Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржгочоогийн Баатархүү |
Хэргийн индекс | 128/2017/0566/З |
Дугаар | 221/МА2018/0174 |
Огноо | 2018-03-14 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2018/0174
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.А, түүний өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0009 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0009 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан” Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/35 дугаар захирамжийн “БТТШ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээх” шаардлага бүхий “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуульд заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэлээ.
Баянгол дүүргийн Засаг дарга 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Б” ХХК-д 1500 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн, ингэхдээ уг газар дээр он удаан жил байсан их хэмжээний хур хогийг цэвэрлүүлсний үндсэн дээр олгосон болно. Тус компани нь уг хур хогийг цэвэрлэхдээ ихээхэн хэмжээний зардал гаргасан бөгөөд үүний үндсэн дээр газар эзэмших эрхийг олгосон. Гэтэл Баянгол дүүргийн Засаг дарга 2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр А/35 дугаар захирамж гарган тус компанийн эзэмшилд байсан газрын хэмжээг 785 м.кв болгон багасгасан нь нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул уг захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан болно.
Анхан шатны шүүх тус компанийн нэхэмжлэлтэй хэргийг хэлэлцээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Баянгол дүүргийн Засаг дарга нь өөрийн харьяа нутаг дэвсгэрт байсан хог хаягдлыг компанийн хөрөнгө хүчээр цэвэрлүүлээд газар олгосон дүр үзүүлээд, олгосон газрын хэмжээг багасгаж байгаа нь хуульд нийцэхгүй юм.
Газрын хэмжээг багасгасан захирамж гаргахдаа дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20.2.2, 29 дүгээр зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 33.1.1, 37, 38 дугаар зүйлийг тус тус үндэслэл болгосон байх ба этгээдийн алинд ч нэхэмжлэгчид олгосон газрын хэмжээг багасгах үндэслэл хамаарахгүй байна. Тус компани дүүргийн Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад “...уг газар нь цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд орсон” гэсэн хариу өгсөн ба хариуцагч нэхэмжлэлд гаргасан энэхүү тайлбарыг дурдсан боловч захирамжид энэ талаар огт дурдаагүй болно.
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д зааснаар газрыг бусдад эзэмшүүлэхдээ сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу олгодог. Энэхүү заалтаас үзвэл эрх бүхий этгээд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахдаа тухайн газар цахилгааны хамгаалалтын бүсэд байгаа эсэхийг судлан үзэх үүрэгтэй бөгөөд маргаан бүхий газар нь цахилгааны хамгаалалтын бүсэд байгаагүй учраас газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан гэж ойлгож байгаа.
Нөгөө талаар тус газар нь цахилгааны хамгаалалтын бүсэд ороогүй болох нь кадастрын зураг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр тогтоогдсон болно.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо “...нэхэмжлэгчид олгосон 1500 м.кв газрын зарим хэсэг нь замын трасст орсон, мөн газрын хойд, урд талаар цахилгааны өндөр хүчдэлийн шугамын бүсэд орсон, мөн бохирын шугамын хамгаалалтын бүсэд орсон” гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдлыг зөв дүгнээгүй, хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй, хэрэгт авагдаагүй баримтаар таамгаар шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Анхан шатны шүүхийн дүгнэж байгаа цахилгааны хамгаалалтын бүсэд орсон гэх байдал дээр дурдсанаар үгүйсгэгдэж байгаа, шүүгч үзлэгийн өөрийн биеэр явуулахдаа энэ бүгдийг нүдээр үзэж харсан болно. Түүнчлэн багасгасан 715 м.кв талбай авто замын трасст орсон талаарх баримт хэрэгт огт байхгүй бөгөөд энэ талаар захирамжид болон хариуцагчийн хариу тайлбарт огт дурдагдаагүй болно.
Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг шүүх шийдвэрийн үндэслэлд дурдсан байх бөгөөд уг заалтаас үзвэл шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэжээ.
Багасгасан талбайд эрчим хүчний шугам сүлжээ байхгүй байгаагаас гадна нэхэмжлэгч нь хуулийн дээрх заалтад заасан үйл ажиллагаа явуулаагүй тодруулбал уг газар дээр гэр, орон сууц, барилга байгууламж бариагүй байхад шүүх ийм дүгнэлт хийж байгаа нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.
Мөн шүүхийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17.8, 17.8.4 дэх заалтыг үндэслэл болгожээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглоно гэж заажээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгохыг хориглоно гэж заажээ. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.12-т заасан “хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс” гэдгийг Усны тухай хуулийн 3.1.4, 3.1.5-д заасан ойлгох бөгөөд мөн хуулийн 3.1.4-т “усны сан бүхий газар” гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг 3.1.5” гол, мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсцын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг хэлнэ гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх ус хангамжийн эс үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсэд газар эзэмших эрх олгосон гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна маргаан бүхий актаар газар эзэмших эрх олгоогүй харин өмнө олгосон байсан газрын хэмжээг багасгасныг анхаараагүй байна.
Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд хуульд заасан эр томьёог хэрхэн ойлгохыг тодорхойлон заасан, үүнд бохирын шугамын хамгаалалтын бүс гэсэн ойлголт тусгагдаагүй байхад шүүх бохирын шугамын хамгаалалтын бүс гэсэн хуульд байхгүй нэр томьёог өөрөө бий болгож, улмаар уг дүгнэлтэд үндэслэн хуулийг буруу тайлбарласан хэрэглэжээ.
Аливаа хот, суурингийн газар доогуур төвлөрсөн ус хангамжийн бүхэл бүтэн систем байдаг бөгөөд энэ нь газар эзэмших эрх олгоход бүхэлдээ саад болдоггүй, гагцхүү хуульд заасан тохиолдолд хориглосон зохицуулалт үйлчилдэг.
Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан талбайд Ф350/9500 хэмжээтэй бохирын шугам байгаа талаар захирамжид огт дурдаагүй, нөгөө талаар энэхүү шугам нь хэдийд бий болсон нь тодорхой бус байна. Энэхүү бохирын шугам нь байлаа ч энэ нь хуульд заасан “хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс” эд хамаарахгүй байхад шүүх хамааруулан дүгнэж шийдвэр гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн дүгнэлт болжээ.
Маргаан бүхий газарт газар эзэмшүүлэх эрх олгосноос хойш цахилгаан болон ус хангамжийн шугам сүлжээ шинээр бий болоогүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болно. Дүүргийн Засаг дарга газрыг анх олгохдоо хуульд заасан үндэслэл журмыг баримтлах ёстой. Хур хог цэвэрлэсэн тохиолдолд газар эзэмшүүлэх эрх олгоно гэж их хэмжээний зардал гаргаж цавэрлүүлчихээд, газар эзэмшүүлсэн дүр үзүүлээд дараа нь хуульд заагаагүй үндэслэлээр газрын хэмжээг багасгаж байгаа нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь газрыг хуульд заасан үндэслэл журмын дагуу эзэмшиж байсан тул эзэмшлийн газраа чөлөөтэй эзэмших эрхтэй. Энэхүү эрхийг нь Баянгол дүүргийн Засаг дарга ноцтой зөрчиж газрын хэмжээг үндэслэлгүй багасгасан. Дээрх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж хууль ёсны шийдвэр гаргаж өгөхийг давж заалдах шатны шүүхээс хүсэж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянахад шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч “Б” ХХК-аас Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/35 дугаар захирамжийн “Б” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүсэж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Манай компанийн эзэмшиж байгаа газар нь цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд орсон талаар Баянгол дүүргийн Засаг дарга захирамждаа огт дурдаагүй. Дүүргийн Засаг дарга тус компанид уг газрыг анх олгохдоо холбогдох асуудлыг судалж үзсэний үндсэн дээр эзэмшүүлсэн...” хэмээн тайлбарлан маргажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд анх нэхэмжлэгч компани нь Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 397 дугаар захирамжаар “Б” ХХК-аас тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 1500 м.кв газрыг шилжүүлэн авсан байх бөгөөд уг газрын тал хэсэг нь цахилгааны өндөр хүчдэлийн шугамын бүсэд орсон, мөн бохир ус татан зайлуулах шугамын хамгаалалтын бүсэд орсон гэсэн үндэслэлээр Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/35 дугаар захирамжаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн газрыг багасгаж 785 м.кв болгосон байна.
Нэхэмжлэгчээс давж заалдах гомдолдоо “манай эзэмшил газар цахилгааны шугамын хамгаалалтын бүсэд ороогүй болох нь кадастрын зураг, шүүхийн үзлэгээр тогтоогдсон” гэх боловч нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын 785 м.кв талбайгаас бусад талбай нь Нийслэлийн Газрын албаны газрын мэдээллийн сангийн газрын байршлыг инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст хамаарч буйг харуулсан кадастрын зургаар /х-86/ цахилгаан дамжуулах сүлжээний хамгаалалтын зурвас, бохир ус татан зайлуулах шугамын хамгаалалтын зурваст тус тус хамаарч байгаа болох нь нотлогдож байх ба энэ талаар 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн Газрын асуудал эрхэлсэн албан тушаалтнаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөхдөө “дүүргийн Өмч, газрын харилцааны албаны техникийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, өндөр хүчдэлийн хамгаалалтын зурвас, бохир усны хамгаалалтын зурваст орсон тул сунгуулах хүсэлтийг хүлээн авах боломжгүй” болохыг мэдэгдсэн баримт хэрэгт авагдсан байна. Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газарт инженерийн шугам сүлжээ байхгүй гэх гомдол үгүйсгэгдэж байна.
Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д “Шугам сүлжээ нь аюулгүй байдлыг хангах хамгаалалтын зурвастай байна. Хамгаалалтын зурвасын дотор гэр, орон сууц, барилга байгууламж барих, шугам сүлжээ өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрснөөс бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 33.2-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна”, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.7-д “Хотын доторх цэвэр усны дамжуулах, түгээх, бохир усны гаргалгааны болон бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам ашиглалтын явцад засвар, үйлчилгээ хийх хамгаалалтын зурвас газартай байна” гэж тус тус заасны дагуу Баянгол дүүргийн Засаг дарга инженерийн шугам сүлжээний хамгаалалтын зурвас бүхий газрын хэмжээг баталгаажуулж, нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах хүсэлтийг хүлээж авалгүй, эзэмшил газрын хэмжээг хамгаалалтын зурвас давхацсан хэмжээгээр хасаж баталгаажуулсан захирамж гаргасан нь дээрх хуулийн заалттай нийцсэн, энэ нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2018/0009 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ