Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2018/02072

 

 

 

 

Б.Должиндолгорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/02251 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Должиндолгорын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д.Лхам, Г.Батбаяр нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 31 342 500 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Должинхорол,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Н.Жамъян,

Хариуцагч: Г.Батбаяр,

Хариуцагчийн өмгөөлөгч: Б.Сонинбайгаль,

Хариуцагч Д.Лхамын итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбилэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Должиндолгор нь 2013 оны 2 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн Д.Лхам, Г.Батбаяр нарын эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоот дахь хашаа байшинд байрлах 18 м.кв агуулахыг түрээсэлж, дотор нь Нарантуул зах дээр зардаг барилгын шинэ багаж, хөрөө рамны мотор, хөдөлгүүр зэрэг эд зүйлсийг хадгалдаг байсан. Гэтэл 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоот хашаа, байшинд гал түймэр гарч агуулахад хадгалж байсан миний бараа галд өртөж шатсан. Тухайн гал түймэр хашаа, байшингийн эзэн Д.Батбаярын цаасан хайрцаг руу хийсэн хогноос болж гарсан болох нь гал түймрийн шинжээчийн удаа дараагийн дүгнэлтүүдээр тогтоогдсон. Хариуцагч тал нэхэмжлэгч Б.Должиндолгор намайг өөрөө гал тавьсан гээд байна. Хүн өөрийнхөө барааг шатааж өөртөө хохирол учруулна гэж байх уу. Цагдаагийн газар хэргийг шалгах явцад шинжээч гал түймэр гарсан шалтгааныг тогтоохдоо ашигласан тухайн өдрийн камерын бичлэг хэрэгт байгаа. Бүрэн шатсан буюу дахин ашиглах боломжгүй болсон эд зүйлийн үнэлгээ, хагас шатсан буюу норсон, утас нь хайлсан, гэмтэлтэй гэх мэт барааны үнэлгээг зах зээлийн үнээс хямдаар тооцон бусдад худалдан хохирлын хэмжээгээ тооцсон. Хариуцагч Г.Батбаяр, Д.Лхам нарын буруутай үйл ажиллагааны улмаас надад учирсан хохиролд 31 342 500 төгрөгийг эдгээр хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Би анх гэм хорын хохиролд 25 000 000 төгрөгийг нэхэмжилсэн ба галд шатсан эд зүйлийг үнэлсэн Шонхор үнэлгээ аудит ХХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэжээ.

 

Хариуцагч Г.Батбаяр, Д.Лхам нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоотод 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гал түймэр гарч бидний эзэмшлийн агуулах шатсан. Тухайн гал гарсан шалтгаан нөхцөлийг тогтоох Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээчийн 2014 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 386/1356 дугаар дүгнэлтэд галыг хэн нэгэн зориуд тавьсан гэх шинж тэмдэг үгүй байв гэж. Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт, шинжилгээний төвийн 2016 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн 9/17 дугаар дүгнэлтэд: Түрээслүүлэгчийн буруутай үйл ажиллагаанаас гал түймэр гарсан гэж үзэж байна, шатамхай хогийг зориулалтын тагтай саванд хаяагүй зэргээс улбаатай байна, 09 цаг 43 минутад цагаан цамцтай иргэн Г.Батбаярын хүүгийн хамт хоёр ширхэг хайрцагтай хогийг агуулахын үүднээс зайлуулж галыг банз, хүрзээр цохиж унтраасан. Өдрийн 12 цаг 56 минутын үед агуулахын баруун үзүүрийн дээвэр, хаалганы орчмоос дахин утаа гарч 13 цаг 01 минутад дахин унтраасан гал дахин гурав дахь удаагаа гарсан байна гэж. Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймрийн улсын байцаагчийн 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаар дүгнэлтэд: ... иргэн Г.Батбаярын агуулахад гарсан гал түймэр түрээслүүлэгчийн хайхрамжгүй, үйл ажиллагаанаас гарсан байна. 10 цаг 10 минутад цаасан хайрцагтай хогийн гал түймрийн шаталт зогссон. Өдрийн 12 цаг 24 минутын үед агуулахын баруун үзүүрийн дээвэр, хаалганы орчмоос утаа гарч эхэлсэн гэсэн дүгнэлтүүд гарсан байна. Шинжээчийн дүгнэлтүүд нь 10 цагийн орчим галыг унтраасан гэж дүгнэсэн боловч дутуу унтраасан гал 3 цагийн дараа дахин гарсан гэх дүгнэлт үндэслэлгүй, 13 цагийн үед гарч байгаа гал нь өөр шалтгааны улмаас гарсан байх боломжтой, жишээлбэл агуулах дотор шатах, тослох материал хадгалагдаж байсан эсэх, агуулах руу орж байгаа хүмүүс цог гишгэж галыг дэгдээсэн, галын шалтгаан агуулах дотроос гарсан байх зэрэг зүйлсийг шалгахгүйгээр дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Агуулах шатсаны дараа шатсан, гэмтсэн, норсон, хайлсан бүх барааг тусад нь ялгаж тоолоход 56 нэр төрлийн бараа гарсан. Тус тооллогыг хийхэд Б.Должиндолгор, Г.Батбаяр, Д.Лхам биднээс гадна 2-3 хүн байсан. Галын улмаас нэхэмжлэгч Б.Должиндолгорын 56 нэр төрлийн 265 ширхэг бараа дутагдсан нь үнэн бөгөөд үүнтэй маргахгүй. Харин Б.Должиндолгор шүүхэд нэхэмжлэхдээ шатсан 56 нэр төрлийн бараан дээр нэмж норсон, хайлсан, гэмтэлтэй барааг нэхэмжилсэн. Уг нэмж нэхэмжилсэн барааг бид мэдэхгүй бөгөөд бүх гэмтсэн, шатсан, норсон барааг хамт тоолоод 56 гэж бүртгэсэн. Сүүлд хөрөнгийн үнэлгээний газруудаар хохирлыг үнэлүүлсэн бөгөөд нэмж нэхэмжилж байгаа норсон, хайлсан, гэмтэлтэй барааны зураг үнэлгээний нэг ч дүгнэлтэд байдаггүй, гагцхүү нэхэмжлэгч Б.Должиндолгорын хэлсний дагуу үнэлсэн байдаг. Хэргийн материалд хохирлыг үнэлсэн 5 дүгнэлт байгаа бөгөөд үнэлгээний 2 газар болох Дамно ХХК, Гэрэгэ эстимейт ХХК нь 56 нэр төрлийн барааг үнэлсэн, харин үлдсэн 3 үнэлгээний газар нь 56 нэр төрлийн бараан дээр нэмж норсон, хайлсан, гэмтсэн гэх барааг үнэлсэн боловч тухайн бараануудын зургийг огт хавсаргаагүй болно. Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоот дахь хашаа байшин нь хот төлөвлөлтөд орсон бөгөөд одоо барилга баригдсан. Би өөрийнхөө агуулахад хадгалагдаж буй 56 нэр төрлийн барааг 100 айлын орчимд айлын хашаанд аваачсан ба сүүлд Гэрэгэ эстимейт ХХК-ийн шинжээч дүгнэлт гаргахдаа барааг очиж үзсэн. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд норсон, хайлсан, гэмтэлтэй барааг 86 нэр төрлийн гэж, Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээнд норсон, хайлсан, гэмтэлтэй барааг 59 нэр төрлийн бараа гэж зөрүүтэй дүгнэлт гаргаж байгаа нь тухайн нэр төрлийн барааг газар дээр нь үнэлээгүйг харуулж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Г.Батбаяр, Д.Лхам нараас нийт 12 162 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Должиндолгорт олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 19 180 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399 380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нийт 209 550 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Должиндолгороос 166 666 төгрөгийг, хариуцагч Д.Лхамаас 166 666 төгрөгийг, Г.Батбаяраас 166 666 төгрөгийг тус тус гаргуулан нийт 500 000 төгрөгийг Гэрэгэ эстимейт ХХК-д, нэхэмжлэгч Б.Должиндолгороос 28 333 төгрөгийг, хариуцагч Д.Лхамаас 28 333 төгрөгийг, Г.Батбаяраас 28 333 төгрөгийг тус тус гаргуулан нийт 85 000 төгрөгийг Дамно ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн дугаар 101/ШШ2018/02251 тоот шийдвэрийн зарим хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн эрх ашгийг ноцтой хохироосон шийдвэр гаргасан гэж үзэн эс зөвшөөрч шийдвэрийн дараах хэсэгт өөрчлөлт оруулах тухай гомдлыг гаргаж байна. Үүнд: Баянзүрх дүүргийн 14 хороо Консулын 13 дугаар гудамж, 343 тоотод байрлах 18 м.кв бүхий агуулахад нэхэмжлэгч Б.Должиндолгорын 145 нэр төрлийн 691 ширхэг бараа бүтээгдэхүүн шатаж гэмтсэн байдаг. Анх барааг шатсан өдөр огт ашиглах боломжгүй 56 нэр төрлийн 265 ширхэг барааг ялгаж хариуцагч Г.Батбаяр, Д.Лхам нарын агуулахад үлдээсэн. Норсон хайлсан, хагас гэмтэлтэй боловч ашиглах боломжтой бусад 89 нэр төрлийн 426 н барааг нэхэмжлэгч, хариуцагч нар харилцан ярилцаж зах зээлийн үнэлгээнээс хэд дахин бага үнээр ч болов зарж борлуулах, хохирлыг Д.Лхам, Г.Батбаяр нар хариуцахаар тохиролцож хувь хүн болон албан байгууллагад зарж борлуулсан байдаг. (Батвайнд ХХК болон Тонгононстракш ХХК-ны албан бичиг, санхүүгийн баримтуудаар тогтоогдоно. XX 316-324 хуудас) Мөн хуульд гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөнд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан. Анхан шатны шүүх нотлох баримт үнэлэхдээ шинжээч нарын гаргасан 5 удаагийн дүгнэлтэд ямар ч ач холбогдол өгөлгүй, норж хайлсан, гэмтэлтэй боловч ашиглах боломжтой барааны үнэлгээг нотлох баримт байхгүй, биетээр баталгаажуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас 19 180 000 төгрөгийг хасаж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/02251 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн гап түймэртэй холбоотой бичлэгийг фотогоор буулган үзэхэд 45-р фото зурган дээр агуулахын хаалгыг Б.Должиндолгор түгжиж байна. Утаа гарч байхад хаалга түгжиж байгаа нь өөрөө утаа тавьчихаад хаалгаа хаасан байна. Гал унтарснаас хойш 2 цаг 43 минутын дараа гал гарсан байдаг. 2 цаг 43 минутын турш утаагүй, үнэргүй, дуу чимээгүйгээр төөнөж асаж болох материал 56 нэр төрлийн материал дотор байхгүй байна. Энэ 56 нэр төрлийн материал дотор 2 цаг 43 минутын турш утаа үнэргүйгээр цогшин асдаг материал байвал хичнээн төгрөг төлсөн ч болно. Даанч ийм бодис 56 нэр төрлийн бараа байтугай Монголд, дэлхийд хаана ч байхгүй. Өөрөөр хэлбэл 2 цаг 43 минутын турш Б.Должиндолгор орж гарч байхад утаа үнэргүйгээр нууцаар шатах бодис даанч байхгүй юм. 5мм-ийн зузаантай 4 м.кв талбайтай цул төмөр хаалгыг жижиг цаасан хайрцагтай цаасны хог шатахад хаалга улайсаж төөнөнө гэвэл хэтэрхий ойлгомжгүй худал зүйл юм. Төмөр нь дулаан сайн дамжуулдаг тул гадна талд цаасан хайрцаг шатлаа гэхэд дотор талд хүний урманд бүлээсэх ч үгүй. Тухайн агуулах нь гэрээтэй агуулах биш бөгөөд нэхэмжлэгч нар агуулахуудын дунд байдаг гэрээтэй агуулахаас сайн дураар гараашид нүүж орсон ба нүүж оронгуутаа 2-3 хоноод борлуулалтгүй бараагаа өөрсдөө шатаасан. Фото зурган дээр утаа гарч байхад хаалгаа түгжсэн, 2 цаг 43 минутын турш утаа үнэргүй цогшиж асах материал байгаагүй, 5мм-ийн зузаантай 4 м.кв талбайтай цул төмөр хаалганы дотор талд төөнөлт үүсэхгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шинжээч нарын эсрэг гомдол гаргасан ба АТГ шалгаад хэрэг бүртгэлт нээж Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шилжээд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс ШУА-ыг шинжээч томилохоор болсон. Шүүх хурал дээр шинжээчийг асуулгах хүсэлттэй байсан ба тэр шинжээчээс 5мм-ийн зузаантай төмөр хаалганы цаана төөнөлт яаж үүсэх, 2 цаг 43 минутын турш утаа үнэргүй асдаг ямар бодис байдаг талаар асуух гэсэн боловч шүүх зөвшөөрөөгүй. 5мм-ийн зузаантай 4 м.кв талбайтай хаалганы гадна дүрсхийн асаад унтардаг цаасны хог байтугай цаасан хайрцагны хэмжээгээр мод овоолж байгаад өдөржин шөнөжин асаасан ч хаалганы дотор тал улайсах нь байтугай бараг бүлээсэх ч үгүй. Энэ бол хэтэрхий ойлгомжтой зүйл. Иймд дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/02251 тоот шийдвэрийг хүчингүй болгож дахин хянуулахаар буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.Должиндолгор нь хариуцагч Д.Лхам, Г.Батбаяр нарт холбогдуулан гэм хорын хохиролд нийт 31 342 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2013 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Б.Должиндолгор нь хариуцагч Д.Лхамтай түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Б.Должиндолгор нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамж, 343 тоот дахь хашаанд байрлах, 18 м.кв талбай бүхий агуулахад өөрийн эд хөрөнгийг хадгалуулсан бөгөөд 2014 оны 5 сарын 16-ны өдөр гал гарч, Б.Должиндолгорын эд хөрөнгө галд өртсөн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.

 

Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд 2014 оны 5 сарын 16-ны өдөр гарсан гал түймрийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийг эс зөвшөөрч, гал унтарснаас хойш дахин гарсан галын шалтгаан, агуулахад түргэн шатах материал байсан эсэх, гал гарсан нөхцөл байдал нь хэний буруугаас болсон зэргийг тодруулахаар шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, дахин шинжээч томилуулах зэрэг хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд гаргажээ. /3-р хх-ийн515-518-р тал/

 

Анхан шатны шүүх 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хариуцагч талаас гаргасан дээрхи хүсэлтүүдийг ... энэ өдрийн шүүх хуралдаанд гаргаж буй нь ямар хүндэтгэх шалтгаантай болох нь тогтоогдсонгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай байна. /3-р хх-ийн 525-528-р тал/

Тодруулбал, гал түймэр гарснаас хойш буюу 2014 оны 6 сарын 15-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын галын шинжээч Д.Өлзийцэцэг дүгнэлт гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс галын шалтгааныг тодруулахаар хоёр удаа, хөрөнгийн үнэлгээг тогтоохоор таван удаа тус тус шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

 

Гэрэгэ эстимэйт ХХК-ийн дүгнэлт 2018 оны 4 сарын 24-ний өдөр гарснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2018 оны 5 сарын 22-ны өдөр сэргээн явуулж, шүүх хуралдааныг 2018 оны 5 сарын 31-ний өдөр товлон зарлажээ. 2018 оны 5 сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчид гардуулахаар шүүх хуралдааныг хоёр удаа хойшлуулж, 2018 оны 6 сарын 20-ны өдөр хэргийг хянан хэлэлцэхээр тогтсон байна.

 

Хариуцагч тал нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг гардан авч, шүүх хуралдааны өмнө буюу 2018 оны 6 сарын 19-ний өдөр шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулах, дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь хууль зөрчөөгүй, хуулиар олгогдсон зохигчийн эрхээ эдлэхээр хүсэлт гаргасан гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан тул анхан шатны шүүх хэргийн оролцогчийн нотлох баримтаа бүрдүүлэх эрхийг зөрчсөн байна.

 

Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй юм.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дах хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.7 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2018/02251 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

Г.ДАВААДОРЖ