Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00004

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00004

 

 

Г ХХК--ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/02268 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Г ХХК--ийн хариуцагч Г.Г-д холбогдуулан гаргасан хохиролд 2 467 777 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч нь 2016 оны 03 сарын 23-ны өдрөөс эхэлж Г ХХК--д ажилласан. Мөн 2018 оны 10 сараас эхлэн Шангри-Ла салбар дэлгүүрт ажиллаж эхэлсэн. Улмаар 2019 оны 2 сарын 23-ны өдөр зөрчлийн шинж чанартай үйлдэл гаргасан тул хөдөлмөрийн дотоод журам болон Зөрчлийн тухай хуулийг үндэслэн ажлаас халагдсан. 2019 оны 9 сараас 5 сарын хооронд Гоёо компанийн Шангри-Ла салбар дэлгүүрийн бараа материалын тооллого хийсэн. Тухайн үед 7 715 407 төгрөгийн дутагдал гарсан. Тухайн салбар дэлгүүрт Г.Г-тэй хамтран ажиллаж байсан Н.м, н.Ц, н.Д гэсэн худалдааны зөвлөх нар өөрт ногдох төлбөрийн хохирлыг барагдуулж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа. Г.Г- нь тухайн дутагдлыг тооцоо нийлэхээс зайлсхийж ажлаас халагдсан. Тухайн 7 715 407 төгрөгөөс Г.Г-д холбогдох 2 469 778 төгрөгөөс хариуцагчийн 3 сарын цалин болон амралтын мөнгө 620 110 төгрөгийг хасаад 1 846 668 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэхээр Г ХХК- нь сар бүр тооллого хийгээд хэрэв дутагдал гарвал камер шүүгээд хэн авсныг тодорхойлж ажилчдын буруу байхгүй бол даатгалаас төлөгддөг зарчмаар явагдаж ирсэн. Гэтэл Г.Г-ийг ажлаас гарсны дараа 7 715 407 төгрөгийн төлбөр тавьж байгаа нь үндэслэлгүй юм. Сүүлд гаргаж өгсөн нотлох баримтад зөрчлийн тухай ямар нэгэн баримт байхгүй, тоо үнийн дүн бүхий баримт байхгүй. Мөн яг хэзээ дутсан нь тодорхойгүй. Хэдэн сарын хооронд гэсэн хугацаа заасан нь эрх зүйн хувьд үндэслэлгүй. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  2019 оны 2 сард ажлаас ноцтой зөрчил үүсгэсэн үндэслэлээр чөлөөлсөн. Хөөн хэлэлцэх нэг сарын хугацаа өнгөрсөн байсан. Мөн тушаалын тогтоох хэсэгт ажлаас ажил олгогчийн санаачилгаар чөлөөлөхөд 40 дүгээр зүйлийг баримтлаагүй. Тушаалд бараа материалын мөнгийг хувьдаа завшсан ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэл байдаг. Хэн нэгнийг шүүхээр гэм буруутайг тогтоогоогүй нөхцөлд гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчимтай зөрчилдөж байна. Тухайн цамцны асуудал нь дэлгүүрийг хаах үед үйлчлүүлэгч бараа авахад нэг цамц нь уншаагүй. Тэгэхэд хариуцагч нь дараагийн өдрийн ээлж дээр нөхөж уншуулсан асуудал. Хэрэв тэр мөнгийг завших санаа зорилго байсан бол өөр хэрэг. Харин Г.Г- нь үйлчлүүлэгчийг та буцаж ирээд баримтаа аваарай гэж хэлсэн байдаг. Ажлаас халсан шийдвэр гарсны дараагаар манай тал 2019 оны 04 сард шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тийм учир 2019 оны 02 сарын 29-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д хөдөлмөрийн зөрчил гарснаас хойш сарын хугацаанд гомдол гаргах эрхтэй гэж заасан байдаг. Г.Г-ийг халах үндсэн шалтгаан болсон зөрчлийн хэрэг нь эд хөрөнгө завшсан үндэслэлээр 2019 оны 12 сарын 15-ны өдөр шийдэгдсэн байдаг. Үүнээс хойш 8 сарын дараа сөрөг нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хариуцагчийг халах болсон зөрчлийн хэргийг шүүх буцаасан захирамж гаргасан. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хэсгийн байцаагч алдаа гаргаж зөрчлийн хэрэг үүсгэсэн хэргийн хугацааг штрик хэрэглэж арилгасан болохоор Давж заалдах шатны шүүхээс буцаасан байдаг. Гэвч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон. Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх явцад прокурор хариуцагчийг буруутай гэж үзсэн нь тухайн өдөр бүтээгдэхүүн худалдаж авсан үйлчлүүлэгч бэлэн мөнгөөр худалдан авалт хийсэн байдаг. Гэтэл ямар ч хувьдаа авах нөхцөл шаардлага үүсээгүй байхад хариуцагч нь тухайн мөнгийг орлогын дэвтэрт бүртгэлгүйгээр өөртөө авсан байдаг. Маргааш нь худалдан авагч нь надад баримт өгөөгүй байна гээд ирэхэд зохион байгуулагч хариуцагчаас асууж тодруулахад хариуцагч тухайн худалдсан барааны үнэ болох 154 900 төгрөгийг миний дансанд байна гэсэн тайлбар хэлсэн. Үүнээс үзэхэд хариуцагч нь зөрчлийн хэрэг үйлдсэн нь нотлогдож байна. Тухайн мөнгийг кассын машинд байрлуулах байтал өөртөө авсан нь ажлаас халах шийдвэр гаргах үндэслэл болсон гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3, 132 дугаар зүйлийн 132.1, 136 дугаар зүйлийн 136.1, 136.3, дах хэсэгт зааснаар Г.Г-ээс эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу 1 846 668 төгрөг гаргуулахыг хүссэн Г ХХК--ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Г ХХК--д холбогдох ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах тухай Г.Г-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 467 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч сөрөг нэхэмжлэлийн хураамжаас чөлөөлөгджээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г ХХК- нь эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу 2 469 778 төгрөг нэхэмжилсэн боловч шүүх хуралдааны явцад 2019 оны 3 дугаар сарын цалин болох 620 110 төгрөгийг Г.Г-д өгөхгүйгээр шууд суутгаж нэхэмжлэлийн шаардлагыг 1 846 668 төгрөг болгон бууруулсаныг хариуцагч зөвшөөрөөгүй. Тухайн 2 469 777 төгрөгний нэхэмжлэл нь хууль бус болохыг удаа дараа хэлсээр байхад нэхэмжлэлээс хасч шийдвэрлэсэн нь Г.Г-ийн хууль ёсны эрхийг зөрчиж байна.

Г.Г-ийн сөрөг нэхэмжпэл болох ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй байна. Учир нь Г.Г- нь 2019 оны 04 дүгээр сард ажлаас халагдсан гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Үүнийг шүүх 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 183/Ш332019/08301 дугаартай захирамжаар зөрчлийн хэрэг үүсгэсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Зөрчлийн хэрэг 2019 оны 12 дугаар сард хэрэгсэхгүй болсон боловч Г- XXК-д гомдол гаргаад яваад байсан. Мөн Г.Г- нь энэ хугацаанд 2019 оны 11 сард төрсөн бөгөөд одоо хүүхдээ харж байна. Г ХХК- жирэмсэн ажилтныг үндэслэлгүй халсан. Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Г ХХК- нь хариуцагч Г.Г-д холбогдуулан хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзэж эд хөрөнгийн хариуцлагад 2 467 777 төгрөг гаргуулахаар шаарджээ. Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилтны ажиллаж байх үеийн авбал зохих 3 сарын цалин, амралтын мөнгө 620 110 төгрөгийг суутган тооцож 1 846 668 төгрөгийг гагуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч Г ХХК--ийн дотоод худалдааны хэлтэст худалдааны зөвлөхийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхээр сөрөг нэхэмжлэл гарган маргажээ. /хх 1, 136/

 

Хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагад 2016 оноос ажилласан, 2018 оны 10 сараас Шангрилагийн салбарт ажиллаж эхэлсэн, 2019 оны 3 дугаар сарын 29-нд зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас халагдсан үйл баримт тогтоогдсон. Тушаалд заасан ажилтны зөрчил гэх үйлдлийг 2019 оны 2 дугаар сарын 23-нд үйлчлүүлэгчийн худалдан авсан барааны үнэ 154 900 төгрөгийг кассын орлогод бүртгүүлээгүй хувьдаа завшсан гэж тодорхойлжээ. /140/

 

Мөн ажилтныг ажлаас чөлөөлөгдсөний дараа баримтын шалгалтаар нийт 7 715 407 төгрөгийн дутагдал гарсанаас Г.Г-д холбогдох нь 2 469 778 төгрөгийн дутагдал гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг хариуцагч ажлаас гарсаны дараа дутагдал тавьж байгаа нь үндэслэлгүй, яг хэзээ дутагдсан бараа болох нь нотлох баримтгүй, зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хариуцлага тооцох хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, шүүхээр шийдэгдээгүй байхад хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэж маргасан. /хх 156/

 

Хариуцагчийн ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлагыг нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн шалтгаанаар эс зөвшөөрч маргасан./хх 156/

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэл нотлогдоогүй гэж үзэж хэрэгсэхгүй болгосныг, мөн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

 

Анхан шатны шүүхийн Ажилтны буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдоогүй, эд хөрөнгийн хариуцлагын хэмжээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, Шангрила дэлгүүрийн 2019 оны 2 дугаар сарын тооллогын нэгтгэл, 2019 оны 4 дүгээр сарын 30-ний өдрийн тооллогын дутагдлын акт гэх баримтад зөвхөн нягтлан бодогч гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарсан нь учир дутагдалтай. Хохирлын хэмжээг эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийн нягтлан бодох бүртгэлийн тайлан тэнцлийн өртгөөс зохих нормоор бодсон элэгдэл, хорогдлыг хасаж, жинхэнэ гарсан алдагдлаар тооцно, мөн хэд хэдэн ажилтны буруугаас учирсан хохирлын хэмжээг тэдгээрийн гэм буруугийн хэмжээ, эд хөрөнгийн хариуцлагын төрлийг харгалзан ажилтан тус бүрээр тодорхойлно гэж заасныг хангаагүй гэх дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хариуцагч Г.Г- нь 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн ажлаас чөлөөлөх тушаалыг гардан авсан, уг маргаантай холбоотой зөрчлийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хойш 2020 оны 8 дугаар сарын 5-ний өдрийг хүртэл ажилд эгүүлэн тогтоолгох шаардлага гаргаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах юм. /хх 53,54/

 

Зөрчлийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс хойш энэ шийдвэрт ажил олгогч гомдол гаргаад яваад байсан гэх тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй. /хх 29/

 

Хариуцагч нь ажлаас чөлөөлсөн тушаал гармагц, 2019 оны 4 сард шүүхэд хандсан гэж тайлбарласан боловч тухайн маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн 2019 оны 12 дугаар сарын 15-наас хойш 2020 оны 8 дугаар сарын 5-ний өдрийг хүртэл ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаагүйг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн цалин хөлстэй холбоотой маргааны хувьд ч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах, улмаар шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

 

Нэхэмжлэгчийн хувьд ч Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дах хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах хугацааг баримталсан гэж үзэх үндэслэлгүй. Хариуцагчийг ажлаас халагдсанаас хойш 2019 оны 5 сараас 9 сарын хоорондох хугацааны Шангрилагийн салбар дэлгүүрийн бараа материалд тооллого хийхэд 7 715 407 төгрөгийн дутагдал гарсан гэх нэхэмжлэгчийн тайлбар нь эргэлзээтэй, 2019 оны 9 сард илрүүлсэн зөрчлийн талаар 2019 оны 7 дугаар сарын 10-нд шүүхэд хандах боломжгүй бөгөөд ажилтны гаргасан гэх зөрчлийг хөдөлмөрийн гэрээ болон дотоод журам, мэргэжлийн ажил, үүрэгтэй холбоотой дүрэм, журмыг хэрхэн зөрчсөн, ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан болохыг эргэлзээгүй баримтаар нотлоогүй.

 

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2020/02268 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД