| Шүүх | Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраагийн Энхтөр |
| Хэргийн индекс | 2416000720192 |
| Дугаар | 2024/ДШМ/40 |
| Огноо | 2024-12-19 |
| Зүйл хэсэг | 17.3.2.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2024/ДШМ/40
2024 12 19 2024/ДШМ/40
С.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Т,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн 2416000720192 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн хувийн мэдээлэл:
Г овгийн С.Б нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ******* мэргэжилтэй, “************” ХХК-д ************* ажилтай, ам бүл ***, эхнэр хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн ******** сумын ****** баг *** - *** - *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ********** регистрийн дугаартай,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь ****** банк бус санхүүгийн байгууллагын ********* аймаг дахь салбарын ******* ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 50,000,000 төгрөгийн зээл авахаар хүсэж байсан Г.М таны зээл бүтэхгүй болохоор би хүмүүстэй холбогдож мөнгө өгч хурлаар оруулж бүтээж байгаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 203,300 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 350,000 төгрөг, нийт 1,253,300 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,
Мөн ****** дугаарыг ашиглаж Г.М-тай 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр холбогдож 1 хоногийн хугацаатай 4,500,000 төгрөг зээлээч байрны урьдчилгаанд байршуулах гэсэн юм 1 хоногийн дараа буцааж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах замаар хуурч Хас банкны ****** тоот данс руу 4,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овгийн С.Б-д холбогдох эрүүгийн 2416000720192 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг нэгтгэн хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Г овгийн С.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар “албан тушаалын байдлаа ашиглаж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Б 12,000 (Арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (Арван хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б 12,000 (Арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (Арван хоёр сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 (Зургаа) сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 (Арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 (Нэг) хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг шүүгдэгч С.Б сануулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг гардан аваад дараах гомдлыг гаргаж байна. С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хэрэг бүртгэлтийн үеэс болсон үйл явдлаа үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Иймээс анхан шатны шүүхийн оногдуулсан ял болох 12,000,000 төгрөгөөр торгох ялыг багасгаж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар ялыг хөнгөрүүлэх боломжтой байсан. Өмгөөлөгчийн саналыг хүлээж аваагүй шалтгаанаа тайлбарлаагүй учир гомдол гаргаж байна. Иймээс Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:
4.1. Шүүгдэгч С.Б нь ****** банк бус санхүүгийн байгууллагын ********** аймаг дахь салбарын ****** ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 50,000,000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасан Г.М “Таны зээл бүтэхгүй байгаа болохоор би хүмүүстэй холбогдож мөнгө өгч хурлаар оруулж бүтээж байгаа.” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 203,300 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 350,000 төгрөг, нийт 1,253,300 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан,
Мөн шүүгдэгч нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “Байрны урьдчилгаанд байршуулах гэсэн юм. Нэг хоногийн дараа буцааж өгнө.” гэж хэлж Г.М-аас 4,500,000 төгрөгийг Хас банкны ****** тоот дансаар шилжүүлэн авсан байна.
5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:
5.1. Дээр дурдсан үйл баримт нь хохирогч Г.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 80,000,000 төгрөгийн зээл авахаар хүсэлт гаргахад судалж үзээд 50,000,000 төгрөгийн зээл гарах боломжтой гээд салбарын эрхлэгч С.Б нь материалыг авч хянаж байсан. Салбарын эрхлэгч нь зээлийн материалыг дээш нь хянаж явуулдаг эрх бүхий албан тушаалтан юм билээ. С.Б нь таны материал одоо хурлаар орох гэж байгаа гээд 2023 оны 11 дүгээр сараас хойш он гартал нааш цаашаа намайг явуулсан. С.Б нь надаас эхэндээ хэдэн төгрөг зээлчих гэж мөнгө авч байсан. Сүүлдээ таны зээл чинь бүтэхгүй болохоор бүтээх гээд хүмүүст мөнгийг чинь өгчихсөн гэж нийтдээ 1,253,300 төгрөг шилжүүлж авсан. Шилжүүлэхдээ дандаа өөр өөр данс руу мөнгө авч байсан дансны хуулга дээрээ гүйлгээгээ тэмдэглээд аваад ирсэн байгаа. Би С.Б гэх хүн рүү өөрийнхөө ********* тоот данснаас мөнгө шилжүүлж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр *********** данс руу 203,300 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр *********** данс руу 500,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр *********** данс руу 200,000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ********** данс руу 350,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Шилжүүлэхдээ дандаа өөрийн ********** дугаараа утга дээр нь тавьж байсан. Миний 50,000,000 төгрөгийн зээл одоо болтол гараагүй байгаа.” гэх мэдүүлэг /1 хх 156-157/,
5.2. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “С.Б нь ****** банк бус санхүүгийн байгууллагын ********** аймаг дахь ******** ажиллаж байсан. Г.М гэдэг хүн 50,000,000 төгрөгийн зээл хүсэж байсан бөгөөд би судлаад төв рүү хурлаар оруулахаар явуулсан. С.Б нь Г.М гэх хүнд таны зээлийг хурлаар оруулах гэсэн чинь мөнгө шаардлагатай байна гэж хэлээд Г.М-аас цувуулан 1,500,000 төгрөг авсан байсан. Г.М-ын зээлийн материал төв рүү явж хурлаар орж батлагдаад зээл нь гарахаар болсон боловч Г.М гэх хүн зээлээ аваагүй байсан гэсэн мэдүүлэг /1 хх 160-161/,
5.3. Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “С.Б ****** банк бус санхүүгийн байгууллагын ******* аймаг дахь ******* ажиллаж байгаад 2024 оны 01 дүгээр сарын 10-ны үед ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний нэг судалж байсан боломжгүй гэсэн зээлийг намайг амралтаа авсны дараа батлаад олгочихсон байсан. Тухайн судалж байсан зээл хүсэгчийн дансны хуулгыг харахад маш их покер тоглоом тоглодог хүн байсан. С.Б гэх хүн 50,000,000 төгрөг хүссэн зээлдэгчээс 5,000,000 төгрөг өгчих тэгвэл батлаад өгье гэх мэт асуудал гаргасан байсан.” гэх мэдүүлэг /1 хх 164-165/,
5.4. Гэрч Б.Х 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “Би ****** ББСБ-д дотоод хяналт шалгалтын ******** албан тушаалд ажилладаг. Манай байгууллага нь цахим мөрийтэй тоглоом тоглодог хүмүүст зээл олгодоггүй юм. Гэтэл дотоод хяналт шалгалтаар 12 иргэн цахим мөрийтэй тоглоом тоглодог нь нотлогдсон бөгөөд уг 12 иргэнд зээл олгосон байсан. С.Б нь дээрх 12 иргэнтэй харилцаа холбоотой байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Манай 2 харилцагчаас нэгээс нь 50,000 төгрөг, нөгөөгөөс нь 650,000 төгрөг зээл авсан асуудал гарсан бөгөөд С.Б нь зээл авсан 2 хүнээ таньдаг гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 хх 201-202, 205-206/,
5.5. Г.М нь С.Б мөнгө шилжүүлж байсан тухай мэдээллийг агуулсан Хаан банкны ********** дугаар дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 53-54/,
5.6. М.М-ийн Хаан банкны ********** тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Б.У-ийн Хаан банкны ********* тоот дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 59, 73/,
5.7. Хохирогч Г.М-ы “2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** банк бус санхүүгийн байгууллагын салбарын ********* С.Б утсаар холбогдоод байр худалдаж авах гэсэн юм. Төрийн банкинд зээл судлуулаад банкинд нэг хоног мөнгө байршуулах гэсэн юм. 4,500,000 төгрөг зээлээч маргааш буцааж өгнө гэсний дагуу Хас банкны ****** дугаарын данс руу 4,500,000 төгрөг шилжүүлж залилуулсан. Одоог хүртэл буцааж өгөөгүй. Сүүлд 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр С.Б-тай уулзахад би таны мөнгөөр покер тоглоом тоглоод алдсан гэж тайлбарласан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн өдөр миний дансны шилжүүлэг хийх лимит хэтэрсэн байсан учир хүү М.Б-ий эзэмшлийн данснаас 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Би ****** банк бус санхүүгийн байгууллагаас 2023 онд хэдэн төгрөг зээлж аваад буцаагаад төлж байсан. Тухайн үед С.Б нь тухайн байгууллагын салбарын ******** байсан. Тэгээд зүс таньдаг болсон. Сүүлд мөнгө зээлээч гэхэд нь өмнөх харилцааны үед үүссэн итгэлцлийн дагуу ББСБ-ын салбар хариуцсан ****** хүн гэж итгэн мөнгө шилжүүлж залилуулсан. С.Б нь сүүлийн үед утсаа авахаа больсон. Мөнгө төгрөгөө нэхээд уулзах болгонд таны мөнгийг тоглоод алдсан. Цалин буухаар таны мөнгийг өгнө гэх мэтээр худлаа ярьж цаг хугацаа алдагдуулж хохироож байна.” гэсэн мэдүүлэг /2 хх 4-5/,
5.8. Гэрч М.Б-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би хаан банканд ********* дугаарын данс ашигладаг. Тухайн дансыг надаас өөр хүн ашиглах боломжгүй. 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр манай аав М над руу утсаар холбогдож нэг таньдаг хүн нь байрны зээл гаргуулах гээд банканд мөнгө байршуулах шаардлагатай болоод мөнгө шилжүүлэх гэтэл банкны шилжүүлэг хийх лимит хэтэрсэн байна гээд надаар ****** дугаарын данс руу 4,500,000 төгрөгийн шилжүүлэг хийлгэсэн. Тэр мөнгөө буцааж олж авч чадаагүй байгаа.” гэсэн мэдүүлэг /2 хх 8-9/,
5.9. Хас банк ХХК-ны 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 20/428 дугаартай албан бичиг, С.Б-ын ****** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, уг дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 234-235, 228-233/,
5.10. Хаан банк ХХК-ийн 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн албан бичиг, Б.Б-ийн эзэмшлийн ************ тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга, Т.Б эзэмшлийн *********** тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1 хх 239-248/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
5.11. Шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээсэн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар давхар нотлогдсон байна.
6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:
6.1. Шүүгдэгч нь банк бус санхүүгийн байгууллагын салбарын ********* албан тушаалын эрх нөлөөгөө болон урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь урвуулан ашиглаж хохирогч Г.М 50,000,000 төгрөгийн зээл олгохын тулд холбогдох хүмүүст нь мөнгө өгөх шаардлагатай гэж, хохирогч Г.М-ыг банкнаас зээл авахад мөнгө байршуулах шаардлагатай болсон тул нэг хоногийн дараа буцааж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан хуурч хохирогч Г.М-аас 1,253,300 төгрөг, хохирогч Г.М-аас 4,500,000 төгрөгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хохирогчдод буцааж өгөлгүйгээр өөртөө захиран зарцуулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
6.2. Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцэж, шүүгдэгч С.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
6.3. Шүүгдэгч С.Б-ын энэ гэмт үйлдлийн улмаас хохирогч нарын сэтгэцийн эрүүл мэндэд хор уршиг учраагүй, хохирогч нар сэтгэцэд хор уршиг тогтоолгох шаардлагагүй гэжээ.
6.4. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байна.
6.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь шүүхэд заавал хэрэглэхийг үүрэг болгосон хатуу тогтоосон хэм хэмжээ биш бөгөөд шүүгч өөрийн үндэслэл бүхий дотоод итгэл, үнэмшилд тулгуурлан хэрэглэж болох, шүүхийн эрх хэмжээнд хамаарах зохицуулалт болно.
6.6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт торгох болон хорих ялаас сонгож оногдуулж болохоор зохицуулсан байх бөгөөд анхан шатны шүүх үйлдсэн гэмт хэрэгт дундажаас бага хэмжээгээр торгох ял оногдуулсныг буруутгах үндэслэлгүй.
6.7. Гэвч давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу олгогдсон хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болох эрх хэмжээнийхээ хүрээнд анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 12,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосныг хөнгөрүүлэн өөрчилж 10,000,000 төгрөгөөр торгож, 2 жилийн хугацаанд хэсэгчилэн төлөхөөр өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
6.8. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөхдөө шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх ялын зорилго, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж хязгаарлагдмал байдал зэргийг нь харгалзаж үзлээ.
6.9. Дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан торгох ялын хэмжээ, хугацааг хөнгөрүүлэн өөрчилсөн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоос ял хөнгөрүүлэх агуулга бүхий хэсгийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
6.10. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дор дурдсан өөрчлөлт оруулсугай.
А. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтаас: “12,000 (Арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12,000,000 (Арван хоёр сая) төгрөгөөр торгох” гэснийг “10,000 (Арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (Арван сая) төгрөгөөр торгох” гэж,
Б. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “6 (Зургаа) сарын хугацаагаар” гэснийг “2 (Хоёр) жилийн хугацаагаар” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ
Ч.ЭНХТӨР