Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 520

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч Ц.Гансүлд, шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708026980469 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.У, Монгол Улсын иргэн, .......... регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Яллагдагч Б.У нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын 13-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай А.О-ийг  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндэрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Б.У нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын 13-2 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч А.О-ийг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, улмаар түүний бие махбодод нь тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.У шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

2. Хохирогч А.О мөрдөн байцаалтад өгсөн: “…2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажлаа тараад 20 цагийн үед гэртээ ирээд гэрийн ойролцоо 2 давхар паб караокед найз залуу болох У-тай дуулангаа хоёр шил шар айраг уусан. Тэгээд У хэлээд тэндээс гарсан. У ганцаараа дуулаад үлдсэн. Түрүүлээд гэртээ хариад унтаж байх үед гаднаас У ганцаараа орж ирээд “чи намайг орхиж явлаа” гэхээр нь “чи тэгээд хамт явахгүй яасан юм” гэхэд У гараа атгаж байгаад зүүн нүдэнд нэг удаа цохисон. Тухайн үед нүүрэндээ цохиулсны улмаас дээд талын үүдэн шүд мултарч унасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-15 дугаар хуудас),

3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14841 дугаартай “А.О-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт (хх-ийн 24 дүгээр хуудас),

4. Шүүгдэгч Б.У мөрдөн байцаалтад өгсөн: “...Би А.О 2017 оны 7 дугаар сард танилцаж үерхсэн. Бид эр, эмийн харьцаатай, танилцсан цагаасаа хойш Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын 13-3 тоотод байх хашаатай өвлийн сууцанд О-ийн хүү Т бид гурвуулаа хамт амьдарсан. ...2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр О-ийг ажлаас нь аваад Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Нефтийн автобусны буудлын урд байрлах караокед орж хүний хоёр, хоёр шар айраг уусан. Тэгээд дуулж байгаад, хоорондоо маргалдаж О намайг орхиод явсан. Би араас нь гэрт очоод бид хоёр хоорондоо маргалдсан. Ийнхүү маргалдаж байхдаа би О-ийн нүүр лүү нэг удаа удаа баруун гараа атгаж байгаад цохьсон. Би гараад явж байтал удалгүй О-ийн ах гээд хүн “21 дүгээр хороололд хүрээд ир” гэхээр нь яваад очтол цагдаа нар намайг саатуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57-р хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хохирогч А.О нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад бичгээр илэрхийлсэн тул шүүгдэгч Б.У-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл, шүүгдэгч Б.У нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагчийнхаа бие махбодод халдсан буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон бөгөөд энэхүү үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.У-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухармсартай үйлдэл байхын сацуу түүний үйлдэл хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж үзнэ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.У нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд шүүгдэгч Б.У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.У нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ шүүх улсын яллагчаас гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Б.У-т 300 (гурван зуу) цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, хүмүүжүүлэх болон цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүхэд иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б.У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Б.У нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг мэдэгдсүгэй.

6.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.У-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА