| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0562/Э |
| Дугаар | 575 |
| Огноо | 2018-07-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 575
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч Т.Нансалмаа, шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1808028520742 дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.М, Монгол Улсын иргэн, .............регистрийн дугаартай, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Б.М нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Олон Улсын хүүхдийн Найрамдал төвийн 3-18 дугаар байрны 9 тоотод “...архи ууж согтуурсны улмаас харилцан маргалдаж агсам тавьлаа...” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Ч.Э-тай маргалдаж улмаар түүний цээж рүү дэвсэж эрүүл мэндэд нь “цээжний зүүн 6 дугаар хавирганы зөрсөн хугарал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Б.М нь 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Олон Улсын хүүхдийн Найрамдал төвийн 3-18 дугаар байрны 9 тоотод “...архи ууж агсам тавьлаа...” гэх шалтгаанаар хамтран амьдрагч Ч.Э маргалдаж, улмаар түүний цээжин дээр дэвсэж бие махбодод нь “цээжний зүүн 6 дугаар хавирганы зөрсөн хугарал” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.М-ын шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэргийн үйл баримт, учирсан хохирол, зүйлчлэлийн талаар маргаан байхгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
2. Хохирогч Ч.Э мөрдөн байцаалтад өгсөн: “…2018 оны 06 дугаар сарын 06-ны 17 цагийн үед манай ажлын охин “ажилдаа орж байгаа, амралтын юм” гээд нэг лонх Чингис нэрийн архи авчирсан. Тэр архийг 10 гаруй хүмүүс хувааж уугаад, дахин нэг шил архинд явж байх үед М залгаад “хоол хийх гэсэн чинь будаа алга, будаа аваад ирээрэй” гэхээр нь “би ажлынхантайгаа явж байна” гэдгээ хэлтэл “гэрт хүрээд ир” гэсэн. Тэгээд бид нэг шил архи бариад манайд очиж архиа уусан. Тэгээд юунаас болж маргалдсанаа мэдэхгүй, сайн санахгүй байна. Би ажлынхаа хүмүүсийг гаргаж өгөх гээд гарсан хойгуур М араар “сүйрчихсэн арчаагүй амьдралтай” гэж ярьж байхыг нь би сонсчихсон юм. Тэгээд миний уур хүрээд цонхыг нь хагалсан ... гэртээ ортол М намайг цохисон бөгөөд би газар унахад дээрээс дэвсээд байсан. Би орилоод “болиочээ” гэтэл Ж гэдэг хүүхэд орж ирээд “болиочээ та” гэчихээд гараад явтал М араас нь гарчихсан. Би тэр хооронд гарч зугтсан. М миний хаана хаана цохисныг сайн санахгүй байна. Нэг мэдсэн би газар уначихсан М дээрээс дэвсээд байсан…” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6-7 дугаар хуудас),
3. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 6 дүгээр сарын 08-ны өдрийн 7272 дугаартай “...Ч.Э-ийн биед цээжний зүүн 6 дугаар хавирганы зөрсөн хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 13 дугаар хуудас),
4. “...Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хорооны хамтарсан багийн дүгнэлт...” (хх-ийн 52-60 дугаар хуудас)
5. Шүүгдэгч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 6-ны оройн 19 цагийн үед Э ажлынхаа 4 хүнтэй хамт манай гэрт ирж, бид 1 лонх архи хувааж уусан. Бид дахин 1 лонх архиа авч ирээд, тэрийгээ ууж дууссаны дараа Э гэрээс гарч яваад, гэрийн цонх хагалаад буцаж орж ирээд над руу агсамнаад дайраад байхаар нь би гэдэс рүү нь нэг цохиод цааш нь түлхчихсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ч.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтээ тус тус прокурорын хяналтын шатанд бичгээр илэрхийлж, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг Прокурорын 2018 оны 6 сарын 29-ний өдрийн 177 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журамд нийцсэн байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй.
Хохирогч Ч.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгч Б.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн хохирогчоос эмчилгээний болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Б.М-ын үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Ч.Э-ийн биед гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүх шүүгдэгч Б.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.М- нь учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурророос яллах ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М-ыг дөрвөн зуун тавин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин таван мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаварыг ойлгосон, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хохирогч түүнтэй эвлэрсэн байх бөгөөд прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүх улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналыг харгалзан шүүгдэгч Б.М-д дөрвөн зуун тавин таван нэгж буюу дөрвөн зуун тавин таван мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М-д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлбөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Б.М-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.М-д дөрвөн зуун тавин тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин таван мягнан төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА