүүгдэгч Э.Б- нь шийтгэх тогтоол гарсан 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл нийт 69 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЦТ/1046 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял...” гэж,

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Э.Б-гийн биечлэн эдлэх хорих ялын хугацааг 4 жил 7 сар 10 хоног (дөрвөн жил долоон сар арав хоног)-ийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Ч.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-гийн 2024 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон 69 /жаран ёс/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

            ШҮҮГЧ                                                           Т.ШИНЭБАЯР

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ