| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0516/Э |
| Дугаар | 529 |
| Огноо | 2018-06-20 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 529
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч Т.Отгонтөгс (томилолтоор), шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Х овогт Г.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808021170552 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт Г.Г, Монгол Улсын иргэн, ............ регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Г.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 6-226 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эх Д.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр лүү нь цохисон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Г.Г нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Овоотын 6-226 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эх Д.Э-ийн нүүр лүү нэг удаа гараараа цохиж, түүний бие махбодод “тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няралт, цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан” гэсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд: “....тухайн өдөр намайг орой ажлаас орж ирэхэд аав над руу “машины баруун талын гэрэл хагарсан байна” гээд ууралсан. Тэгэхээр нь би аавтайгаа “би хагалаагүй” гээд маргалдсан. Гэтэл хадам ээж дундуур орсон. Тэгээд би санаандгүй хадам ээжийг цохисон. Миний буруу, би одоо хадам ээжтэйгээ эвтэй байгаа...” гэж мэдүүлэв.
2. Хохирогч Д.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн оройн 18:00 цаг өнгөрч байх үед манай нөхөр Г гэртээ ирээд бид хоёр хоорондоо машин тэрэгний тухай яриад байж байтал гадаа машины ойролцоо чанга чимээ гарахаар нь харсан чинь машины хойд улаан гэрэл сэтэрсэн байсан. Тэгэхээр нь би Г-той “энэ яагаад хагарчихваа” гэж яриад байж байтал Г ирээд “би наад машиныг чинь оролдсон юм уу” гэхээр нь би “манай хашаанд гадны хүн ямар орж ирэх биш дээ” гэж хэлтэл Г гэнэт л гүйж ирээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохьчихсон. Тэгээд би газар уначихсан. Нэг харсан чинь аав нь Г-г зуурчихсон байхаар нь би аягүй бол аавыгаа бас зодчих байх гэж бодоод цагдаад дуудлага өгсөн юм. ...Энэ асуудлыг хуулийн дагуу шалгаж, шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15-р хуудас),
3. Гэрч Ж.Г мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр би ажлаасаа 18:00 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн юм. Манай гэрийн хашаанд эхнэр бид хоёрын зээлээр авсан “Хьюндай Аксент” загварын машин байдаг юм. Гэртээ ороод байж байтал машины арын гэрлэн дохионы өрөөсөн булан нь хагарсан байна гэсэн асуудлаас болоод бид хоёр гарч хараад зогсож байх үед манай хүү Г “би наадахыг чинь хагалаагүй шүү” гээд л орилоод эхнэр лүү дайраад, түүнийг цохиод унагасан. Тэгээд би босоод Г-тэй зууралдаад байж байтал эхнэр гараад цагдаа дуудна гээд явсан. Тэгтэл ч Г хашаанаас гараад явчихсан юм. Маргааш өглөө нь цагдаа нарт мэдэгдээд түүнийг өгч явуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17-р хуудас),
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4833 дугаартай “Д.Э биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (хх-ийн 26 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хохирогч Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Г.Г-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг илэрхийлсэн өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол болон хөнгөн гэмтэл гэсэн хоёр ойлголт хоорондоо агуулгын зөрүүгүй бөгөөд хөнгөн хохирол гэдэг нь хөнгөн гэмтлийг өөртөө агуулна. Мөн хохирогчоос эмчилгээний болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдааны үед шүүгдэгч Г.Г нь би аавтайгаа маргалдаад байж байх үед хойд ээж дундуур орж ирсэн бөгөөд би түүнийг санамсаргүй цохьсон гэж мэдүүлсэн нь хохирогч Д.Э “би “манай хашаанд гадны хүн ямар орж ирэх биш дээ” гэж хэлтэл Г гэнэт л гүйж ирээд миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохьчихсон. Тэгээд би газар уначихсан” гэсэн, гэрч Ж.Г-ын “Г “би наадахыг чинь хагалаагүй шүү” гээд л орилоод эхнэр лүү дайраад, түүнийг цохиод унагасан” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Г.Г нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хойд эхийн бие махбодод халдсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Г.Г-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Г.Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цагийн нийтэд тусдаа ажил хийлэх ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт үндэслэл бүхий бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдалд тохирсон боловч хугацааг зохих хэмжээгээр багасгах нь зүйтэй гэж үзэв. Харин шүүгдэгчийн хувьд хөдөлмөр эрхэлдэг эсэх, тогтсон орлоготой эсэх нь тодорхойгүй, нотлох баримтаар нотлогдоогүй, шүүгдэгчээс шинэ баримт гаргаж өгөөгүй тул түүнд торгох ял оногдуулах нь зохисгүй, үр нөлөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овогт Г.Г-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-д дөрвөн зуун наян цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Г.Г нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
5.Шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгчид гардуулсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Г.Г-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА