Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/00324

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2017/00324

 

Бүжинлхам ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06806 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Бүжинлхам ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Ганбиж ХХК-д холбогдох

 

Гэм хорын хохирол 21 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Жамъяндорж

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Гүенбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Бүжинлхам ХХК-ийн захирал З.Оюунбилэг, түүний өмгөөлөгч Н.Жамъяндорж нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бүжинлхам ХХК нь 2015 оны 4 дүгээр сараас эхлэн Баянзүрх дүүргийн 14 хороо 14 дүгээр хороолол 53/а дугаар байрны подвалийн давхарт эм эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж ирсэн. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 02-нд шилжих шөнө 53/а дугаар байрны баруун талд байрлах дулааны худаг доторх халуун усны шугам задарснаас болж ус алдаж манай компанийн бараа бүтээгдэхүүн, тавилга, компьютер, цахилгаан хэрэгсэл, албан бичиг баримт усанд автсан. Үүний улмаас зарим бараа бүтээгдэхүүн бүхэлдээ, зарим бараа бүтээгдэхүүний сав баглаа, хайрцаг нь хэрэглэх боломжгүй болсон. Мөн 24 цагаар асаалттай байдаг тог баригч, процессор зэргүүд нь норсны улмаас шатаж, ажлын ширээ, хурлын ширээ шүүгээ зэрэг нь усанд норсны улмаас доод хэсэг нь хөөж хатан хагарч ашиглах боломжгүй болсон. Усанд автсаны улмаас манай компанид 21 200 000 / хорин нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учраад байна. Тус байрны дулаан шугам сүлжээг орон сууц нийтийн аж ахуйн Ганбиж ХХК нь хариуцан ажилладаг болно. Манай компани нь ус алдсан даруйд Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн газар, онцгой байдлын газарт тус тус хандсан боловч тус байрыг хариуцдаг орон сууцны контортоо ханд гэсний дагуу Ганбиж ХХК-д хандсан. Ганбиж ХХК нь хохирлын тооцоогоо гаргаад өгөөрэй гэсний дагуу 7 хоногийн дараа үнэлгээний баримтыг өгсөн. Тус компани нь засвар үйлчилгээ хийх урьдчилан сэргийлэх арга хэмжээг аваагүй, энэ байдлыг дулааны худаг доторх халуун усны шугам задарснаас болж ус алдсан байсан, үүнийг шинжээчийн дүгнэлт нотолсон байгаа болно. Иймд хариуцагч Ганбиж ХХК-иас манай компанид учирсан хохирол 21 200 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ганбиж ХХК, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд Бүжинлхам ХХК нь манай Ганбиж ХХК-д холбогдуулан гэм хорын төлбөрт 21 000 000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Манай Ганбиж ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Манай Ганбиж ХХК нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших 2009 оны 9 дүгээр сард ашиглалтанд орсон үеэс 53а байрны орон сууцны инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид эвдрэл гэмтэл гарсан тухай бүр засан сайжруулж шаардлагатай тохиолдолд урсгал засвар хийж ирсэн болно. Манай компани нь бусдын хөрөнгөд хохирол учруулах ямар нэгэн гэм буруутай үйлдэл гаргаагүй бөгөөд 2016 оны 5 дугаар сарын 2-ны шөнө дулааны худаг доторх халуун усны шугам задарснаас болж ус алдсан нь тус компаний буруутай үйл ажиллагаанаас болоогүй бөгөөд бид тухайн гэмтлийг нэн даруй илрүүлж яаралтай арга хэмжээ авч ажилласан. Бидний зүгээс ямар үйл ажиллагаа эрхлэх зэргийг тодруулж техникийн давхарт ийм үйл ажиллагаа явуулж байгааг мэдсэн даруйдаа анхааруулж дээд айлуудаас ус алдах тохиолдолд танай энд ус орж ирэх аюултай энэ давхарт ийм үйл ажиллагаа явуулж болохгүй тухай сануулж хэлж байсан. Мөн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг нормд инженерийн гадна шугам сүлжээний үр ашигтай хугацааны хамгийн бага үргэлжлэлийг зааж өгсөн байдаг бөгөөд энэ нь дулааны шугам сулжээний хувьд хамгийн их бага нь 30 жил байдаг. Гэтэл тус байр нь 2009 онд ашиглалтанд орсон бөгөөд урсгал засвар болоод их засвар хийх хугацаа болоогүй байгаа болно. Иймд энэхүү шугам сүлжээг засварлах үүргээ биелүүлээгүйгээс болж нэхэмжлэгчид хохирол учраагүй болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч нь эм, эмийн хэрэгсэл ханган нийлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан байна. Гэтэл эм, эмийн хэрэгсэл нь Эм, эмийн хэрэгслийн тухай хууль болон Эрүүл мэндийн тухай хууль бусад холбогдох журамд заасны дагуу хүний биед шууд нөлөө үзүүлдэг химийн болон химийн бус тусгай найрлага бүхий онцгой бүтээгдэхүүн гэж ойлгож байна. Орон сууцны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар Тусгай зөвшөөрөл авах шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ сууцандаа эрхлэх тохиолдолд иргэн, аж ахуй нэгж, байгууллага, сууц өмчлөгч нь хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрөл авсан байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт зааснаар Зориулалтын бус газар эм, эмнэлэгийн хэрэгсэл хадгалах, худалдахыг хориглоно гэсэн хуулийн зохицуулалтууд, мөн Эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавигдах шаардлага MNS5530:2010 стандартын заалтын дагуу гаргасан ажлын байрны дүгнэлт гаргах шалгуур үзүүлэлтийн 7.2 дахь хэсэгт Зориулалтын байртай, барилгын ажлын зураг, байршлийн схем хянагдсан, нийтийн орон сууцны подваль болон 1 давхарт байрлаагүй байх гэж хязгаарласан хуулийн зохицуулалтууд, дүрэм журмыг үл хайхран хууль зөрчиж, техникийн давхарт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл байна. Тухайн байгууллага нь хууль зөрчин үйл ажиллагаа явуулж үүний улмаас учирсан хохирлыг ямар ч гэм буруутай үйлдэл гаргаагүй манай компани хариуцах нь хууль болоод шударга ёсонд нийцэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр өмнөх гүйцэтгэгч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас гэмтэл үүссэн гэж байх тул манай байгууллага хариуцахгүй. Үнэлгээ тогтоосон тайлангийн хувьд үнэ тогтоох аргачлал нь буруу, зөвхөн хүсэлт гаргагчийн тайлбараар тодорхойлсон байна. Учир нь бодит зах зээлийн ханшид тулгуурлах ёстой гэж үзэж байна. Иймд Бүжинлхам ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ганбиж ХХК-иас гэм хорын хохирол 21 200 000 /хорин нэгэн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бүжинлхам ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ганбиж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 263 950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бүжинлхам ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх шинжээчийг томилсон бөгөөд дүгнэлтэд Харин өмнө нь буюу 2006 онд анх мөн ийм маягаар хийхдээ таглаа болгон ханын зузаан нь 2,5 мм хэмжээтэй хавтанг нэг флацтай нь гагнаж, харин нөгөө флацыг нь гаднаас боож хийсэн байсан нь технологийн шаардлагад огт нийцэхгүй болсон байна." гэж дүгнэсэн байсан. Тус шинжээчийн дүгнэлтэд ямар нэг байдлаар хариуцагч "Ганбиж" ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас, эсхүл хариуцагч нь засвар үйлчилгээгээ хугацаандаа хийж гүйцэтгээгүйгээс болж нэхэмжлэгчид хохирол учруулсан буюу тухайн хоолой задарч ус алдсан талаар дурдаагүй бөгөөд дулааны шугам гэмтсэн шалтгаан нь гүйцэтгэгч байгууллагын буруугаас болсон тухай тодорхой дурдсан байдаг. Гэтэл "Ганбиж" ХХК нь тусгай зөвшөөрөлд тусгагдсан дулааны шугамын засвар үйлчилгээг цаг тухайд нь хийгээгүй, шинээр тавьсан таглаандаа техникийн шаардлага хангаж байгаа эсэхэд баталгаа гаргуулаагүйгээс ус алдаж, нэхэмжлэгч "Бүжинлхам" ХХК-д хохирол учруулсан гэм буруутай байна" гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Учир нь шүүх шийдвэрээ гаргахдаа Ганбиж" ХХК-ийн шинээр тавьсан таглаанаас болж ус алдаж, нэхэмжлэгчид хохирол учирсан мэтээр бодит байдлыг гуйвуулж тайлбарласан байна. Ус алдах болсон шалтгаан нь тухайн шугам сүлжээг барьсан анхны гүйцэтгэгч компанийн чанаргүй тавьсан таглаанаас болсон гэдгийг шинжээч дүгнэлтдээ дурдсан бөгөөд харин Ганбиж" ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлж тухайн зөрчлийг нэн даруй арилгаж шаардлага хангасан таглааг шинээр тавьсан бөгөөд шинжээч цаашид энэхүү таглаандаа баталгаа гаргахыг л Ганбиж" ХХК-д зөвлөсөн байхад шүүх Ганбиж" ХХК-ийн тавьсан таглаанаас болж ус алдаж, нэхэмжлэгчид хохирол учирсан мэтээр гуйвуулж дүгнэсэнд гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06806 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг ханаагүй байх тул зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Бүжинлхам ХХК нь хариуцагч Ганбиж ХХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 21 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж халуун усны шугам задарснаас үүдэн нэхэмжлэгч компанийн бараа бүтээгдэхүүн, тавилга, компьютер, цахилгаан хэрэгсэл, албан бичиг баримт усанд автаж гэмтсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан нь хэргийн баримтаар тогтоогдож байна.

 

Гэм хор учруулсан этгээдэд хохирлыг нөхөж төлүүлэхийн тулд уг этгээдийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэл, нэхэмжлэгчид гэм хор учирсан нөхцөл байдлын талаар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл Бүжинлхам ХХК-ийн эд хөрөнгө усанд автан гэм хорын хохирол учирсан нь хариуцагч Ганбиж ХХК-ийн буруутай ажиллагаанаас болох нь баримтаар тогтоогдсон байх шаардлагатай.

Хэрэгт авагдсан талуудын тайлбар болон Эрчим хүчний хөгжлийн төв нэгдсэн лаборатори, Металл судлал гагнуурын төв лабораторийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дүгнэлтэд Бүжинлхам ХХК-ийг баталгаатай бус хавтангаар таг хийж гагнагдсан байсан нь хэвийн горимыг даалгүй ханзарч гэмтэх шалтгаан болсон гэж зааснаас үзэхэд хариуцагч байгууллагын гэм буруутай эс үйлдэл гаргасан нь тогтоогдог гэж үзнэ.

Учир нь хариуцагч байгууллага Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.5, Уур халуун усны шугам хоолой төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэмд зааснаар орон сууцны доторх цэвэр, бохир усны шугам, сүлжээний ашиглалт засвар үйлчилгээ, аюулгүй байдал, арчлан хамгаалалтыг хариуцах үүрэгтэй байна. Уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч байгууллагын эд хөрөнгөд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан талуудын эд хөрөнгийн үнэлгээний тайлангаар, талуудын тайлбар, шинжээчийн дүгнэлт тогтоогдож байна.

 

Хариуцагч байгууллага нь өөрийн байгууллагын ажилтны буруугаас гэм хор учраагүй гэх нөхцөл байдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасны дагуу тус баримтаар нотолж чадаагүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 479.2 дахь хэсэгт заасан хариуцагчаас чөлөөлөх үндэслэл байхгүй байна.

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримт, гэм буруугийн талаар үнэлж, хариуцагч байгууллагын буруутай ажиллагааны улмаас гэм хорын хохирол учирсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгч Бүжинлхам ХХК нь хөрөнгийн үнэлгээний Дельтмон ХХК-иар дахин ашиглахгүй болсон эм, бараа, гэмтсэн хайрцаг сав, гэр ахуйн бараа компьютер, техник, программ хангамж зэрэг бүтээгдэхүүнийг үнэлүүлсэн үнэлгээ тогтоолгосныг үндэслэн хохирлоо нэхэмжилсэн байна. / хэргийн 13-24 дүгээр тал/

 

Хариуцагч Ганбиж ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах болон энэ хуулийн 48 дугаар зүйлд заасан ажиллагааг гүйцэтгүүлэх, хуурамч нотолх баримтыг хууль бусаар бүрдүүлсэн, цуглуулсан гэж үзвэл эрх бүхий байгууллагаар шалгуулах, үүний үндсэн дээр нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах эрхтэй бөгөөд уг эрхээ хэрэгжүүлээгүй, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй байна.

Харин Дельтмон ХХК-иас гаргасан эд хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайланд компьютерийн программ хангамж гэмтсэнээс 9 700 000 төгрөгийн хохирол учирсан гэсэн дүгнэлт гарсныг үндэслэн анхан шатны шүүх 9 700 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн буруу болсон байна. Учир нь тухайн компьютерийн программ хангамж эргэн сэргэх нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул уг нэхэмжлэгчид бодиттой байсан эсэх, эргэн сэргэх боломжгүй буюу бодит хохирол гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас хасч шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагч Ганбиж ХХК нь нэхэмжлэгч Бүжинлхам ХХК-ийг Эм, Эмнэлгийн хэрэгсэл хадгалах, худалдахыг хориглосон хууль дүрэм журмийг зөрчиж зоорийн давхарт үйл ажиллагаа явуулж байсан нь гэм хорын хохирол учирахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн гэсэн үзсэн тайлбарыг шүүхэд гаргасан байна.

Эм, Эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавигдах шаардлага MNS5530:2014 стандартад орон сууцны подваль болон 1 давхарт байрлахыг хориглосон заалт байхгүй хариуцагч подвалийн давхар үйл ажиллагаа явуулж байсныг Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар, гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Иймд нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан хохиролын үнийн дүнгээс 9 700 000 төгрөгийг хасч тооцон /21 200 000-9 700 000/ 11 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06806 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ганбиж ХХК-иас 11 500 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бүжинлхам ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9 700 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн,

Шийдвэрийн 2 дахь заалтын хариуцагч Ганбиж ХХК-иас 263 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бүжинлхам ХХК-д олгож гэснийг хариуцагч Ганбиж ХХК-иас 198 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Бүжинлхам ХХК-д олгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ганбиж ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263 950 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

Ц.ИЧИНХОРЛОО