| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0559/Э |
| Дугаар | 572 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 572
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч М.Амарзаяа, шүүгдэгч Ж.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Ж.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808012000556 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ж.С, Монгол Улсын иргэн, ......... регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Ж.С нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 8 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лаурис” зочид буудлын 8 тоот өрөөнд амарч байсан иргэн Б.П-ийн гар утас, цамц, бэлэн мөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан 525,920 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Ж.С нь 2018 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 8 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Лаурис” зочид буудлын 8 тоот өрөөнд хамт буудалласан иргэн Б.П-ийн гар утас, цамц, бэлэн мөнгийг нууцаар авч, бусдад 525,920 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.С шүүх хуралдаанд: “...Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа, хэргийн талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогч Б.П мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө 02 цагийн үед найз Т-ийн хамт хорооллын эцэст байрлах “Кроун” нэртэй бааранд орж, хүн тус бүр 3 лонх шар айраг уусан. Тэр үед 62 дугаар сургуульд сурч байсан зүс таних охинтой тааралдсан. Тэр охин 2 найзтайгаа явж байсан бөгөөд бид хамт сууж, тэдэнд 6 лонх шар айраг авч өгсөн. Тэндээс гараад, нэг охиныг нь хорооллын бичил рүү хүргэж өгчихөөд, Саппарогийн “Шөлөндөө” хоолны газарт дахиад нөгөө охинтойгоо таарсан. Тэр нэг найзтайгаа хамт явж байсан. Бид хоорондоо ярилцаж байгаад, Саппарогийн ард байдаг “Лаурис” зочид буудлын 8 тоотод орсон. Тэнд ороод 0.75 литрийн хэмжээтэй нэг лонх архи, нийслэл нэртэй шар айраг ууж байгаад, өглөө 8 цагийн үед сэрэхэд гар утас, мөнгө чинь хаана байгаа юм гэж надаас асуусан. Тэгэхээр нь би ширээ рүү харахад миний гар утас байхгүй байсан. Мөн Терранова загварын цамц, халаасанд нь байсан 190 орчим мянган төгрөг байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас),
3. “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “самсунг загварын гар утас, цамц нийт 335,920 төгрөг” гэсэн үнэлгээ бүхий тайлан (хх-ийн 17 дугаар хуудас),
4. Шүүгдэгч Ж.С мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 02-ны орой 20 цагийн үед багын найз Ц-ын гэрт очсон, тэндээс хамтдаа Н-ийн гэрт очиход, нөхөр хүүхэдтэйгээ хамт байсан. Бид “нэг газарт хамт сууя” гээд хорооллын “Кроун” бааранд орсон. Зөөгч залуу бид гурвыг танихгүй хоёр залуугийн ширээнд шахаж суулгасан. Тэгтэл Н-ийн нөхөр утасдаад “хүүхэд сэрчихлээ, гэртээ ир” гэж хэлсэн. Ц бид хоёр Н-г хүргэж өгөх гээд баарнаас гарахад бид гуравтай хамт сууж байсан хоёр залуу “хамт суугаач” гэхээр нь зөвшөөрөөд, бид Цамбагаравын арын “Лаурис” зочид буудалд өрөө авч орсон. Тэр хоёр залуу уг буудалд 2 өрөө авсан. Хохирогч гэх залуу “өглөө ажилтай, нүдний хор гаргаадахъя” гэж хэлээд намайг дагуулаад нөгөө өрөөнд нь орсон. Бид хоёр хэсэг нялуурч байгаад секс хийсэн. Би хэвтэж байгаад хохирогч залуу руу харахад унтчихсан байсан. Тэгэхээр нь хувцсаа өмсөөд, ширээн дээр байсан цагаан өнгийн Самсунг эс-6 загварын гар утас, задгай мөнгө байхаар нь аваад, мөн саарал өнгийн юүдэнтэй цамцыг нь өмсөөд, найз Ц-ын амарч байсан өрөөний хаалгыг тогшоод “эгч чинь дуудаж байна, гараад ир” гэсэн чинь Ц нойрмоглоод гарч ирсэн. Тэндээс гараад Ц-ын эгчийнд очиж 16 цаг хүртэл унтсан. Ц надаас “энэ юун утас юм бэ” гэхэд нь “хүнээс авсан юм” гэсэн. Тэр “мөнгөний хэрэг байна” гэхээр нь Модны 2-т байдаг ломбардад регистрийн дугаараа хэлээд 130,000 төгрөгийн барьцаанд тавьсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 9 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Шүүгдэгч Ж.С нь 525,920 төгрөг буюу 300,000 төгрөгөөс дээш хэмжээний хохирол учруулсан байх тул хулгайлах гэмт хэргийн хувьд хуульд заасан хохирол учруулсан гэж үзнэ.
Хохирогч Б.П нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн улмаас учирсан зардалд 525,920 төгрөг нэхэмжилсэн боловч 100,000 төгрөгийг төлж барагдуулсан. Иймд нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Ж.С-аас 425,920 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.П-д олгох нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ж.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэм хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийн үйл баримт болон хохирлын талаар маргаагүй, мэтгэлцээгүй болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.С-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Улсын яллагчийн дүгнэлт: Шүүгдэгч Ж.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 425,920 төгрөгийг шүүгдэгч Ж.С-с гаргуулж, хохирогч Б.П-д олгуулах саналтай байна гэв.
Шүүх шүүгдэгч Ж.С-г гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ингэхдээ шүүх шүүгдэгч Ж.С нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүнд албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг арилгах зорилгод нийцсэн бөгөөд түүнийг нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага ТОГТООХ нь:
1.Б овогт Ж.С-г хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр долоон сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Ж.С-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн хор уршгийг хоёр сарын хугацаанд арилгах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалтыг тэнссэн хугацаагаар тогтоож, энэ албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Шүүгдэгч Ж.С нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.С нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос 100,000 төгрөгийг төлсөн, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шүүгдэгч Ж.С нь шүүхээс тогтоосон хоёр сарын хугацаанд учруулсан хохирлоо төлөөгүй бол Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 425,920 (дөрөв зуун хорин таван мянга ёсөн зуун хорь) төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар гаргуулж, хохирогч Б.Пүрэвдоржид олгосугай.
7.Шүүхийн тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгчид гардуулсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.С-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА