Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 528

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч Т.Отгонтөгс (томилолтоор), шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газраас И т овогт Б.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808002010332 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

И т овогт Б.О, Монгол Улсын иргэн, ......... регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын эцэст зүс таних Б.Ү-г үсдэж, маажин зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Б.О нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын эцэст Б.Ү-г хулгайлах гэмт хэрэгт сэрдэсний умаас түүнтэй маргалдаж, улмаар түүнийг үсдэж, маажиж, бие махбодод нь “зүүн хацар, баруун хөмсөгт зулгаралт, баруун бугалганд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.О шүүх хуралдаанд: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

2. Хохирогч Б.Ү-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нарангийн голын эцсийн буудал дээр байдаг “Оргил-Од” хүнсний дэлгүүрийн гадна О гэдэг зүс мэддэг хүүхэнтэй тааралдсан. Тухайн үед тэр эмэгтэй согтуу байсан бөгөөд дэлгүүр дотор намайг үсдэж аваад “хулгайч минь энэ тэр” гэж хэлээд байсан. Тэр үед дэлгүүрт худалдагч Ө, мөн түүний аав хамт байсан. Тэд О-г надаас салгаад дэлгүүрээс гаргасан. Би дэлгүүрээс орой 18 цагийн үед гараад явж байхад дэлгүүрийн гадна О-тэй дахин таарсан. О дахин миний үснээс зулгаагаад, намайг үсдэж газар унгасан. Тэгээд цагдаа дуудаад, цагдаагийн тасаг дээр ирчихсэн байхад дахин үсдсэн, харин цагдаа нар тэр хүүхнийг надаас салгаад авч үлдсэн. Гэтэл удалгүй дахин манай гэрт ирээд, над руу орилж хашгирч байх үед нөхөр нь түүнийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-14 дугаар хуудас),

3. Гэрч Х.Ө-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 19 цаг өнгөрч байх үед Ү дэлгүүрт нэлээн согтуу байдалтай орж ирсэн. Тэгээд “гадаа нөгөө хүүхэнтэй таарлаа” гэж байсан. Нөгөө хүүхэн гэдэг нь Ү-гийн гэрийн ойролцоо амьдардаг хүүхнийг хэлж байгаа юм. Ү тэр хүүхэн хоёр юунаас болж хоёр биенээ үзэхээ больсныг мэдэхгүй байна. Ямартай ч маргасан байдалтай байсан. Нөгөө хүүхэн Үүрийнтуяагийн араас дэлгүүрт орж ирээд Ү-тай хэрэлдээд үсдэлцээд авахаар нь би тэр хүүхнийг гаргасан, өөрөөр цохилцож зодолдоогүй. ...Ү орой орж ирэхдээ нүүрээ мажуулсан бололтой зулгарч урагдсан байсан. Түүний нүүр 2-3 хэсэг газар маажигдсан бололтой шалбарч улайсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас),

4. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 852 дугаартай “Б.Ү-гийн биед зүүн хацар, баруун хөмсөгт зулгаралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй" гэсэн дүгнэлт (хх-ийн 22 дугаар хуудас),

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Энэ хэргийн шүүгдэгч Б.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл  учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримт, хор уршигийн талаар маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Хохирогч Б.Ү нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, мөрдөн байцаалтын явцад баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Б.О-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй. Мөн хохирогчоос эмчилгээний болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Б.О-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүйг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай гэв.

Шүүх шүүгдэгч Б.О гэм буруутай болохыг нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Ингэхдээ шүүх, шүүх хуралдаанд шүүгдэгчээс гаргасан хүсэлт, бага насны хүүхэдтэй хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлж эхэлсэн гэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Б.О-д 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон, түүнийг нийгэмшүүлэх болон цээрлүүлэх үр нөлөөтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.И т овогт Б.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.О-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д оногдуулсан торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.О торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгчид гардуулсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.О-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА