Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/41

 


2024         12             19                               2024/ДШМ/41


Ц.Д, Д.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, шүүгч Ч.Энхтөр, Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ө.М,
Шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч М.Э,
Шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/189 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч М.Э эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч Д.М, Ц.Д нарт холбогдох эрүүгийн 2416000000196 дугаартай хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын хувийн мэдээлэл:

Х овгийн Д.М нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ны өдөр Хөвсгөл аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ***, эхнэр, **** хүүхдийн хамт Орхон аймгийн ******** сум, ** дугаар баг, ***********, *** гудамж, ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ********** регистрийн дугаартай, 

А овгийн Ц.Д нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Өвөрхангай аймгийн ********* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, “**********” ХХК-д ********** ажилтай, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн *********** сум, ************ баг, ** - ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ************ регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.М нь Говь-Алтай аймгийн ********** сумын **********-р гудамж,*** тоотод 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Ц.Д-тай маргалдан зодолдож, тухайн зодооныг салгахаар очсон хохирогч Д.М-ын зүүн гуянд хутгалж, шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Д нь Говь-Алтай аймгийн ******** сумын *********-р гудамж, *** тоотод 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Д.М-тай эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар маргалдан, зодолдож түүний толгойн оройд хуйханд шарх, баруун тохой, зүүн тохой, хүзүүний зүүн тал, баруун дал, баруун өвдөг, баруун тавхай, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагайд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
 
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Шүүгдэгч Х овгийн Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А овгийн Ц.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ц.Д-т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М, Ц.Д нарт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (Гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.М, шүүгдэгч Ц.Д нарт мэдэгдэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М, шүүгдэгч Ц.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.М нь Эрүүл мэндийн даатгалын санд 1,044,070 (нэг сая дөчин дөрвөн мянга дал) төгрөг, хохирогч Д.М-т 500,000 (таван зуун мянга) төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч Д.М-аас 5,848,320 (таван сая найман зуун дөчин найман мянга гурван зуун хорь) төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-т, шүүгдэгч Ц.Д-аас 353,212 (гурван зуун тавин гурван мянга хоёр зуун арван хоёр) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд, шүүгдэгч Ц.Д-аас 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д тус тус олгож, хохирогч Д.М нь энэ гэмт хэргийн улмаас малчин хөлсөөр ажиллуулсан талаарх зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар иштэй хутга 1 (нэг) ширхгийг устгахыг Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах, 2 (хоёр) ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, хохирогч Д.М-ын өмгөөлөгчөөс гаргаж өгсөн 17 (арван долоо) хуудас баримт болон амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар, шүүгдэгч Д.М-ын өмгөөлөгч Д.А-ийн гаргаж өгсөн 1 (нэг) хуудас баримт зэргийг хэрэгт хавсаргах, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж ... эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Д-ын өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүх Ц.Д-аас хохирогч Д.М-д сэтгэцэд учирсан хохирол 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөгийг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ц.Д-ын хохирогч Д.М-ын биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэм буруутай гэх үйлдэл нь эргэлзээтэй байдлаар нотлох баримт хэргийн материалд бэхжигдсэн.
Хохирогч Д.М нь Ц.Д-ыг эрүүл мэнд эрх чөлөөнд халдсан талаарх үйлдлийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэрч М.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй байхад анхан шатны шүүх хэргийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.
Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Д-аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд үндэслэлгүйгээр тооцож 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга)  төгрөгийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо ямар нөхцөл байдлыг шалгуур болгож гаргасан нь ойлгомжгүй.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул хэргийг дахин магадлаж, Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/189 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

 1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

4. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:

4.1. Шүүгдэгч Д.М нь Говь-Алтай аймгийн ********* сумын *********-р гудамж, *** тоотод 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас Ц.Д-тай маргалдан зодолдож, тухайн зодооныг салгахаар очсон хохирогч Д.М-ын зүүн гуянд хутгалж, шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Ц.Д нь Говь-Алтай аймгийн ********* сумын **********-р гудамж, *** тоотод 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Д.М-тай эхнэрээ зодлоо гэх шалтгаанаар маргалдан, зодолдож түүний толгойн оройд хуйханд шарх, баруун тохой, зүүн тохой, хүзүүний зүүн тал, баруун дал, баруун өвдөг, баруун тавхай, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагайд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. 

5. Хэргийн үйл баримтыг нотлох баримтын талаар:

5.1. Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр ********** сумын төвд М гэх хүний складанд хонины ноос аваачиж өгөөд тэнд нэг шил 0.75-тай Алтантүрүү гэх нэртэй тал шил архи би гаргаж ирээд надтай хамт явж байсан Д, М бид гурав хувааж уусан. Тэгээд ноосны мөнгө болон паданаа авах гээд М-ын гэрт очсон чинь 0,75-тай X нэртэй архи М задлаад бид гурав хувааж уусан. Тухайн үед М маргааш ноосны мөнгийг чинь шилжүүлээд падан бичээд өгье гэж хэлсэн тэгээд М-ыг гэрээсээ гарч явсныг мэдээгүй нөгөө архиа уугаад байж байсан чинь гаднаас нэг эрэгтэй хүүхэд орж ирээд ноос авдаг ах эхнэрээ зодоод байна гэж хэлсэн чинь Д гэрээс гараад явсан. Удалгүй гаднаас М-ын эхнэр ороод ирсэн тэрний араас Д орж ирээд М намайг цохисон гэж хэлж байсан чинь араас нь М орж ирээд Д, М нар хоорондоо барилцаж аваад тэр хоёр дээр доороо ороод газарт унахаар нь Д-ыг босгоод байшингийн хаалгаар аваад коридорт гарсан чинь араас М гарч ирээд Д-ыг гараараа хамар луу нь цохиод авахаар нь би дундуур нь ороод М-ыг хойш нь татаад холдуулсан. Тэгээд Д-ыг урдаа оруулаад гараад явж байсан чинь М миний араас зүүн гуяны ар талаас хутгалчхаад буцаад гэр лүүгээ орсон. Би тухайн үед Д-т М намайг хутгалчихлаа гэж хэлээд буцаад гэр лүү нь орох гэсэн чинь М-ын эхнэр оруулаагүй. Тэгээд Д намайг эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед М-ын эхнэр, М, Д бид нар байсан. М Д бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. М-ын эхнэр уугаагүй байсан. Миний биед гэмтэл учирсан. Зүүн гуяны ар талд гэмтэл учирсан. Тухайн гэмтлийг М хутгаар учруулсан. Би тухайн үед М-тай хэрүүл маргаан хийгээгүй. М-ын биед гэмтэл учруулаагүй. М бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. М-ын гэрт байж байхад гаднаас нэг эрэгтэй хүүхэд орж ирээд ноос авдаг ах эхнэрээ зодоод байна гэж хэлээд Д гараад удалгүй тэр хоёр гаднаас орж ирээд хоорондоо маргалдаад гэрт дээр доороо ороод унахаар нь би Д-ын босгож аваад байшингаас гарсан. Араас М гарч ирээд Д-ыг цохиж аваад би салгасан. Тухайн үед Д-ын хамарнаас цус гарч байсан. Би тэр хоёрыг салгаад Д-ыг авч гарсан болохоор М-ын биед гэмтэл учирсан үгүйг нь анзаарч хараагүй. Маргааш нь эмнэлэг дээр надтай ирж уулзахад М-ын толгой хагарсан байсан. Би эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зардлаа гаргуулж авна...” гэх мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар тал),

5.2. Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Говь-Алтай аймгийн ********* сумд ноос авч байсан чинь 2024 оны 08 дугаар сарын 04-нд М Д-ын хамт ирж хонины ноос өгсөн. Тухайн үед М 0.75-тай тал шил архи гаргаж ирээд Д, М бид гурав хувааж уусан. Тэгээд ноосны мөнгө болон паданаа авах гээд М, Д нар манай гэрт ирсэн. Би тухайн үед 0,75- тай X нэртэй архи задлаад бид гурав хувааж ууж байгаад би эхнэртээ хүмүүсийн ноосны мөнгийг нь өг гэж хэлсэн чинь манай эхнэр согтуу байж яах гээд байгаа юм бэ гэж хэлээд гэрээс гараад явахаар нь би араас нь гараад бид хоёр маргалдсан. Би тухайн үед их согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Д надтай ирээд маргалдаад татаж аваад юм хэлээд байх шиг байсан. Тэгээд юу болсныг сайн мэдэхгүй байна. Тэр шөнө нь ********* сумын эмнэлэг дээр толгойгоо боолгох гээд очсон чинь М ах эмнэлэг дээр байсан. Намайг хутгалсан гэж хэлээд байж байсан. Тэгээд намайг сумын цагдаа аваад явсан. Тухайн үед манай эхнэр, Д, М бид нар байсан. М, Д бид гурав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Манай эхнэр уугаагүй байсан. Миний биед гэмтэл учирсан толгой хагараад, гар хөл хөхөрсөн байсан. Тухайн үед Д-ыг би цохиж аваад бид хоёр хоорондоо маргалдаад цохилцсон гэж манай эхнэр хэлсэн. Тийм болохоор Д намайг цохисон байх. Би тухайн үед тэр хоёртой хэрүүл маргаан хийгээгүй байх. Сайн мэдэхгүй байна. Би тухайн үед их согтсон байсан. Д, М бид нарын дунд өр авлага өс хонзонгийн асуудал байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 28 дугаар тал),

5.3. Гэрч М.У-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагаа сайн мэдэхгүй байна. Харанхуй болсон байсан. Би нөхөр дээрээ ноос авахаар очсон. Тэгээд намайг очиход газар 0.75-тай ногоон X архи, том кока кола ундааг дөрвүүлээ хувааж ууж байсан. Тэгээд М гэдэг хүн бас 1 хүнтэй хамт ирсэн байсан. Тэгээд өгөх гэж байгаа ноосыг нь хартал тэр чигтээ нойтон ноос байсан. Тэгээд манай нөхөр ноосоо буулга гэхээр нь би ийм ноос авахгүй энэ ноосоо аваад яв гэсэн. Тэгсэн чинь манай нөхөр энэ манай ахын ноос байна гэсэн. Тэгэхээр нь би наад хүнийг чинь танихгүй хүн байна гэсэн. Тэгээд манай нөхөр ноосоо буулга гээд нөгөө ноос авчирсан хоёр хүн ноосоо буулгаж эхэлсэн. Би нөхөртэйгөө маргалдаж байгаад нөхрөө 2-3 удаа цохиод байж байсан чинь С ах, С эгч, ачтайгаа ноос өгөх гээд ирсэн. Тэгээд ирсэн хүмүүсийн бүх ноосыг авч складаа түгжээд бүгдээрээ манайд ноосны мөнгөө авах гээд очсон. Тэгээд би ирсэн хүмүүстээ хоол хийж өгсөн. Хоол идэж байх хооронд ноос өгсөн хүмүүсийн дансыг авсан. Тэгээд М утсаар ярьж байгаад энэ дансыг тэмдэглээд ав гэхээр би тэр дансны дугаарыг тэмдэглэж авсан. Тэгээд буцаагаад надаас нөгөө тэмдэглүүлсэн дансаа аваад мөнгө шилжүүлээд дэлгүүр хаачихсан байхад гарсан. Тэгээд орж ирэхдээ 0.75 литрийн архи аваад ороод ирсэн. Тэгээд манайд ирсэн хүмүүс хоорондоо ярьж хөөрч сууж байсан. Би салхилах гээд гарч яваад хоёр машины дунд ороод зогсож байсан. Миний араас манай нөхөр гарч ирсэн. Тэгээд бид хоёр нөгөө ноосноосоо болоод маргалдсан. Тэгээд маргалдаж байгаад манай нөхөр намайг түлхээд сэгсэрсэн. Хажууд байсан хүүхэд гэр лүү гүйж ороод Д гэх залуу гарч ирээд бид хоёр дээр ирсэн. Тэгээд манай нөхөр бид хоёрын асуудал чамд хамаагүй гээд түлхээд холдуулсан. Тэгээд бид хоёр дээр дахиад ирэхээр нь манай нөхөр, чи ямар ядаргаатай юм гэж хэлээд нэг цохисон. Тэгээд би нөхрөө дагуулаад 00 орчхоод гэртээ нөхрөөсөө түрүүлж ороход С эгч надаас юу болсон юм гээд асуухад нь би нөхөртэйгөө маргалдлаа гэсэн тэгээд С ах С эгч ачтайгаа гэр лүүгээ явсан. Тэгээд манайд М, Д би нөхөртэйгөө бид 4 үлдсэн. Д чи намайг цохичихлоо гээд манай нөхрийн хоолойг нь боогоод М гэх залуу нь манай нөхрийн 2 гарыг нь хөдөлгөхгүй бариад авсан. Тэгээд бөөн зодоон болоод 3-4 минут орчим хоорондоо зодолдож байгаад салгасан. Д нь манай нөхөрт хандан хоёулаа эр хүн шиг ярилцъя гээд Д түрүүлж гараад манай нөхөр араас нь гараад араас нь М гараад хаалга дөнгөж хаагдаад манай нөхөр чи яагаад намайг бариад байгаа юм бэ? гээд орилоод зодолдоод байх шиг болохоор нь гарсан чинь Д-ын хамраас нь цус гоожсон, манай нөхрийн толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд Д коридорт байсан төмөр хувинтай устай хувингаар 2 удаа цохисон. Манай нөхөр усан дээр нь халтираад унасан байхад нь Д дээрээс нь дэвсэх гээд байхад нь би болиоч гээд урдуур нь орж нөхрөө босгоод гэртээ оруулаад хаалгаа татаад явтал нь хүлээсэн. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би нөхөртэйгөө М-ийн өгсөн ноосоос болж маргалдсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-37 дугаар тал),

5.4. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.А-ын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 223 дугаартай: “...Д.М биед толгойн оройд хуйханд шарх, баруун тохой, зүүн тохой, хүзүүний зүүн тал, баруун дал, баруун өвдөг, баруун тавхай, зүүн өвдөг, зүүн шилбэ, зүүн шагайд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Д.М биед учирсан толгойн оройд шарх гэмтэл нь Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.3.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад цус хуралт, зулгаралт гэмтэл нь Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт (хх-ийн 49-50 дугаар тал),

5.5. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн хошууч Т.А-ын 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 222 дугаартай “...Д.М-ын биед зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Д.М-ын биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 44-45 дугаар тал),

5.6. 2024 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 3-10 дугаар тал),

5.7. Хохирогч Д.М, Д.М нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон маягт, жишиг аргачлал (хх-ийн 19-21 дүгээр тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

6. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:

Шүүгдэгч Д.М, Ц.Д нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл ба прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. 
Шүүгдэгч Ц.Д-ын хохирогч Д.М биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан гэм буруутай гэх үйлдэл нь хэргийн 28 дахь талд авагдсан хохирогч Д.М...М, Д бид 3 архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Манай эхнэр архи уугаагүй. Миний толгой хагараад, гар хөл хөхөрсөн байсан. Би Д-ыг цохиж аваад бид хоёр хоорондоо маргалдаад цохилцсон гэж эхнэр хэлсэн гэх мэдүүлэг, Гэрч М.У-ийн “... Тэгээд Д коридорт байсан төмөр хувингаар 2 цохьсон. Манай нөхөр усан дээр халтираад унахад дээрээс нь Д дэвсэх гэхээр нь урдуур нь орж нөхрөө босгосон.” гэх мэдүүлэг (хх-ийн 35-37 дугаар тал ), Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Т.А-ын хохирогч Д.М биед хөнгөн гэмтэл учирсан гэх (хх-ийн 49-50 дугаар тал) дүгнэлтээр Ц.Д-ын хохирогч Д.М биед хөнгөн гэмтэл санаатайгаар учруулсан нь тогтоогдсон байна. Уг үйлдлийг эргэлзээтэй байдлаар нотлогдсон гэх өмгөөлөгч М.Э-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байна.
 
Шүүгдэгч Ц.Д-аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга)  төгрөг гаргуулсныг буруутгах үндэслэлгүй байна. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.7-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн зэрэглэлд хамаарч байгаа бөгөөд Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтын 3.6 дугаар зүйлд хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоож, шинжээчийн дүгнэлттэй адилтган шийдвэрлэхээр заажээ. Уг тогтоолын 4 дэх хэсэгт нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хоёрдугаар зэрэглэлд хөнгөн гэмтлийн улмаас үүссэн сэтгэцийн эмгэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх нөхөн төлбөр олгохоор заасан байна. 

Анхан шатны шүүхээс хохирогч Д.М, хохирогч Д.М нарын сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу дундаж хэмжээгээр тооцож тус бүрд 5,280,000 (таван сая хоёр зуун наян мянга) төгрөгийг буруутай этгээдүүдээс гаргуулж олгуулахаар шийдвэрлэсэн нь тохирсон байна.

 Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/189 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/189 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

     ШҮҮГЧИД                             Ч.ЭНХТӨР

                                                           Ш.БАТТОГТОХ