Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02412

 

2017 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/02412

 

 

П.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/03090 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч П.Саранцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгт холбогдох

 

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Анхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч П.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2016 оны 01 сарын 02-ны өдөр 32 дугаар цэцэрлэгт сав угаагчаар ажилд ороход ажил олгогчийн зүгээс 6 сарын хугацаатай гэрээ байгуулсан бөгөөд 2017 оны 05 сарын 31-нд гэрээний хугацаа дууссан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөндөө гомдолтой байна. Учир нь миний бие 5 сарын хугацаанд ажиллахдаа ямар нэгэн ажлын алдаа дутагдал, зөрчил гаргаж байгууллага болон эрхлэгчид хохирол учруулсан зүйл огт байхгүй ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг заавал үндэслэл болгоно гэсэн Улсын дээд шүүхийн тайлбарыг зөрчиж ажлаас халснаас гадна бид анх ажилд орохдоо эрхлэгчийн гар дээр баярласнаа илэрхийлж мөнгө өгөөгүйгээс болсон гэж үзэж байгаа. Учир нь эрхлэгч Л.Алтанцэцэг нь ажилд авсан хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө болон бэлэг сэлт өгсөн хүмүүсийг бүгдийг нь авч үлдээд амьдралын хүнд хэцүүгээс гарыг нь цайлгаж чадаагүй нийт 7 хүний гэрээг сунгахгүй гэж халж ялгаварлан гадуурхах үйлдэл гаргасан. П.Саранцэцэг миний бие шүүхэд сав угаагчийн ажилд эгүүлэн томилох болон бусад шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд сав угаагчийн орон тоо байхгүй гал тогооны туслах ажилтан, үйлчлэгч гэх мэт миний хийж чадах ажил байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа адил чанарын албан тушаалд эгүүлэн томилуулах болгож өөрчилж байна. Иймд урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Сарангэрэл шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...2016 оны 11 сард Хууль сахиулахын их сургууль өөрийн байраа тохижуулан гаргаж өгч, тус байрандаа өөрсдийн ажилчдын хүүхдүүдийг цэцэрлэгт авах боломжтой болсон. Шинэ байранд 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулж, 12 албан хаагчтай, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Хууль сахиулахын их сургууль буюу Хууль зүй, дотоод хэргийн яамнаас эдгээр ажилчдыг цалинжуулах учраас түр орон тоонд хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажиллуулсан. Ажлын байранд тавигдах шаардлага, боловсролын шаардлага хангахгүй байсан учраас П.Саранцэцэгтэй 2 сарын хугацаатай гэрээ анх байгуулсан гэж тайлбарладаг. Дараа нь байгууллагын бүтэц орон тоо батлагдаж ирээгүй ч хийж байсан ажилдаа идэвх зүтгэлтэй байсан учраас П.Саранцэцэгийг орон тоог батлагдаж иртэл буюу гэрээг нь 6 сарын хугацаагаар сунгасан байдаг. 2016 оноос 2017 оны хичээлийн жил дуусч, хөдөлмөрийн гэрээ 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон. Баянзүрх дүүргийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн захирамжаар байгууллагын бүтэц, орон тоо батлагдан ирэхдээ сав угаагчийн орон тоо огт байхгүй болж, сав угаагчийн гүйцэтгэж байсан чиг үүргийг бүлгийн туслах багшийн үүрэгт шилжүүлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч сав угаагчийн орон тооны оронд гал тогооны туслах гэх орон тоо батлагдаж ирсэн байх тул нэхэмжлэгчийг тухайн орон тоонд томилуулах талаар ярьж байна. Гэвч гал тогооны бэлтгэгч, туслах гэх орон тоо нь тогооч болон бэлтгэгчийн мэргэшил, мэдлэгтэй хүн бүх байх шаардлага тавигдсан учраас П.Саранцэцэгийг цааш нь үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй болсон. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаагаар тооцвол хөдөлмөрийн гэрээний хугацаа 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр дуусах ёстой гэж ярьж байна. Гэтэл хичээлийн жилийн хугацаа 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болж байгаа, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр, 2017 оны 6 дугаар сарын 02-ноос цэцэрлэгийн багш ажилчдын амралттай холбоотой асуудал гарч ирж байгаа учраас энэ өдөр чөлөөлөх боломж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч П.Саранцэцэгийн 32 дугаар цэцэрлэгт холбогдох ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилуулах, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэхийг даалгах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Саранцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулийн дагуу чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Саранцэцэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Ажил олгогч анх надтай Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа гэрээгээ 6 сарын хугацаагаар туршихаар бус 2 сар хүртэл хугацаагаар туршихаар байгуулсан бөгөөд энэ хугацаа дууссаны дараа ажил олгогч гэрээг цуцлах эсхүл дуусгавар болгох талаар ямар нэгэн санал гаргаагүй. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д "Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно" гэж заасан байдаг бөгөөд сав угаагчийн ажлын байр нь өөрөө байнгын ажлын байр, улмаар талууд тухайн үед гэрээгээ цуцлаагүй байх тул байнгын ажлын байранд хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байхад гэрээний хугацаа дууссан гэх ажил олгогчийн тайлбарыг зөвтгөж байгааг буруу гэж үзэж байна. Мөн надтай байгуулсан гэрээний доод хэсэгт туршилтын хугацааг сунгасан талаарх тэмдэглэл хийсэн байдаг боловч Хөдөлмөрийн тухай хуулинд туршилтын хугацааг сунгах талаар ямар нэгэн хуулийн зохицуулалт огт байхгүй байтал ажил олгогчийг хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөж байгаад гомдолтой байна.

Шүүх "ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адил чанарын өөр ажилд томилуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг буруутган хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлээ болгосон. Нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх болсон шалтгаан нь хариуцагч талаас гаргаж өгсөн нотлох баримт болох байгууллагын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан Засаг даргын тушаалаар миний ажиллаж байсан "сав угаагч"-ийн ажлын байрны нэр нь өөрчлөгдөж "гал тогооны туслах ажилтан" болсон байсан бөгөөд хариуцагч талаас Саранцэцэгийн ажиллаж байсан орон тоо байхгүй гэж маргаж байсан тул урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох гэх шаардлагыг адил чанарын өөр ажилд томилуулах болгож өөрчилсөн. Гэхдээ ажлаас үндэслэлгүй халагдсанаа тогтоолгох шаардлагаасаа татгалзаагүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар 128.1.2-т заасан үндэслэлээр гомдлын шаардлагаа гаргасан байхад орон тоо байхгүй болсон гэх сав угаагчийн ажлын байранд эгүүлэн тогтоох үүрэгтэй гэж үзэж байгааг буруу гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ажилтныг ажлаар хангах үүрэгтэй атлаа энэ үүргээ зөрчиж орон тоо байсаар атал гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаад гомдолтой байна. Мөн хариуцагч намайг ажлын байранд тавигдах шаардлагыг хангахгүй, сав угаагч болон гал тогооны туслах ажилтны хийх ажил үүрэг өөр гэж тайлбарладаг боловч үүнийгээ өөр болохыг, намайг ажлын байранд тэнцэхгүй эсхүл ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй байсан талаарх ямар ч нотлох баримтыг гаргаж өгч чадаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1, 37 дугаар зүйлийн 37.1.3 дах заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан хийгээд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзэв.

 

Хариуцагч Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/30 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3, байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 8.8 дахь заалтыг үндэслэн П.Саранцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ.

 

Нэхэмжлэгч П.Саранцэцэг уг тушаалыг эс зөвшөөрч, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд гаргасан байна.

 

Хариуцагч байгууллага тогтоосон хугацаанд шүүхэд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй ба итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, орон тоо нь батлагдаагүй, ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй байсан учраас орон тооноос гадуур хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан, сав угаагчийн орон тоо хасагдсан, гал тогооны туслах ажилтны мэргэжлийн шаардлага хангахгүй тул хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хууль зөрчөөгүй гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаа бол хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байхаас гадна цаашид сунгагдахгүй болсон гэсэн 2 нөхцөл бүрдсэн байх учиртай.

 

Хариуцагч байгууллага 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгч П.Саранцэцэгийг сав угаагчаар ажиллуулахдаа гэрээний хугацааг 2 сар гэж заасан боловч энэ нь туршилтын хугацаа болохыг гэрээнд заагаагүй байхаас гадна уг гэрээг 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгахдаа ийнхүү хугацаа тогтоосон нөхцөлийг гэрээнд тухайлан харилцан тохиролцоогүй байхад анхан шатны шүүх хөдөлмөрийн дотоод журмын 8.8 дах хэсэгт зааснаар туршилтын хугацаа дууссан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх ийнхүү дүгнэхдээ хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулснаас хойш 2017 оны 03 дугаар сарын 17-нд хөдөлмөрийн дотоод журамд өөрчлөлт оруулж 8.8 дах заалтыг нэмсэн байгааг анхаараагүй байна.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015 оны А/217 тоот захирамжаар батлагдсан ... орон тооны хязгаар 2015 он-д зааснаар 32 дугаар цэцэрлэг нийт 25 орон тоотой, үүн дотор сав угаагч, гал тогооны туслах гэсэн 1 орон тоотой ажиллаж байсан ба 2016-2017 оны хичээлийн жилд Хууль сахиулахын их сургуулийн 2 давхар барилгыг цэцэрлэгийн зориулалтаар засварлаж 7 бүлэг 200 хүүхдийн багтаамжтай салбар бүлэг нэмж ажиллуулах болсноор тус цэцэрлэг 52 орон тоотой, үүн дотор гал тогооны туслах ажилтан 1, сав угаагч 2 болгох санал хүргүүлж, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн А/183 тоот захирамжаар батлагдсан ...орон тооны хязгаар 2017 он-д тус цэцэрлэг 52 орон тоотой үүн дотор гал тогооны туслагч гэсэн 3 орон тоотой ажиллахаар болжээ. /хх-ийн 41-46/

 

Хариуцагч тал сав угаагчийн ажлын байрны тодорхойлолтыг ирүүлсэн боловч гал тогооны туслагчийн ажлын байрны тодорхойлолтыг нотлох баримтаар гаргаагүй, сав угаагч, гал тогооны туслах гэсэн нэг ажлын байр өмнө нь байсан, өмнөх болон сүүлд батлагдсан хөдөлмөрийн дотоод журмуудад сав угаагчийн ажлын байр хэвээр байгаа зэргээс үзэхэд нэхэмжлэгч П.Саранцэцэгийн ажиллаж байсан ажлын байрны нэршил өөрчлөгдсөн болохоос түүний ажлын байр хэвээр байгаа, харин ч түүнийг ажлаас чөлөөлөх үед орон тоо нь нэмж батлагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан сав угаагчийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байранд хамаарч байхад ажил олгогч 32 дугаар цэцэрлэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д заасныг зөрчсөн, уг байнгын ажлын байранд хугацаа тогтоох бол Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т заасан журмыг хэрэгжүүлээгүй, байнгын орон тоон дээр ажиллаж буй ажилтныг зөвхөн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан гэх үндэслэлээр, цаашид сунгахгүй болсон үндэслэлээ заалгүй хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон хариуцагч байгууллагын эрхлэгчийн дээрх тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэгч П.Саранцэцэг нь ажлын байранд тавигдах шаардлага, боловсролын шаардлага хангахгүй байсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаар тушаалын үндэслэлд заагдаагүй байхаас гадна сав угаагчийн чиг үүргийг туслах багшийн чиг үүрэгт шилжүүлсэн гэх тайлбар нь ч баримтаар тогтоогдоогүй байна.

 

Хариуцагч байгууллага хуульд заасан хугацаанд тайлбараа бичгээр гаргаж байгаагүй, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн гэх боловч өөрчилсөн агуулга нь сав угаагчийн ажилтай адил чанарын гэсэн байгаа ба ажил олгогчийн тушаал хууль бус болохыг шүүх тогтоосноор өмнөх ажилд нь эгүүлэн тогтоож шийдвэрлэдэг учиртай тул өөрчлөгдсөн шаардлага гэж үзээгүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч П.Саранцэцэгийг Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа тул түүнд ажилгүй байсан 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацааг тооцвол 5 сар 18 хоног байх ба ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт /371016 х 5 + 17256 х 18/ 2 165 698 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/03090 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч П.Саранцэцэгийг Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгийн сав угаагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 165 698 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Саранцэцэгт олгож, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгт даалгасугай гэж, 2 дугаар заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэгээс 49 601 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Н.БАТЗОРИГ