| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/0553/Э |
| Дугаар | 567 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 567
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Лхагвахүү, улсын яллагч А.Ганзориг, шүүгдэгч Ж.П нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газраас Б овогт Ж.П-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808014870581 дугаартай хэргийг 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ж.П, Монгол Улсын иргэн, ................. регистрийн дугаартай.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Ж.П нь 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 29-9 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Н-тай “...цалин үрчихлээ...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний нуруу руу галын дэгээ төмрөөр цохиж, бие махбодод нь “...нуруунд хаван цус хуралтууд...” бүхий гэмтэл учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “Ж.П 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 29-9 тоотод “...цалин үрчихлээ...” гэх шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.Н-тай маргалдаж, улмаар түүний нуруу руу галын дэгээ төмрөөр 3-4 удаа цохиж, бие махбодод нь “...нуруунд хаван цус хуралтууд...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.П шүүх хуралдаанд: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ямар нэгэн дарамт, гадны нөлөөгүйгээр буюу сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэв.
2. Хохирогч Д.Н мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр нөхрийнхөө цалингийн картыг авч, Налайх орж найзуудтайгаа уулзаж, 3 хоног ууж идээд, гэртээ ирсэн. Тэгээд нөхөр уурлаад “цалин үрчихлээ, хүүхдийн төрсөн өдрөөр хэрэглэх байсан юм” гэж байсан. Түүнээс хойш 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нөхөр найзтайгаа шар айраг уучихаад гэртээ ирсэн. Тэгээд урьд болсон асуудлыг сөхөж надад агсам тавиад галын дэгээ төмрөөр миний нуруу руу 3-4 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 дугаар хуудас),
3. Гэрч Ц мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын эхээр ... охин Д.Н-г нөхөр П нь галын дэгээ төмрөөр зодсон гэдгийг сонссон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 дүгээр хуудас),
4. Гэрч Б мөрдөн байцаалтад өгсөн: “...намайг 2018 оны 3 дугаар сарын 04-ний орой 20 цагийн үед албан үүргээ гүйцэтгэж байхад Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 29-9 тоотод “нөхөр П зодоод байна” гэх дуудлагаар ахлах ахлагч Б.Б хамт очиход П гэгч нь согтуу ирээд гэртээ агсам тавьж, “цалин мөнгө үрлээ” гэж эхнэртэйгээ муудалцаж, галын дэгээ төмрөөр эхнэр Н гэх хүнийг зодсон байсныг авч явж саатуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 дүгээр хуудас),
5. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны хамтарсан багийн тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 67, 62-65 дугаар хуудас),
6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 3316 дугаартай “...Д.Н-ийн нуруунд хаван цус хуралтууд тогтоогдлоо. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 29 дүгээр хуудас),
7. Шинжээч эмч С.О мөрдөн байцаалтад өгсөн: “...тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна... хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэсэн дүгнэлт (хх-ийн 30-31 дүгээр хуудас),
8. Шүүгдэгч Ж.П мөрдөн байцаалтад өгсөн: “...би 2018 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэртээ амарч байхдаа ганцаараа нэг шил архи уучихаад гэртээ хэвтэж байтал эхнэр Н ажлаа тараад ирсэн. ...Би эхнэр Н-д хандаж “чи миний хадгалж байсан мөнгөөр архи ууж байхдаа яадаг юм” гэтэл “ялгаагүй чи цалингаа авахаараа үрдэг л биз дээ” гээд надтай маргалдсан. Тэгэхээр нь би галын дэгээ төмөр барьж аваад Н-ийн нуруу руу 2-3 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41-44 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг:
Хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдэг нь хөнгөн зэргийн гэмтлийг өөртөө багтаахын сацуу түүнээс үүдэх эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг агуулсан өргөн агуулгатай юм. Өөрөөр хэлбэл, хөнгөн хохирол, хөнгөн гэмтэл хоёрын хооронд агуулгын зөрүү байхгүй.
Хохирогч Д.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдаанд илэрхийлсэн тул шүүгдэгч Ж.П бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн хохирогчоос эмчилгээний болон сэтгэл санааны хохирол нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.
Шүүгдэгч Ж.П-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.Н-гийн биед гэмтэл учруулж хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Ж.П нь хэргийн үйл баримт, учруулсан хохирол болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, мэтгэлцээгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ж.П-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учирсан хохирлыг арилгасан буюу бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Ж.П-гийн хувийн байдал, ажил хөдөлмөр эрхлэлт, цалтг орлогын хэмжээг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна гэв.
Шүүх шүүгдэгч Ж.П-г гэм буруутай болохыг тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд шүүх үйлдэгдсэн гэмт хэргийн үйлдлийн шинж, шалтгаан нөхцөлийг тус тус харгалзан шүүгдэгч Ж.П-д 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон гэж үзэв.
Түүнчлэн, уг гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь гэр бүлийн хүчирхийллээс үүдэлтэй байх тул шүүгдэгчийг нийгэмшүүлэх зорилгоор Ж.П-д оногдуулсан торгох ял дээр нэмж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зохистой байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.П нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Ж.П-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ж.П-д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П-д оногдуулсан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан торгох ял дээр нэмж, шүүгдэгч Ж.П-д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
5.Шүүгдэгч Ж.П-д зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаагаар буюу зургаан сарын дотор биелүүлэхийг даалгасугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.П торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.П нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримтыг шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.П-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА