| Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзиймэндийн Болорчимэг |
| Хэргийн индекс | 121/2026/0022/З |
| Дугаар | 121/ШШ2026/0027 |
| Огноо | 2026-07-06 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2026 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 121/ШШ2026/0027
2026 07 06 121/ШШ2026/0027
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг би, Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын прокурорын газрын прокурор П.Н-гийн дүгнэлттэй, Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын Хужирт сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.И-д холбогдох ““***” /РД***/ нөхөрлөлд Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0720401 дугаартай шийтгэлийн хуудсанд “шийтгэл оногдуулсан огноо буюу он, сар, өдрийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр” гэж нэмэх, шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь хэсгийн 1-д “Холбогдогч “***” нөхөрлөлийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9-6.1-д заасны дагуу хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэж өөрчлөлт оруулах, 2-т “...хохирол нөхөн төлбөрийн 300,000 төгрөгийг Төрийн сангийн 100101752400 тоот дансанд ... сайн дураар төлж биелүүлэхийг даалгасугай” гэснийг хасаж тус тус өөрчлөлт оруулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагчийн Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын Хужирт сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.И-гаас шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “...Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.И- би 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр МЭ27/26-1 дугаартай зөрчлийн хэрэг нээж хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын прокурорын газрын прокурор П.Н-гийн 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул тус захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын Хужирт сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.И- нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 0720401 дугаартай шийтгэлийн хуудсаар “***” нөхөрлөлийг Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,000,000 /хоёр сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.
Прокуророос шүүхэд гаргасан дүгнэлтийн үндэслэлдээ ““***” нөхөрлөлийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй боловч тус нөхөрлөлийн дарга О.Мягмарсүрэнг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож мэдүүлэг аваагүй. Холбогдогчоор мэдүүлэг авсан, шинжээч томилж дүгнэлт гаргуулаагүй боловч шийтгэлийн хуудсанд хохирлын хэмжээг 300,000 төгрөг гэж бичсэн, Хужирт сумын Засаг даргын Тамгын газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй, шийтгэл оногдуулсан шийдвэр буюу 0720401 дугаартай шийтгэлийн хуудсанд шийтгэл оногдуулсан огноог бичээгүй ... нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 1, 2 дахь заалт, Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Шийтгэлийн болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт хэрэглэх журам” /маягт-02/-ын дагуу үйлдээгүй зөрчил бүхий болжээ” гэж тайлбарлажээ.
Зөрчлийн тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, зөрчлийн улмаас учирсан хохирол барагдуулах, хор уршгийг арилгах арга хэмжээнд зарцуулж, үлдсэн хэсгийг улсын төсөвт төвлөрүүлнэ.”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4-т “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална”, Монгол Улсын ерөнхий прокурорын 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А/94 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох журам”-ын 3.1-д “Зөрчлийн тухай хуульд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан бол зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг энэхүү журамд заасны дагуу тогтоох арга хэмжээ авна” гэж тус тус заасан байх бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас хохирлын хэмжээг уг журамд заасны дагуу тогтоогоогүй байна.
Мөн шийтгэлийн хуудас үйлдсэн огноог шийтгэлийн хуудсанд бичээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана” гэснийг зөрчжээ.
Иймд хариуцагч мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь уг шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай тайлбарыг тус шүүхэд бичгээр ирүүлсэн, энэхүү зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д тус тус заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын прокурорын газрын прокурор П.Н-гийн ““***” /РД***/ нөхөрлөлд Зөрчлийн тухай хуулийн 13.9 дүгээр зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 0720401 дугаартай шийтгэлийн хуудсанд “шийтгэл оногдуулсан огноо буюу он, сар, өдрийг 2026 оны 05 дугаар сарын 25-ны өдөр” гэж нэмэх, шийтгэлийн хуудасны ШИЙДВЭРЛЭХ нь хэсгийн 1-д “Холбогдогч “***” нөхөрлөлийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 13.9-6.1-д заасны дагуу хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай” гэж өөрчлөлт оруулах, 2-т “...хохирол нөхөн төлбөрийн 300,000 төгрөгийг Төрийн сангийн 100101752400 тоот дансанд ... сайн дураар төлж биелүүлэхийг даалгасугай” гэснийг хасаж тус тус өөрчлөлт оруулах” тухай дүгнэлтийг хариуцагч Өвөрхангай аймгийн Мал эмнэлгийн газрын Хужирт сумын мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч Б.И- хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ө.БОЛОРЧИМЭГ