Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2026/0723

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Х******* /РД:*******/ 

Хариуцагч: Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдох захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н*******, Г.Ү******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Монгол Улсын иргэн Б.Х******* нь Хууль зүй дотоод хэргийн сайдад холбогдуулан “…Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/2499 дугаар албан бичгээр өгсөн захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэн Б.Х******* надад нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.  

1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч Б.Х******* нь 2021 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан нотариатын мэргэшлийн шалгалтад нийслэлийн тойрогт өрсөлдөж, 102.8 оноо авч, тус шалгалтад тэнцсэн.

2.2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/290 дугаартай “Нотариатчийн нөөцөд бүртгэх тухай” тушаалаар[1] нотариатчийн мэргэшлийн шалгалтад тэнцсэн хавсралтад дурдсан хуульчдыг  нотариатын тухайн тойргийн  нөөцөд бүртгэж, уг тушаалын хавсралтын 31-д нийслэлийн тойрогт нэхэмжлэгч Б.Х******* багтсан.[2]

2.3. Нэхэмжлэгч Б.Х*******, хуульч Э.М*******гийн хамт Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “...Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.14, 7.2 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны журмаар захиргааны хэрэг үүсгэсэн.

2.4. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.14-д “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдсон шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг хугацаанд тухайн тойрогтоо нөөцөд байна.”, 7.2-д “Шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн орон тоонд багтаагүй, нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох, тойрог шилжүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан.

2.5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШШ2026/0003 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.14, 7.2 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгосон.

2.6. Дээрх шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.[3]

2.7. Улмаар нэхэмжлэгч Б.Х*******гаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж “…нийслэлийн тойрогт нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүсэж” 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргасан.[4]

2.8. Дээрх хүсэлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/2499 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр нөөцийн хугацаа дуусгавар болсон, нөөцөд байх хугацаанд онооны дарааллаар сул орон тоонуудад багтаагүй тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 221/ШШ2026/0003 дугаартай шийдвэрээр маргаан бүхий журмын 4.14, 7.2 дахь заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь түүнийг буцаан хэрэглэх үндэслэл болохгүй” гэх хариуг нэхэмжлэгч Б.Х*******д өгсөн.[5]

2.9. Нэхэмжлэгчийн зүгээс “...2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад Нотариатын тухай хуульд заасны дагуу нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож өгөхийг хүсэж өргөдөл гаргасан боловч өргөдлийн утга агуулгыг ойлгоогүй мэтээр хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэх үндэслэл болохгүй гэж өргөдлийн утга санааг илт гуйвуулан хууль зүйн үндэслэлгүй хариуг өгч татгалзсан. Ийнхүү нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Б.Х******* надад хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна. Мэргэжлийн хорооны ажиллах журмын 4.14, 7.2 дахь заалт хүчингүй болсон гэдэг шалтгаанаар өөр эрх зүйн харилцаа огт байхгүй, дуусгавар болсон гэж үзэх үү, эсвэл энэ харилцааг зохицуулах өөр эрх зүйн хэм хэмжээ байна. Учир нь Нотариатын тухай хуульд, Засгийн газрын гишүүнд олгогдсон эрх байна. Тийм учраас энэ хуулийг хэрэглэж, мэргэжлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд зөвшөөрөл олгоно гэж заасан байна. Энэ хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүсэж байна.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.10. Хариуцагчийн зүгээс “...Нотариатчийн мэргэжлийн хорооны ажиллах журмын 7.2-т зааснаар Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нотариатчийн нөөцөд байгаа иргэнийг сул орон тоонд томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд энэ нь нотариатчийн сул орон тоонд нөөцөөс заавал томилох гэсэн зохицуулалт биш байсан. Нотариатчийн сул орон тоонд томилгоо хийхдээ тухайн тойргийн нотариатчийн үйлчилгээний хэрэгцээ, шаардлага зэргээс гадна эхний ээлжид тойрогт шилжих хүсэлт өгсөн нотариатчийн хүсэлтийг нэн тэргүүнд шийдвэрлэдэг. Энэ нь томилогдсон тойрогтоо 2-оос доошгүй жил тасралтгүй ажилласан нотариатчийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан тойрогт шилжих хүсэлтийг үндэслэн нотариатчийг нотариатын сул орон тоонд томилдог бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанд томилогдсон албан хаагчид эхний ээлжид шилжүүлэн болон сэлгэн ажиллах зохицуулалттай ижил зохицуулалттай. 2021 онд нотариатын тойргийн сул орон тоонд мэргэжлийн шалгалт зохион байгуулсан бөгөөд дээрх шалгалтын дүн нь тухайн шалгалтын циклд хамаарах тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж бид үзэж байна.” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар:

3.1. Нэхэмжлэгч Б.Х*******гаас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Х******* миний бие 2021 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан мэргэжлийн шалгалтад нийслэлийн тойрогт өрсөлдөөд 102,8 оноогоор тус шалгалтад тэнцсэн. Нотариатчийн мэргэжлийн хорооны ажиллах журмын 4.5.11-д сорилго, бодлого, ярилцлагын нийт онооны нийлбэр 170 байх ба нийлбэр дүнгээр ер ба түүнээс дээш оноо авсан хүнийг шалгалтад тэнцсэн гэж үзнэ гэж заасан. Энэхүү заалт өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Миний бие 102,8 оноо авсан. Нотариатын мэргэжлийн шалгалтад тэнцсэнээсээ хойш өнөөдрийг хүртэл Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг хашиж, нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох байх гэж найдан хүлээсээр байгаа бөгөөд үе үеийн Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт удаа дараа өргөдлөө өгч байсан.

Улмаар 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хуульч Ч.М*******гийн хамт Нотариатчийн мэргэжлийн хорооны ажиллах журамд 2017 онд нэмэлтээр орсон тухайн журмын 4.14-д нотариатын үйл ажиллагаа эрхлэх, нотариатын тойрогт шилжих шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд тухайн тойрогтоо нөөцөд байна. Мөн журмын 7.2-т шалгалтад тэнцсэн боловч зарласан сул орон тоонд багтаагүй нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох, тойрогт шилжих эсэх асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ гэж заасан нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2026/0003 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, журмын холбогдох заалтыг хүчингүй болгосон.

Ийнхүү хүчингүй болсны дараа 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн сайдад Нотариатын тухай хуульд заасны дагуу нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож өгөхийг хүсэж өргөдөл гаргасан боловч өргөдлийн утга агуулгыг ойлгоогүй мэтээр хүчингүй болсон захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэх үндэслэл болохгүй гэж өргөдлийн утга санааг илт гуйвуулан хууль зүйн үндэслэлгүй хариуг өгч татгалзсан. Ийнхүү нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Б.Х******* надад хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж байна гэж үзэж байна. Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 3.7-д Хууль зүй, дотоод хэргийн сайд нь нотариатчийн мэргэжлийн шалгалтад тэнцсэн, санаатай гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй, нотариатын үйлдэл хийх ажлын байртай иргэнд мэргэжлийн хорооны саналыг үндэслэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох бүрэн эрхтэй боловч ийнхүү хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Нотариатын тухай хуульд заагаагүй сул орон тоонд багтаагүй. Шалгалтад тэнцсэн иргэдийг 3 жилийн хугацаанд нөөцөд бүртгэх талаар Мэргэжлийн хорооны журамд тусгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.2, 6 дугаар зүйлийн 6.1.6-д заасан захиргааны хэмжээний актад тавигдах шаардлагад нийцээгүй, 3.8-д Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Нотариатын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан, мэргэжлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд олгоно гэж заасан нь хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан. Мэргэжлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох агуулгатай байхад маргаан бүхий журмаар нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж хуулиас давсан хэм хэмжээ тогтоосон нь үндэслэлгүй болжээ гэх зэргээр тодорхой дүгнэлтийг хийж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол бол зөрчигдсөн байна гэж үзэж хүчингүй болгосон. Иймд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 сарын 13-ны өдрийн 1/2499 дүгээр албан бичгээр өгсөн захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нотариатын мэргэжлийн шалгалтад тэнцсэн иргэн Б.Х******* надад нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж өгнө үү.” Гэжээ.

3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хариу тайлбарууд үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яагаад гэхээр өнөөдрийн энэ шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэнчлэн хууль хэрэглээний онолын томоохон асуудал гэж үзэж байна. Мөн хуульчдын хувьд ч, иргэдийн хувьд ч адилхан хамааралтай. Монгол Улсын Үндсэн хууль тэргүүн ээлжийн хууль юм. Үүнд тодорхой заасан хууль дээдлэх, ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, тэгш байдал, шударга ёс зэргийг төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж заасан. Захиргааны ерөнхий хууль, Нотариатын тухай хууль бол бүх журмаас дээгүүр хууль юм. Нотариатын тухай хуулийн 14 дүгээр зүйл өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Шалгалтад тэнцсэн иргэнд зөвшөөрөл олгоно гэж тодорхой заасан бөгөөд олгож болно, олгох эсэхийг шийдвэрлэнэ, олгохгүй байж болно гэсэн зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл, мэргэшлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд зөвшөөрөл олгоно гэсэн үг юм. Хариуцагч тал нотариатч тогтоосон тойргоо баримтлан үйл ажиллагаа эрхэлнэ гээд Нотариатын тухай хуулийн 7.1, 7.2 дугаар зүйлийг баримталж байна. Хуулийн 7.2 дугаар зүйл нь нотариатч болсон иргэнд хамаарах бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн  сайдаас нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч, тамга тэмдгээ авсан хүн тогтоосон тойрогтоо ажиллах ёстой гэсэн зарчмыг агуулж байна.

Өнөөдрийн маргаан бол нотариатын мэргэжлийн шалгалтад тэнцсэн иргэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай Нотариатын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан субьектив эрхээ эдлэхийн тулд нэхэмжлэл гаргаж байна. Хоёрдугаарт, хариуцагч тал Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх заалтыг баримталж байна. Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй гэж байна. Захиргааны хэм хэмжээний актыг хэрэглүүлэх гэсэнгүй. Хуульд заасан Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн мэргэжлийн шалгалтад тэнцсэн иргэнд зөвшөөрөл олгох үүрэг шууд заасан байна. Өмнө шинжлэн судлуулсан Мэргэжлийн хорооны ажиллах журмын 4.5.11-д ямар хүн тэнцсэн гэдгийг заасан. Тус журмын 4.5.11 дэх заалтад 90 ба түүнээс дээш оноо авсан хүнийг шалгалтад тэнцсэн гэж үзнэ гэж заасан байна. Хариуцагч нар 2021 оны нөөцөд бүртгэх тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаал өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Хуулиас давсан журам батлагдсан байна. Нотариатын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад хориглоогүй асуудлаар хязгаарлалт тогтоосон байна. Хуулийн 14.1 дэх заалтад ямар нэгэн хугацааны асуудлыг хориглоогүй. Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дугаар зүйлд заасанчлан Хууль зүй, дотоод хэргийн сайдад нотариатчийн орон тоо, хэрэгцээ шаардлагыг харгалзан орон тоог тогтоох эрх байна. Тэр эрхээ өнөөдрийг хүртэл хэрэгжүүлсээр байна. Гэхдээ орон тоо гарсан тохиолдолд шалгалтад тэнцсэн хүмүүст зөвшөөрөл олгох нь зүйн хэрэг юм. Нөөц гэдэг ойлголт нь 2016 оны тушаалаар батлагдсан журам хүчингүй болсны дараа гарч ирсэн бөгөөд 2021 онд Хууль зүй, дотоод хэргийн сайд тухайн журмыг баримталж тушаал гаргасан байна. Агуулгын хувьд энэ хүмүүс шалгалтад тэнцсэн гэдгийг батламжилж байгаа юм. Эдгээр хүмүүс шалгалтад тэнцсэн онооны дараалал нь ийм байна гэж тогтоосон байна. Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалыг нэхэмжлэгч тал хэзээ ч үгүйсгээгүй. Энэ дарааллын дагуу орон тоо гарсан тохиолдолд аль хэдийн тэнцсэн учраас надад зөвшөөрөл олгоно уу гэж хүсэж байгаа юм. Бусдын урдуур орохгүйгээр, дараалал ёсоор хүлээж байсан юм. Ийм асуудал байгааг анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Тэгэхээр захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй гэдэг тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Мэргэжлийн хорооны ажиллах журмын 4.14, 7.2 дугаар зүйл хүчингүй болсон гэдэг шалтгаанаар өөр эрх зүйн харилцаа огт байхгүй, дуусгавар болсон гэж үзэх үү, эсвэл энэ харилцааг зохицуулах өөр эрх зүйн хэм хэмжээ байна. Учир нь Нотариатын тухай хуульд, Засгийн газрын гишүүнд олгогдсон эрх байна. Тийм учраас энэ хуулийг хэрэглэж, мэргэжлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд зөвшөөрөл олгоно гэж заасан байна. Энэ хууль өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа тул хуулийн дагуу арга хэмжээ авахыг хүсэж байна. Хуульд заасан субьектив эрхээ шалгалтад тэнцсэн иргэний хувьд эдлэхийг хүсэж өргөдөл гаргасан. Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэн өнөөдөр нэхэмжлэл гаргаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.   

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н******* шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Нотариатын тоо, тойрогтой холбоотойг тайлбарлах нь зүйтэй байх. Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д нотариатч тогтоосон тойрогт үйл ажиллагаа явуулах бөгөөд тойрог сольж ажиллахыг хориглоно, 7.2-т нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчийн тоог энэ хуулийн 8.1-д заасан Монголын нотариатчидын танхимын саналыг харгалзан хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно гэж тус тус заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10 дугаар тушаалаар нотариатын тойргийг 45 түүнд ажиллах нотариатчидын тоог 313 байхаар тогтоож, сайдын мөн оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/136 дугаар тушаал, 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн А/198 дугаар тушаалаар тус тус нэмэлт өөрчлөлт оруулж, нийслэлийн нэг тойрог буюу түүнд ажиллах нотариатчийн тоо 218, орон нутгийн 45 тойрог буюу түүнд ажиллах нотариатчийн тойрог 99 нийт 46 тойрогт 317 нотариатч байхаар тогтоосон. Нотариатын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д мэргэжлийн шалгалтыг нотариатын тойрог, нотариатчийн орон тоо, хэрэгцээг харгалзан улсын хэмжээнд 3 жил тутам явуулах бөгөөд нотариатч ажиллаагүй тухайн тойрогт мэргэжлийн шалгалт явуулах эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухай бүр шийдвэрлэнэ гэж хуулиар зохицуулсан. Энэ зохицуулалтын хүрээнд Нотариатын мэргэжлийн шалгалт зохион байгуулах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/191 дугаар тушаалаар нийслэлийн тойргийн 10 сул орон тоо, орон нутгийн 18 тойргийн 19 сул орон тоо, нийт 29 сул орон тоонд мэргэжлийн шалгалт зарлаж, тухайн шалгалтын онооны эрэмбээр хуульчдыг зарласан сул орон тоонд томилоод зарласан сул орон тоонд багтаагүй хэдий ч шалгалтын босго оноо давсан хуульчдыг 3 жилийн хугацаагаар нөөцөд бүртгэсэн. Шалгалт хоорондын хугацаа 3 жил байна гэсэн учраас энэ хугацаанд нотариатын үйлчилгээний хэрэгцээ, шаардлага, хүртээмж, иргэдэд хүртээмжтэй байдлыг хангах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 06 дугаар тушаалаар баталсан Нотариатчийн мэргэжлийн хорооны ажиллах журамд мөн сайдын 2017 оны 165 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулж, нотариатчийн мэргэжлийн шалгалтын босго оноо давсан хуульчдыг нотариатчийн нөөцөд бүртгэж, нотариатын сул орон тоо гарсан тохиолдолд нөөцөөс томилох эсэхийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухай бүр шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан.

Нэхэмжлэгч Б.Х******* нь тухайн 2021 оны шалгалтаар нийслэлд 10 сул орон тоо зарлахад сул орон тоонд багтаагүй хэдий ч дээрх журмын дагуу босго оноо давсан тул Нотариатчийн нөөцөд бүртгэх тухай Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 290 дүгээр тушаалаар Нотариатчийн нөөцийн нийслэл дэх хэсгийн 31 дүгээрт бүртгэсэн бөгөөд 3 жилийн хугацаанд нөөцөд авсан тул энэ нөөцөд авсан хугацаа 2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр нөөцийн хугацаа дуусгавар болсон төдийгүй нөөцөд байх хугацаандаа онооны дарааллаараа сул орон тоонд томилогдоогүй болно. Тус тушаалаар нийслэлийн тойрогт босго оноогоо давсан нийт 43 хуульчийг нотариатчийн нөөцөд бүртгэж, нөөцөд байх хугацаанд дээрх нотариатын үйлчилгээ, хэрэгцээ шаардлагыг харгалзан нийслэлийн сул тойргийн орон тоонд 20 хуульчийг онооны дарааллын дагуу нөөцөөс томилсон. Б.Х******* хуульч нийслэл дэх нөөцийн 31-д бүртгэлтэй байсан. Нотариатчийн мэргэжлийн хорооны ажиллах журмын 7.2-т зааснаар Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, нотариатчийн нөөцөд байгаа иргэнийг сул орон тоонд томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд энэ нь нотариатчийн сул орон тоонд нөөцөөс заавал томилох гэсэн зохицуулалт биш байсан. Нотариатчийн сул орон тоонд томилгоо хийхдээ тухайн тойргийн нотариатчийн үйлчилгээний хэрэгцээ, шаардлага зэргээс гадна эхний ээлжид тойрогт шилжих хүсэлт өгсөн нотариатчийн хүсэлтийг нэн тэргүүнд шийдвэрлэдэг. Энэ нь томилогдсон тойрогтоо 2-оос доошгүй жил тасралтгүй ажилласан нотариатчийн хүндэтгэн үзэх шалтгааныг харгалзан тойрогт шилжих хүсэлтийг үндэслэн нотариатчийг нотариатын сул орон тоонд томилдог бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн албанд томилогдсон албан хаагчид эхний ээлжид шилжүүлэн болон сэлгэн ажиллах зохицуулалттай ижил зохицуулалттай.

Захиргааны хэргийн давж заалдах шатын шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШШ2026/0003 дугаар шийдвэрээр Нотариатын мэргэжлийн хорооны ажиллах журмын 4.14-д нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нотариатын тойрогт шилжихтэй холбогдох шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг хугацаанд тойрогтоо нөөцөд байна гэж, 7.2-т шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн орон тоонд багтаагүй нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох, тойрогт шилжүүлэх эсэх асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ гэснийг хүчингүй болгосон. Шүүхийн шийдвэрт уг журмыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогоогүй байх тул нэхэмжлэгчийн хүчин төгөлдөр бус болохыг тогтоох шаардлага байсныг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагад хязгаарлагдахгүйгээр журмын дээрх 4.14, 7.2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн талаар тухайн түүх шүүхийн шийдвэртээ дурдсан байсан. Иргэн Б.Х******* нэхэмжлэлийн шаардлагадаа Нотариатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д дараах шаардлагыг хангасан Монгол Улсын иргэн нотариатын үйл ажиллагаа эрхлэх эрхлэх эрхтэй, 6.1.1-д хуульд заасан мэргэжлийн хуульч болон энэ хуулийн 14-д заасан мэргэжлийн шалгалтад тэнцсэн гэсэн тул нотариатын үйл ажиллагааг эрх, зөвшөөрөл олгохыг хүссэн байна. Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаас нотариатч зөвхөн тогтоосон тойрогт үйл ажиллагаа явуулна, тойрог сольж ажиллахыг хориглоно. Нотариатын тойрог, түүнд ажиллах нотариатчидын тоог танхимын саналыг харгалзан Засгийн газрын гишүүн тогтооно гэж заасан. Тогтоосон тойрогтоо нийцүүлээд мэргэжлийн шалгалтаа зарласан. 2021 онд нотариатын тойргийн сул орон тоонд мэргэжлийн шалгалт зохион байгуулсан бөгөөд дээрх шалгалтын дүн нь тухайн шалгалтын циклд хамаарах тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж бид үзэж байна. Иймд нэхэмжлэгчид нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад агуулгад нийцүүлэн хангаж шийдвэрлэлээ.

1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч Б.Х******* нь 2021 онд улсын хэмжээнд зохион байгуулагдсан нотариатын мэргэшлийн шалгалтад нийслэлийн тойрогт өрсөлдөж, 102.8 оноо авч, тус шалгалтад тэнцсэн байна.

2. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн А/290 дугаартай “Нотариатчийн нөөцөд бүртгэх тухай” тушаалаар нотариатчийн мэргэшлийн шалгалтад тэнцсэн хавсралтад дурдсан хуульчдыг  нотариатын тухайн тойргийн  нөөцөд бүртгэж, уг тушаалын хавсралтын 31-д нэхэмжлэгч Б.Х******* багтсан.[6]

3. Нэхэмжлэгч Б.Х*******, хуульч Э.М*******гийн хамт Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан “...Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.14, 7.2 дахь заалтуудыг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж, давж заалдах шатны шүүхээс анхан шатны журмаар захиргааны хэрэг үүсгэсэн.

4. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журам”-ын[7] 4.14-д “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нотариатын тойрог шилжихтэй холбогдсон шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд уг хугацаанд тухайн тойрогтоо нөөцөд байна.”, 7.2-д “Шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн орон тоонд багтаагүй, нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох, тойрог шилжүүлэх эсэх асуудлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан байжээ.[8]

5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШШ2026/0003 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.14, 7.2 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

6. Дээрх шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчид давж заалдах журмаар гомдол гаргаагүй байх тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.[9]

7. Улмаар нэхэмжлэгч Б.Х*******гаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж “…нийслэлийн тойрогт нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүсэж” 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүсэлт гаргасан.[10]

8. Дээрх хүсэлтэд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/2499 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…2024 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр нөөцийн хугацаа дуусгавар болсон, нөөцөд байх хугацаанд онооны дарааллаар сул орон тоонуудад багтаагүй тул таны хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй ... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 221/ШШ2026/0003 дугаартай шийдвэрээр маргаан бүхий журмын 4.14, 7.2 дахь заалтуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь түүнийг буцаан хэрэглэх үндэслэл болохгүй” гэх хариуг нэхэмжлэгч Б.Х*******д өгчээ.

9. Энэхүү маргаанд талуудын маргаж буй гол эрх зүйн асуудал нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШШ2026/0003 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.14, 7.2 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн нь эрх зүйн үйлчлэлийн хувьд хэзээнээс эхлэн хэрэгжих вэ гэх асуудал байна.

10. Эрх зүйн ерөнхий онолд, нэг талаас “ex nunc”[11] үйлчлэл буюу аливаа шийдвэр, гэрээ зэргийг хүчингүй болгосноор тухайн цаг мөчөөс эхлэн эрх зүйн харилцаа дуусгавар болно гэх ойлголт, нөгөө талаас, “ex tunс”[12] үйлчлэл буюу аливаа шийдвэр, гэрээ зэрэг нь анхнаасаа илт хууль бус тул эрх зүйн үйлчлэлгүй гэх ойлголт нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн.

11. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журам нь Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан захиргааны хэм хэмжээний акт байх бөгөөд мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар уг захиргааны хэм хэмжээний акт нь эрх олгосон хуулийн зорилгод нийцсэн, тухайн хуулиар олгогдоогүй, хуулиас давсан зохицуулалт агуулсан эсэх нь түүний эрх зүйн үйлчлэлийг дүгнэхэд шууд нөлөөлнө.

12. Тухайлбал, Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/0295 дугаартай тогтоолын[13] 20-д “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.8-д захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох гэсэн нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдвол түүнийг шүүхээс хүчингүй болгох боломжийг хуулиар тогтоосон, түүнчлэн, хэм хэмжээний акт хуульд нийцээгүй, тухайлбал, хуулиар тусгайлан заагаагүй асуудлаар хэм хэмжээ тогтоосон, эрх олгогдоогүй этгээд хэм хэмжээний актыг батлан гаргасан, зохих журмын дагуу бүртгүүлээгүй гэх зэрэг үндэслэлээр тухайн хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг шүүх тогтоох боломжтой юм ...” гэсэн эрх зүйн дүгнэлтийг хийжээ. 

13. Өөрөөр хэлбэл, захиргааны хэм хэмжээний акт хуульд нийцээгүй, тухайлбал, хуулиар тусгайлан заагаагүй асуудлаар хэм хэмжээ тогтоосон, эрх олгогдоогүй этгээд хэм хэмжээний актыг батлан гаргасан, зохих журмын дагуу бүртгүүлээгүй гэх зэрэг үндэслэлээр тухайн хэм хэмжээний актыг хүчин төгөлдөр бус болохыг шүүх тогтоох боломжтой гэдэг нь “ex tunc” үйлчлэл буюу дээрх эрх зүйн алдаатай тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт нь анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй буюу хүчин төгөлдөр бус гэсэн хууль зүйн утга юм.

14. Мөн захиргааны хэм хэмжээний акт нь дээд эрэмбийн эрх зүйн эх сурвалж болох хуульд нийцэж байх тухай ойлголт нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.” гэж зааснаар хууль дээдлэх зарчмын нэгэн чухал элемент болно.

15. Нотариатын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Хууль зүйн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн нотариатын талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:” гээд, 13.1.5 дахь заалтад “нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд олгоно.” гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан иргэнд Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно.” гэж тус тус заажээ.

 16. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, Нотариатын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж, нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгохоор шууд заасан байх бөгөөд энэхүү хэм хэмжээнд ямар нэг нэмэлт нөхцөл, шаардлага, тухайлбал, шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх талаар, эсхүл шалгалтад тэнцсэн боловч зарласан тойргийн орон тоонд багтаагүй, нөөцөд байгаа иргэнийг бусад тойргийн зарласан сул орон тоонд тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэх талаар ямар нэг зохицуулалт хуульд байхгүй, мөн ийнхүү зохицуулахыг ямар нэг байдлаар зөвшөөрч эрх олгосон шинжтэй зохицуулалт байхгүй байна.

17. Хэдийгээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 221/ШШ2026/0003 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.14, 7.2 дахь заалтуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байх боловч тус шийдвэрийн 3.8-д “... Нотариатын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд олгоно” гэж заасан нь хуульд заасан журмын дагуу зохион байгуулсан мэргэшлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох агуулгатай байхад маргаан бүхий журмаар “нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байна” гэж хуулиас давсан хэм хэмжээ тогтоосон нь үндэслэлгүй болжээ ...” гэж, 3.9-д “... Хэдийгээр Нотариатын тухай  хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Энэ хуулийн 6.1-д заасан шаардлагыг хангасан иргэнд Мэргэшлийн хорооны саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгоно” гэж заасны дагуу хариуцагч нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэнд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох бүрэн эрхтэй байх боловч “шалгалтад тэнцсэн иргэний шалгалтын дүн 3 жилийн хугацаанд хүчинтэй байх”-аар журамд тусгайлан нэмэлт өөрчлөлт оруулсан нь Нотариатын тухай  хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хориглоогүй асуудлаар хязгаарлалт тогтоосон байх тул “хариуцагч 2017 онд журамд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хуулиар олгогдоогүй, хуулиас давсан, журмын зорилгод хамаарахгүй гажуудуулсан хэм хэмжээг тогтоосон” гэх агуулгаар маргаж буй нэхэмжлэгч нарын тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй ...” гэсэн дүгнэлтүүдийг хийжээ.

18. Өөрөөр хэлбэл, захиргааны эрх зүйн онол, дээрх эрх зүйн дүгнэлтүүд, болон Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2019/0295 дугаартай тогтоолын 20-д бичигдсэн дүгнэлтийн хууль зүйн агуулгуудаар авч үзвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.14, 7.2 дахь заалтууд нь “ex tunc” буюу анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй буюу хүчин төгөлдөр бус журмын зохицуулалт байсныг илэрхийлж байна.

19. Иймд эхний ээлжид нэхэмжлэгч Б.Х*******гаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж “…нийслэлийн тойрогт нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүсэж” 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтэд үндэслэлгүй татгалзсан хариу өгсөн хариуцагчийн албан бичгийг /татгалзлыг/ хуульд нийцүүлэх шаардлагатай, мөн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагч талын тайлбарласан тайлбараас үзэхэд нотариатын мэргэшлийн шалгалтын нийлбэр дүнгээр нэхэмжлэгч Б.Х*******гийн өмнө эрэмбэлэгдсэн шалгуулагчдаас зарим иргэдэд одоог хүртэл нотариатын үйл ажиллагааны зөвшөөрөл олгогдоогүй байгаа нөхцөл байдал тогтоогдож байх тул нэхэмжлэгчид шууд нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах хууль зүйн боломжгүй, харин 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гаргасан хүсэлтэд үндэслэлгүй татгалзсан хариу өгсөн хариуцагчийн албан бичгийг /татгалзлыг/ хууль бус болохыг тогтоож, хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайдад хуульд заасан журмын дагуу зохих шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэлээ.

20. Харин шүүхийн энэхүү шийдвэр нь хариуцагчаас шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласан “одоогийн байдлаар манай улсад нотариатчийн орон тоо илүүдэлтэй болсон, нотариатчийн орон тоог хасах санал ирсэн” гэх зэрэг бодлогын шийдвэр гаргах асуудалд шууд нөлөөлөхгүй боловч Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/06 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нотариатчийн Мэргэшлийн хорооны ажиллах журмын 4.14, 7.2 дахь заалтууд нь Нотариатын тухай хуульд нийцээгүй буюу анхнаасаа хүчин төгөлдөр бус болохыг тогтоосныг тухайлан тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нотариатын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, 13.1.5 дахь заалт, 14 дүгээр зүйлийн 14.1, 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х*******гаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан агуулгад нийцүүлэн хангаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1/2499 дугаартай албан бичиг буюу татгалзсан шийдвэр нь хууль бус болохыг тогтоож, нотариатын мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэн Б.Х*******д нотариатын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох эсэх асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн сайд нь энэ шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 30 хоногийн дотор нэхэмжлэгч Б.Х*******гаас Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан гаргасан 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтийг шийдвэрлэж, нэхэмжлэгчид бичгээр хариу өгөх замаар шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 22 дахь тал

[2] Хх 23 дахь тал

[3] Хх 39 дэх тал

[4] Хх 26-27 дахь тал

[5] Хх 7 дахь тал

[6] Хх 23 дахь тал

[7] https://legalinfo.mn/mn/detail?lawId=17437747682992&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/

[8] Дээрх журмын заалтуудыг ХЗДХС-ын 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/58 дугаар тушаалаар хүчингүй болгосон.

[9] Хх 39 дэх тал

[10] Хх 26-27 дахь тал

[11] Хүчингүй болгосноос эхлэн гэх утгатай хууль зүйн латин нэр томьёо.

[12] Анхнаасаа үйлчлэлгүй гэх утгатай хууль зүйн латин нэр томьёо

[13] https://shuukh.mn/single_case/1965?daterange=2019-10-02%20-%202019-10-03&id=3&court_cat=3&bb=1 /нийтэд илэрхий нотлох баримт/ - “О ш” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад холбогдох захиргааны хэрэг.