Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 536

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч Б.Энэрэл, шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Ц овогт О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808008210638 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овогт О.Б, Монгол Улсын иргэн, .........регистрийн дугаар........., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч О.Б нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 7-7 тоот хашааны гадна иргэн Ч.Э-тэй хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “О.Б нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 7-7 тоот хашааны гадна “...танайх хашааны хаалгаа хаасангүй, машин багтахгүй байна...” гэсэн зүй ёсны шаардлага тавьсны төлөө Ч.Э-ийг газар унагаад гэдэс рүү нь хоёр удаа өшиглөж, бие махбодод нь баруун хөхөнд цус хуралт, хэсэгчилсэн, жижиг ихэс ховхролт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч О.Б шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэв.

2. Хохирогч Ч.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 17 цагийн үед 24-19 улсын дугаартай “Toyota Vitz” загварын машинтай гэр лүүгээ орох гээд явж байтал Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 7-7 тоот хашааны хаалга онгорхой байсан тул хажуугаар нь машинтай багтахгүй байсан. Тэгээд машиныхаа дуут дохиог дарахад нэг залуу гарч ирсэн. Би тэр залууд “танайх хаалгаа хаасангүй, машин багтахгүй байна” гэж хэлсэн. Тэр үед нөгөө залуу хаалгаа хаасан бөгөөд намайг машинтайгаа хөдлөөд явсан чинь машины цонхоор “ална шүү” гээд гараа далайсан. Би тоолгүй явах гэтэл араас юм шидэхээр нь машинаа зогсоогоод машинаасаа буусан. Миний хажууд 14 настай хүү Б маань сууж явсан. ...Тэр залуу манай хүүг түлхэхээр нь би хүүхдээ өмөөрөөд бариад авсан чинь намайг татаж унагаад, миний гэдэс рүү хоёр удаа өшиглөсөн. ...Одоо миний ургийн ихэс ховхорсон нь зүгээр болсон хүүхэд эрүүл бойжиж байгаа. ...Би тэр үед 3 сар гарантай жирэмсэн байсан. ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би одоо төрөх дөхсөн учир шүүх хуралд оролцмооргүй байна. Энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас),

3. Насанд хүрээгүй гэрч Э.Б-ий мөрдөн байцаалтад өгсөн: “...тэр үед ээж машиныхаа дуут дохиог дарсан чинь нэг ах гарч ирээд хаалгаа хаасан. Манай ээж “танайх хаалгаа хааж байгаа ч машин гарахгүй байна” гэсэн чинь тэр ах машины цонхны цаанаас гараа далайсан. Тэгээд ээж машинаа хөдөлгөөд явсан чинь машины араас юм шидсэн. Тэгээд ээж бид хоёр машинаа зогсоогоод буусан чинь тэр ах хүрч ирээд намайг түлхсэн, ээжийг татаж унагаад өшиглөсөн. ...намайг зодож цохиогүй, зүгээр түлхсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас),

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2509 дугаартай “...Ч.Э-ийн биед баруун хөхөнд цус хуралт, хэсэгчилсэн, жижиг ихэс ховхролт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 22 дугаар хуудас),

5. Шүүгдэгч О.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би хаалгаа хаасан чинь тэр машины жолооч эгч “танайх хаалга үүдээ хааж байгаа ч, ямар сонин юм бэ” гээд уурласан. Цаана нь сууж явсан хүүхэд “хаалгаа хаагаач” гэж хэлэхээр нь машины араас ундааны сав шидсэн. Тэгсэн чинь тэр машин зогсоод дотроос нь жолооч эгч, хажууд нь сууж явсан эрэгтэй хүүхэд хоёр бууж ирээд хамт явсан хүүхэд нь намайг бариад авахаар нь би түүнийг түлхсэн. Гэтэл жолооч эгч миний хувцаснаас зуураад авахаар нь би түүний цамцнаас татсан чинь газар сөхөрч суугаад, миний хөлнөөс бариад тавихгүй байсан. Тэгэхээр нь би тавиулах гээд хөлөөрөө 1-2 удаа түлхсэн. ...би хохирогч Ч.Э-т эмчилгээний зардлыг бүрэн төлж барагдуулсан баримт нь хавтаст хэрэгт байгаа. ...Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хохирогч Ч.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн байх тул шүүгдэгч О.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн хохирогч Ч.Э-т эмчилгээний зардалд 300.000 төгрөгийг төлж барагдуулсан байгааг дурдах нь зүйтэй.

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч О.Б-ын үйлдэл нь идэвхтэй ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.Эрдэнэчимэгийн биед гэмтэл учруулсан буюу хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ч.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 6 сарын 18-ны өдрийн 94 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журамд нийцсэн байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч О.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-д дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун жаран мянган төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай гэж үзсэн учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч О.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ингэхдээ шүүх улсын яллагчаас гаргасан саналыг харгалзан шүүгдэгч О.Б-д 451 (дөрвөн зуун тавин нэг) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу  451.000 (дөрвөн зуун тавин нэг мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, түүнийг нийгэмшүүлэх болон цээрлүүлэхэд үр нөлөөтэй гэж үзэв.

Улсын яллагчаас шүүгдэгчийн хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох санал гаргасныг шүүх хүлээн авах боломжтой гэж үзлээ. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ц овогт О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д дөрвөн зуун тавин нэгэн нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин нэгэн мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч О.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгчид гардуулсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА