| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0524/Э |
| Дугаар | 538 |
| Огноо | 2018-06-22 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 538
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч Т.Отгонтөгс, шүүгдэгч Ц.Д, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Ц.Д-г Эрүүгийн хуулин ерөнхиий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808017890577 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ц.Д, Монгол Улсын иргэн, .............. регистрийн дугаартай, урьд:
-Төв аймгийн сум дундын хоёрдугаар шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жиоийн хугацаагаар хорих ял,
-Төв аймгийн сум дундын 23 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Ц.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Инэл кашмер” ХХК-ийн үйлдвэрийн хашааг даван орж, 6 дугаартай агуулахад хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар 4,603,500 төгрөгийн үнэ бүхий 46 кг ноолуур хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Ц.Д нь 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Инэл кашмер” ХХК-ийн үйлдвэрийн хашааг даван орж, 6 дугаартай агуулахын хятад цагаан цоожийг тухайн үед газраас олж авсан 2 см диаметр, 30 см урт арматур төмрөөр хөшиж онгойлгоод бусдад мэдэгдэлгүйгээр 4,603,500 төгрөгийн үнэ бүхий нийт 46 кг 4 шуудай ноолуур авч, түүнийгээ үйлдвэрийн хашаанд нууж үлдээгээд, нуусан ноолуураа авахаар буцаж ирэх үедээ компанийн харуулд үйлдэл дээрээ баригдсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ц.Д шүүх хуралдаанд: “...Гэмт хэрэг үйдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Эд мөрийн баримтаар хураасан арматур төмөр нь миний цоож эвдлэхдээ ашигласан төмөр мөн байна. Би энэ төмрийг хэргийн газарт авч очоогүй бөгөөд тухайн үед газар хэвтэж байсан. Манай дүү намайг хулгай хийх гэж байна гэж мэдээгүй, би түүнд ажлаас юм зөөнө гэж л хэлсэн. Түүний машинаар ямар нэгэн зүйл зөөгөөгүй. Үйлдвэрийн хашаанаас ноолуурыг гаргаж чадаагүй. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
2. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: "...2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр манай “Инэл кашмер” ХХК-ийн 6 дугаартай агуулахын хаалганы цоожийг эвдэн 46 кг ноолуур алдагдсан байсныг манай харуул Г барьсан. Би 4 шуудай буюу нийт 46 кг ноолуураа 4,784,000 төгрөгөөр үнэлж байгаа бөгөөд одоогийн ханш нь тийм байгаа. Би ноолуураа буцааж авсан тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас),
3. Гэрч Д.Г мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо “Инэл кашмер” ХХК-д харуул ажилтай. 2018 оны 4 дүгээр сарын 4-ний орой 20 цагийн үед манай 6 дугаартай агуулахын хаалга онгорхой, цоожгүй байна гэсний дагуу очиж шалгасан. Агуулахын хаалганы хажууд мөр байхаар нь дагаж явсаар байгаад хашааны зүүн урд буланд сараалжин төмөр дотор 4 шуудай ноолуур нуусан байсныг олсон. Тэгээд би гар хүрэлгүй захирал Б луу залгаж, шуудайтай ноолуурыг авалгүй холоос 30-аад минут хараад зогсож байтал цагаан өнгийн машин ирж зогсоод нэг хүн бууж ирээд ноолуурыг авах гэж байхаар нь би түүнийг барьж авсан. Машинтай хүмүүс нь зугтаагаад явсан. Тэгээд барьсан хүнээ харсан чинь манай ажилтан Д байсан. Тэгээд би ноолуурыг буцааж аваад, Д-г харуулын байранд авч ирээд, цагдаа дуудаж өгсөн. До манай “Инэл кашмер” ХХК-д 2017 оноос хойш ноос ноолуур савлагчаар ажиллаж байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-23 дугаар хуудас),
4. Гэрч Б.С мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 4-ний орой 17 цагийн үед ажил дээрээ байж байсан чинь Д ах 88307448 дугаарын утсаар яриад “машин олоод ажил дээр хүрээд ир” гэсэн юм. Тэгэхээр нь би хамт ажилладаг Б-д “хамт явъя, би танд бензин хийж өгнө” гэж хэлээд 19 цагийн үед “Инэл кашмер” ХХК-ийн арын зам дээр ахтай уулзсан. Ах “энд хүлээж бай, эндээс ноолуур авах ёстой” гэж хэлээд тэр үйлдвэрийн зүүн талаар тойрч алга болсон. Би хашаа давж орсон гэдгийг мэдээгүй, удалгүй Д ах 20 минутын дараа хашаа даваад гараад ирсэн, араас нь манаач залуу гүйж гарч ирээд, Д ахыг барьж аваад, машинд сууж байсан Б бид хоёрыг харчихаад яваад өгсөн. Тэгээд 5 шар дээр замын цагдаа зогсоож шалгаад бид нарыг зарлагдсан машин байна гээд дүүргийн цагдаагийн хэлтэс дээр авчирч өгсөн. Д ах надад ноолуур ачна гэдгээ хэлсэн, гэхдээ хулгайн ноолуур гэдгийг нь би мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас),
5. Гэрч мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр хамт ажилладаг С нь 22-н товчоо орох яаралтай ажил байна. Танд шатахуун хийж өгнө гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 22-н товчоо орох замд ... С нэг хүнтэй гар утсаар ярьсан, тэр хүн нь “харуулын байрны үүдэнд ирээд зогсож байгаарай” гэж хэлсэн. Тэгтэл дотроос харуулын нэг ажилтан гарч ирээд машины дугаар хараад явсан. Тэгээд би явлаа гээд гэр лүүгээ С-тай явж байтал замын цагдаа зогсоогоод бичиг баримт шалтгаад машины тээш шалгаад цагдаа дээр авчирсан. Би хамт ажилладаг залуу болохоор нь зөвшөөрсөн юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 22-23 дугаар хуудас),
6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн зургийн үзүүлэлт (хх-ийн 4-12 дугаар хуудас),
7. Тэнцвэр эстимэйт ХХК-ийн “46 кг ноолуурыг 4,603,500 төгрөгөөр үнэлж, нийт хохирлын дүнг тогтоосон” хөрөнгийн үнэлгээ бүхий шинжээчийн дүгнэлт (хх-ийн 101-103 дугаар хуудас),
8. Шүүгдэгч Ц.Д-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “Инэл Кашмер” ХХК-д ноос, ноолуур угааж цэвэрлэх ажилд орсон. Тэр өдөр оройн ээлжинд гарах гэж ирээд оройн 20 цагийн үед миний ажиллаж байсан “Инэл кашмер” ХХК-ийн хашаанд ямар ч хүнгүй байхаар нь би жижиг арматурын төмөр газраас олж аваад, 6 дугаартай агуулахын цагаан өнгийн цоожийг эвдэж онгойлгоод, дотроос нь 4 шуудай буюу 46 кг ноолуур аваад, хашааны зүүн талд байрлах төмрийн хаягдал дунд нууж үлдээгээд, би хашаа даваад гарч явсан. Тэгээд дүү С-тай уртсаар ярьж “машин олоод ир, яаралтай Эмээлт явах хэрэг болоод байна” гэж хэлсэн. Дүү С машин аваад хүрээд ирсэн. Тэгээд би дүү С-ын авч ирсэн машиныг ноолуур нуусан газрын харалдаа зогсоогоод “эндээ хүлээж байгаарай, би эндээс юм аваад гараад ирье” гэсэн чинь С “за” гээд үлдсэн. Тэгээд би өөрөө хашаа даваад төмрийн хаягдал дунд нуусан ноолуураа авах гээд явж байсан чинь харуул Г араас “хөөе” гээд орилохоор нь би буцаж хашаа даваад зугтаасан. Би машинд суух гэсэн чинь араас бариад авсан. Тэгээд намайг харуулын байранд авч ирээд, цагдаа дуудаж өгсөн. Манай дүү Д.С хулгайн ноолуур гэж мэдээгүй. Би түүнд хэлээгүй зүгээр “машин олоод ир, Эмээлт орох хэрэг болоод байна” гэж л дуудсан. Манай дүүтэй хамт ирсэн хүн ч бас мэдээгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 49-52 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Ц.Д нь нийт 4,603,500 төгрөг буюу 300,001 төгрөгөөс дээш үнэлгээ бүхий ноолуур хулгайлахаар завдсан байх тул хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байгаа бөгөөд хохирлын хэр хэмжээг 4,603,500 төгрөгөөр тогтоов.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б нь ноолуураа буцаан авсан тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн тул шүүгдэгч Ц.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Д-гийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч, хор уршигт зориуд хүргэх үйлдэл хийсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2 см диаметр, 30 см урт арматур төмрийг зориудаар авч очоогүй, тусгайлан бэлтгээгүй, гэнэт үүссэн санаа зорилгын улмаас газраас олж авч ашигласан байх тул, мөн уг гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бөгөөд таслан зогсоогдох хүртэлх Ц.Д-гийн үйлдэлд машин механизм ашиглагдаагүй байх тул эдгээр нөхцөл байдлыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжид хамааруулахгүй.
Түүнчлэн, зүйлчлэлийн хувьд прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамласан нь хууль хэрэглээний гэхээс илүүтэй бичиг, техникийн шинжтэй алдаа байх тул шүүх “Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлаж” зөвтгөн бичих боломжтой гэж үзэв.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ц.Д-г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдсонгүй.
Улсын яллагчийн дүгнэлт: Шүүгдэгч Ц.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дуграар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх санал гаргаж байна. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн арматурын төмөр, цагаан цоожыг устгуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагийн дүгнэлт: Шүүгдэгч Ц.Д-д холбогдох хэргийн зүйлчлэл болоод гэм буруугийн тал дээр өмгөөлөгчийн зүгээс маргахгүй. Хавтаст хэрэгт шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримт бүрэн авагдаагүй байна. Харин урьд ял шийтгүүлсэн талаар баримт байдаг. Ялтай байдал гэх ойлголт шинэ эрүүгийн хуульд хамаарахгүй болсон тул 3 жилийн өмнөх үйлдсэн гэмт хэрэгтэй холбогдуулж яллаж байгаа нь хүний эрх болоод хууль зүйн хувьд миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Энэ гэмт хэргийн хувьд төгсөөгүй гэмт хэрэг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна гэж заасан байдаг. Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн энэ зүйл, хэсэгт ялын доод хэмжээг заагаагүй бөгөөд хорих ялын доод хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хорих ялын доод хэмжээ 6 сар байна” гэж зааснаар ойлгоно гэж үзэж байна. Иймд завдалтых нь шинж, хор уршигт тааруулаад хорих ялын хэмжээг тогтоож болохоор харагдаж байна. Үүнийг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүх шүүгдэгч Ц.Д-г гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүх шүүгдэгч Ц.Д-д найман сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирч болох байсан хор уршгийн хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2/30 см урттай нэг ширхэг арматурын төмөр, нэг ширхэг цагаан өнгийн цоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд хорих ял оногдуулсан тул “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Ц.Д-г хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар Ц.Д-д найман сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан найман сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 2 см диаметр, 30 см урттай нэг ширхэг арматур төмөр, нэг ширхэг цагаан өнгийн цоожийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ц.Д-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ц.Д-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА