Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 545

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч Ц.Гансүлд, шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 Тус дүүргийн прокурорын газраас Б овогт А.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808018650513 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт А.А, Монгол Улсын иргэн, ...........регистрийн дугаартай.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:

Шүүгдэгч А.А нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хороололд байрлах Хаан банкны салбараар иргэн Х.Н “Бүгд Найрамдах Солонгос Улс руу виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “А.А нь 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, “Содон” хороололд байрлах Хаан банкны салбараас Х.Н-ийг “Бүгд Найрамдах Солонгос улс руу виз гаргуулж өгнө” гэж хуурч мэхлэн түүнээс 2.000.000 төгрөг шилжүүлэн авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч А.А шүүх хуралдаанд: “Мөрдөн байцаалтын үед хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учир шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Асуултад хариулна гээд би өөрөө виз гаргах талаар мэдэхгүй. Би урьд нь хоёр хүний визний материалыг өөрийн танил Г гэдэг хүнд дамжуулан өгч байсан бөгөөд тэр хоёр БНСУ-руу явсан. Харин дараа нь манай дүү А-гийн найз Б-гийн нөхөр надтай холбогдсон. Тэгээд Н гэж хүнтэй уулзсан. Би өмнө хоёр хүний материал мөнгийг шилжүүлж байсан байдлаараа л Н хэлсэн. Гэхдээ тэр үед би Г-той холбогдоогүй, Н гэх хүний асуудлыг боломжтой эсэхийг Г-оос асуугаагүй байсан юм” гэж мэдүүлэв

2. Хохирогч Х.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, 1 дүгээр хороололд анх А-тай уулзсан. А нь “...найдвартай Солонгос руу явах виз гаргаж өгнө, урьдчилгаа 2.000.000 төгрөг авч байгаа...” гэж хэлсэн. Би тэр хүнээр дамжуулан Солонгос руу явчих юм байна гэж бодоод, түүнтэй харилцан ярилцаад урьдчилгаа мөнгийг нь өгөхөөр зөвшөөрсөн. Манай ах Б “Тэс”  капитал нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт микроавтобусаа 1,500,000 төгрөгөөр барьцаалж, үлдсэн 500.000 төгрөгийг Солонгосоос манай ах Л явуулаад, Соннинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын Хаан банкны салбараас А хаан банкны данс руу 2,000,000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш А руу хэд хэдэн удаа залгахад “одоо удахгүй виз гарна, санаа зоволтгүй, түр хүлээж бай” гэж хэлдэг байсан. Сүүлдээ “би визний чинь материалыг өөр хүнд өгсөн” гэж хэлэх болсон... ...А 2018 оны 1 дүгээр сараас эхлээд залгахаар гар утсаа авахаа больчихсон, тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 дугаар хуудас),

3. Гэрч Л.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын сүүлээр найз Н Солонгос Улс руу явах виз гаргуулмаар байна гэхэд нь би “А руу залгаад асуучих” гээд түүний утасны дугаарыг хэлсэн. 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Н бид хоёр зурагтын ойролцоо очоод гадаад паспорт, цагдаагийн тодорхойлолт, цээж зургаа аваачиж өгсөн. Харин мөнгөө Содон хорооллын Хаан банкны салбараас А-ын данс руу шилжлүүлсэн. А “виз чинь 21 хоногийн дараа гарна, хүлээж бай” гэж хэлээд алга болсон...” гэсэн мэдүүлэг ( хх-ийн 16-18 дугаар хуудас),

4. Яллагдагч А.А мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын дундуур санагдаж байна. Манай дүү А-ийн найз Б-ийн нөхөр Э утсаар яриад “найз Н-ийг Солонгос Улс руу гаргамаар байна, чи виз гаргадаг хүнтэйгээ холбоод өг” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд “паспорт урьдчилгаа 2.000.000 төгрөг аваад ирээрэй, дараа нь 5.000.000 төгрөг авна, нийт 7.000.000 төгрөг болно” гэж хэлсэн. Үүний дараа Н “би хоёр сая төгрөг олчихлоо, паспортаа аваачиж өгөх үү гэж хэлсэн. Би мөнгөө данс руу шилжүүлчих гэж хэлээд, Н-той уулзаад миний данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн... ...Би мөнгийг нь аваад паспорт гаргадаг найз Г руу утсаар залгахад утас нь холбогдохгүй байсан. Би тэр өдрөө вокзалын ард байдаг автомат тоглоомын газар тоглож 1.000.000 төгрөгийг нь алдсан. Маргааш нь дахин тоглож, үлдсэн 1.000.000 төгрөгийг нь алдсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-25 дугаар хуудас),

            5. Хохирогч Х.Н-оос шүүшдэгч А.А-т 2,000,000 төгрөг шилжүүлсэн, шүүгдэгч А.А хохирогч Х.Н-оос 2,000,000 төгрөг хүлээн авсан талаарх “Хаан банк”-ны хуулга (хх-ийн 47-52 дугаар хуулас),

6. Шүүгдэгч А.А-ын иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны дүгнэлтийн үе шатанд: Миний үйлчлүүлэгч мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг учраас гэм буруугаа зөвшөөрсөн гэж мэдүүллээ. Гэхдээ өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх талаар дүгнэлт саналаа хэлье. Шүүгдэгч А.А-ын үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжгүй, харин хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байгаа тул зөвтгөн зүйлчилж өгнө үү гэсэн саналтай байна. Учир нь миний үйлчлүүлэгч А.А нь анхнаасаа шунахайн сэдэлгүй, хуурч мэхлэх санаа зорилго агуулаагүй бөгөөд зөвхөн зуучлагчийн үүрэгтэйгээр оролцсон. Харин Г-т буюу бусдад шилжүүлэх ёстой байсан мөнгийг тухайн үеийн нөхцөл байдлын улмаас тоглоом тоглоод үрчихсэн байдаг юм. Иймд түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага, гэмт хэргийн ангиллын хувьд энэ хоёр хэрэг хоорондоо ялгаагүй хэдий ч залилсан гэдэг нь залуу хүний ирээдүйн амьдралд таагүй нөлөө үзүүлнэ. Иймд шүүх миний саналыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг дараах хэргийн нөхцөл байдалд тулгуурлан хууль зүйн үндэслэлгүй гэж няцаав. Үүнд:

- Шунахайн сэдэлттэй, сэдэлтгүйн тухайд залилах болон хөрөнгө завших гэмт хэрэг нь хоёулаа шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх тул өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлгүй байна.

- Шүүгдэгч А.А нь хохирогч Х.Н-той анх уулзах үед, мөн материал болон 2,000,000 төгрөгийг нь авах үед Г гэгчтэй огт холбогдоогүй, Х.Н-ийг БНСУ-руу явуулах виз гаргах бодит боломж бий эсэхийг асуугаагүй, Ганзориг ч энэ асуудлыг огт мэдээгүй байсан нөхцөл байдлаас дүгнэвэл түүний үйлдлийг хуурч мэхэлсэн шинжтэй гэж үзнэ.

- Шүүгдэгч А.А нь хохирогч Х.Н-ийн мөнгийг тоглоом тоглож үрчихсэн атал түүнд “мөнгийг чинь өгчихсөн, материалыг чинь өөр хүнд өгсөн, хүлээж бай удахгүй явуулна” зэргээр зориуд худал хэлж байсан.

- Хөрөнгө завших гэмт хэрэг нь хууль зүйн хувьд эд хөрөнгийн эзэн бусдад хөрөнгөө шилжүүлэхдээ өөрийн дураар захиран зарцуулах эрх олгодоггүй бөгөөд буцаан авах, хадгалуулах шинжтэй байдаг. Гэтэл энэ хэргийн хувьд хохирогч Х.Н мөнгөө буцааж авах нөхцөлгүйгээр бүр мөсөн шилжүүлсэн бөгөөд түүний хувьд гол зорилго бол БНСУ-руу явах виз гаргуулах явдал байсан. Харин шүүгдэгч А.А өөрт нь тийм боломж байхгүйг мэдсээр байж, Г гэгчтэй огт холбогдоогүй байж худал хэлсэн байх тул түүнийг хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэж үзнэ.  

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.А нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Иймд шүүгдэгч А.А-ыг залилах гэмт хэргийг хууч үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:

Шүүгдэгч А.А нь хохирогч Х.Н-д учруулсан 2.000.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчийн дүгнэлт: Шүүгдэгч А.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатарын дүгнэлт: Шүүгдэгч А.А-ын хувийн байдлыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргав.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэж байна.

Шүүх шүүгдэгч А.А-т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тохирох албадлагын арга хэмжээ хэрэглэхээр тогтов.

Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.А нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсанд Цагдаагийн Ерөнхий Газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй буюу урьд ял шийтгүүлээгүй байх ба анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан нийгмээс тусгаарлахгүйгээр хүмүүжүүлэх боломжтой гэж үзсэн болно.

Шүүх шүүгдэгчийн хувийн байдал гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хүргэсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, “автомат тоглоомын газарт очихыг хориглох” хязгаарлалт тогоож, албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгалаа.

Шүүгдэгч нь тоглоомонд донтох зуршилтай байж болзошгүй тул гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх зорилгоор дээр дурдсан албадлагын арга хэмжээг хэрэглэсэн. А.А  нь боломжит богино хугацаанд багтаан хамгийн багадаа нэг удаа зан үйлээ засах сургалтад хамрагдсан байх ёстой. Харин автомат тоглоомын газарт очихыг хориглох хязгаарлалт нь шүүхээс тогтоосон тэнссэн хугацааны туршид үргэлжлэх учиртай.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, А.А-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт А.А-ыг залилах гэмт хэргийг хуурч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч А.А-т мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Шүүгдэгч А.А-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар “автомат тоглоомын газарт очихыг хориглох” хязгаарлалтыг тэнссэн хугацаагаар тогтоож, энэ албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгчид гардуулсугай.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.А-т авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ                                    Б.БАТАА