| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 138/2023/00332/И |
| Дугаар | 309/ШШ2025/00927 |
| Огноо | 2025-09-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 309/ШШ2025/00927
| 2025 оны 09 сарын 02 өдөр | Дугаар 309/ШШ2025/00927 |
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал би,
Нэхэмжлэгч: ******* ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “6 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь 2020 оны 8 сард Ононд намайг өөрийн Лого маркийн тэрэгтэй явж байхад таарч ******* өөрийнхөө тэргийг замын гуу даланд оруулчихсан байсан. Тэгээд татаж өгөөч гэсэн. Тэгэхээр нь би чадахгүй. Урьд нь машинаа эвдэж хаширсан гэхэд Зүгээрээ би өөрөө татъя, эвдэрвэл би хариуцна гээд гуйсаар байгаад миний машиныг барьж машинаа татаж байгаад кропыг нь эвдсэн. Тэгээд миний машин явахгүй болсон. Тэгээд машиныг минь чирээд өөрийн гаднаа аваачиж засаад өгнө гэсэн. Би миний машин ямар байсан тийм л болгож өг гэсэн. Гэтэл өнөө хүртэл худал хэлээд машиныг минь засаж өгөөгүй. Одоо сонсоход 4 дугуйг нь авчихсан элгээрээ газар хэвтсэн байна гэж байсан. Иймд машинаа босгуулж авмаар байна. Хэрэв босгож чадахгүй бол 6 000 000 төгрөг нэхнэ. Иймд намайг хохиролгүй болгуулж өгнө үү гэв.
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа: Тухайн өдөр иргэн ******* нь жимс түүхээр хэдэн хүнтэй хамт явж байгаад машинаа унтрааж асааж чадахгүй байх үед таарч портерийнхоо аккумлятор авч асааж өгсөн. Гэтэл миний машин асаагүй тул хамт Онон буцаж явтал иргэн *******, нар миний жижиг машиныг замын хажуу талын даланд оруулаад гаргаж чадахгүй болгосон байсан. Бид татаж гаргах гэсэн боловч татлагагүй байсан учраас Онон манай гэрлүү явж цуг авсан хүмүүсээ буулгаад *******ыг гуйж машинаа татахаар болсон. Машин дээрээ ирж татлагаа уяж бэхлээд татах үед ******* ******* гуайн машиныг барьж өөрөө хажууд нь суусан. Харин би өөрийнхөө жижиг машинаа хөдлөхгүй байхад нь бууж очвол иргэн ******* машин асаалттай араандаа орчихоод хөдлөхгүй байсан. Тэгээд бид 4 кроп эвдэрсэн байх гэсэн онош өгөөд нөгөө машинаа данхраадаж гаргаад Онон гэрлүүгээ буцсан. 2 хоногийн дараа би ******* машиныг трактороор чирж гэрийн гадаа авчирсан. Би тэдэнд машины юу нь эвдэрсэн байна түүнийг нь засаж өгнө эсвэл сэлбэгийг авч өгөхөөр тохиролцсон. Харин тэд машинаа задлаад эвдрэлийг тогтоож өгөлгүй өдий хүрсэн. Хэрэв би задлаад эвдрэлээ хэлсэн бол тухайн эвдэрсэн сэлбэгийг авч өгөх байсан. Иймд надад буруу байхгүй, зөвхөн эвдэрсэн сэлбэгийн үнийг л төлнө. ******* нэхэмжилсэн мөнгийг төлөх ямарч үндэслэлгүй гэжээ.
Зохигчид шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа 3 500 000 төгрөгийг багасгаж, үлдэгдэл 2 500 000 төгрөгийг 9 сарын 02-ны өдөр бэлнээр 800 000 төгрөгөнд шүдлэн адууг, 2025 оны 10 сарын 10-ны өдрийн дотор тооцон авч, 2025 оны 10 сарын 5-ны дотор 500 000 төгрөгийг 2025 оны 11 сарын 25-ны дотор 500 000 төгрөгийг, 2026 оны 01 сарын 25-ны дотор хариуцагч *******аас тус тус гаргуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээг байгуулж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч А.******* холбогдуулан “6 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг гаргасан байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд хоорондоо ... Нэхэмжлэгч ******* миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа 3 500 000 төгрөгийг багасгаж, үлдэгдэл 2 500 000 төгрөгийг 9 сарын 02-ны өдөр бэлнээр 800 000 төгрөгөнд шүдлэн адууг, 2025 оны 10 сарын 10-ны өдрийн дотор тооцон авч, 2025 оны 10 сарын 5-ны дотор 500 000 төгрөгийг 2025 оны 11 сарын 25-ны дотор 500 000 төгрөгийг, 2026 оны 01 сарын 25-ны дотор хариуцагч *******аас тус тус гаргуулахаар харилцан тохиролцон эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр үйлдэж шүүхэд ирүүлсэн байна. Талуудын хооронд байгуулсан эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.4-т зааснаар Зохигч эвлэрэхдээ шүүхийн зардлыг өөрөөр хуваарилахаар тохиролцоогүй бол шүүх энэ зүйлд заасан журмаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан.
Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 110 950 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж төлсөн ба үүнийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 55 475 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх боломжтой болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч тус шүүхэд болон давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ