| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Намуунтуяа |
| Хэргийн индекс | 309/2025/01518/И |
| Дугаар | 309/ШШ2025/01221 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 309/ШШ2025/01221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ын “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ж.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* тус шүүхэд ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
*******ийн ******* миний бие 1988 оны 09 дүгээр сард ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 8 жилийн дунд сургуульд аж ахуйн эрхлэгчээр ажилд орж ажиллаж байгаад 1989 оны 06 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөн. 1989 оны 07 дугаар сараас ******* сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байгаад Улаанбаатар хотын багш бэлтгэх сургуульд элсэн суралцах болсон тул 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөн оюутан болсон. Улмаар бага ангийн багшийн мэргэжил эзэмшин 1993 оноос ******* сумын 8 жилийн дунд сургуульд бага ангийн багш, хичээлийн эрхлэгчээр ажиллаж байсан. 2001 онд шилжин ирж Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуульд бага ангийн багшаар ажиллах болсон. 2001 оноос 2025 оны хугацаанд 8 дугаар сургуулийн сургалтын менежер, бага ангийн багшаар ажиллаж байгаад 2025 онд тэтгэвэр тогтоолгох хүсэлт гарган тооцоолол хийлгэсэн боловч ******* сумын цэцэрлэгт ажилд орсон тушаалын хавсралт дутуу байсны улмаас ажилласан хугацаа хасагдахад хүрээд байна. Иймд намайг 1989 оны 07 дугаар сарын 1-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас олгосон цалингийн тооцооны бүртгэл, Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэхийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар, ажиллаж байх үеийн тушаал, хавсрталтууд зэргийг бичгийн баримтаар өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь өндөр насны тэтгэврээ тогтоолгоход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа гэх шалтгаанаар улсад ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргасан байна.
2. Нэхэмжлэгчийн улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан үеийн ажилд томилсон тушаалын хавсралт архивт хадгалагдаж үлдээгүй гэх үндэслэлээр ажиллаж байсан байдлаа шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсжээ.
3. Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
4. Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний улсад ажиллаж байсан байдлыг тогтоох нь өндөр насны тэтгэврээ тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн хүсэлтийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж үзлээ.
5. Шүүх хуралдаанд -Нэхэмжлэгчийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар баталгаажуулсан хуулбар,
-******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас олгосон Цалингийн тооцооны бүртгэл,
- ******* аймаг Ардын боловсролын хэлтсийн даргын 1989 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 225 дугаар “хуваарийн тухай” тушаалын хуулбар, хавсралт
- ******* аймаг Ардын боловсролын хэлтсийн даргын 1990 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 124 дугаар “Ээлжийн амралт олгох, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар,
- Монголын Үйлдвэрчний эвлэл гишүүний бат илэрхийлэх батламжийн хуулбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
6. Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
7. Иймд шүүхэд ирүүлсэн бичгийн баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч ******* овогт *******ийн ******* нь 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
8. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******ыг 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ******* аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг ******* аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болмогц 14 хоногийн хугацаа өнгөрсний дараа мөн 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НАМУУНТУЯА