Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/01

 


2025          01             06                                2025/ДШМ/01


А.А-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, Ч.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Д.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, П.Е (цахимаар), С.А (цахимаар), 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.М нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/209 дугаар цагаатгах тогтоолыг прокурор Д.Г эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцлээр шүүгдэгч А.А-т холбогдох эрүүгийн 2216001260212 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: 

Ж овгийн А.А нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, *** боловсролтой, ******** мэргэжилтэй, Говь-Алтай аймгийн ********** сумын ********* ажилтай, ам бүл ***, эхнэр, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн ********** сумын ******** баг *** - *** тоотод оршин суудаг, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, ************ регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: 

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад хамаарах Говь-Алтай аймгийн *********** сумын ********* А.А нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх,”
Авлигын эсрэг хуулийн 7.1.3-д заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1-д заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-д заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 1/22 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1 га тариалангийн талбайд жимс, жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо тариалах төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулалт хийж шалгарсан төслүүдийг Хүнс хөдөө аж ахуйн газарт 2022 оны 02 дугаар сарын 20-ны дотор ирүүлэх ёстой байсныг зөрчиж ямар нэгэн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр ********* сумын иргэн Б.Ө хүлэмжийн  төслийн санхүүжилтийн 30 хувийг, ********* сумын *********** Ж.Т бэсрэг алим төслийн санхүүжилтийн 30 хувийг,  ********** сумын ************ Т.С төрсөн эцэг М.Т алим жимс төслийн санхүүжилтийн 30 хувийг тус тус Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь үнэн болно гэсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/129, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/130, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/139 дугаартай  албан бичгийг тус тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлсний улмаас Б.Ө, Ж.Т, М.Т нарт давуу байдал бий болгосон гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн А.А-т холбогдох эрүүгийн 2216001260212 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж овгийн А.А-ийг цагаатгаж, шүүгдэгч А.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас хохирсон гэж үзвэл холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Г давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: 

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Д.Г би, тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/209 дугаар цагаатгах тогтоолыг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ:
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад хамаарах Говь-Алтай аймгийн ********** сумын ********* А.А нь Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх,”
Авлигын эсрэг хуулийн 7.1.3-т заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1-д заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”, 6.3-д заасан “Албан тушаалтан албаны бүрэн эрхээ хувийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн зорилгод ашиглахгүй бөгөөд албан үүрэгт нь нөлөөлөхүйц аливаа харилцаанаас ангид байна” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 1/22 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1 га тариалангийн талбайд жимс, жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо тариалах төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулалт хийж шалгарсан төслүүдийг Хүнс хөдөө аж ахуйн газарт 2022 оны 02 дугаар сарын 20-ны дотор ирүүлэх ёстой байсныг зөрчиж ямар нэгэн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр *********** сумын иргэн Б.Ө хүлэмжийн төслийн санхүүжилтийн 30 хувийг, ********* сумын ************ дарга Ж.Т бэсрэг алим төслийн санхүүжилтийн 30 хувийг, *********** сумын ************ Т.С төрсөн эцэг М.Т алим жимс төслийн санхүүжилтийн 30 хувийг тус тус Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь үнэн болно гэсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/129, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/130, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/139 дугаартай албан бичгийг тус тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлсний улмаас Б.Ө, Ж.Т, М.Т нарт давуу байдал бий болгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгждэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтыг хэрэгжүүлэхдээ юуны өмнө хуульд тусгагдсан зарчмууд буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүйн системийг бүхэлд нь бүрэлдүүлж байдаг тулгуур болсон үндсэн, суурь ухагдахуунуудад тулгуурлах ёстой. Тодруулбал, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хийгдэх тодорхой үйл ажиллагаа бүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зүйл заалтад чанд нийцсэн байхаас гадна уг хуулийн 1 дүгээр бүлэгт тусгагдсан нийтлэг зарчмууд, тэдгээрийн агуулгад заавал нийцсэн байх нь уг ажиллагааг хууль ёсны гэж тооцох үндсэн шалгуурын нэг болно.
Түүнчлэн мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож, түүнд хууль зүйн зөв дүгнэлт хийх үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд хэргийг хүргүүлсэн.
Анхан шатны шүүх А.А холбогдох хэргийг шийдвэрлэхдээ: Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн “Аймгийн 2022 оны төсвийн тодотгол батлах тухай” 15 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралт (Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт)-ын 2.11 буюу “1 га тариалалтад дэмжлэг үзүүлэх” хэсэгт Есөнбулаг сумд 1 га-д жимс жимсгэнэ тариалах 2022 онд 10,000,000 (арван сая) төгрөг, Есөнбулаг сумд хүлэмжийн аж ахуйн тариалалт эрхлэх 2022 онд 10,000,000 (арван сая) төгрөг, Есөнбулаг сумд 1 га-д үхрийн нүд тариалах 10,000,000 (арван сая) төгрөгийг тус тус төсвийн тодотголоор Говь-Алтай аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр баталсан байна.
Улсын яллагч яллах дүгнэлт үйлдэхдээ Говь-Алтай аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх эдгээр 3 төсөл арга хэмжээг шүүгдэгч А.А сонгон шалгаруулалтгүйгээр “**********сумын иргэн Б.Ө хүлэмжийн төслийн санхүүжилтийн 30 хувийг, ******** сумын ********** дарга Ж.Т бэсрэг алим төслийн санхүүжилтийн 30 хувийг, ********** сумын ********** Т.С төрсөн эцэг М.Т алим жимс төслийн санхүүжилтийн 30 хувийг тус тус орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь үнэн болно.” гэсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/129, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/130, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/139 дугаартай албан бичгүүдийг Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлсний улмаас иргэн Б.Ө, Ж.Т, М.Т нарт давуу байдал бий болгосон гэж буруутгасан.
Гэтэл Сангийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2-т “ОНХС-ийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлалыг дагаж мөрдөнө.”, 8.3-т “Аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг аймаг, нийслэлийн түвшинд, сум дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг сум, дүүргийн түвшинд зохион байгуулна.” гэж тус тус заажээ.
Тус журмын зохицуулалттай уялдуулж дүгнэвэл Есөнбулаг сумд 1 га-д жимс жимсгэнэ тариалах 2022 онд 10,000,000 (арван сая) төгрөг, Есөнбулаг сумд хүлэмжийн аж ахуйн тариалалт эрхлэх 2022 онд 10,000,000 (арван сая) төгрөг, Есөнбулаг сумд 1 га-д үхрийн нүд тариалах 10,000,000 (арван сая) төгрөгийг тус тус Говь-Алтай аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжихээр төсвийн тодотголоор баталсан тул сонгон шалгаруулалт зохион байгуулах тохиолдолд Есөнбулаг сумын түвшинд бус Говь-Алтай аймгийн түвшинд зохион байгуулахаар байна.
Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын даргын 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 1/22 дугаартай “1 га тариалангийн талбайд жимс, жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо тариалах төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулалт хийж шалгарсан төслүүдийг Хүнс хөдөө аж ахуйн газарт 2022 оны 02 дугаар сарын 20-ны дотор ирүүлнэ үү” гэх агуулга бүхий албан бичиг нь “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 8.3-т “Аймаг нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг аймаг нийслэлийн түвшинд, сум дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг сум, дүүргийн түвшинд зохион байгуулна” гэсэн зохицуулалтад нийцэхгүй байна.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч А.А хууль, журмаар эрх хэмжээ олгогдоогүй асуудлаар, хуульд нийцээгүй үүрэг хүлээлгэсэн албан бичгийг үндэслэн, сонгон шалгаруулалт явуулалгүй нэр бүхий 3 иргэнд төслийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс санхүүжүүлэх талаар албан бичиг өгч давуу байдал бий болгосон хэмээн ялласан нь үндэслэлгүй болжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг нь “нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгосон” буюу хуулиар хүлээлгэсэн албан үүрэг, хуулиар олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа хууль бусаар ашиглаж өөрт болон бусдад хууль бус давуу байдал бий болгосон үйлдлийг ойлгодог. Харин хуульд заасан үүрэг хүлээлгээгүй, бүрэн эрхэд хамааралгүй асуудлыг хийж гүйцэтгээгүйн учир яллах боломжгүй юм.
Иймд шүүгдэгч А.А-ийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж дүгнэн Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн шүүгдэгч Ж овгийн А.А-т холбогдох эрүүгийн 2216001260212 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ж овгийн А.А-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Учир нь А.А-ийн зөрчсөн гэх дүрэм, журам нь Монгол Улсын хуулиар зохицуулагдах бөгөөд тэрээр төсөл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах чиг үүрэг бүхий үнэлгээний хороо буюу ажлын хэсэгт нөлөөлж, төрөөс үзүүлж байгаа төсөл сонгон шалгаруулах үйлчилгээнд иргэдийн тэгш, шударгаар оролцох эрхийг хязгаарласан, төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад харшилсан, эрх мэдлээ урвуулан ашигласан үйлдэл хийснээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Энэхүү үйлдлийн улмаас зөвхөн нэг субъект биш нийтийн эрх ашиг хөндөгдөж байгаа тул хохирол, хор уршиг бодитойгоор шаардахгүй юм.
Анхан шатны шүүх нь Сангийн сайдын 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 86 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2-т “ОНХС-ийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авахад Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журам, заавар, аргачлалыг дагаж мөрдөнө.”, 8.3-т “Аймаг, нийслэлийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг аймаг, нийслэлийн түвшинд, сум дүүргийн ОНХС-ийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг сум, дүүргийн түвшинд зохион байгуулна.” гэж заасан гэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж, А.А-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй байна гэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан нь үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл Авлигын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “авилга” гэх нэр томъёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж тодорхойлсон байна.
Албан тушаалын гэмт хэрэг нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинж ихтэй байдаг.
Шүүгдэгч А.А-ийн үйлдэл нь аймаг шалгаруулах шийдвэртэй зөрчилдсөн буюу албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газраас 2022 оны 01 сарын 26-ны өдрийн 1/22 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1 га тариалангийн талбайд жимс, жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо тариалах төслүүдийг хүлээн авч, сонгон шалгаруулалт хийж шалгарсан төслүүдийг Хүнс хөдөө аж ахуйн газарт 2022 оны 02 дугаар сарын 20-ны дотор ирүүлэх ёстой байсныг зөрчиж ямар нэгэн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр ********** сумын иргэн Б.Ө хүлэмжийн төслийн санхүүжилтийн 30 хувийг, ********* сумын ********** дарга Ж.Т бэсрэг алим төслийн санхүүжилтийн 30 хувийг, *********** сумын *********** Т.С төрсөн эцэг М.Т алим жимс төслийн санхүүжилтийн 30 хувийг тус тус Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь үнэн болно гэсэн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/129, 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/130, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1/139 дугаартай албан бичгийг тус тус аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлсний улмаас Б.Ө, Ж.Т, М.Т нарт давуу байдал бий болгосон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч А.А-ийн хувьд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төслийн үр шимийг хүртэгчийг шалгаруулалт явуулахгүйгээр сонгож буй нь холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож уг төслийн үр шим, өгөөжийг шударгаар хүртэх байсан бусад иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алинд нь хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй гэтэл энэ үүргээ хэрэгжүүлээгүй. Иймд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, А.А холбогдох хэргийг цагаатгасан гэж дүгнэж байна.
Иймд Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/209 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Прокуророос шүүгдэгч А.А-ийг Говь-Алтай аймгийн ********** сумын ******* ажиллаж байх хугацаандаа Говь-Алтай аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 1/22 дугаар албан бичгийн дагуу 1 га тариалангийн талбайд жимс, жимсгэнэ, эмийн ургамал, хүнсний ногоо тариалах төслүүдэд сонгон шалгаруулалт хийж, шалгарсан төслийг Хүнс хөдөө аж ахуйн газарт 2022 оны 02 дугаар сарын 20-ны дотор ирүүлэх ёстой байтал, ямар нэгэн сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий иргэдийн төслийн санхүүжилтийн 30 хувийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь үнэн гэсэн албан бичгүүдийг Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлж, тухайн иргэдэд давуу байдал бий болгосон гэж буруутган яллагдагчаар татаж, улмаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

2.2. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Аймгийн 2022 оны төсвийн тодотгол батлах тухай” 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын 2.11 дэх заалтын “1 га тариалалтад дэмжлэг үзүүлэх” хэсэгт 19 багц ажил тусгагдсанаас 2022 онд Есөнбулаг сумд 1 га-д жимс жимсгэнэ тариалах төсөл, хүлэмжийн аж ахуйн тариалалт эрхлэх төсөл, үхрийн нүд тариалах төсөлд тус бүр 10,000,000 (арван сая) төгрөгийг Говь-Алтай аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс олгохоор баталсан байна. /4 ХХ 134/

2.3. Уг тогтоолыг үндэслэн Говь-Алтай аймгийн ********* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Гэрээ шууд байгуулах эрх олгох тухай” А/101 дугаар албан бичгээр тус аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэх 1 га талбайн тариалалтад дэмжлэг үзүүлэх 19 багц ажлыг тус бүр гэрээ шууд байгуулан гүйцэтгүүлэх эрхийг Хүнс, хөдөө аж ахуйн газар Т.С олгожээ. /2 ХХ 143/

3. Эрх зүйн дүгнэлт, давж заалдах эсэргүүцлийн үндэслэлийн талаарх дүгнэлт:

3.1. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт зааснаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хариуцан зохион байгуулж, үр дүнг хариуцах, 60.1.4 дэх хэсэгт зааснаар аймгийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах зэрэг нь аймгийн Засаг даргын харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх эрх, үүрэгт хамаарч байна. 
3.2. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх заалтад зааснаар Аймаг, нийслэлийн ********* нь Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний жагсаалтыг хууль, журмын дагуу боловсруулан бэлтгэж тухайн шатны Иргэдийн төлөөлөгчийн хурлаар хэлэлцүүлэн батлуулах, 3.3.7 дахь заалтад зааснаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах гэрээг холбогдох хууль, аргачлал, журамд нийцүүлэн хийх, худалдан авах ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих үүрэгтэй байхаар зохицуулжээ.

3.3. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт Аймаг, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн  хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг аймаг, нийслэлийн түвшинд, сум дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг сум, дүүргийн түвшинд зохион байгуулахаар заажээ.

3.4. Түүнчлэн Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.7.6 дахь заалтад Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг аливаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгох буцалтгүй тусламж, дэмжлэг, тэтгэмж, урамшуулалд зарцуулахгүй байхаар заасан байна.

3.5. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь заалтад зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, 37.1.6 дахь заалтад зааснаар харъяа дээд шатны байгууллагын зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.8 дахь заалтад зааснаар хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх үүрэгтэй.

3.6. Прокуророос шүүгдэгч А.А-ийг сонгон шалгаруулалт зохион байгуулахгүйгээр нэр бүхий иргэдийн “Төслийн санхүүжилтийн 30 хувийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх нь үнэн” гэсэн албан бичгүүдийг Хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлж, тухайн иргэдэд давуу байдал бий болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүгдэгч уг тодорхойлолтыг хийж өгсөн нь тогтоогдсон боловч уг төслүүдийг сонгон шалгаруулах албаны эрх хэмжээ, буюу чиг үүрэг нь бодит байдалд шүүгдэгчид олгогдоогүй харин Говь-Алтай аймгийн ********* түүний эрх олгосноор Говь-Алтай аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газарт байжээ.

3.7. Шүүгдэгч А.А нь: “Тухайн төслүүдийн 50 хувийг аймгийн орон нутгийн хөгжлийн сангаас 30 хувийг сумын орон нутгийн хөгжлийн сангаас 20 хувийг төсөл хэрэгжүүлэгч өөрөө хариуцан санхүүжүүлэхээр төслүүдэд тусгасныг, эрх бүхий байгууллага нь шалгаруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дэмжиж баталсан тул уг тодорхойлолтыг хийж өгсөн.” гэж мэдүүлж байгаа нь хэрэгт авагдсан төслүүдэд уг агуулгаар тусгагдсан байдал /1 ХХ 42, 54, 75/,
“Газар тариалан, жимс жимсгэнэ төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 1 га тариалалтад дэмжлэг үзүүлэх 192,000,000 төгрөгийг хуваарилахаар сумдад албан бичиг хүргүүлсний дагуу 14 сумаас 57 төсөл ирснийг ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн шаардлага хангасан 19 төслийг шалгаруулан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн тухай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хурлын тэмдэглэл /2 хх 60/, энэ талаарх гэрч Б.Г, Т.Б, С.Б нарын мэдүүлэг /1 хх 187-189, 198-201, 190-193, 194-196/ зэрэг нотлох баримт,
Говь-Алтай аймгийн 2022 оны төсвийн тодотгол батлах тухай 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын 2.11 дэх заалтын “1 га тариалалтад дэмжлэг үзүүлэх” гэсэн хэсэгт төсөвт өртөг, 10 сая төгрөг нэмэгдэх 10 сая төгрөг гэж тусгагдсан байдал /4 хх 134/ зэргээр нотлогдсон байна. 

3.8. Шүүгдэгч А.А Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, үр дүнг хариуцах, аймгийн төсөв түүний тодотголын төслийн гүйцэтгэлийг зохион байгуулах, аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрх хэмжээ хууль тогтоомжоор олгогдоогүй байна.

3.9. Авилгын эсрэг нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн 19 дүгээр зүйлд оролцогч улс бүр төрийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд буюу байгууллагад шууд буюу шууд бусаар зүй бус давуу тал олгох зорилгоор чиг үүрэг буюу албан тушаалаа урвуулан ашиглах, өөрөөр хэлбэл, аливаа үйлдлийг хууль тогтоомж зөрчин гүйцэтгэх буюу гүйцэтгэхгүй байх үйлдлийг санаатайгаар үйлдсэнийг гэмт хэрэг гэж тогтооход шаардлагатай байж болох хууль тогтоох болон бусад арга хэмжээг авах асуудлыг авч үзнэ гэж заажээ.

3.10. Мөн Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг” ойлгоно гэж, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж нийтийн албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор тайлбарласан байна.

3.11. Түүнчлэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь нийтийн албан тушаалтан хууль тогтоомжоор олгогдсон албаны эрх мэдэлд хамаарах асуудлаар шийдвэр гаргахдаа албаны эрх мэдэл, эрх нөлөөгөө албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх буюу, хийх ёсгүй үйлдэл хийж, өөртөө эсхүл бусад хувь хүн, хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгосон байх шинжийг шаарддаг.

3.12. Гэтэл шүүгдэгч А.А аймгийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний худалдан авах үйл  ажиллагаанд албан тушаалын шийдвэр гаргах эрх мэдэлгүй, эсхүл тусгай мэдлэг, мэргэжил, ур чадварын хүрээнд чиг үүрэг хэрэгжүүлж энэ талаар дүгнэлт, санал гаргадаг эрх үүрэг бүхий албан тушаалтан биш байх бөгөөд шүүгдэгчийн уг үйл ажиллагаанд иргэдээс хүсэлт хүлээн авч, хүнс хөдөө аж ахуйн газарт хүргүүлэх, эрх бүхий байгууллагаас төсөл нь дэмжигдсэн нэр бүхий иргэдэд эрх хэмжээнийхээ хүрээнд, хууль тогтоомжид үл харшлах тодорхойлолт гаргаж өгөх зэргээр техникийн шинжтэй туслалцаа үзүүлэх үүрэг гүйцэтгэж оролцсон үйлдэл нь дангаараа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шижийг хангахгүй байна.

3.13. Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын “Аймгийн 2022 оны төсвийн тодотгол батлах тухай” 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 15 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтын 2.11 дэх заалтад тусгасан “1 га тариалалтад дэмжлэг үзүүлэх” 19 багц ажил болон, Говь-Алтай аймгийн ********* нь 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Гэрээ шууд байгуулах эрх олгох тухай” А/101 дугаар албан бичгээр тус аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжигдэх 1 га талбайн тариалалтад дэмжлэг үзүүлэх 19 багц ажлыг тус бүр гэрээ шууд байгуулан гүйцэтгүүлэх эрхийг Хүнс, хөдөө аж ахуйн газарт олгосон нь бүхэлдээ хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийхгүйгээр А.А эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх нь учир дутагдалтай бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр байдлыг шалгаж тогтоогоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

3.14. Прокуророос шүүх хуралдаанд шинжлэн судалсан яллах нотлох баримтууд нь шүүгдэгч уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг нотлоогүй, шүүгдэгч прокурорын яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийг үйлдээгүй, шүүгдэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй талаарх шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт няцаан үгүйсгэгдээгүй байна.

3.15. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.А-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хуулиар үүрэг хүлээлгээгүй, бүрэн эрхэд нь хамааралгүй асуудлыг хийж гүйцэтгээгүйн төлөө шүүгдэгчийг яллах боломжгүй гэж дүгнэн шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. 
3.16. Тиймээс дээр дурдсан нөхцөл байдлуудад үндэслэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

3.17. Энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 2024/ШЦТ/209 дугаар цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.БАТТОГТОХ

                        ШҮҮГЧИД                             Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                          Ч.ЭНХТӨР