Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 123/ШШ2026/0050

 

 

       2026       07       22                                             123/ШШ2026/0050

     

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

*** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ***,

Хариуцагч: *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал,

Гуравдагч этгээд: *** нарын хооронд үүссэн

*** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр “***ийг хурлын даргын албан тушаалаас огцруулах тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ***-ийг итгэмжлэгдсэн төлөөлөгч *** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** хариуцагч болон гуравдагч этгээд *** , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Будхүү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр “***ийг хурлын даргын албан тушаалаас огцруулах тухай” тогтоолыгхууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү.” гэжээ.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар

2.1. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж, 01 дүгээр “Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай” тогтоол, 02 дугаар “Хуралдааны дэг баталж, мөрдүүлэх тухай” тогтоол, 03 дугаар “Тооллогын комисс батлах тухай” тогтоол, 04 дүгээр “Хурлын даргыг сонгож батлах тухай” тогтоолыг тус тус баталж, 21 төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрч, тооллогын комиссын дүнгээр төлөөлөгчдийн 52,4 хувийн санал авсан *** тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгожээ. (2 дугаар хавтаст хэргийн 9 дүгээр хуудас)

2.2. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны тэмдэглэлээр тус хурал нь 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 11 дүгээр сарын 18-ны өдөр, 12 дугаар сарын 13-ны өдөр тус тус үргэлжлэн хуралдсан бөгөөд тус аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар 13 дугаар “Хурлын даргыг сонгож батлах тогтоолын төслийг хүчингүйд тооцох тухай” тогтоол, 14 дүгээр “Тооллогын комисс томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол, 15 дугаар “Хурлын даргыг сонгож, батлах тухай” тогтоол, 19 дүгээр “***ийг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолуудыг тус тус баталсан.

2.3. Эдгээр тогтоолуудаар ***ийг *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар томилсон тогтоолын төслийг, 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03 дугаар “Тооллогын комисс байгуулах тухай” тогтоолыг, тооллогын комиссын 1 дүгээр тогтоолыг тус тус хүчингүйд тооцож, ***ийг ажлаас чөлөөлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар 57,1 хувийн санал авсан *** ийг томилсон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 167  дугаар хуудас)

2.4. Нэхэмжлэгч *** нь дээрх тогтоолуудыг эс зөвшөөрч, 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “*** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар “Хурлын даргыг сонгож батлах тогтоолын төслийг хүчингүйд тооцох тухай” тогтоол, 14 дүгээр “Тооллогын комисс томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол, 16 дугаар “Хурлын даргыг сонгох, батлах тухай” тогтоол, 19 дүгээр “***ийг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, шүүх 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2025/0029 дүгээр шийдвэрээр Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 53 дугаар зүйлийн 53.1, 53.3, Төрийн албаны  тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

2.5. Мөн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 221/МА2025/0412 дугаар магадлалаар *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 123/ШШ2025/0029 дүгээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 149-152, 158-160, 166-176, 177-183 дугаар хуудас)

2.6. Түүнчлэн Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ШХТ2025/0412 дугаар “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдэд хамаарахгүй байна гэж үзэж гуравдагч этгээд *** ийн өмгөөлөгч ***-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дугаар хуудас)

2.7. Улмаар *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3, 52.1.4 дэх хэсгүүдэд заасан гэх үндэслэлээр *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “***ийг хурлын даргын албан тушаалаас огцруулах тухай” 01 дүгээр тогтоолын 1 дэх заалтаар “бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, санаатайгаар зөрчсөн үйлдэл удаа дараа гаргасан, хурлын төлөөлөгчийн хуулиар олгосон эрх, хурлын хуралдаанд санал оруулах эрхээ хэрэгжүүлэх явцад хувийн ашиг сонирхлын үүднээс хандан хэлэлцүүлэхээс татгалзсан, хурлын зөвлөл, хурлын хороодыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга “***-т итгэл үзүүлэх эсэх асуудал”-ыг хэлэлцээд ***ийг үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжихгүй гэсэн томьёоллоор санал хураалт явуулж, төлөөлөгчдийн 57,8 буюу 11 төлөөлөгч дэмжсэн тул ***ийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас огцруулж”, тус тогтоолын 2 дахь заалтаар “энэ тогтоол гарсантай холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны “Хурлын даргыг сонгож батлах тухай” 04 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 109 дүгээр хуудас)

2.8. Нэхэмжлэгч *** нь дээрх тогтоолыг эс зөвшөөрч, 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгч *** шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэлд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “*** аймгийн *** сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 2026 оны 03 дугаар сарын 12 өдөр хуралдаж ***ийг хурлын даргын албан тушаалаас огцруулах тухай 01 дугаартай тогтоол гаргаж хууль ёсны дагуу ажил хөдөлмөр эрхэлж байсан намайг үүрэг ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцэхгүй гэж миний бие үзэж байна. Энэхүү тогтоолыг миний бие 2026 оны 03 дугаар сарын 28 өдөр хуулбар хувиар нь олж авсан бөгөөд надад албан ёсоор гардуулж өгөөгүй мөн хурлын тэмдэглэл нь одоогийн байдлаар бичгээр гараагүй байна. Намайг *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2024 онд хуралдаж Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлж байсан бөгөөд энэхүү шийдвэрийг миний бие эс зөвшөөрч *** аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 20 өдөр 123/ШШ2025/0029 дугаартай шийдвэрээр намайг *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад эргүүлэн тогтоосон байдаг. Энэхүү шийдвэрийг хариуцагч *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал давж заалдаж, дээд шүүхэд гомдол гаргасан 3 шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж *** миний бие шүүхийн шийдвэрийн дагуу *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын үүрэг ажилд томилогдсон юм. *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  даргын үүрэгт ажлыг хийж эхэлсэн цаг хугацаанаас Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар намайг Ардын намынх гэдгээр шахаж шүүхийн шийдвэрийг үл хүндэлж хурлын ажлыг гацаах ажлыг удаа дараа явуулах болсон. Монгол Улсын асаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн зөрчиж намайг үүрэг ажлаас чөлөөлсөн хуульд нийцэхгүй гэж миний бие олгож байгаа бөгөөд тодруулбал 2026 оны 03 дугаар сарын 12 өдрийн 01 дугаартай намайг чөлөөлсөн тогтоолын 1-т Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3, 52.1.4 дэх заалтад тусгагдсан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, санаатайгаар зөрчсөн үйлдэл, удаа дараа гаргасан, хурлын төлөөлөгчдийн хуулиар олгогдсон эрх, хурлын хуралдаан зохион санал оруулах эрхээ хэрэгжүүлэх явцад хувийн ашиг сонирхлын үүднээс хандан хэлэлцүүлэхээс татгалзсан, хурлын зөвлөл, хурлын хороодыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас огцруулсугай гэж байгаа нь огт үндэслэлгүй. Учир нь миний бие шүүхийн шийдвэрээр ажилдаа томилогдоод даруу 3 сарын хугацаа өнгөрч байгаа энэ хугацаанд хуульд заасан эрхийн хүрээнд ажлаа хийж эрхэлж байсан гэтэл Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч нар намайг хурлын дарга байх ёсгүй гэж удаа дараа хууль бус асуудлыг дэвшүүлж, түүнийгээ зөв мэтээр тайлбарлаж байсан намайг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй мэтээр ажлаас чөлөөлөх тогтоол үйлдэж байгаа нь үндэслэлгүй юм. Уг тогтоолын 2 заалтад энэ тогтоол гарсантай холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааны Хурлын даргыг сонгож батлах тухай 04 тоот тогтоолыг хүчингүй болгосонд тооцсугай гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. *** аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 04 дугаартай энэхүү тогтоолыг өмнө 3 шатны шүүх хянаад хуульд нийцэж байгаа учраас намайг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад эргүүлэн тогтоосон гэтэл 3 шатны шүүх хуульд нийцэж байгаа талаар дүгнэсэн тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахин хэлэлцэж хүчингүйд тооцож байгаа нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа байгаагийн шүүхийг үл хүндэтгэж байна гэж ойлгож байна. 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр болсон уг хуралдааныг хууль бус, хүчин төгөлдөр бус хуралдаан гэж үзэж байна. Учир шалтгаан нь юу вэ гэхээр тухайн өдрийн хуралдаанд албан ёсны хурлын дарга *** нь хурлын нээн үг хэлсэн боловч заалнаас санал оруулж байна гэх хуульд байхгүй үндэслэлээр *** гэх төлөөлөгч санал оруулан маргаан үүсгэж, тэр маргаан нь камерын бичлэгт бичигдсэн байдаг. Хурал даргалах эрхгүй *** гэдэг хүн хурлыг даргалж цааш нь үргэлжлүүлж ***яг гэдэг хүнийг сонгуульт ажиллагаа явуулалгүйгээр хурлын даргад шууд томилсон байдаг. Энэ үйлдэл нь хууль зөрчсөн үйлдэл учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай “***ийг хурлын даргын албан тушаалаас огцруулах тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, Хурлын даргын албан тушаалд нэхэмжлэгчийг эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагч болон гуравдагч этгээд *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга *** шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “ *** аймгийн *** сумын иргэн *** гаргасан *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар татсан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг хүргүүлж байна. Нэхэмжлэгч *** гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хурлын даргаа сонгох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхтэй төлөөллийн байгууллага болно. Иймд хурлын даргыг огцруулах асуудал нь төлөөлөгчдийн олонхын саналаар шийдвэрлэгдэх, Хурлын дотоод бүрэн эрхэд хамаарах асуудал бөгөөд шүүхээс уг шийдвэрийн агуулгыг орлох байдлаар дүгнэх боломжгүй. Маргаан бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07 дугаар хуралдааны 01 тогтоол хуульд нийцсэн. 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 07 дугаар хуралдааны 01 тогтоол нь Хурлын хуралдааны дэгийн дагуу хэлэлцэгдсэн, хуралдааны ирц бүрдсэн, олонхын саналаар батлагдсан тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн 4.2-т зааснаар захиргааны шийдвэр нь хуульд нийцсэн, үндэслэлтэй байх шаардлагыг хангаж байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн үндэслэл нотлогдохгүй байгаа нь нэхэмжлэгч хуралдаан хууль бус болсон, хуралдааны тэмдэглэл гараагүй, эрх нь зөрчигдсөн гэж тайлбарласан боловч эдгээр нь баримтаар нотлогдоогүй, хурлын шийдвэрийг хүчингүй болгох хэмжээний зөрчил биш юм. Хурлын шийдвэр нь хамтын удирдлагын зарчмаар гардаг бөгөөд хувь хүний санал зөрөх нь шийдвэрийг хууль бус болгох үндэслэл болохгүй ээ гэж үзэж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхийн тухай Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.2 дэх хэсэгт: “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхтэй” гэж заасан. Иймд хурлын даргыг огцруулах асуудал нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын онцгой бүрэн эрх бөгөөд шүүхээс уг шийдвэрийн агуулгыг орлох боломжгүй. Хурлын шийдвэр гаргах журам Мөн хуулийн 27 дугаар зүйлд  “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдаанаараа асуудлыг хэлэлцэж, олонхын саналаар шийдвэр гаргана” гэж заасан. Маргаан бүхий 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 тогтоол нь хуралдаанаар хэлэлцэгдсэн, ирц бүрдсэн, олонхын саналаар батлагдсан тул хуульд нийцсэн шийдвэр болно. Тиймээс нэхэмжлэгч *** нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцаж, тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарах болсон үндэслэл шалтгааныг дурдаж дараах хариуг өгсөн. Хариу тайлбартаа нэхэмжлэгчийн гаргасан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан даргалагч *** нь шүүхийн шийдвэрээр эгүүлэн ажилдаа томилогдож тогтоогдсон хэдий ч шүүх Захиргааны хэргийн шүүх өмнөх хэргийг шийдэхдээ *** зориулж гаргасан тогтоолын хүчин төгөлдөр эсэхийг тогтоосон болохоос биш энэ тогтоол цаашид иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар орж эрх зүйн актын үндэслэл шалтгаан хөндөгдөхгүй юм гэдэг баталгаа байхгүй. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэж юу вэ. Хурлын хэн бүрдүүлдэг вэ, хуралдаанаас гаргасан шийдвэр гэж юу юм бэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн байдаг. Анхдугаар хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ***ийг санал хураалтын үндсэн дээр олонхын саналыг авч иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны дарга болсон гэж шүүх шийдсэн учир тэр тогтоол тэр хэсэгтээ хүчин төгөлдөр явж байна. *** ажилдаа томилогдоод явж байх хугацаанд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нар хуульд заасан үндэслэлийн дагуу ээлжит бус хуралдааныг зарлуулах, асуудал оруулах, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан эрхээ хэрэгжүүлэх явцад тухай бүрд нь нэхэмжлэгч хариу өгч байсан. Баримт нь хэрэгт авагдсан байдаг. Наадхыг чинь хэлэлцэх боломжгүй, зөвлөлийг хуралдуулахгүй гэх мэтчилэн тухай бүрд хариу өгч байсан. Энэ нь Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 39 дүгээр зүйл буюу тухайн хуралдааныг төлөөлөгчийн бүрэн эрхэд удаа дараа халдсан асуудлууд нь хавтаст хэргийн 26, 27, 28 дугаар талуудад байгаа нотлох баримтуудаар нотлогддог. Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхэд халдаж, хурлын бүрэн эрхэд халдаж хурлаар өөрийн хүссэн асуудлыг хэлэлцүүлнэ. Хүсэхгүйгээ хэлэлцүүлэхгүй гэдэг зарчмаар явсан учир хурлын төлөөлөгч нар гуравны нэгээр Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу төлөөлөгч нарын гуравны нэг нь саналаа гаргасан учир ээлжит бус хуралдааныг заавал хуралдуулах үүргээ хурлын дарга биелүүлэхгүй байсантай холбоотой. Хурлын дарга мөн өөрт хүртэх ёсгүй хүртээмж буюу Засаг даргын тамгын газар буюу өөр байгууллагаас мөнгөн тэтгэмж авсан гэдэг ёс зүйн асуудлуудыг хурлын төлөөлөгч нар хэлэлцэж итгэл үзүүлэх эсэхээ дээр хуралдах шаардлагатай байна гэдэг шаардлагуудыг удаа дараа хүргүүлсэн боловч хурлын дарга өөрийн эрх мэдлийг байдлаа урвуулан ашиглаж намайг огцруулах юм бол хуралдуулахгүй бусад асуудлаар бол хуралдаж болно гэх мэтчилэн бусад байдлаар хурлын бүрэн эрхэд халдаж байсан нь нотлогдсон учраас нэхэмжлэгчийн гаргасан хуульд нийцээгүй шаардсан гэх мөн шаардлагууд нь мөн хуульд нийцэхгүй байна. Мөн тэмдэглэл байхгүй гэж яриад байна. Тэмдэглэлийг шүүх нотлох баримтаар авч шинжлэн судалсан байгаа нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан зүйлд тогтоогдохооргүй байна гэж үзэж  манай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс эвлэрэх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдэг хариу тайлбарыг гаргасан. Ямар ч байгууллага бай иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд онцгой бүрэн эрх гэж байдаг. Онцгой бүрэн эрх нь юу вэ гэхээр сонгогдож гарч ирсэн төлөөлөгч нь өөрсдөө олонхоороо хурлын даргыг сонгодог ганц бүрэн эрх л байдаг. Хурлын даргыг хэн сонгодог вэ гэхээр олонх буюу тавь дээр нэмэх нь нэг гэсэн шийдвэр гардаг. Хурлын дарга шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн томилогдож болдог. Гэхдээ шүүх үүнийг нь дараагийн бүрэн эрх хүртэл гэж дархалсан зүйл байхгүй. Тухайн огцруулсан захиргааны актыг түдгэлзүүлж өмнө нь сонгогдсон асуудал нь хууль ёсны зүйл байна гэж шийдсэн асуудал байгаа. Анх шийдсэн захиргааны актыг хурал бүрэн эрхийнхээ хүрээнд авч хэлэлцэж өмнө хурлын дарга байсан нэхэмжлэгчид итгэл үзүүлэх эсэх асуудлыг хуралдаанаар шийдвэрлэж үнэхээр олон төлөөлөгч нарт хүлээн зөвшөөрөгдсөн хүн байх юм бол олонхын санал авч итгэлийг нь дааж ажлаа хийгээд явна гэсэн үг. Ардчилсан нам ч бай Монгол Ардын нам ч бай энэ  бол улсын төрийн байгууллага. Яагаад гэвэл тухайн намын дэвшүүлсэн зорилго зорилтдоо зориулаад ард иргэдийн саналыг авч гарч байгаа тухайн намын төлөөллүүд энд байдаг. Нэмж хэлэхэд Ардчилсан намын нөхөд намайг огцруулах гээд байна гэдэг. Монгол Ардын намынхан ч гэсэн гарын үсэг зураад явдаг. Тийм учраас олны итгэлийг авч олонхын саналаар томилогдоно гэдэг. Хэрвээ хурал даргалагч өөрт хүссэн асуудлаа хэлэлцээд, өөрт итгэл үзүүлэх эсэх асуудлыг би хэлэлцүүлэхгүй гэж хаах юм бол энэ хуралдаан цааш яаж үргэлжилж явах вэ. Хүссэн асуудлаа хэлэлцээд хүсээгүй асуудлаа хэлэлцүүлэхгүй гэдэг нь хурлын болон төлөөлөгчийн бүрэн эрхэд халдаж байна. Нэгэнт ирц нь бүрдээд нээгээд явсан хуралдааныг миний асуудлыг хэлэлцэхгүй гээд хаяад гараад явчхаж байвал хуралдааны үргэлжлүүлээд тавь дээр нэмэх нь нэг, хуралдааны бүрэн эрхийн байдлыг хадгалж үлдээд дотроосоо хуралдааны даргалагчийг хурал даргалах томилох бүрэн эрх нь байгаа, үүгээр тухайн хуралдааныг даргалж, даргалагч хүнээ сонгоод явсан байгаа. Өмнө байгуулсан тооллогын комиссын хүчинтэй гэдгээр үргэлжлүүлээд явсан асуудал. Захиргааны ерөнхий хуульд зааснаар хууль бус захиргааны акт гэж юуг хэлдэг вэ гэхээр хүчин төгөлдөр бус хуульд нийцээгүй актыг хэлж байгаа. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол ***-ийг томилсон тогтоол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нарын олонхын саналаар бүрэн ирцтэй, сонгох сонгогдох зарчмаар явсан асуудал учир хууль зөрчсөн процесс байхгүй. Өөрийн асуудлыг хэлэлцэх гэхээр би хурлыг хааж байна гэж байгаа нь өөрөө хурлын бүрэн эрхэд халдсан асуудал байна гэж бид үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжих боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хариу тайлбар өгсөн” гэв.

3.4. Хариуцагч болон гуравдагч этгээд *** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэлээ гэж байна. Үүнтэй холбоотой тайлбар хэлье. Шүүхээс шийдвэр гарсан. Шүүхээс ийм шийдвэр гарсан байна гэж ээлжит бус хуралдаан дээр миний бие ***ийг эгүүлэн ажилд томилсон шийдвэр гаргасан байна гээд дэмжсэн хүсэлт гаргасан. ***-тэй хамтарч ажиллахгүй гэдэг байдлаар төлөөлөгч нарын олонх нь дэмжээгүй. Үүнийг шүүхийн шийдвэрийг хэлбэрийн төдий биелүүлсэн байна. Ингэж болохгүй гэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирж миний ажлыг 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүчээр авч өгсөн. Тэр үед би эмнэлэгт байсан. Нэхэмжлэгч тал намайг зугтаасан гэж байгаа боловч хүнийг өвчтэй байдлаар хүндэтгэн үзэх шалтгаангүй мэтээр үзэж байна. Оны эцсийн хурлаар ирэх жилийн төсөв төлөвлөгөө батлах хурлаар таны даргын асуудлыг хэлэлцэнэ гээд 13 төлөөлөгч гарын үсэг зурж, энэ асуудлыг хэлэлцүүлж өгнө үү гэхэд хэлэлцүүлж өгөөгүй. Миний асуудлыг хэлэлцэх гэж байгаа бол хэлэлцүүлэхгүй гэсэн. Тэгвэл яах юм бэ гэхэд төсөв төлөвлөгөөг батална эсвэл төсөв төлөвлөгөөг батлахгүй, хурлаа хаагаад явлаа гэсэн. Олон хүний эрх ашиг байгаа учраас энэ асуудлыг дараа жич ярилцъя, удахгүй мөн ээлжит бус хурал зарлаж энэ асуудлыг ярилцаж өгнө үү гэхэд тэгье гэж хурал дээрээ зөвшилцсөн тэр талаар баримт хавтаст хэрэгт авагдсан хурлын тэмдэглэл дээр байгаа. Сонгууль явуулаагүй дотроосоо хуйвалдаж даргын ажлыг авсан гэж тайлбарлаж байна. Монгол Ардын намын зарим төлөөлөгч нарын зарим нь үлдэж байгаа. Хэсэг төлөөлөгч нар *** хурлаа хаачихлаа энэ асуудлыг хэлэлцэхгүй, хэлэлцэх гэж байгаа бол хурлыг хийлгэхгүй энэ бол миний бүрэн эрх гэж хэлээд хаагаад явсан. Хурлын үндсэн үйл ажиллагаа бол хуралдаан байдаг. Хурлыг үргэлжлүүлэхээс өөр аргагүй бол 11 төлөөлөгч миний биеийг хурлын даргаар сонгож баталсан байдаг. Иймд хуйвалдаж авсан зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаж, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгийг тал бүрээс үнэлж, дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:

1.1. Нэхэмжлэгч *** маргаан бүхий *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр “***ийг хурлын даргын албан тушаалаас огцруулах тухай” тогтоолыг 28-ны өдөр гардаж аваад, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасны дагуу 30 хоногийн дотор буюу 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 1-3 дугаар хуудас)

1.2.  Улмаар нэхэмжлэгч ***-ийн *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан “*** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр “***ийг хурлын даргын албан тушаалаас огцруулах тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай нэхэмжлэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4.,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1., 3 дугаар зүйлийн 3.1.3., 52 дугаар зүйлийн 52.5.1., 14 дүгээр зүйлийн 14.4. дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, 16 дугаар зүйлийн 16.1. дэх хэсэгт зааснаар тус шүүхийн харьяалан шийдвэрлэвэл зохих маргаан мөн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1.-54.1.8.-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй болно.

Хоёр: Уг хэрэг маргааны үйл баримтыг дурдахад:

2.1. Иргэн ***-ийн эрхэлж байсан *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1., 11 дүгээр зүйлийн 11.2. дахь хэсэгт зааснаар төрийн улс төрийн албан тушаалд хамаарч байна.

2.2. “*** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “***ийг хурлын даргын албан тушаалаас огцруулах тухай” 01 дүгээр тогтоолоор ***ийг *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын үүрэгт ажлаас огцруулж шийдвэрлэжээ.

2.3. Нэхэмжлэгч *** нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Монгол Улсын Засаг Захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3, 52.1.4 дэх заалтад тусгагдсан бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, санаатайгаар зөрчсөн үйлдэл, удаа дараа гаргасан, хурлын төлөөлөгчдийн хуулиар олгогдсон эрх, хурлын хуралдаан зохион санал оруулах эрхээ хэрэгжүүлэх явцад хувийн ашиг сонирхлын үүднээс хандан хэлэлцүүлэхээс татгалзсан, хурлын зөвлөл, хурлын хороодыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаагүй тул иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалаас огцруулж хууль ёсны дагуу ажил хөдөлмөр эрхэлж байсан намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй..” гэж,

2.4. Хариуцагч *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хурлын даргаа сонгох, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхтэй төлөөллийн байгууллага. Хурлын хуралдааны дэгийн дагуу хэлэлцэгдсэн, хуралдааны ирц бүрдсэн, олонхын саналаар батлагдсан тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм...” гэж тус тус маргадаг.

2.5. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Хуралдааны тов тогтоож, хэлэлцэх асуудал батлах тухай” 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн А/03  дугаартай захирамжийн 1 дэх заалтаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдааныг 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хуралдуулахаар товлож, 2026 оны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт батлах тухай,  Сумын газар тариалангийн бодлогын хөтөлбөрийг батлах, Хүний эрх, жендерийн эрх тэгш байдлыг хангах салбар зөвлөлийн 2026 оны төлөвлөгөөг батлах тухай, Хүүхдийн төлөө зөвлөлийн 2026 оны төлөвлөгөө батлах, Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай, Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай, Нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдөр зарлах тухай, Сумын сонгуулийн хороо байгуулах тухай гэсэн нийт есөн асуудлаар хэлэлцэхээр тогтоожээ.

2.6. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаан 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж, 01 дүгээр тогтоолоор ***ийг иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын албан тушаалаас огцруулж, 03 дугаартай тогтоолоор *** ийг даргаар сонгож баталж шийдвэрлэсэн байна.

2.7. Санал хураалтын хувьд ***ийг иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын албан тушаалаас огцруулахад төлөөлөгчдийн 57.8 хувь буюу 11 төлөөлөгч дэмжсэн, мөн *** ийг иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргын албан тушаалд сонгоход төлөөлөгчдийн 57.8 хувь буюу 11 төлөөлөгч дэмжиж санал өгчээ.

 

    Гурав. Хууль зүйн үндэслэлийн талаар;

           3.1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... , хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” , Жаран гуравдугаар зүйлийн 2.-т “Хурлын тогтоол, .. нь хууль тогтоомж, ..... нийцсэн байх ... мөрдөнө.” гэж тус тус зааснаар тухайн сумын Хурлын тогтоол нь хууль дээдлэх үндсэн зарчимд нийцсэн байна.

  3.2. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно:” гэж, 5.1.5-д “Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно.” гэж зааснаар *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны байгууллага болохын хувьд өөрийн үйл ажиллагаандаа мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ.” гэж, 4.2. дахь хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:” гэж, 4.2.1.-д “хуульд үндэслэх” гэж тухайлан заасан зарчмыг баримтлахаар зохицуулжээ.

3.3. Монгол Улсын Үндсэн хуулийн тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, .. байна.” гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэдээс сонгогддог, хуулиар тусгайлан олгосон чиг үүрэг, бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг нутгийн өөрөө удирдах байгууллага мөн.”, 35 дугаар зүйлийн 35.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”, 35.1.1.-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудал; 35.1.2.-д “Хурлын даргыг сонгох, чөлөөлөх, огцруулах;” гэж,

3.4. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. “Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч дараах эрх, үүрэгтэй байна: 39.1.1. асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох;”,  39.1.4.-д “Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах;” гэж заасны дагуу тус сумын хурлын төлөөлөгчид хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрхтэй байна.

3.5. *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 7 дугаар хуралдаанаар хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцсэн, тухайн албан тушаал нь улс төрийн албан тушаал бөгөөд эрх зүйн байдлын хувьд албан тушаал хадгалагдахгүй, хурлын даргын албан тушаалд томилох болон чөлөөлөх, огцруулах асуудал хурлын бүрэн эрхэд байхаар хуульчлагдсан.

3.6. Түүнчлэн тус аймгийн *** сумын иргэдийн Хурлын дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  46 дугаар зүйлийн 46.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.”, 46.3. дахь хэсэгт “.., сум,.. иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдааныг нийт төлөөлөгчдийн гуравны нэгээс доошгүйн саналаар, эсхүл хурлын Зөвлөл, Хурлын даргын санаачилгаар хуралдуулна.”, 46.7. “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааныг хүчинтэйд тооцно.” гэж, 46.8. “Хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар Хурлын төлөөлөгч хуралдаанд оролцохгүй байх, түүнийг орхиж гаргахыг хориглоно.” гэж тус тус хуульчилсан байхад 2026 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн товлосон хуралдааны асуудал, саналыг хэлэлцэхгүйгээр хааж, хурлыг орхиж гарсан нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, шүүх хуралдаан мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзлээ. (1 дүгээр хавтаст хэргийн 38-46, 2 дугаар хавтаст хэргийн 27-35 дугаар хуудас)

3.7.  Түүнчлэн хурлын төлөөлөгч нараас гаргасан 2025 оны 12 дугаар сарын 17, 24, 2025 оны 03 дугаар 10-ны өдрүүдэд *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгч ***-аас, 2025 оны 12 дугаар сарын 19, 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрүүдэд *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгч нараас тус тус *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдааныг зарлах тухай, хурлын даргыг сонгож батлах тухай, хурлын дарга ***-т итгэл үзүүлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэхээр санал гаргаж байжээ.

3.8. Ийнхүү дээрх санал, хүсэлтийг хурлын дарга *** нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан үндэслэл шаардлагыг хангахгүй гэдэг үндэслэлээр ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулахгүй талаар хариуг албан бичгээр өгч байжээ.

3.9. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.”,  52.1.1-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах; 52.1.2.-д “тухайн Хурлын ээлжит болон ээлжит бус хуралдааныг товлон зарлах, бэлтгэлийг хангах; 52.1.4.-д “эрх бүхий этгээдээс Хурлаар хэлэлцүүлэхээр тавьсан саналыг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулах, хуралдаанаар хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулах;” гэж зааснаар *** аймгийн *** сумын хурлын дарга нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанд эрх бүхий этгээд болон төлөөлөгч нараас гаргасан санал, хүсэлтийг хурлаар хэлэлцүүлэхээр оруулж, тавьсан санал тус бүрийг хүлээн авах, гарах шийдвэрийн төслийг боловсруулж, олонхын саналаар шийдвэр гаргах ажлыг зохион байгуулах бүрэн эрхээ биелүүлээгүй гэж үзнэ. 

3.10. Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн Хурлын төлөөлөгч нар нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргыг огцруулах асуудлыг хэлэлцүүлэхээр санал оруулах эрхтэй.

3.11. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.2. дахь хэсэгт зааснаар нь дээрх асуудал саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төсөл шаардагдахгүй, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал биш бөгөөд улс төрийн албан тушаалтыг томилж, чөлөөлөхтэй холбоотой тухайн асуудлыг хуралд оруулжээ.

3.12. Ийнхүү Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.2. дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас бүрэн эрхэд хамаарах асуудлаар шийдвэр гаргасан байх тул *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр тогтоолыг хууль бус эрх зүйн акт гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.13. Иймд маргаан бүхий 01 дүгээр тогтоол нь хууль бус болох нь нотлогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан хүчингүй болгож, хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

3.14. Нэгтгэн дүгнэхэд, маргаан бүхий тогтоолыг баталж шийдвэрлэсэн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсгийн 12.1.8.-д “асуудлыг шийдвэрлэхдээ хамтын зарчмыг баримтлах.”,  48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална.”  гэж зааснаар тухайн асуудлыг хамтын зарчмаар шийдвэрлэж, олонхын саналаар баталсан 01 дүгээр тогтоол нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч ***-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.15. Түүнчлэн нэхэмжлэгч *** нь тус шүүхэд *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар “Хурлын даргыг сонгож батлах тогтоолын төслийг хүчингүйд тооцох тухай” тогтоол, 14 дүгээр “Тооллогын комисс томилсон тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол, 16 дугаар “Хурлын даргыг сонгох, батлах тухай” тогтоол, 19 дүгээр “***ийг ажлаас чөлөөлөх тухай” тогтоолыг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй хугацааны цалин хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байдаг. (1 дүгээр хавтаст хэргийн 149-152 дугаар хуудас)

3.16. Улмаар тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн  2025 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 412 дугаар магадлалаар *** аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Монгол Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 412 дугаар “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 166-185 дугаар хуудас)

3.17. Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийг үндэслэн *** аймгийн *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн ээлжит бус нэг дүгээр хуралдаанаар хэлэлцэх асуудалд санал оруулж, “Шүүхийн шийдвэрийг биелүүлж цалин хөлс нөхөн олгох тухай” 03 дугаар тогтоол гаргасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 78, 85 дугаар хуудас)

3.18. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2., 135 дугаар зүйлийн 135.1. дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн шүүхийн мэдэгдэл, шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдэх хуудас, тэмдэглэлүүд, 2026 оны 12 дугаар сарын 02-нээс эхлэн тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар ажилласан тодорхойлолт зэргээр *** нь *** аймгийн *** сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар эгүүлэн томилогдон ажилласан байх тул дээрх шүүхийн шийдвэрүүд нь биелэгдсэн гэж үзнэ. (1 дүгээр хавтаст хэргийн 138-141 дүгээр хуудас)

3.19. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдож нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй. 

3.20. Шүүхээс хэргийн оролцогчоос нотлох баримт гаргах эрхийг хязгаарлахгүй бөгөөд хэрэгт авагдсан *** аймгийн Прокурорын газрын 2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 263400271 дугаартай хэргийн нотлох баримтууд нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1., 34.2. дахь хэсэгт заасны дагуу *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн “Хурлыг даргыг сонгож батлах тухай” 01 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болох уг хэрэг маргаанд хамааралгүй байх тул шүүгчийн захирамжаар хассан болохыг дурдах нь зүйтэй. (1 дүгээр хавтаст хэргийн 198-249, 2 дугаар хавтаст хэргийн 1-26, 48-121 дугаар хуудас)

3.21. Түүнчлэн нэхэмжлэгч 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдаанаас гарсан “ Хурлын даргыг сонгож батлах тухай” 03 тогтоол болон бусад захиргааны актуудтай маргаагүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3 дугаар зүйлийн 106.3.14, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1. дэх хэсгийн 12.1.8., 39 дүгээр зүйлийн 39.1. дэх хэсгийн 39.1.4., 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч ***-ийн *** аймгийн *** сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дугаар хуралдааны 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 01 дүгээр “***ийг хурлын даргын албан тушаалаас огцруулах тухай” тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож, хурлын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг гаргуулж, холбогдох шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1. дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.ОДОНТУЯА