| Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Одонтуяа |
| Хэргийн индекс | 123/2026/0041/З |
| Дугаар | 123/ШШ2026/0049 |
| Огноо | 2026-07-06 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 123/ШШ2026/0049
2026 07 06 123/ШШ2026/0049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Гомдол гаргагч: *** ,
Хариуцагч: *** Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч *** нарын хооронд үүссэн
*** Гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** , хариуцагч *** Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гомдлын шаардлага:
1.1. *** Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хоёр. Гомдлын үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Монгол Улсын иргэн *** нь 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын дугаартай агаарын хөлгөөр зорчин ирэхдээ Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх нэршилтэй тарилгаас 5 мг-тайг 4 хайрцгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлжээ.
1.2. Тус өдөр *** Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч *** нь 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд ОМ502 аяллын дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Монгол улсын иргэн *** ийн авч явсан 1 ширхэг чемодан, 1 ширхэг хайрхагтай ачаанд зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагч ***, иргэн *** г өөрийг нь оролцуулан биет үзлэг шалгалт хийж, тээшинд Моунжаро гэх нэршилтэй тарилга 5 мг-тай 4 хайрцаг байсныг олж илрүүлсэн байна.
1.3. Улмаар *** Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч *** нь Монгол Улсын иргэн *** тарифын бус хязгаарлалт тогтоосон, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эмийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан гэх үндэслэлээр саатуулан Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, түүнд Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйл болох Моунжаро гэх нэршилтэй тарилгаас 5 мг-тай 4 хайрцгийг хураан авч шийдвэрлэжээ.
1.4. Гомдол гаргагч *** нь “...*** Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар шийтгэлийн шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч тус шүүхэд 2026 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. (хавтаст хэргийн 1-2 дахь тал)
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:
3.1. Гомдол гаргагч *** шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Гомдлын үндэслэл: Миний бие аав, ээжийн хамтаар Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, 18 дугаар хороонд оршин суудаг бөгөөд 2026 оны 05 дугаар сарын 16- ны өдөр Япон улсаас Монгол улсад ирсэн. Миний ээж *** олон жилийн хугацаанд цусан дахь сахар ихдэх чихрийн шижин өвчнөөр өвдсөн. Миний хувьд Япон улсад зочлохдоо ээж *** ийн эрүүл мэндийн шинжилгээ, бусад эрүүл мэндийн баримтад тулгуурлан эрх бүхий байгууллагад үзүүлэн Моунжаро нэртэй чихрийн шижин өвчний тарилга 4 хайрцаг 8 ширхэг худалдан авсан. Энэ нь зөвхөн нэг удаагийн курс эмчилгээний тун юм.
Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй, Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т "Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн болон Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүний хэрэгцээнд зориулан авч яваа эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэнэ." гэж тус тус заасан.
Миний бие гэр бүлийн гишүүн өөрийн ээжийн хэрэгцээнд зориулан эм, эмнэлгийн хэрэгсэл авч явсан бөгөөд гаалийн байцаагч *** нь үндэслэлгүйгээр хурааж, торгууль оногдуулсан байх тул 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй, тарилгыг буцаан олгож өгнө үү” гэжээ.
3.2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны иргэн Мөнхцэцэг гэдэг хүн байна. 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдөр охин маань Япон улсаас ирэхдээ Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын гааль дээр шалгалтад орсон. Би өөрөө сахарын өвчтэй, 16 жил ийм оноштой явж байна. Би охин *** гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Тухайн үед миний охины эрүүл мэндийн шалтгаанаар авч ирсэн эмийг байцаагч Алтанзулд хурааж авсан. Онгоц 5 цагийн үед буухад 12 цаг хүртэл онгоцны буудлаас охин ирэхгүй удсан. Эмчийн заавраар нэг хүн над руу явуулж би сарын хугацаанд эмийг хэрэглээд таарч байсан учир та дараа нь аваад хэрэглээрэй гэж хэлж байсан. Охин тэр үед Япон улсад явж байсан учраас өөрийн хэрэглэж байсан эмийг охиндоо захисан. Тэр тариа нь хүйсэнд тарьдаг юм билээ. Гааль дээр шалгагдаж байхад эмийн бичиг баримтыг явуулаарай гэхэд би эмийн бичиг баримтаа явуулж, өөрийн хуруунаас сахарын шинжилгээг авч явуулахад энэ шаардлага хангахгүй байна, эмчийн тамгатай бичиг явуул гэж хэлсэн байсан. Миний нэг хүүхэд Япон улсад амьдардаг, эмч хүн байдаг. Тэр хүүхэд маань хэрэглэх шаардлагатай гэсэн бичиг аваад явуулахад хуулийн шаардлага хангахгүй гэсэн зүйл ярьсан учир би явж очоод бухимдаад хэлсэн. Би зарж борлуулах зорилгоор захиагүй 4 хайрцаг тариаг өөрийн эрүүл мэндэд шаардлагатай учир захиж авхуулсан. Нэг күрсийг хэрэглэхэд үр дүнтэй байсан. Нэмж 3 сар хэрэглээрэй гэсэн ч хоёр күрс эмчилгээний тариа авсан байсан. Миний охин туршлагагүй, хилээр ямар бараа бүтээгдэхүүнийг оруулж ирэхийг хориглодог гэдгийг мэдэхгүй учраас оруулж ирсэн. Би гаалийн байцаагч дээр очоод учраа хэлээд энэ эмийг буцаагаад өгөх боломж байна уу, тамгатай бичиг баримт, өвчний түүх зэргээ үзүүлэхэд, прокурорт очсон учир би танд буцааж өгөх боломжгүй байна гэхдээ. Юу ч прокуророос гуйгаад үзье гээд надад бүх тариаг өгсөн. Би торонд хийгээд аваа явах гэж байхад тухайн үед хариуцаж байсан ээлжийн ахлах нь байцаагчид хэлэхдээ нэгэнд чи ийм шийдвэр гаргачхаад яагаад буцаагаад өгч явуулах гэж байгаа юм вэ гэсэн зүйл ярьсан. Тэгэхэд байцаагч та эм ээ үлдээчих ээ, би прокурор дээр хэлж яриад буцаагаад олгоё гэж хэлсэн. Би за гэж хэлээд торноосоо тариаг буцааж гаргаж тавиад явсан. Манай улсын эмийн бүртгэлд байхгүй гэсэн хэдий өөр нэршлээр Моносоор орж ирээд худалдаалагдаж байгаа юм байна лээ. Би Засгийн газарт хандаж үзэхэд шүүхэд ханд гэсний дагуу аймгийн шүүхэд хандсан гэв.
3.3. Хариуцагч *** Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч *** шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын иргэн *** ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. Чингис хаан олон улсын нисэх буудлын гаалийн газрын гаалийн хяналт шалгалт хариуцсан гаалийн улсын байцаагч *** би албан үүргээ гүйцэтгэх явцад Чингис хаан олон улсын нисэх буудлын Олон улсын ирэгчийн танхим дахь гаалийн хяналтын бүсэд 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын дугаартай агаарын хөлгөөр зорчин ирсэн Монгол Улсын иргэн *** ийн авч явсан 1 ширхэг чемодан, 1 ширхэг хайрцагтай ачаанд зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагч ***-ын хамт, иргэн *** г оролцуулан биет үзлэг шалгалт хийхэд "Mounјаго" нэршилтэй чихрийн шижингийн тарилга 8 ширхэг илэрсэн. Дээрх тарилгыг зорчигч чемодан болон хайрцагтай ачаанд авч явсан бөгөөд гаалийн байгууллагад урьдчилан мэдүүлээгүй байсан. Шалгалтын явцад Эм, биобэлдмэл хариуцсан гаалийн улсын байцаагч ****г дуудан, иргэн *** гаас тухайн тарилгыг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг болохыг нотлох эмчийн жор, эмнэлгийн байгууллагын магадлагаа болон холбогдох бусад баримт бичгийг гаргаж өгөхийг шаардсан боловч тухайн үед ямар нэгэн баримт бичиг гаргаж өгөөгүй болно. Улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эхэлсний дараа нэхэмжлэгч талаас эмчийн магадлагаа болон бусад баримт материалыг ирүүлсэн бөгөөд уг магадлагаа нь нэхэмжлэгчийн өөрийн нэр дээр бус төрсөн эхийнх нь нэр дээр гарсан байсан. Мөн дээрх баримт нь гаалийн хяналт шалгалтын үед бус, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ирүүлэгдсэн болно. Нэхэмжлэгчийн тайлбараар дээрх магадалгааг түүний төрсөн ах Мягмаржавын Энхжин гэх эмч гаргаж өгсөн байна. Түүнчлэн нэхэмжлэгч талаас сахарын үзүүлэлт хэмжих төхөөрөмж болон гар утасны аппликейшн ашиглан сахарын хэмжилтийн мэдээлэл үзүүлсэн боловч тухайн эмийг хилээр нэвтрүүлэх үеийн эмчилгээний хэрэгцээтэй холбоотой эмчийн жор, эмчилгээний түүх болон холбогдох бусад баримт бичгийг анх шалгалтын үед гаргаж өгөөгүй болно. Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43.4-т “Иргэн, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хориглоно" гэж заасан. Мөн Гаалийн тухай хуулийн 227.5-д "Зорчигчийн яаралтай тусламжийн /7 хүртэл хоног/ эмийг эмчийн бичсэн жороор, 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох бусад баримт бичгийг үндэслэж нэвтрүүлнэ" гэж заасан байдаг. Иймд гаалийн хяналт шалгалтын үед нэхэмжлэгчээс тухайн эмийг хувийн хэрэглээний зориулалтаар авч явж байгаа болохыг нотлох эмчийн жор, эмнэлгийн байгууллагын магадалгаа болон холбогдох бусад баримт бичгийг гаргаж өгөөгүй нөхцөл байдал тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэгчид 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, хураагдсан эд зүйлийг холбогдох журмын дагуу шийдвэрлүүлэхээр шилжүүлж, материалыг Тээврийн прокурорын газарт хүргүүлсэн болно. Миний бие нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдал, эмчилгээний хэрэгцээ шаардлагад дүгнэлт хийгээгүй бөгөөд зөвхөн гаалийн хяналт шалгалтын үед тогтоогдсон нөхцөл байдал, тухайн үед гаргаж өгсөн баримт материал болон холбогдох хууль тогтоомжид үндэслэн ажиллагаа явуулсан болно. Нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн баримт материалд 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн гаргах үеийн эпикриз болон түүн дээр гараар бичсэн эмчилгээний тэмдэглэл бүхий баримт хавсаргасан байна. Дээрх баримт нь гаалийн хяналт шалгалт болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах үед хавсарган ирүүлсэн баримт болно. Иймд хэрэгт авагдсан нотлох баримт, холбогдох хууль тогтоомжийг бүхэлд нь үнэлэн шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
3.4. Хариуцагч *** Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Токио-Улаанбаатар чиглэлийн ОМ502 аяллын дугаартай онгоцоор ирсэн Монгол улсын иргэн *** ийн ачааг рентген аппаратаар гүйлгэж үзэхэд шалгах шаардлагатай ачаа байсан. Зорчигчийн ачааг шалгаж үзэхэд Маунжаро нэршилтэй тариа 4 хайрцаг мөн гоёл чимэглэлийн зүйл гарч ирсэн. Гоёл чимэглэлийн зүйл дээр эмийн бүрдүүлэлт хийж байхад Маунжаро тариа нь Монгол улсын эмийн бүртгэлд байхгүй, эмчийн жор, эмчилгээний түүх болон холбогдох бусад баримт бичгийг анх шалгалтын үед гаргаж өгөөгүй. Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43.4-т “Иргэн, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хориглоно, Гаалийн тухай хуулийн 227.5-д Зорчигчийн яаралтай тусламжийн /7 хүртэл хоног/ эмийг эмчийн бичсэн жороор, 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох бусад баримт бичгийг үндэслэж нэвтрүүлнэ гэж заасан байдаг. Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн нь зорчигчийн хувийн хэрэглээ гэж үзнэ гэх эмийн тухай хуулийн заалтаас үзэхэд тарилгаас бусад хэлбэрийн бүтээгдэхүүн гэж заасан байсан. Хоёрт эм эмнэлгийн хэрэгсэл хариуцсан байцаагчаа дуудаж үзүүлэхэд энэ хүүхдийн эмийн бичиг баримт хангалттай биш байсан. Бусад орнуудаас хүмүүс хувийн хэрэглээний эм ээ авч ирэхдээ эмийн хайрцаг дээрээ тухайн өвчтөний нэр, уух заавартай нь бичиж ирүүлдэг. Бид түүнийг нь эмийн байцаагчтай хамт үзээд болох юм байна гэж үзэж явуулдаг. *** гийн хувьд тийм бичиг баримт гаргаж ирүүлэх нөхцөл бололцоо байгаагүй. Нэлээн хугацааны дараа зөрчлийн хэрэг үүсгээд явж байхад надад ийм бичиг ирсэн энийг та хараад өгнө үү гэсний дагуу дахин эмийн байцаагчаа дуудаж харуулахад *** гэдэг эмчийн 06 дугаар сарын 16-ны өдрийн бичигтэй гарын үсэг нь *** гэдэг эмчийн гарын үсэг байсан. *** гэж байна энэ танай хэн бэ гэхэд манай төрсөн ах юм. Япон Монголын хамтарсан эмнэлэгт уламжлалт эмчилгээний эмч гэж хэлсэн. Энэ эмч ээжийнх нь эмч мөн үү гэж асуухад эмчлэгч эмч нь биш гэсэн хариулт өгсөн. Дараа нь прокурор дээр очиход хууль журмын дагуу шийдэх ёстой гэсэн хариу өгсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг тал бүрээс харьцуулан, дараах хууль зүйн үндэслэлээр гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь,
Нэг. Шүүхэд гомдол гаргах эрхийн тухайд:
1.1. Тус шүүхэд гомдол гаргагч *** нь *** Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдол гаргажээ.
1.2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 6.11 дүгээр зүйлийн 11.21., 2 дугаар зүйлд зааснаар захиргааны хэргийн шүүхийн маргаан бөгөөд эрх бүхий албан тушаалтан болох *** Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахтай холбогдох гомдлыг мөн хуулийн 7.7. дугаар зүйлийн 2.-т заасны дагуу тус шүүх хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессийг дурдахад:
2.1. Хариуцагч *** Гаалийн газрын гаалийн хяналт шалгалтын улсын байцаагч *** нь 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байх хугацаанд ОМ502 аяллын дугаартай Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн Монгол улсын иргэн *** ийн авч явсан 1 ширхэг чемодан, 1 ширхэг хайрхагтай ачаанд зөрчил хариуцсан гаалийн улсын байцаагч ***, иргэн *** г өөрийг нь оролцуулан биет үзлэг шалгалт хийж, тээшинд Моунжаро гэх нэршилтэй тарилга 5 мг-тай 4 хайрцаг буюу 8 ширхэгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан зөрчилд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
2.2. *** нь 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх нэршилтэй тарилга 5 мг-тай 4 хайрцаг буюу 8 ширхгийг Монгол Улсын хилээр нэвтрэхдээ Тарифын бус хязгаарлалт тогтоосон, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй эмийг Монгол Улсын хилээр хэврүүлэхийг завдсан гэх үндэслэлээр *** д 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, *** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасны дагуу 100 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 100,000 төгрөгөөр торгож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой эд зүйлийг хураан авч шийдвэрлэсэн байна. (хавтаст хэргийн 5 дахь тал)
Гурав. Маргаж буй гомдлын үндэслэлийн тухайд,
3.1. Гомдол гаргагчаас “... Миний ээж *** олон жилийн хугацаанд цусан дахь сахар ихдэх чихрийн шижин өвчтэй. Би Япон улсад зочлохдоо ээж *** ийн эрүүл мэндийн шинжилгээ, бусад эрүүл мэндийн баримтад тулгуурлан эрх бүхий байгууллагад үзүүлэн Моунжаро нэртэй чихрийн шижин өвчний тарилга 4 хайрцаг 8 ширхэг худалдан авсан. Энэ нь зөвхөн нэг удаагийн курс эмчилгээний тун юм. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрхтэй, Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т "Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн болон Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүний хэрэгцээнд зориулан авч яваа эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэнэ." гэж тус тус заасны дагуу гэр бүлийн гишүүн өөрийн ээжийн хэрэгцээнд зориулан эм, эмнэлгийн хэрэгсэл авч ирсэн гэж,
3.2. Хариуцагчаас гомдол гаргагч *** нь “Mounјаго” гэх нэршилтэй чихрийн шижингийн тарилга 4 хайрцаг буюу 8 ширхгийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн байгууллагад урьдчилан мэдүүлээгүй, тухайн тарилгыг эмчилгээний зориулалтаар хэрэглэдэг болохыг нотлох эмчийн жор, эмнэлгийн байгууллагын магадалгаа болон холбогдох бусад баримт бичгийг гаргаж өгөөгүй, Монгол Улсын Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43.4-т “Иргэн, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хориглоно”, Гаалийн тухай хуулийн 227.5-д “Зорчигчийн яаралтай тусламжийн /7 хүртэл хоног/ эмийг эмчийн бичсэн жороор, 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох бусад баримт бичгийг үндэслэж нэвтрүүлнэ” гэж заасныг зөрчсөн гэж тус тус маргажээ.
Дөрөв. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино”, 2 дахь хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна”, 3.3. дугаар зүйлийн. Шийтгэл төрөл 1. Зөрчил үйлдсэн хүн, .. дараахь шийтгэл оногдуулна: 1.1. торгох шийтгэл, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр шүүх, эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1. дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, .. хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино.” гэж тус тус зааснаар хуулийн зорилго, зорилтыг тодорхойлж, зөрчлийг шинжийг харгалзан шийтгэл оногдуулахаар тусгасан.
4.2. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11. дэх хэсэгт зааснаар эрх бүхий албан тушаалтан болох гаалийн улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуулийн ... , 11.21, ... дүгээр зүйлд заасан зөрчлийг шалган шийдвэрлэхээр зохицуулжээ.
4.3. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1. дүгээр зүйл. Зөрчил шалгах ажиллагаа 1.-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ., 4.3. дугаар зүйл. Үзлэг хийх 1.-д Эрх бүхий албан тушаалтаэн зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг тогтоох зорилгоор үзлэг хийнэ. 7.-д Эд зүйл, ачаа тээш, ... үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна... эсхүл гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлж болно., 4.8 дугаар зүйл. Мэдүүлэг авах 1.-д Эрх бүхий албан тушаалтан зөрчил гаргасан байдлыг тодруулах, зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримт, мэдээллийг олох зорилгоор мэдүүлэг авна., 3.-д Холбогдогчоос мэдүүлэг авахын өмнө түүнд үнэн зөв мэдүүлэг өгөхийн ач холбогдлыг тайлбарлаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой нууцыг хадгалах талаар мэдэгдэнэ.” гэж тус тус заасны дагуу мэдүүлэг авч, холбогдогч *** нь тайлбараа бичгээр өгсөн болох нь хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогч нарын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар зөрчил гаргасан болох нь тогтоогдлоо. (хавтаст хэргийн 41-52 дахь тал)
4.4. Мөн хуулийн 4.14 дүгээр зүйлийн Нотлох баримт 1.-д Зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг зөрчлийн нотлох баримт гэнэ. 2.-д Зөрчлийн нотлох баримт нь гэрч, .., холбогдогчийн мэдүүлэг, .., баримт бичиг,..., мэдүүлэг, гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, зөрчил шалган ажиллагааны .. тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн зөрчлийн шинжтэй гомдол, мэдээлэл,..., бусад баримтаар тодорхойлогдоно., 4.15 дугаар зүйл. Зөрчлийг нотлох 1.-д Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ., 6.6. дугаар зүйл. Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх 4.-д Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтлна.” гэж тус тус заасны дагуу эрх бүхий албан тушаалтан болох гаалийн улсын байцаагч нь холбогдогч *** д холбогдох нотлох баримтыг үндэслэн торгох шийтгэл оногдуулжээ. (хавтаст хэргийн 3 дахь тал)
4.5. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11. дэх хэсэгт “Тарифын болон тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, эсхүл нэвтрүүлэхийг завдсан бол тухайн зөрчилд холбогдох барааг хурааж, эсхүл үнийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсаар 100000 /нэг зуун мянга/ нэг зуун нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох шийтгэлийг *** д оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй.
4.6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, ...Эрх бүхий албан тушаалтны 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, гомдол гаргагч *** гаас гаргасан тайлбар зэргээс харахад Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх нэршилтэй тарилга 5 мг-тай 4 хайрцагийг хилээр оруулж ирснээ хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдож байна.
4.7. Моунжаро гэх тарилга нь Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт заасан тарифын бус хязгаарлалт тогтоосон барааны нэр төрөлд хамаарах бөгөөд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт заасан иргэн, тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд импортлох, экспортлохыг хоригложээ.
4.8. Мөн Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалт тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай 05 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 3 дахь заалтад заасан “зайлшгүй хяналтад байх эмчилгээ, ..” гэж тодорхойлсон байна.
4.9. Түүнчлэн Улмаар *** Гаалийн газрын хяналт шалгалтын улсын байцаагч *** нь гомдол гаргагч *** гийн Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх тарилгаас 5 мг-тай 4 хайрцаг буюу 8 ширхгийг Улсын хилээр нэтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалттай тогтоох бүлэг барааг нэвтрүүлсэн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1.-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна.” , 3.4. дүгээр зүйл 1.-д “Энэ хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр .., эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг торгох шийтгэл гэнэ.” гэж тус тус заасан шударга ёсны зарчим тулгуурлан торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцжээ.
5. Харин гомдол гаргагч *** нь шүүхэд гаргасан гомдолдоо “... Миний ээж *** олон жилийн хугацаанд цусан дахь сахар ихдэх чихрийн шижин өвчтэй. Би Япон улсад зочлохдоо ээж *** ийн эрүүл мэндийн шинжилгээ, бусад эрүүл мэндийн баримтад тулгуурлан эрх бүхий байгууллагад үзүүлэн Моунжаро нэртэй чихрийн шижин өвчний тарилга 4 хайрцаг 8 ширхэг худалдан авсан. Энэ нь зөвхөн нэг удаагийн курс эмчилгээний тун юм... “гэж тайлбарладаг.
5.1. Уг гомдолд дурдсан үндэслэлийг хянаад, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6. дахь хэсэгт “Зорчигийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.” гэж, Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн болон Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан гэр бүлийн гишүүний хэрэгцээнд зориулан авч яваа эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн гэнэ.” 227.10. дахь хэсэгт “Зорчигчийн хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхдээ гаалийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага иргэн, бүтээгдэхүүн тус бүрээр бүртгэл үүсгэж, энэ хуулийн 227.4-т заасан хугацааг баримталж байгаа эсэхэд хяналт тавина.” гэж,
5.2. Мөн Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1. дэх хэсгийн 3.1.4.“гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг;, 3.1.5.-д “төрлийн хүн” гэж гэрлэгчийн эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охин, тэдгээрийн хүүхдийг;” гэж тус тус зааснаар Япон улсад үйлдвэрлэсэн Моунжаро гэх нэршилтэй тарилга 5 мг-тай 4 хайрцаг буюу 8 ширхэгийг ээж *** тээ авчирсан болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, шүүх хуралдаанд эх *** ийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
5.3. Түүнчлэн Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 227.1, 227.2-т заасан зорчигчийн болон шуудан илгээмжээр илгээсэн хувийн хэрэглээнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах өвчтэй хүний хэрэглэдэг /3 сар хүртэлх/ эм, эмнэлгийн хэрэгсэл багтана”, 227.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 227.4-т заасан зорчигчийн яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эмийг эмчийн бичсэн жороор, 3 сар хүртэлх хувийн хэрэглээний эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн байгууллагын магадалгаа, холбогдох бусад баримт бичгийг үндэслэж нэвтрүүлнэ.” гэж зааснаар зорчигч *** нь эх *** т эм, эмчилгээний эмийг эмчийн бичсэн жороор, 3 сар хүртэлх улсын хилээр холбогдох бичиг баримтын бүрдүүлж, хувийн хэрэглээний эмийг нэвтрүүлэх эрхтэй гэж шүүхээс дүгнэв.
5.4. Иймд, шүүхээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйл. Хураан авсан, битүүжилсэн хөрөнгө, орлого, эд зүйлийн талаар авах арга хэмжээ 1.-т “Шүүх, ... хураан авсан ... эд зүйлийн хадгалалт, хамгаалтыг хариуцна.”, 14.-т “Шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 7,8 дахь хэсэгт заасан зөрчлийн хэргийн улмаас хураан авсан, .. эд зүйлийн талаар энэ зүйлийн 15 дахь заалтад заалтад заасан шийдвэрийг гаргана.” 15.-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргахдаа зөрчил шалгах ажиллагааны журмын дагуу хураан авсан, .. эд зүйлийн талаар дараах шийдвэрийг аль нэгийг гаргана, 15.1.-д “эзэмшигчид нь буцаан олгох,” гэж тус тус зааснаар хуульд нийцүүлж, хураагдсан эд зүйл болох Моунжаро гэх нэршилтэй хугацаа дуусаагүй тарилга болох 5 мг-тай 4 хайрцаг буюу 8 ширхгийг гомдол гаргагч *** д буцаан олгох нь зүйтэй.
6. Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 11. дэх хэсэгт заасны дагуу Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт шалгалт хариуцсан Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 100 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан *** дугаар шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж, гомдол гаргагч *** гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2., 106.3., 106.3.14. дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйл, 112 дугаар зүйлийн 112.4. дэх хэсгийн 112.4.3. дахь заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 1.3. дугаар зүйлийн 1., 11.21 дүгээр зүйлийн 11. дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч *** гаас гаргасан *** Гаалийн газрын Хяналт шалгалтын албаны хяналт шалгалт хариуцсан Гаалийн газрын гаалийн улсын байцаагчийн 2026 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн *** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлийн 227.1., 227.5., Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.6. дэх хэсэгт заасныг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 15.1.-д зааснаар зөрчлийн хэргийн улмаас хураан авсан Моунжаро гэх нэршилтэй тарилгыг гомдол гаргагч *** д 4 хайрцаг буюу 8 ширхгийг буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч *** гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2. дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА