Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ20176/00028

 

Б.Баянцогтын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 520 дугаар шийдвэр,         

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар магадлалтай,

Б.Баянцогтын  нэхэмжлэлтэй

О.Төмөр-Очирт холбогдох,

7.256.560 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Цалингийн зөрүү 5.597.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Баянцогтын   гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Б.Баянцогт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: манай компанид О.Төмөр-Очир 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр аман гэрээгээр 3 жил ажиллахаар тохиролцон ажилд орсон. Би сард  2.000.000 төгрөгийн цалин өгье гэж анх ажиллуулсан. О.Төмөр-Очир нийт 14 сар ажиллахдаа цалинд 22.800.000 төгрөг авсан. Би Хас банкнаас авсан шугамын зээлээс эхлээд 2 сая төгрөг дараа нь 3 сая төгрөгийг түүнд өгсөн юм. Би дээрх зээлд сарын 2.2 хувийн хүүг банкинд төлсөөр байна. Мөн О.Төмөр-Очир нь 2015 оны 7 дугаар сарын 02-нд Батдэлэгийн Их өргөө зоогийн газрын хаалга хийж өгнө гэсэн ажлын захиалгын урьдчилгаа болох 680.000 төгрөг зөвшөөрөлгүй аваад ажлаас гарсан. Энэ нь бас л банкинд төлөх ёстой мөнгө байсан тул 2015 оны 7 дугаар сарын 02-оос хойш 2.2 хувийн хүү бодогдох юм. О.Төмөр-Очироос үндсэн зээлд 5.000.000 төгрөг, мөн бараа захиалгын урьдчилгаа 680.000 төгрөг, тэдгээрийн хүү 2.275.560 төгрөг нийт 7.256.560 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Төмөр-Очир шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 2 сая төгрөг нь цалин юм. 2014 оны 5 дугаар сарын 30-нд дансаар авсан. Гэрээний хугацаанд цалинд сард 2.000.000 төгрөг авах байсан ба нийт  22.430.000 төгрөг авсан. 2014, 2015 оны шагналт цалин гэж 3.000.000 төгрөгийг 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр дансаар өгсөн. Нэхэмжилж буй 680.000 төгрөгийг цалин гэж 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдөр бэлнээр өгсөн. Иймд эдгээр нэхэмжилсэн мөнгийг хууль зүйн төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Төмөр-Очир шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: би Зэл говь ХХК-д 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 5 жилийн хугацаатай сарын 2.000.000 төгрөгийн цалинтай хөдөлмөрийн гэрээ байгуулан нийт 14 сарын хугацаанд ажилласан. Энэ хугацаанд нийт 28.000.000 төгрөгийн цалин авах ёстой байсан боловч 22.403.000 төгрөгийн цалин, 2014, 2015 оны шагналт цалин гэж 1 удаа 3 сая төгрөг авсан. Тус компани нь миний цалинд 5.597.000 төгрөг дутуу олгосон тул гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Баянцогт сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй байна. 3.000.000 төгрөгийн шагналт цалин авсан гэж худлаа бичиж байна. Өөрт нь банкны мөнгөнөөс 3.000.000 төгрөг өгсөн. Үүнийг машин авахдаа лизингийн урьдчилгаа төлбөрт өгсөн юм. Тухайн хөдөлмөрийн гэрээг банкнаас  зээл авах шаардлагатай гэсээр 2014 оны 3 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэрээр хийлгүүлсэн байна. Би энэ хөдөлмөрийн гэрээг хийгээгүй. Тэрээр эхний 6 сар 2.000.000 төгрөгийн цалин авч байсан, манай компанид борлуулалт, ашиг байхгүй гэдгийг О.Төмөр-Очир сайн мэдэж байсан. Одоо орлого ашиг багаслаа гээд О.Төмөр-Очир өөрөө цалингаасаа 500.000 төгрөг хасаад 1.500.000 төгрөгийн цалин өгөөч гэж 4 сар цалин авсан. Дараа нь 1.200.000 төгрөгийн цалин авч 4 сар болоод сийлбэртэй авдар байсныг хулгайлж аваад мөн Их өргөө зоогийн газрын 15 ширхэг хаалга хийлгэнэ гэсэн урьдчилгаа 680.000 төгрөг аваад тэр өдрөө ажил хаяад явсан. Иймд О.Төмөр-Очирын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэрээр хийсэн ажлаа өөрөө өдөрт дэвтэр дээр тэмдэглэж байсан. Тэр сард 2 сая төгрөгийн цалин авах ажил хийж байгаагүй. Бид хоёрын хооронд цалингийн ямар нэгэн тооцоо байхгүй гэжээ.

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 520 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч О.Төмөр-Очироос зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.000.000 төгрөг, барааны захиалгын урьдчилгаа 680.000 төгрөг, нийт 5.680.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баянцогтод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх банкинд төлсөн хүү 2.275.560 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Зэл говь ХХК-аас ажилласан хугацааны цалингийн зөрүү 5.597.000 төгрөг гаргуулан хариуцагч О.Төмөр-Очирт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 131.055 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Төмөр-Очироос улсын тэмдэгтийн хураамж 105.830 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баянцогтод олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 104.510 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Баянцогтоос улсын тэмдэгтийн хураамж 104.510 төгрөг гаргуулан хариуцагч О.Төмөр-Очирт олгож шийдвэрлэжээ.

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар магадлалаар: Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51359 төгрөгийг нэхэмжлэгч Б.Баянцогтод, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 105830 төгрөгийг хариуцагч О.Төмөр-Очирт тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Баянцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна. О.Төмөр-Очир нь ажилласан хугацааны цалингийн зөрүү 5.597.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч О.Төмөр-Очир нь ажилласан хугацааны цалин гаргуулах тухай гомдлоо шүүхэд гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. О.Төмөр-Очирын цалинг үнэхээр дутуу олгосон бол аль эрт шүүхэд гомдол гаргах байсан. Гэтэл нэхэмжлэгч Б.Баянцогт миний бие шүүхэд нэхэмжлэл гаргахад хариуцагч нь барьцаалж цалин гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Мөн манай “Зэл говь” ХХК нь цалингаа тавихдаа цалинг ажилтныхаа дансанд нь шууд хийдэг, цалингийн цэс дээр гарын үсэг зуруулдаггүй байсан. Давж заалдах шатны шүүх нь Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Уг баримтад Хаан банкны теллер гарын үсэг зурж баталгаажуулсан байх тул уг баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна хэмээн үзэж болохгүй юм. Иймд Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 13 дугаар магадлалыг хүчингүй болгож, Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 520 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж О.Төмөр-Очироос зээлийн хүү 2.275.560 төгрөгийн хүүг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа давж заалдах шатны шүүх “...депозит дансны дэлгэрэнгүй хуулга нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй”, “...цагдаагийн газарт өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг бусад нотлох баримттай харьцуулан үзээгүй”  гэх үндэслэл дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3-д заасантай нийцээгүй байна.

Хэрэгт авагдсан ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгад банкны теллер гарын үсгээ зурж, тэмдгээр баталгаажуулсан, энэ нь эх хувь байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэх, мөн хэрэгт авагдсан нотлох баримтад эрх зүйн дүгнэлт өгөх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байх тул магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэстэй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

Нэхэмжлэгч Б.Баянцогт нь хариуцагч О.Төмөр-Очироос 7.256.560 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг “...анх ажилд орохдоо 2014 оны 5 дугаар сарын 01-нд 2.000.000 төгрөг, 2015 оны 2 сард 3.000.000 төгрөг зээлсэн ба захиалгын урьдчилгаа болох 680.000 төгрөгийг зөвшөөрөлгүй авсан” гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, цалингийн зөрүүд 5.597.000 төгрөг шаардаж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

О.Төмөр-Очир нь “Увс зэл говь” ХХК-ийн мужаан цехийн даргаар ажиллах, ажил олгогч Б.Баянцогт сард 2.000.000 төгрөгийн цалин олгохоор тохирч, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. Энэхүү гэрээний дагуу хариуцагч 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилласан ба цалинд 22.403.000 төгрөг авсныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна /хавтаст хэргийн 28, 31-39 дүгээр тал/.

Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан Увс аймгийн Цагдаагийн газрын гэрчийг байцаасан тэмдэглэлд О.Төмөр-Очир нь “...сард 2 сая төгрөгийн цалин авна гэж тохирсон, ажиллах хугацаандаа Баянцогтоос нийт 5.680.000 төгрөг авсан, ...цалингаа дутуу өгсөн учраас хасаад нэмж нэг сая төгрөг авах ёстой болоод байгаа...” гэсэн мэдүүлэг өгчээ /хавтаст хэргийн 6-7 дугаар тал/.

Мөн хэргийн 31, 36 дугаар талд авагдсан баримтаас үзвэл 5819111229 тоот данснаас хариуцагч О.Төмөр-Очирын ХААН банк дах дансанд 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөг шилжсэн байх ба дээрх 2 гүйлгээний утгыг орлого, шагналт цалин гэж бичжээ.

О.Төмөр-Очир 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажилласныг нэхэмжлэгч үгүйсгээгүй тул тухайн сарын эцэст шилжүүлсэн 2.000.000 төгрөг, мөн шагналт цалинд олгосон 3.000.000 төгрөгийг зээл гэж үзэх боломжгүй юм.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч зээлийн гэрээний дагуу зээлдэгчид мөнгийг хүлээлгэн өгөх үүргийг хүлээх бөгөөд мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцогдоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчид мөнгө зээлсэн гэх тайлбараа нотолж чадаагүй, зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй ба мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “шүүх хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс анх дутам хянан шийдвэрлэнэ” гэжээ.

Хариуцагч нь цалин хөлс дутуу олгосон талаар хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдол гаргасан эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчид олгосон 3.000.000 төгрөгийг шагналт цалин гэж үзсэн атлаа зээлийн төлбөрт тооцож хариуцагчаас гаргуулсан нь буруу болжээ.

Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн 520 дугаар шийдвэр, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 13 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “7.256.560 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэгч Б.Баянцогтын үндсэн нэхэмжлэл, “5.597.000 төгрөг гаргуулах тухай” хариуцагч О.Төмөр-Очирын сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 131.055 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.                   

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ