Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/00323

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/00323

 

 

Ихбиндэр хайрхан ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 102/ШШ2016/05947 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч "Ихбиндэр хайрхан" ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч "Хөтөл тэлмэн констракшн" ХХК-д холбогдох

 

325 392 851 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Ихбиндэр хайрхан" ХХК-ийн төлөөлөгч Д.Адъяахүү шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Ихбиндэр хайрхан" ХХК нь "Хөтөл тэлмэн констракшн" ХХК-тай 2015 оны 3 дyraap сарын 19-ний өдөр 2015/05 тоот "Худалдах-худалдан авах гэрээ" байгуулж, худалдагч тал болох манай компани PC /Пи Си/ төрлийн хүнд бетоны нэмэлтийг 1 тонныг хөнгөлөлттэй үнэ болох 2 752 860 төгрөгөөр худалдан авагч талын захиалгыг үндэслэн нийлүүлэх, "Хөтөл тэлмэн констракшн" ХХК нь 15 хоног тутам тооцоо нийлж, төлбөрийг төлж байхаар харилцан тохиролцсон. Уг гэрээний дагуу "Хөтөл тэлмэн констракшн" ХХК нь 2015 онд захиалга хийж, нийт 312 219 600 төгрөгийн бетоны нэмэлт бүтээгдэхүүн авсан. Худалдан авагч 2015 онд 13 000 000 төгрөгийг бэлэн мөнгөөр, 124 390 000 төгрөгийг бартерын хэлбэрээр төлж, нийт 137 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд 2014 онд нийт 8 890 000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байсан. 2014 оны төлбөрийн үлдэгдэл 8 890 000 төгрөгийг хасч тооцсоноор 2015 оны худалдан авалтын төлбөрөөс 128 500 000 төгрөг төлөгдөж, нийт 183 719 600 төгрөг төлөгдөөгүй байна. Гэрээний 3.4 дэх хэсэгт "Хэрэв Б тал гэрээнд заагдсан төлбөр төлөх хугацааг хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутамд нийт үнийн дүнгийн 0.5 хувиар бодож алданги тооцно" гэж заасан ба алдангийн хэмжээ 2014 онд 5 824 000 төгрөг, 2015 онд 182 331 177 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын байдлаар 42 255 508 төгрөг, нийт 230 410 985 төгрөг болж байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн дүн болох 183 719 600 төгрөгийн 50 хувь болох 91 859 800 төгрөгийн алданги тооцож, үлдэгдэл төлбөр 183 719 600 төгрөг, алдангид 91 859 800 төгрөг, нийт 275 579 400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч "Ихбиндэр хайрхан" ХХК-ийн төлөөлөгч Д.Адъяахүү шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдан авагч "Хөтөл тэлмэн констракшн" ХХК нь их хэмжээний худалдан авалт хийгээд төлбөрөө хугацаанд нь төлөлгүй хуримтлал үүсгэснээс болж манай компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, доголдоход хүрсэн ба бетоны нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд материалын дутагдалд орж, компанийн үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэхэд хүндрэлтэй болж ирсэн. Энэ үед хариуцагч нь төлбөрөө удахгүй төлнө гэж байсан тул яаралтай санхүүжилт олохын тулд 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Хас банктай ЗГ1470006915 тоот "Зээлийн гэрээ"-г байгуулж, 183 334 000 төгрөгийг 36 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр зээлж авч зээлийн гэрээний шимтгэлд 550 000 төгрөг, өнөөдрийг хүртэлх 9 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөрт нийт 7 877 505 төгрөг, нийт 8 427 505 төгрөгийг төлөөд байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт "Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно. Энэ хугацаанд үүргээ дахин биелүүлэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй" гэж заасны дагуу "Хөтөл тэлмэн констракшн" ХХК-иас үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүйн хохиролд зээлийн гэрээний шимтгэлд төлсөн 550 000 төгрөг өнөөдрийг хүртэлх 9 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 7 877 505 төгрөг, нийт 8 427 505 төгрөгийг гаргуулна.

Мөн манай компани бетоны нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэн, худалдан авагч нартаа нийлүүлдэг. Уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх түүхий эд, материал нь манай улсад байдаггүй бөгөөд БНСУ-ын "КМВ" ХХК-иас гэрээний дагуу америк доллараар худалдан авдаг. "Хөтөл тэлмэн констракшн" ХХК нь төлбөрийн үүргээ хугацаанд гүйцэтгээгүйн улмаас манай компани маш их алдагдалд орж байгаагийн нэг нь өнөөдрийн америк долларын өсөлт болоод байна. Зөвхөн ханшийн зөрүүнээс үүссэн хохирлыг хамгийн сүүлчийн худалдан авалтын хугацаанаас тооцон 17 141 америк доллар буюу энэ өдрийн Монгол банкнаас зарласан ханшаар тооцон Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар ханшийн зөрүүнд нийт 41 935 946 төгрөгийг нэмж хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд "Хөтөл тэлмэн констракшн" ХХК-иас нийт 325 392 851 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч "Хөтөл тэлмэн констракшн" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Одончимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 2015/05 дугаартай "Худалдах- худалдан авах гэрээ"-г "Ихбиндэр хайрхан" ХХК-тай төлбөрийн нөхцлийг нь бартераар хийхээр тохиролцож байгуулсан. Уг гэрээний дагуу төлбөрөө хэвийн төлж барагдуулж байсан. 2015 онд 124 390 30 төгрөгийг бартерын хэлбэрээр төлж, мөн 13 000 000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Гэтэл барилгын салбар хямралд орж зогсонги байдалтай болсноор төлбөрөө төлөх боломжгүйд хүрсэн. Зуурмагийн үйлдвэр нь өөрөө өвөл үйл ажиллагаа явуулах боломжгүй онцлогтой тул жилийн тэн хагаст нь буюу 6 cap бүтээгдэхүүн үйлдвэрлэдэггүй сул зогсдог. "Ихбиндэр хайрхан" ХХК-иас төлбөрөө төлөхийг шаардсан албан бичиг манайд ирүүлээгүй ба гэнэт шүүхэд өгчихсөн байсан. Шүүхэд байсан бүхий л хугацаанд эвлэрэхийг бид санал болгон зуны турш зуурмаг юмуу байр авахыг хүсч олон янзаар хувилбар өгч байсан. Эцэст нь эвлэрүүлэн зуучлагч дээр хүртэл төлбөрийг бэлэн мөнгөөр бус бартераар төлөх саналуудыг гаргасан ч манай байгууллагатай эвлэрэхийг хүсээгүй. Манай байгууллагын хувьд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэрээний үлдэгдэл болох 183 719 600 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа ч алданги 91 859 800 төгрөг, мөн нэхэмжлэгч банкнаас авсан зээлийн гэрээний хүүнд төлсөн төлбөр болон шимтгэлийн төлбөрт төлсөн нийт 8 427 505 төгрөг, түүнчлэн, америк долларын ханшийн зөрүүний 41 935 946 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь бидний төлөөгүй төлбөрөөс болж нэхэмжлэгч банкнаас зээл авсан, мөн бид төлбөрийг төлөөгүйгээс болж америк долларын ханш өсч нэхэмжлэгч хохирсон гэж үзэх боломжгүй. Харин алдангийн хувьд хэт өндөр байх тул шүүх алдангийн хэмжээг багасгаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232 дугаар зүйлийн 232.8, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч "Хөтөл тэлмэн констракшн" ХХК-иас 233 719 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "Ихбиндэр хайрхан" ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 91 673 251 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хяналан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2 053 547 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 1 326 548 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Нэгт шүүх алдангийн талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан, хэрэглэсэн талаар: Худалдан авагч тал гэрээгээр хүлээсэн төлбөрийн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй учир бидний хувьд гэрээний 3.4-т заасны дагуу хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги бодож эхэлсэн бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар алдангийн нийт хэмжээ 192 905 580 төгрөг болсон байсан. Гэвч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт "Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй" гэж зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь буюу 91 859 800 төгрөгийн алданги гаргуулахаар шаардсан хуульд нийцсэн гэж үзэж байна. Энэ талаар хариуцагч тал маргаагүйн дээр шүүх хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэж дүгнэсэн атлаа уг дүгнэлтийнхээ эсрэгээр, алдангийг багасгаж шийдвэрлэсэн нь шийдвэрийн үндэслэх хэсэг нь тогтоох хэсэгтэйгээ зөрчилтэй болсон гэж үзнэ. Ийнхүү хуульд нийцүүлэн буюу хуульд заасан хязгаараас хэтрүүлэлгүйгээр шаардсан алдангийн хэмжээг илт их гэж үзэн багасгахдаа шүүх ямар баримт сэлт, шалгуур болоод хэргийн ямар нөхцөл байдлыг үндэслэн юуг хамааруулан багасгах шаардлагатай гэж үзсэн, төлбөрийн үлдэгдлийн хэмжээ гэдэгт ямар тооцооллыг харгалзсан талаар ямар ч дүгнэлт хийгээгүй, алдангийг хассан хууль зүйн үндэслэлээ тодорхойлж чадаагүй байна. Иймд хүчин төгөлдөр гэрээтэй, талууд гэрээний нөхцлийн талаар маргаагүй байхад гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тал хууль бус хөнгөлөлт эдлэх учиргүй гэж үзэж байна.

Хоёрт шүүх хохирлын асуудлыг буруу шийдвэрлэсэн талаар: "Худалдах- худалдан авах гэрээ"-ний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс манай компани 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр Хас банкнаас зээл авсан. Иймд гэрээний дагуу бүтээгдэхүүний үнийг зохих хугацаанд төлөөгүйгээс нэхэмжлэгч зээл авсан болох нь хэргийн үйл баримтаар нотлогдож байхад шүүх хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс зээл авсан нь баримтаар нотлогдохгүй байна гэж хийсвэр дүгнэлт хийсэн нь бодит үйл баримтаас зөрүүтэй дүгнэлт болжээ. Иймд энэхүү маргаанд хамаарал бүхий Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэнгүй. Нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагч баримтаар үгүйсгэж чадаагүй байхад хариуцагчаас шаардах эрхгүй гэж шүүх үзсэн нь өөрөө эрх зүйн алдаатай дүгнэлт болсон бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийг хохирлоо хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзсэн эрх зүйн үндэслэлээ тодорхойлоогүй байна. Ийнхүү шүүх хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчид учирсан бодит хохирлыг тооцолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын 50 363 451.08 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Гуравт шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаар: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангийн хэмжээг их гэж үзсэн учир шалтгаан, тооцооллын талаар ямар ч баримт шүүхэд гаргаж мэтгэлцээгүй байхад шүүх уг хүсэлтийг хүлээн авах эрх зүйн боломжгүй байсан гэж үзэж байна. Хэрвээ хариуцагч энэ талаар баримт гаргаж мэтгэлцсэн бол бидний зүгээс эдийн засгийн хохирол илүү хүлээж, хариуцагчид худалдсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн ажилчдын цалин, татвар, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг төлөх, бүтээгдэхүүний түүхий эдийг БНСУ-аас худалдан авах бараа эргэлт удааширч, америк долларын ханшийн зөрүүгээс хэрхэн алдагдал хүлээж байгаа талаар баримт гаргах байсан юм. Ийм боломжийг шүүх олгоогүй бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн хэдхэн үгийг өлгөн авч, алдангийг хасах эрх зүйн боломжгүй боловч чухам ямар үндэслэлээр алдангид шаардсан 91 859 800 төгрөгийг 50 000 000 төгрөг болгон багасгасан нь ойлгомжгүй болсон. Шүүх бидний нотлох баримтаар гаргаж өгсөн гадаад гуйвуулгын маягт бүхий баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй гэж үзээд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэх боломжгүй гэсэн байдаг. Гэтэл гадаад гуйвуулгын маягтын асуултад Монгол үгийг Латин үсгээр галиглаж нөхөж бичдэг журамтай. Тухайлбал: ZUUN NARAN, UB MONGOLIA, BANK гэж, мөн 5910,40 америк долларыг "khorin zurgaan myanga yesun zuun arvan dollars dochin tsent" гэх зэргээр галиглаж бичсэнийг орчуулга хийх боломжгүй юм. Харин энэ шаардлагын гол асуудал нь Монгол банкны америк доллар төгрөгтэй тэнцэх ханшийн нотлох баримтыг Монгол банкнаас гаргаж өгсөн баримт хэрэгт авагдсан байхад шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Шүүхийн шийдвэрт "Ихбиндэр хайрхан" ХХК-ийн захирлыг нэхэмжлэгчийн төлөөлөгч гэж бичсэн байна. Энэхүү нэхэмжлэлийг манай компаниас худалдан авагч "Хөтөл тэлмэн констракшн" ХХК-д холбогдуулан гаргасан байдаг. Мэдээж нэхэмжлэлийг компани гаргаж байгаа учир нэхэмжлэлд болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад тус компанийн захирал, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, эсхүл компанийн захирлаас олгогдсон итгэмжлэлийн дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурах нь тодорхой. Гэтэл шийдвэрт манай компанийн захирлыг "компанийн төлөөлөн оролцогч" гэж бичсэн атлаа дахин шүүхэд төлөөлөх итгэмжлэл бүхий тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг "нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч" гэж бичсэн байгааг ойлгосонгүй. Компанийг төлөөлөх этгээд итгэмжлэлтэй, итгэмжлэлийг төлөөлөх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоно гэж заасан байхад тухайн хуулийн этгээдийн итгэмжлэлгүйгээр төлөөлж оролцох албан тушаалтныг "төлөөлөгч" гэж бичсэнээр хэргийн оролцогчдыг буруу тодорхойлон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой алдаа гаргасан байна. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 102/ШШ2016/05947 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ихбиндэр хайрхан" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Ихбиндэр хайрхан ХХК-ийн хариуцагч Хөтөл тэлмэн констракшн ХХК-д холбогдуулан гаргасан Худалдах-худалдан авах гэрээ-ний үүрэгт 183 719 600 төгрөг, алдангид 91 859 800 төгрөг, гэм хорын хохиролд 50 363 451 төгрөг нийт 325 392 851 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрийг зөвшөөрч, алдангийг хэмжээг багасгах хүсэлт гаргаж, харин хохирлыг эс зөвшөөрөн маргажээ.

 

Ихбиндэр хайрхан ХХК нь Хөтөл тэлмэн констракшн ХХК-тай 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Худалдах-худалдан авах гэрээ байгуулан, уг гэрээгээр захиалгын дагуу Пи Си төрлийн бетон зуурмагийн нэмэлтийг 2 0752 860 төгрөгөөр нийлүүлэх, худалдан авагч нь бүтээгдэхүүн нийлүүлснээс хойш хуанлийн 15 хоногийн дотор төлбөрийг төлж барагдуулах талаар тохиролцсон нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, Худалдах-худалдан авах гэрээ тооцооны үлдэгдлий баталгаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна. Иймд анхан шатны шүүх зохигчдын хооронд Худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 234.1 дэх хэсгийн заалттай нийцжээ.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн бичгийн хэлцэл хийж, гарын үсэг зурсан байх бөгөөд талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байх тул нэхэмжлэгч буюу худалдагч Хөтөл тэлмэн констракшн ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч буюу худалдан авагч Ихбиндэр хайрхан ХХК-иас худалдан эд зүйлийн үнийг шаардах эрхтэй.

 

Мөн зохигчид худалдсан бетон зуурмагийн чанар, тоо хэмжээ, нийлүүлэлтийн талаар маргаагүй болно.

 

Хэргийн 9 дүгээр талд Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн бичгийн баримт авагдсан байх бөгөөд уг баримтаар хариуцагч Хөтөл тэлмэн констракшн ХХК нь нэхэмжлэгч Ихбиндэр хайрхан ХХК дээрх гэрээний үлдэгдэл төлбөрт 183 719 600 төгрөг төлөх үлдэгдэлтэй болохоо баталгаажуулсан байна.

 

Гэрээний 3.4 дэх заалтад Бүтээгдэхүүнийг нийлүүлснээс хойш хуанлийн 15 хоногийн дотор төлбөрийг барагдуулна. Дээрх хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн нийт үнийн дүнгийн 0.5 хувийн алданги тооцно гэж тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр талуудын тохиролцсон тогтоосон анзыг алданги гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үгийн шууд утгыг анхааран, талууд алданги ноогдуулах хэмжээг талуудын хоорондын алдангийн талаарх дээрх тохиролцоог тайлбарлавал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус харин гэрээний нийт үнийн дүнгээс алданги тооцохоор тохиролцсон байна. Иймд талуудын хоорондын алдангийн талаарх уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийн зөрчсөн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул нэхэмжлэгчийн хувьд алданги шаардах эрхгүй.

 

Гэвч хариуцагч Хөтөл тэлмэн констракшн ХХК гэрээний үүргийн гүйцэтгэлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр талууд тохиролцсон үйл баримтын талаар маргаагүй, харин алдангийн хэмжээг багасгах хүсэлт гаргасан байх тул анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн, алданги гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн диспозитив зарчимд нийцэх тул шүүх алдангийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх алдангийг гаргуулахдаа талууд 2016 оны 2 сарын 15-ны өдөр Алдангийн тооцоо гэсэн баримт үйлдсэн байх бөгөөд гэрээ байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс дээрх тооцоо хийсэн өдрийг хүртэл үлдэгдэл төлбөр 183 719 600 төгрөгт алданги тооцоход үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн гэж дүгнэн алдангийг 91 859 800 төгрөг байгааг хэт их гэж үзэж хариуцагчийн хүсэлтийг үндэслэн алдангийн хэмжээг багасган 50 000 000 төгрөгөөр тооцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт нийцэж байна гэж үзэв. /хэргийн 13 дугаар тал/

 

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч байгууллагаас гэм хорын хохиролд 50 363 451 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн шаардлагын үндэслэлээ хариуцагч байгууллага гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс байгууллагын үйл ажиллагаа алдагдаж үйл ажиллагаагаа жигд явуулахын тулд зээл авсан, америк долларын ханш өссөнөөс бараа материал авахад үнийн зөрүү гарсан гэж тайлбарлаж зээлийн гэрээний шимтгэлд төлсөн 550 000 төгрөг, 9 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөр 7 877 505 төгрөг, мөн америк долларын ханшийн зөрүүд 41 935 946 төгрөг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал нөгөө талын үүргээ зөрчснөөс үүссэн учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хариуцагчийн гэрээний үүргээ хугацаанд биелүүлээгүй эс үйлдэл, нэхэмжлэгчид үүссэн эд хөрөнгийн алдагдлын хооронд шалтгаант холбоо баримтаар нотлогдсон байх учиртай.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ихбиндэр хайрхан ХХК нь Хас банкнаас зээл авсан, мөн америк долларын ханш өссөн гэх үйл баримтад хариуцагч Хөтөл тэлмэн констракшн ХХК-ийн гэрээний үүргийн зөрчил шууд нөлөөлсөн гэх байдал тогтоогдсон байх шаардлагатай юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ихбиндэр хайрхан ХХК нь хариуцагч байгууллагын буруутай болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй, уг байдал нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч давж заалдах гомдлын нэг үндэслэлдээ Гадаад гуйвуулгын маягт гэсэн бичгийн баримтын гол асуудал нь Монгол банкны америк долларын төгрөгтэй тэнцэх ханшийн нотлох баримт байсныг үнэлээгүй, мөн гадаад гуйвуулгын маягтад латин үсгээр галиглаж бичдэг журамтай, уг галиглаж бичсэнийг орчуулга хийх боломжгүй байхад орчуулга хийгээгүй гэж үзсэн гэжээ.

 

Монгол үгийг латин үсгээр галиглаж бичсэнийг Монгол үгээр бичсэн гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх заалтыг зөрчсөн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс БНСУ-ын КМВ ХХК-нд Худалдах- худалдан авах гэрээ-ний дагуу мөнгө шилжүүлсэн Гадаад гуйвуулгын маягт гэсэн баримт хариуцагч байгууллагаас гэм хорын хохирол нэхэмжилсэн шаардлагад хэрхэн хамааралтай болохыг нотолсон баримт гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргаанд хамааруулан үнэлээгүй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэхгүй юм.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Шүүх алдангийн хэмжээг багасгасан нь буруу, хохирол гаргуулаагүй, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс зөрчсөн гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 102/ШШ2016/05947 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа Ихбиндэр хайрхан ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 619 070 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж. ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

 

Ц.ИЧИНХОРЛОО